Япон, Өмнөд Солонгосын “худалдааны дайн”: хямрал уу, үзэгдэл үү?

2019-08-08

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/08/3A9FCA9QW.jpg

ДЭЛХИЙН санхүү, эдийн засгийн хямрал гүнзгийрэн, тэргүүлэх эдийн засагтай орнууд, саяхныг хүртэл нягт харилцаатай явж ирсэн худалдааны түншүүд хооронд ашиг сонирхол, аюулгүй байдлаа хамгаалахтай холбоотой зөрчил нэмэгдэх болов. Үүний нэг тод жишээ нь Япон, Өмнөд Солонгосын харилцаа сүүлийн үед эрчимтэй муудаж буй явдал юм. Зүүн хойд Ази дахь АНУ-ын гол хоёр холбоотон улс хоорондоо худалдааны дайны шинж тэмдэг бүхий сөргөлдөөнийг өндөр технологийн салбарт ийн эхлүүлээд байгаа нь цаашид эрчимжвэл хоёр улсын хэмжээ хязгаараас даван дэлхийн электрон техникийн салбарын нийлүүлэлтийн сүлжээ, бүс нутгийн стратегийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм.

Асуудлын зангилаа

ЯПОНЫ эрх баригчид 8 сарын эхээр наноматериал, өндөр технологийн бүрэлдэхүүн хэсгийг хялбаршуулсан горим, илүү таатай нөхцөлтэй нийлүүлдэг орнуудынхаа жагсаалтаас Өмнөд Солонгосыг хасах шийдвэрийг гаргалаа. Өнгөрсөн 7 дугаар сард БНСУ-аас БНАСАУ-д хууль бусаар нийлүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр мөн хагас дамжуулагч болон дэлгэц үйлдвэрлэхэд ашигладаг гурван төрлийн материалыг Өмнөд Солонгос руу экспортлох хяналтаа чангатгасан байсан юм. Эдгээр шийдвэрийн улмаас тус бараа материалыг ачих, нийлүүлэх бүртээ японы экспортлогч компани зөвшөөрөл авах шаардлагатай болов. Зөвшөөрөл олгох хугацааг гурван сараар сунгасан нь нийлүүлэлт хэдэн сараар удааширч, технологийн аварга Samsung Group, LG Group зэрэг компанийн борлуулалт, олон улсад өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй болов.

Лавлагаа. Токио, Сөүлийн харилцаа Дэлхийн II дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын 4 ажилчинд олгохыг БНСУ-ын Дээд шүүхээс Японы Nippon Steel & Sumitomo Metal компанид 2018 оны намар үүрэг болгосны дараагаас ийн муудаж эхэлсэн билээ. Энэ асуудлыг 1965 онд хоёр улсын харилцаа хэвийн байх үед Өмнөд Солонгосын талд 500 сая ам.долларын санхүүгийн туслалцаа үзүүлж, эцэслэн шийдсэн гэж Японы Засгийн газар мэдэгдэн дээрх шийдвэрийг няцаагаад буй. Энэ жил “20-ийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг даргалагчийн хувьд гуравдагч талыг арбитраар (Сөүл өөрөө) сонгон асуудлыг шийдвэрлэх форматыг Японы тал санал болгосон боловч Өмнөд Солонгосын удирдлага уг саналаас татгалзан төдийгүй дахин уучлалт гуйж, хохирогчдын нөхөн төлбөр барагдуулахыг Токиогоос шаардаад буй. Дэлхийн II дайны үед хүчирхийлэлд өртсөн солонгос эмэгтэйчүүдийн (comfort women) асуудлыг эргэлт буцалтгүйгээр эцэслэн шийдвэрлэхээр 2015 онд тохиролцоод удаагүй байтал дахин уучлалт гуйх, нөхөн төлбөр олгохыг шаардах болсон нь түүхэн ээдрээтэй үеийн эмзэг сэдвийг хөндсөн, сэдрээсэн асуудал болов. Үндэсний ашиг сонирхол нь улс төрийн намуудын тэмцлийн золиос болдог жишээгээр Сөүлийн дээрх алхамд дотоод улс төрийн тоглолт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байх талтай.

Токиогийн энэхүү үйлдлийг эсэргүүцэн Сөүл Дэлхийн худалдааны байгууллагад хандаад байгаа ч тус байгууллага маргааныг Өмнөд Солонгосын талд таслах магадлал тун бага байна. Өмнөд Солонгосоос хариугаа авах гэж бус үндэсний аюулгүй байдлаа хангах үүднээс дээрх арга хэмжээг авсан гэх Японы төлөөлөгчдийн мэдэгдэл нь “үндэсний аюулгүй байдал худалдааны хязгаарлалт хийх үндэслэл болж болох талаар ДХБ-аас өнгөрсөн 4 дүгээр сард гаргасан шийдвэрийн дараахан хийгдсэн гэдгээр ихээхэн онцлог.

