Транс-Каспийн олон улсын тээврийн маршрут буюу Дунд коридор нь БНХАУ-ыг Төв Ази, Каспийн тэнгис, Өмнөд Кавказ, Туркээр дамжуулан Европтой холбодог Евроазийн стратегийн тээврийн сүлжээ юм. Сүүлийн жилүүдэд уг маршрут олон улсын улс төр, эдийн засгийн хэлэлцүүлгийн төвд хүчтэй орж ирсэн нь санамсаргүй хэрэг биш юм. ОХУ-Украины дайн, Улаан тэнгис дэх нөхцөл байдал, АНУ–БНХАУ-ын стратегийн өрсөлдөөн зэрэг хүчин зүйлс дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг дахин загварчлах үйл явцыг эрчимжүүлж, уламжлалт тээврийн маршрутаас хэт хамааралт байдлыг эмзэг талыг харуулсан билээ. Ийм нөхцөлд Дунд коридор нь зөвхөн худалдаа, тээврийн хувилбар чиглэл бус, харин геоэдийн засгийн шинэ бодит байдалд дасан зохицох стратегийн хэрэгсэл болж байна.[1]
Дунд коридорын ач холбогдлыг зөвхөн сүүлийн үеийн геополитикийн хямралтай холбон тайлбарлах нь хангалтгүй. Коридорын өнөөгийн хөгжил нь арав гаруй жилийн турш үргэлжилсэн бүс нутгийн хамтын ажиллагаа, институцийн зохицуулалт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын үр дүн юм. 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Астана хотноо зохион байгуулагдсан “Шинэ Торгоны зам 2” олон улсын тээвэр, логистикийн бизнесийн форумын үеэр “Казахстан Төмөр Зам” ХК, “Азербайжан Төмөр Зам” ХК болон “Гүржийн Төмөр Зам” ХК-ийн удирдлагууд “Транс-Каспийн олон улсын тээврийн маршрутыг (TITR) хөгжүүлэх” зохицуулах хороо байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал олон талт хамтын ажиллагааны эхлэл болжээ[2]. Транс-Каспийн олон улсын тээврийн маршрут байгуулагдсанаар илүү институцжиж, тарифын уялдаа, тээврийн стандарт, логистикийн зохицуулалтыг нэгтгэх тогтолцоо бүрдсэн нь уг маршрутыг бодит хэрэглээнд нэвтрэх үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн.
Түүнчлэн ОХУ-Украины дайн нь Дунд коридорын хөгжлийг эрчимжүүлэхэд хүчтэй түлхэц болсон нь маргаангүй юм. Өмнөд Европ, Азийн хооронд хуурай замын тээврийн дийлэнх нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг байсан боловч геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр тээвэрлэгчид болон хөрөнгө оруулагчид өөр гарц эрэлхийлэх шаардлагатай тулгарсан. Үүний үр дүнд Дунд коридороор тээвэрлэгдэх ачааны хэмжээ огцом өссөн байна. Нарийвчлан авч үзвэл, тээвэрлэлтийн хэмжээ 2017 онд 1,237 мянган тонн байсан бол 2025 онд 1,867 мянган тоннд хүрч, 8 жилийн хугацаанд жилийн дундаж өсөлт нь 5.27% байна. Үүний дундаас чингэлэг тээвэрлэлтийн өсөлт эрчимтэй явагдаж 2017 онд 9.0 мянган чингэлэг байсан тээвэрлэлтийн хэмжээ 2025 онд 76.9 мянган чингэлэг тээвэр болж нэмэгдсэнээр жилийн дундаж өсөлтийн түвшин нь 30.73%-д хүрчээ.[3]
Хүснэгт 2 Чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ, мянган 20 фүт контейнер

Дээрх өндөр өсөлтөд олон улсын ачаа тээврийн нөхцөл сайжирсан, гаалийн хялбаршуулсан журам хэрэгжиж эхэлсэн, дэд бүтцэд хөрөнгө оруулалт ихээр хийгдсэний үр дүнд тээврийн хугацаа 28-32 хоногоос 13-17 хоног болж мэдэгдэхүйц богиноссон зэрэг олон хүчин зүйл нөлөөлжээ[4]. Албаныхны мэдээлж буйгаар энэ тоо 2029 он гэхэд 300,000 болж нэмэгдэх төлөвтэй[5].
