Хятадын Коммунист нам (ХКН)-ын ХХ их хурлын V бүгд хурал 2026 оны 10-р сарын 26-29-нд Бээжинд болов. Хуралд Намын төв хороо (НТХ)-ны гишүүд оролцож, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ажлын тайлан болон хэлэлцэх шийдвэрийн төслийг танилцуулан, батлууллаа.
Хурлын ирц
Юун түрүүнд энэ удаагийн хурлын ирц анхаарал татав. Намын төв хороо нийт 376 гишүүнтэй, үүнээс үндсэн гишүүн 205, орлогч гишүүн 171 байдаг. V бүгд хуралд НТХ-ны 376 гишүүнээс 97 хүн оролцоогүй нь нийт гишүүдийн 25.8 хувь бөгөөд 279 хүн буюу 74.2 хувийн ирцтэй хуралджээ. Энэ нь Мао Зедуны үеэс хойших хамгийн цөөн бүрэлдэхүүнтэй хуралдсан тохиолдол болов.[1] Ирээгүй гишүүдийг бүхэлдээ намаас хөөгдсөн гэж үзэж болохгүй ч нам төрийн цэвэрлэгээтэй холбоотой, намаас олон хүн хөөгдсөн нь ирц дутуу хуралдсан гол шалтгаан юм. V бүгд хурлаар Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинруй, Жан Юйшя нарыг намаас хөөснөөр ХХ их хурлын сонгуульт хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Улс төрийн товчооны гишүүдийн тоо гурав болж (2025 онд УТТ-ны гишүүн, ЦТЗ-ийн дэд дарга асан Хө Вэйдун намаас хөөгдсөн), 1980 оноос хойш өндөр албан тушаалтнууд буусан хамгийн олон үзүүлэлт болжээ.[2] Энэ удаагийн бүгд хурлаар дээрх хоёр өндөр албан тушаалтныг оруулаад нийт 33 албан тушаалтныг намаас хөөх тухай албан ёсоор батлав.
Хэлэлцсэн асуудал
ХКН-ын ХХ их хурлын V бүгд хурлаар намын дотоод сахилга бат, удирдлагын хариуцлагыг гол агуулга болгон хэлэлцэж, “Намыг бүх талаар хатуу сахилга, хяналтаар удирдах бодлогыг тууштай хэрэгжүүлэх зарим чухал асуудлын тухай шийдвэр” баталсан. Түүнчлэн ХКН-ын XXI их хурлыг 2027 оны хоёрдугаар хагаст Бээжинд зохион байгуулахаар шийдвэрлэв.[3]
ХКН-ын засаглалыг сайжруулах бодлого нь авлига авсан намын гишүүдийг шийтгэхээс гадна намын үзэл баримтлалд үнэнч байх, удирдах ажилтныг сонгон томилох, эрх мэдэлд хяналт тавих, бодлогын хэрэгжилтийг хангах явдал ажээ. Хурлын дараах албан ёсны тайлбарт байгууллагын удирдлагын эрх мэдлийг зохицуулах, залуу боловсон хүчнийг бэлтгэх, албан тушаалтны ажлын бодит үр дүнг үнэлэх, улс төр ба бизнесийн ашиг сонирхол сүлэлдсэн зөрчлийг шалгахыг онцолсон байна.[4]
Хүний нөөцийн хувьд дээр дурдсанчлан 33 хүнийг намаас хөөсөн бол НТХ-ны Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Жан Шөнминийг Улс төрийн товчооны гишүүнээр сонгон, НТХ-ны арван орлогч гишүүнийг үндсэн гишүүнд нөхөн дэвшүүлэв. Ийнхүү хурал сахилгын бодлогын ерөнхий чиглэлийг тодорхойлохын зэрэгцээ нам, төр, цэргийн удирдлагын бүрэлдэхүүнд гарсан өөрчлөлтийг албажууллаа.[5]
Хятад, Тайванийн судлаачдын дүгнэлт
Хятадын дотоодын судлаачдын тайлбарласнаар энэ удаагийн хуралд намын удирдах чадварыг бэхжүүлэх асуудал давамгайлав. Чинхуа их сургуулийн профессор Сун Вэй (宋伟) энэ хурлыг 2012 оноос хойших намын дотоод удирдлагын туршлагыг нэгтгэж, цаашдын ажлыг системтэй төлөвлөсөн үйл явдал гэж үзжээ. Хятадын Ардын их сургуулийн судлаач Шя Лу (夏璐) Ши Жиньпиний намын байгуулалтын тухай үзэл санааг хурлын баримт бичигт тусгасан нь өмнөх туршлагыг намын үйл ажиллагааны удирдах зарчим болгон бататгасан алхам хэмээн тайлбарласан байна. Эдгээр үнэлгээ нь албан ёсны бодлогын үзэл санаа, зохион байгуулалтын ач холбогдлыг түлхүү авч үзжээ.[6]
Бээжингийн Багшийн их сургуулийн профессор Ван Бинлинь (王炳林) авлигын эсрэг ажлыг шийтгэл оногдуулах-тогтолцооны цоорхойг хаах-намын гишүүний ёс зүйг төлөвшүүлэх гэсэн харилцан уялдаатай арга замаар хэрэгжүүлэх ёстой гэж тайлбарлав. Харин Сун Вэй хатуу хяналтыг боловсон хүчний сургалт, сонгон шалгаруулалт, ажил хийх нөхцөлийг дэмжихтэй хослуулахыг онцолжээ.[7] Энэ байр суурийн гол санаа нь сахилгын шаардлага албан тушаалтны ажлын чадвар, идэвхийг нэмэгдүүлэхэд үйлчлэх ёстой гэсэн үндэслэл юм. Төрийн хэвлэлээр нийтлэгдсэн эдгээр тайлбар нь шийдвэрийн зорилгыг илэрхийлж байна.