Экспортлох журмаа өөрчилснөөс нийлүүлэлтээ зогсоогоогүй гэх японы уг байр суурийг хүчтэй эсэргүүцэж солонгосын иргэд японы бараа таваарыг хэрэглэхгүй, тус улсад аялахгүй байхыг нийгмийн сүлжээгээр уриалан хүчтэй бойкотлох болсон нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөөд эхэлжээ.

Realmeter агентлагаас явуулсан санал асуулгаар японы барааг бойкотлоход Өмнөд Солонгосын насанд хүрсэн иргэдийн 62.8 хувь нь оролцсон бөгөөд уг үзүүлэлт 7 дугаар сарын эхний долоо хоногт 48 хувь, хоёр дахь долоо хоногт 54.6 хувьтай, Gallup Korea агентлагийн судалгаагаар 80 хувьд хүрсэн аж.

Японы иргэд мөн ялгаагүй ойролцоо байр суурьтай байгаа нь Yomiuri Shimbun-ийн судалгаагаар харагдав. Өмнөд Солонгосын экспортын хяналтыг чангатгах Абэ Шинзогийн бодлогыг нийт оролцогчдын 71 хувь нь дэмжжээ.

Тоо баримтаар

2019 оны эхний хагаст Японд аялсан Өмнөд Солонгосын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 3.8 хувиар, аялах захиалгын тоо, аяллын дундаж хоног нь хоёр дахин багасжээ. Японд экспортолсон далайн гаралтай бүтээгдэхүүний хэмжээ 4.1 хувиар буурсан (нийт салбарын экспорт 7.3 хувиар, түүнээс БНХАУ-д 46.2 хувиар өссөн). Emart, Lotte, Homeplus зэрэг сүлжээ дэлгүүрээр япон пивоны борлуулалт 38.2 хувиар буурсан байна. Японы нийт экспорт сүүлийн долоон сар дараалан буураад буй. Экспортынх нь талаас илүүг эзэлдэг Азийн орнууд дахь нийлүүлэлт нь 8.2 хувь, хамгийн том худалдааны түнш Хятад руу гаргасан экспорт 10.1 хувиар тус тус багассан. Энэхүү таагүй дэвсгэр дээр Өмнөд Солонгос, Японы харилцаа муудсан нь хоёр талын худалдааны эргэлтэд, тухайлбал Японы пивоны экспорт 45.1 хувиар буурахад ихээхэн нөлөөлжээ.

“Худалдааны дайн” эрчимжих нь эдгээр улсын гадаад худалдаа, эдийн засагт илүү их хохирол авчрах бөгөөд ДНБ-ий 70 хүртэл хувь нь гадаад худалдаанаас бүрддэг Өмнөд Солонгосын хувьд илүү хүнд цохилт болох юм. Тиймээс асуудлыг хүндрүүлэлгүй эрт шатанд шийдвэрлэх нь Сөүлд үр дагаврын хувьд хамаагүй хохирол багатай байхаар байна. Өмнөд Солонгосын эдийн засаг 2019 онд 2.2 хувиар өсөх төлөвтэйг тус улсын Төв банк зарлаад байгаа ч жилийн эцэст буурах янзтай байна.

Ийн Японы материал, бүтээгдэхүүний нийлүүлэлтээс хэт хамааралтай болсон аж үйлдвэрүүдээ үүссэн нөхцөл байдлаас гаргах зорилгоор Өмнөд Солонгос ирэх долоон жилийн хугацаанд нийт 7.8 их наяд вон буюу 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг тус улсын Эдийн засаг, санхүүгийн сайд Хон Нам Ги мэдэгдсэн юм. Тэрбээр: “Ийм материал, эд анги болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөх чадвараа бид нэмэгдүүлнэ” хэмээжээ. Хөрөнгө оруулалт нь чип, дэлгэц, аккумулятор, автомашин болон бусад барааг үйлдвэрлэхэд ашиглагддаг эд анги, материал, тоног төхөөрөмж бүхий гол 100 нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дотоодоо хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулагдах агаад ирэх таван жилд тухайн секторын бүтцийн сул талыг арилгах, гаднаас ихээхэн хамааралтай материал, эд анги, тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэн нийлүүлэлтийг нь тогтворжуулах, импортоос хамаарах хамаарлаа бууруулахад чиглүүлэх ажээ.

АНУ хаачив?

БҮС нутаг дахь гол хоёр холбоотон Өмнөд Солонгос, Японы хоорондох “худалдааны дайн” нь Вашингтонд таагүй нөлөөтэй болох албан ёсны байр суурийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслахын орлогч Марк Кнаппер: “Худалдааны дайн” нь электрон техникийн нийлүүлэлтийн дэлхийн сүлжээнд нөлөөлөөд зогсохгүй бүс нутгийн геополитикийг шилжилт хөдөлгөөнд оруулж болзошгүй учир Өмнөд Солонгос, Японы хоорондох итгэлцэлд хохирол учруулсан, сүүлийн саруудад гаргасан улсын төрийн шийдвэрүүдээ эргэж харах ёстой хэмээн мэдэгдээд буй. Түүний өгүүлснээр энэ сөргөлдөөн БНАСАУ, ОХУ, БНХАУ зэрэг улсуудад бүс нутаг дахь АНУ болон түүний холбоотнуудыг “сорих” нөхцөлийг бүрдүүлж байгаа тул хоёр талын эдийн засаг-цэргийн холбоогоо эрсдэлд оруулалгүй хянамгай байхыг уриалсан байна.