Өнөөдөр Дунд коридор нь Евразийн геоэдийн засгийн өрсөлдөөний чухал талбар болоод байна. Европын холбоо уг коридорыг нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангах, стратегийн түүхий эдийн хангамжийг төрөлжүүлэх, ОХУ-аас хамаарах хамаарлыг бууруулах бодлогын нэг хэсэг гэж үзэн Global Gateway санаачилгын хүрээнд 22 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна.[6] Үүнтэй зэрэгцэн БНХАУ уг маршрутыг “Бүс ба зам” санаачилгын нэмэлт гарц болгон ашиглаж, далайн эмзэг цэгүүд болон ОХУ-аас хэт хамаарах эрсдэлийг бууруулахыг зорьж байна[7]. Харин Төв Азийн орнуудын хувьд Дунд коридорыг зөвхөн тээврийн төсөл бус, эдийн засгийн тусгаар тогтнол, стратегийн бие даасан байдлаа бэхжүүлэх хэрэгсэл болгож байгаа ба далайд гарцгүй сул талаа нөхөн, шинэ зах зээлд хүрэх боломжийг эрэлхийлж байна. Иймээс Дунд коридор нь зөвхөн эдийн засгийн төслийн хүрээнээс давж, том гүрнүүдийн стратегийн ашиг сонирхол огтлолцдог орон зай болон хувирчээ.
Дунд коридорт огтлолцож буй талуудын стратегийн ашиг сонирхол
Дунд коридорын ач холбогдлыг зөвхөн ОХУ-ыг тойрсон Европ–Азийн худалдааны өөр нэг маршрут бий болж байна гэж тайлбарлах нь учир дутагдалтай. Харин уг коридорыг Европ, БНХАУ, Зүүн Азийн экспортлогч эдийн засгууд болон Төв Азийн орнууд өөр өөрсдийн стратегийн зорилгоор ашиглах сонирхолтой байгаа нь түүний геоэдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, талуудын ашиг сонирхол Дунд коридорыг хөгжүүлэх асуудал дээр огтлолцож байгаа боловч хөгжүүлэхийг хүсэж буй шалтгаан нь харилцан адилгүй юм.
Европын хувьд Дунд коридорын үндсэн ач холбогдол нь нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангах, ОХУ-аар дамжих уламжлалт хуурай замын маршрутаас хамааралт байдлыг бууруулах, Төв Азитай тогтоосон шууд эдийн засгийн холбоог өргөжүүлэхэд оршиж байна. ОХУ-Украины дайны дараа Европ–Азийн худалдааны хойд чиглэлийн геополитикийн эрсдэл нэмэгдсэн нь Европын хувьд өөр хувилбаруудыг бодитоор хөгжүүлэх шаардлагыг бий болгосон. Үүнтэй зэрэгцэн стратегийн түүхий эдийн нийлүүлэлтийг төрөлжүүлэх асуудал улам чухал болж байна. Иймээс Дунд коридор нь Европын хувьд зөвхөн БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн тээвэрлэх зам бус, харин ОХУ-ын нутаг дэвсгэрээс үл хамааран Төв Азийн зах зээл, эрчим хүч болон стратегийн түүхий эдийн нөөцтэй холбогдох геоэдийн засгийн суваг болох юм. Гэхдээ Европ БНХАУ-ыг бүрэн шахан гаргах стратеги хэрэгжүүлж байна гэж үзэх нь өрөөсгөл юм. Гол зорилго нь харилцааг таслах бус, нэг чиглэл, нэг улс, нэг нийлүүлэгчээс үүсэх хэт хамаарлыг багасгах явдал бөгөөд энэ утгаараа Дунд коридор нь геополитикийн эрсдэлийг саармагжуулах, стратегийн маневр хийх орон зайг нэмэгдүүлэх хэрэгсэл болж байна.