Тайванийн Улс төрийн их сургуулийн судлаач Цөн Вэйфөн “Ши Жиньпиний намыг бэхжүүлэх үзэл санаа”-г дэвшүүлсэн нь хойтон болох ХКН-ын XXI их хуралд цогц тогтолцоо болгож, уг тогтолцоогоор чадварлаг хүмүүсийг сонгон авах бөгөөд тэр нь Ши Жиньпиний улс төрийн өвийг үргэлжлүүлэх баталгаа болох аж. Харин Тайванийн Улс төр судлалын хүрээлэнгийн судлаач Цай Вэньшуань “авторитар засаглалын логик нь “байнга дайснууд хайх” явдал, “нам дайснуудтай” гэдгийг байнга хэлж, нам дотроос дайснуудыг олж, авлигад идэгдсэн албан тушаалтнуудыг тогтоож, Ши Жиньпин урт хугацааны засаглалынхаа хууль ёсны байдал, зөв шударга байдлыг нотлох ёстой. Ши Жиньпин авлигын эсрэг кампанит ажлаа хэзээ ч зогсоохгүй”[8] гэжээ.
Бусад орны судлаачдын дүгнэлт
Барууны томоохон судалгааны байгууллагуудын судлаачид удирдлагын бүрэлдэхүүн, улс төрийн итгэлцэл, дараагийн их хурлын бэлтгэл зэрэг асуудалд илүү анхаарал хандуулжээ. Brookings Institution-ийн Жонатан Чзин (Jonathan A. Czin), Алли Маттиас (Allie Matthias) нар 11-р сарын 23-нд, хурлын өмнө нийтэлсэн өгүүлэлдээ Ши Жиньпиний ойрын хүрээний хүмүүс ч шалгалтад өртөж буйг онцолсон байна. Тэдний тавьсан гол асуудал нь 2027 онд дөрөв дэх бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэхээр зорьж буй Ши итгэл хүлээлгэж болох, үр дүнтэй ажиллах баг бүрдүүлж чадах эсэх байв. Цэргийн удирдлагын олон сул орон тоог нөхөх асуудал энэ хүндрэлтэй шууд холбогдоно гэж үзсэн байна.[9]
Carnegie Endowment for International Peace-ийн Хятадын төвийн захирал Дэмиен Ма (Damien Ma) мөн хурлын өмнөх 10-р сарын 22-ны өгүүлэлдээ V бүгд хурлыг 2027 оны удирдлагын бүрэлдэхүүнийг шинэчлэх улс төрийн бэлтгэлийн эхлэл гэж тайлбарлажээ. Түүний үзсэнээр хэнийг зайлуулахаас гадна оронд нь хэнийг дэвшүүлж, ямар туршлага, байгууллагын харьяаллыг үнэлж байгааг ажиглах нь чухал. Энэ өнцгөөс авч үзвэл Жан Шөнминий албан тушаал дэвшсэн болон арван гишүүнийг нөхөн томилсон шийдвэрийг дараагийн их хурлын хүний нөөцийн бодлогыг таних эхний дохио гэж үзэж болно.[10]
Хурлын дараа АНУ-ын Asia Society Policy Institute-ийн Хятадын улс төрийн ахлах судлаач Нил Томас (Neil Thomas) NPR-д өгсөн тайлбартаа Ши Жиньпин намыг илүү үнэнч, үр дүнтэй ажилладаг байгууллага болгоход хийх ажил их байна гэж онцлов. Тэрээр цэргийн удирдлага дахь өөрчлөлт, намын дотоод найдвартай байдлын асуудлыг Бээжингийн гадаад бодлогод эрсдэл хүлээх бэлэн байдалтай холбожээ.[11] Энэ нь дотоод засаглалын асуудал гадаад бодлогын тооцоонд нөлөөлөх тухай тайлбар юм.
