2026 оны 11-р сарын 3-нд болсон АНУ-ын дундын сонгуулиар Ардчилсан нам Конгрессын дээд, доод хоёр танхимд хоёуланд нь олонх болж[1], 2027 оны 1-р сарын 3-наас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхээр боллоо[2]. Ингэснээр тус нам Конгрессын байнгын болон тусгай хороодоор дамжуулан Ерөнхийлөгч Дональд Трампын бодлого, шийдвэрт хяналт тавих, сонсгол хийх, мөрдөн шалгах өргөн эрх мэдлийг гартаа авч байна. Ажиглагчдын дүгнэж буйгаар АНУ-ын төрийн эрх мэдлийн тэнцвэр сэргэж, гүйцэтгэх засаглалд тавих хяналт чангарснаар дотоод улс төрд талцал гүнзгийрч, улмаар засаглалын мухардлаас гарахын тулд хоёр нам зөвшилцөх шаардлагатай тулгарна. Нөгөө талаас, дотоод бодлогын орон зай нь хумигдсан Ерөнхийлөгч Д.Трамп Үндсэн хуулиар олгогдсон гадаад бодлогын гол эрх мэдэлдээ түшиглэн олон улсын тавцанд илүү идэвхтэй, гэнэтийн шийдвэрүүд гаргах магадлал өндөр байна.
Дундын сонгуулийн онцлог, гол өөрчлөлт
Энэ удаагийн дундын сонгууль эрх баригч намын хувьд суудал алддаг түүхэн зүй тогтлыг дагасан төдийгүй урьдчилсан таамгаас давж[3], Бүгд найрамдах намын уламжлалт түшиц мужуудад ч Ардчилсан нам ялалт байгууллаа. Дэлхийн II дайнаас хойш сөрөг хүчин дундын сонгуулиар Конгрессын хоёр танхимд нэгэн зэрэг олонх болсон дөрөв дэх тохиолдол энэ болсон бөгөөд нийт саналын зөрүү нь 1976 оноос хойшх хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.
|
Институц |
Сонгуулийн өмнө | Сонгуулийн дараа |
| Сенат (100 суудал) |
БН 53 – АН 47 |
АН 56 – БН 44 |
| Төлөөлөгчдийн танхим (435 суудал) |
БН 219 – АН 214 |
БН 172 – АН 257 |
| 50 мужийн амбан захирагчдын харьцаа |
БН 26 – АН 24 |
БН 20 – АН 30 |
| Сенатад шилжсэн муж | — |
Хойд Каролина, Өмнөд Каролина, Охайо, Техас, Канзас, Айова, Мэйн, Миссисипи |
Энэ удаагийн сонгуулийн үр дүнд гадаад бодлогын хүчин зүйл[4], тэр дундаа Ираны дайны улмаас үүссэн шатахууны үнэ, инфляцын өсөлт шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. 2026 оны 2-р сарын 28-нд дайн эхэлснээс хойш инфляц[5] 2.4%-аас 3.7% болж өсөн, шатахууны дундаж үнэ галлон тутамд 4.30 ам.доллароос давсан нь сонгогчдын бухимдлыг төрүүлжээ. Responsible Statecraft-ийн санал асуулгаар сонгогчдын 74% нь Ираны дайныг сонголтод нөлөөлсөн “шийдвэрлэх, гол” хүчин зүйл гэж үзсэн бол 62% нь цэргийн хүч хэрэглэснийг буруу шийдвэр хэмээн дүгнэсэн байна.
Ирэх хоёр жилд АНУ-ын дотоод улс төрийн орчин хууль тогтоох үйл явцын мухардал, хяналт шалгалтын тэмцэл, намуудын дотоод шинэчлэл болон 2028 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд чиглэсэн уур амьсгал, үйл явдлаар тодорхойлогдоно. Ийм харьцангуй хуваагдмал засаглалын нөхцөлд Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд хуулийн төслүүдийг батлуулах боломжтой ч Сенат дээр дангаараа Ерөнхийлөгчийн хоригийг давах гуравны хоёрын саналыг бүрдүүлж чадахгүй. Тиймээс Төлөөлөгчдийн танхим дахь АН-ын бүлгийн дарга Х.Жеффрис Medicaid-ийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийн хөнгөлөлтийг сэргээх, Асрамжийн хуулийн (ACA) татварын хөнгөлөлтийг сунгахыг, мөн Сенат дахь АН-ын бүлгийн дарга Ч.Шумер иргэдийн амьжиргааны өртгийг бууруулах, Ираны дайны санхүүжилтийг төсвөөр хязгаарлахыг тэргүүлэх зорилтоо болгож байна.