БНХАУ-ын хувьд Дунд коридорын ач холбогдол арай өөр. Хятадын экспортын үндсэн урсгал далайн тээврээр явагддаг хэвээр байгаа боловч далайн эмзэг цэгүүдэд үүсэх аливаа тасалдал нь гадаад худалдаанд томоохон эрсдэл дагуулдаг. Нөгөө талаас Европ руу чиглэсэн хуурай замын уламжлалт чиглэл ОХУ-аар дамждаг тул Москвагаас хэт хамаарах нь Бээжингийн хувьд мөн стратегийн эрсдэл юм. Тиймээс Дунд коридор нь далайн болон ОХУ-аар дамжих маршрутыг орлох бус, экспортын гарцыг олон хувилбартай болгох, эрсдэлийг жижгэлж тараах нэмэлт суваг болж байна. Үүний зэрэгцээ коридорын хөгжил нь БНХАУ-ын Төв Азид эдийн засгийн нөлөөгөө бэхжүүлэх урт хугацааны ашиг сонирхолтой нийцнэ. Хятад–Казахстаны хилээс эхлэх төмөр зам, логистикийн урсгал нэмэгдэх тусам Төв Азийн дэд бүтэц Хятадын зах зээл болон үйлдвэрлэлийн сүлжээтэй улам нягт холбогдох боломжтой. Иймээс БНХАУ-ын хувьд Дунд коридор нь зөвхөн Европ руу чиглэсэн тээврийн асуудал бус, Төв Азитай эдийн засгийн холбоогоо гүнзгийрүүлэх хэрэгсэл болох юм.
Төв Азийн орнуудын хувьд Дунд коридорын ач холбогдол өргөн хүрээтэй. Казахстан болон бүс нутгийн бусад орнууд далайд шууд гарцгүй, экспортын маршрут нь ОХУ болон БНХАУ-аас өндөр хамааралтай байдаг. Иймээс Дунд коридор нь эдгээр улсын хувьд зөвхөн тээврийн хугацааг богиносгох төсөл бус, гадаад худалдааны гарцыг төрөлжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол болон стратегийн бие даасан байдлаа нэмэгдүүлэх хэрэгсэл болж байна. Ялангуяа Казахстаны хувьд газарзүйн байршлаа сул тал бус, геоэдийн засгийн давуу тал болгон хувиргаж, Евразийн транзит, логистикийн зангилаа болох боломж бий болж байна. Үүний зэрэгцээ Европ, БНХАУ, ОХУ, Турк зэрэг талуудтай зэрэг харилцах боломж нь Төв Азийн орнуудын олон тулгуурт гадаад бодлогын уян хатан байдлыг нэмэгдүүлнэ. Гэхдээ нэг талаас ОХУ-аас хамаарах хамаарлыг бууруулахын зэрэгцээ нөгөө талаас БНХАУ-ын хөрөнгө оруулалт, зах зээл, логистикийн урсгалаас хамаарах шинэ хамаарал бий болох эрсдэлтэй. Тиймээс Төв Азийн хувьд гол асуудал нь аль нэг их гүрнээс салах бус, том гүрнүүдийн өрсөлдөөнийг өөрсдийн эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн шинэчлэлд ашиглахын зэрэгцээ аль нэг талаас хэт хамаарахгүй байх явдал юм.
Зүүн Азийн хувьд Дунд коридорын ач холбогдлыг зөвхөн БНХАУ-аар хязгаарлан авч үзэх шаардлагагүй. Япон, БНСУ зэрэг экспортод түшиглэсэн эдийн засгууд Европын зах зээлтэй голчлон далайн маршрутаар холбогддог. Улаан тэнгисийн аюулгүй байдлын нөхцөл байдал нь нэг маршрутаас хэт хамаарах эрсдэлийг дахин харуулсан. Иймд, Зүүн Азийн орнуудын хувьд Дунд коридор нь үндсэн далайн тээврийг орлох гарц гэхээс илүү Евразийн эх газраар Европтой холбогдох нэмэлт логистикийн сонголт юм. Гэхдээ Зүүн Азийн бараа Дунд коридорт холбогдохын тулд БНХАУ-ын төмөр зам, боомт, логистикийн сүлжээг ашиглах шаардлага үүсэх тул нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхийн зэрэгцээ Хятадын дэд бүтцээс тодорхой хэмжээгээр хамаарах асуудал давхар тавигдана.