Их Британийн Tony Blair Institute for Global Change-ийн Хятадын асуудал хариуцсан ахлах зөвлөх Руби Осман (Ruby Osman) Reuters-т өгсөн тайлбартаа Ши Жиньпин богино хугацааны хүндрэл, тасалдлыг намын урт хугацааны тогтвортой байдлын төлөө хүлээн зөвшөөрч байгаа бололтой гэж үзсэн байна. Түүний үнэлгээгээр сахилгын ажиллагаа нь удирдлагын үе солигдсон ч Ши Жиньпиний улс төрийн тэргүүлэх зорилтуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тогтолцоо бүрдүүлэхэд чиглэжээ. Тэрээр сахилгын ажиллагааг намын үйл ажиллагааны хэв маягийн өөрчлөлттэй холбон тайлбарласан байна.[12]
Дүгнэлт
Эдгээр байр суурийг нэгтгэвэл ХКН-ын ХХ их хурлын V бүгд хурал намын сахилгын хяналтыг боловсон хүчний сонголт, бодлогын хэрэгжилттэй улам нягт холбосон гэж дүгнэж болно. Хятадын судлаачид үүнийг намын засаглалын чадварыг дээшлүүлэх нөхцөл хэмээн тайлбарлаж байхад барууны судлаачид итгэлцэл дутмаг байдал, удирдлагын тасралтгүй ажиллагаанд үүсэх хүндрэл талаас нь илүү тодруулан тайлбарлажээ. Хоёр талын үнэлгээний огтлолцол нь төвөөс гаргасан шийдвэрийг доод шатанд бодитой хэрэгжүүлэх чадвар ХКН-ын өмнө тулгарсан гол асуудлын нэг хэвээр байгаад оршино. V бүгд хурлын үр нөлөө 2027 он хүртэлх томилгоо, шийдвэр гаргах хурд, орон нутгийн санаачилгаар илүү тодорхой болно.
Ашигласан эх сурвалж:
[1] 路透:中共二十届五中全会创开除党籍和缺席人数之最https://www.rfi.fr/cn/中国/20261030-路透:中共二十届五中全会创开除党籍和缺席人数之最
[2] Мөн тэнд
[3] 新华社. 中国共产党第二十届中央委员会第五次全体会议公报. https://www.xinhuanet.com/20261029/6125db5226474ca3b3093db787141161/c.html
[4] 央视新闻. 党的二十届五中全会精神介绍和解读发布会要点速览. https://news.ruc.edu.cn/2116063855499255809.html 2026.10.30. 国家互联网信息办公室-д нийтэлсэн хувилбар.
[5] 《焦点访谈》 20261031 持之以恒推进全面从严治党https://tv.cctv.com/2026/11/01/VIDEmqF4oQa1PjnCg8CTAl8i261101.shtml
[6] [大公报]习近平党建思想写入全会部署 作为党建根本指引
https://news.ruc.edu.cn/2116063855499255809.html 2026.10.30. 中国人民大学新闻网-д дахин нийтэлсэн; Сун Вэй, Шя Лу нарын тайлбар.
[7] 《焦点访谈》 20261031 持之以恒推进全面从严治党https://tv.cctv.com/2026/11/01/VIDEmqF4oQa1PjnCg8CTAl8i261101.shtml 2026.10.31-ний нэвтрүүлэг, 2026.11.01-нд нийтэлсэн. Сүн Вэй, Ван Бинлинь нарын тайлбар.
[8] 習近平大規模整肅 學者:不斷找敵人維持執政正當性
https://www.cna.com.tw/news/acn/202610310167.aspx
[9] Czin, Jonathan A.; Matthias, Allie. Xi’s party: What to look for at the Chinese Communist Party plenum. Brookings Institution, 2026.10.23. Хурлын өмнөх үнэлгээ.
[10] Ma, Damien. The Spring and Autumn of Chinese Politics. Carnegie Endowment for International Peace, 2026.10.22. Хурлын өмнөх үнэлгээ.
[11] Pak, Jennifer. Key takeaways from this week’s political meeting in Beijing. NPR / OPB, 2026.10.31. Нил Томасын хурлын дараах тайлбар.
[12] Reuters. China’s Communist Party conclave on toughening discipline sees record expulsions, absences. 2026.10.29. AOL-д нийтэлсэн хувилбар; Руби Османы тайлбар.










Хариу өгөх