Үүний зэрэгцээ Конгрессын хяналт шалгалтын гол бай нь Батлан хамгаалахын (Дайны) сайд Пит Хэгзэт болох төлөвтэй байна. Харин ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх (импичмент) үйл явцыг Төлөөлөгчдийн танхим энгийн олонхоор эхлүүлж болох ч Сенатад дийлэнх олонхийн буюу 67 саналаар шийдвэрлэх тул АН дангаар ерөнхийлөгчийг огцруулж чадахгүй, зөвхөн улс төрийн дарамт үзүүлэх хэрэгсэл болгох боломжтой аж. Улмаар Д.Трамп ерөнхийлөгч зарлиг, хуульд хориг тавих бүрэн эрхдээ илүү түшиглэх нь эрх мэдлийн хуваарилалттай холбоотой дээд шүүхийн маргааныг эрс нэмэгдүүлэх юм.
Олон улсын байдал, геополитикт үзүүлэх нөлөө
Дотоод улс төрдөө “чөдөрлөгдсөн” ерөнхийлөгч Д.Трампын хувьд гадаад бодлого нь эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлж, түүхэн өвөө бүтээх цорын ганц орон зай болж байна. Конгрессын хяналт Ардчилсан намд шилжсэнээр АНУ-ын гадаад бодлогын ерөнхий чиг шугам өөрчлөгдөхгүй ч бодлогын хэрэгжих хурд, санхүүжилт, хууль эрх зүйн хязгаарлалт чангарна[6].
Европын засгийн газрууд ч АНУ-ын ерөнхийлөгч худалдаа, хориг арга хэмжээ, цэргийн ажиллагааны өргөн эрх мэдэлтэй хэвээр байгаа тул гадаад бодлого зөөлөрнө гэсэн баталгаа байхгүйг онцолж байна. Council on Foreign Relations (CFR)-ийн шинжээчдийн үзэж буйгаар тариф тогтоох эрх мэдлийг Конгресс өмнө нь хуулиар ерөнхийлөгчид шилжүүлсэн тул зөвхөн Конгрессын олонх солигдсоноор худалдааны тариф өөрчлөгдөх магадлал бага гэж таамаглаж байна.
|
Чиглэл |
Сонгуулийн дараах байдал | Цаашдын төлөв |
Нөлөө |
|
Иран, Ойрх Дорнод[7] |
Д.Трамп ойрын хугацаанд цохилт хийх төлөвлөгөөгүй, гэвч Катар, Пакистаны зуучлал удаашралтай байна. | Хэлэлцээрээр “ялалт” зарлах эсвэл богино хугацааны хүчтэй цохилт өгөх магадлалтай. Конгресс дайны төсвийг хязгаарлахыг оролдоно. |
Хамгийн их |
|
Хятад, Тайвань |
Шэньжэний APEC (11.18–19), Майамигийн G20 (12.14–15)-д Трамп–Си уулзахаар төлөвлөсөн, худалдааны эвлэрлийг 2027.01.10 хүртэл сунгасан. | “G2” түвшний томоохон хэлцэл хийхийг эрмэлзэнэ, Конгресс Тайвань болон технологийн экспортын хяналтаар “улаан шугам” буюу хязгаарлалт тавина. |
Дунд |
|
Орос, Украин |
АНУ 10-р сард Москватай дизель түлшний хэлцэл байгуулсан[8]. | Д.Трамп энхийн хэлэлцээрийг түргэтгэхийг шахах бол Конгресс Оросын эсрэг хоригийг хуульчлан баталгаажуулахыг оролдоно. |
Дунд |
|
Европ, НАТО |
Холбоотнууд болгоомжилсон байр суурьтай, дийлэнх нь албан ёсны мэдэгдэл хийхээс зайлсхийж байна. | Конгресс Батлан хамгаалахын төсвийн тухай хуулиар (NDAA) Европ дахь АНУ-ын цэргийн тоог хэвээр хадгалахыг зорино. |
Бага–дунд |
Дүгнэлт, ойрын төлөв, чиг хандлага
АНУ-ын 2026 оны дундын сонгууль америкийн улс төрийг “Трампын дараах” шилжилтийн үе рүү орууллаа гэж ажиглагчид дүгнэж байна. Ирэх хоёр жилд АНУ-ын дотоод болон гадаад бодлогыг дараах гурван үндсэн чиг хандлага тодорхойлно. Үүнд:
- Хуваагдмал засаглалын хямрал: Ерөнхийлөгчийн хориг, Конгрессын мөрдөн шалгалт, төсвийн маргаан нь гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын харилцааны гол агуулга болж, засаглалын мухардмал байдалд оруулж, аль аль талын бодлогын хэрэгжилтийг сааруулна.