АНУ нь Өмнөд Солонгос, Японтой гурвалсан цэрэг, улс төрийн холбоо байгуулах гэж олон жил хичээгээд дийлээгүй зөвхөн хоёр талаар холбоотнууд явж ирсэн. Хоёр талт холбоотны үүргийн ач холбогдол ч хүйтэн дайнаас хойш буурсаар Д.Трамп “Америк нэгдүгээрт (‘America first’) дангааршлын бодлогыг гол өрсөлдөгч БНХАУ-тай эдийн засгийн талбарт дайн өрнүүлэн хэрэгжүүлж байгаа нөхцөлд Сөүл, Токио нь ашиг сонирхол, аюулгүй байдлаа хамгаалах илүү бие даасан алхмуудыг хийх болсон нь дээрх сөргөлдөөнөөс харагдаж байна.

Мөн АНУ өмнөдийн геостратегийг баримтлан сүүлийн жилүүдэд Зүүн хойд Азийн зах зээлд, тухайлбал Япон, БНСУ, БНХАУ зэрэг улсад их хэмжээний газрын тос, байгалийн хийг нийлүүлэхийг эрмэлзэх болсон. Аюулгүй, найдвартай хүргэх зам тээвэр, боомтын геостратегийн шинэ бодлогоо хэрэгжүүлээд эхэлсэн, БНАСАУ-тай харилцаагаа сайжруулан Солонгосын хойгийг сөргөлдөөний бус эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болгохыг зорьж буй Вашингтонд Сөүл-Токиогийн “худалдааны дайн” сөрөг үр дагавартай.

Дүгнэлт

ДЭЛХИЙН дэг журам дахь АНУ-ын ноёрхол буурч, бусад тоглогчдын нөлөө нэмэгдэх хэрээр Өмнөд Солонгос, Япон улс урьдын адил холбоотондоо найдаад суух бус ашиг сонирхол, аюулгүй байдлаа хамгаалах илүү бие даасан алхмууд хийх болсон нь өндөр технологийн бүтээгдэхүүний бүрэлдэхүүн, эд анги, нано материалын нийлүүлэлтэд хяналт тогтоосноос үүдэлтэй Япон, Өмнөд Солонгосын “худалдааны дайн”-аас харагдаж байна. Харилцааны дээрх хямрал нь намуудын тэмцэл бүхий цэвэр дотоод улс төрийн шалтгаантай байж болох ч зөвхөн эдгээр улсаар хязгаарлагдахгүй зах зээлийн бусад тоглогчдод худалдаа, эдийн засгийн ихээхэн хор хохирол учруулах, дэлхийн электрон техникийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд сөргөөр нөлөөлөх хийгээд геополитикийн ерөнхий дүр зургийг өөрчлөх үр дагавартай юм.

Хятадын нөлөөг хязгаарлах зорилгоор худалдааны дайн явуулж буй АНУ-д Зүүн хойд Ази дахь гол холбоотнууд нь сөргөлдөөд байвал Вашингтоны байр суурьт сөрөг үр дагавартай тул аль нэг талд нь оролгүй асуудлыг хэлэлцээрийн ширээний ард дипломат аргаар шийдвэрлэхийг талуудад тулгах, харилцаа нь цаашид муудвал улс төрийн дарамт шахалт үзүүлж ч магадгүй юм.

Их гүрнүүдийн зөрчил хурцдаж, тогтворгүй байдал газар авч буй таагүй дэвсгэр дээр улс төр, эдийн засгийн зорилгодоо хүрэхийн тулд түүхэн эмзэг сэдвийг сөхөх нь эргээд тухайн улсын аюулгүй байдлыг эрсдэлд оруулж болох нь түүхий эдийн нийлүүлэлт, гадаад зах зээлээс ихээхэн хамааралтай Өмнөд Солонгосын эдийн засгийн голлох салбарыг  Япон “атгасан”-аас харагдаж байна. Энэ зөрчилдөөнөөс эдийн засаг нь гадаад худалдаанаас өндөр хамааралтай Өмнөд Солонгос ихээхэн хохиролтой гарах бол Японы хувьд Солонгосын хойгийн асуудлаар АНУ-тай худалдааны хэлэлцээрийн байр сууриа ахиулж болох ч Хятад, Оросын нөлөө нэмэгдэж буй өнөөгийн ээдрээтэй үед алсдаа энэ бүс нутагт нөлөөллөө алдах эрсдэлтэй.


Ангилал: Долоо хоногийн тойм