- Гадаад бодлогын “том хэлцэл”-ийн эрэлхийлэл: Дотоодод харьцангуй хяналттай болсноор Д.Трамп Иран, Хятад, Украины асуудлаар түүхэн тохиролцоонд хүрч улс төрийн өвөө үлдээхийг зорино. Гэвч ийм “гэнэтийн, томоохон” хэлцэл нь АНУ-ын уламжлалт холбоотнуудын ашиг сонирхлыг орхигдуулах эрсдэл дагуулж байна.
- Намуудын дотоод шинэчлэл: 2028 оны сонгуульд бэлтгэх хүрээнд Бүгд найрамдах нам дайн болон худалдааны тарифаас зай барьсан шинэ бодлогын чиглэл эрэлхийлж, харин Ардчилсан нам энэ эрчээрээ дотооддоо иргэдийн амьжиргаа, эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бодлого баримтална.
Ерөнхийдөө америкийн сонгогчдын өнөөгийн сонголтоос үзэхэд, 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд үзэл суртлын маргаанаас илүү амьжиргааны өртөг, инфляц, өртөг өндөртэй дайн, засаглалын хариуцлагын асуудал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх төлөв харагдаж байна. Олон улсад ч АНУ-ын түнш, өрсөлдөгчид ялгаагүй 2028 оны сонгууль хүртэл нэгдмэл бодлоготой Вашингтонтой бус, харин Цагаан ордон ба Конгресс гэсэн хоёр өөр эрх мэдлийн төвтэй зэрэгцэн харилцах шинэ бодит байдалд дасан зохицох шаардлагатай болж байна.
Ашигласан эх сурвалж:
[1] 270toWin. (2026, November 10). One week later: Uncalled races from the 2026 midterm election. https://www.270towin.com/news/2026/11/10/uncalled-races-one-week-after-midterm-election_1848.html
[2] Cox Media Group. (2026, November 4). Election 2026: Democrats capture both chambers of Congress. WDBO. https://www.wdbo.com/news/trending/election-2026-democrats-capture-both-houses-congress/5ILOWTVABVDPZFYP7VBBCX4EWE/
[3] American Presidency Project. (2023). Seats in Congress gained/lost by the president’s party in mid-term elections. University of California, Santa Barbara. https://www.presidency.ucsb.edu/node/332343/
[4] ABC News. (2026b, November). Vance blames Iran war for Republicans’ midterms defeat. https://abcnews.com/Politics/vance-blames-iran-war-republicans-midterms-defeat-trump/story?id=137849295
[5] ABC News. (2026a, October 14). Inflation climbs in September as gas prices surge. https://abcnews.com/Business/inflation-report-provide-snapshot-prices-midterms-approach/story?id=137221675
[6] ABC7 News. (2026, November 4). Trump says he was “a little bit surprised” after Democrats’ big win in midterms. https://abc7news.com/story/trump-says-he-was-little-bit-surprised-democrats-big-win-midterms/20014892/
[7] Bloomberg. (2026, November 4). Trump plays down prospect of Iran strikes after midterm rout. gCaptain. https://gcaptain.com/trump-plays-down-prospect-of-iran-strikes-after-midterm-rout/
[8] Council on Foreign Relations. (2026b, October). Trump’s Russian diesel deal, explained. https://www.cfr.org/articles/trumps-russian-diesel-deal-explained










Хариу өгөх