Ийнхүү Дунд коридорт оролцогч талуудын ашиг сонирхлыг харьцуулбал Европ ОХУ болон эмзэг нийлүүлэлтийн сүлжээнээс хамаарлаа бууруулах, БНХАУ экспортын маршрутаа төрөлжүүлэх, Төв Ази Евразийн транзит, логистикийн зангилаа болж, стратегийн бие даасан байдлаа нэмэгдүүлэх, харин Зүүн Азийн экспортлогч орнууд Европтой холбогдох нэмэлт хуурай замын сонголт бий болгох сонирхолтой байна. Иймээс Дунд коридорын онцлог нь аль нэг талын дангаар хэрэгжүүлж буй геополитикийн төсөл бус, харин өөр өөр стратегийн зорилготой оролцогчдын ашиг сонирхол тодорхой цэг дээр давхцаж буй геоэдийн засгийн орон зай болж байна.
Хөрөнгө оруулалт
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-ны тооцоолсноор Төв Азийн хэмжээнд Дунд коридорт хамаарах дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 18.5 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт шаардлагатай.[8] 2025 онд Дэлхийн банк болон тус банкны түншүүд нийт 3.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон ба үүний 1.9 тэрбум доллар нь Станбулын хойд төмөр замын гарамд, үлдсэн 1.4 тэрбум доллар нь Казахстаны Караганды–Жезказганы чиглэлд зарцуулагдаж байгаа ажээ[9]. Үүн дээр нэмээд Кавказ болон Хар тэнгисийн чиглэлд Европын хөрөнгө оруулалтын банк (EIB) Гүржид 150 километр авто замын барилгын ажилд 1 тэрбум еврогийн зээл, нэмэлтээр 42 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор болсон нь коридорын баруун жигүүрийн чадавхыг тэлэх чухал дэмжлэг юм.
Газар зүйн хувьд голд нь байршилтай Казахстан, Азербайжан, Гүрж, Турк улсын хувьд дундын коридорт оруулж буй хөрөнгө оруулалтууд ихэвчлэн дотоод дэд бүтцийн хөрөнгө оруулалт хэлбэрээр хэрэгжиж байна. Сүүлийн жилүүдэд эдгээр улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэмжээг харахад Казахстан улс хамгийн их буюу нийт 35 тэрбум ам.долларыг зам тээврийн салбартаа зарцуулжээ. Энэ тоо бусад улсын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ болох 4.5 тэрбум ам.доллартой харьцуулахад нүсэр тоо юм. Казахстанд хийгдсэн хөрөнгө оруулалт үнэмлэхүй их байгаа нь ЕХ, БНХАУ-ыг холбосон гол хуурай замын маршрутын дийлэнх хувь тус улсын газар нутгаар дайран өнгөрдөгтэй шууд холбоотой юм. Хятад Төв Азийн орнуудаас Казахстаныг тэргүүн ач холбогдолтой түнш гэж үзэж, тус улсад нийтдээ 26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын амлалт өгсөн[10]. Зөвхөн 2025 оны эхний хагас жилд Казахстан Бүс ба Зам санаачилгын хүрээнд 23 тэрбум ам.долларын төсөл хүлээн авсан байна.[11]
Саад бэрхшээл
Дунд коридорын тээврийн биет хэмжээний өсөлт, олон талт хөрөнгө оруулалтууд, геополитикийн орчин зэрэг үзүүлэлтүүд эерэг байгаа хэдий ч коридорын цаашдын хөгжил бүс нутгийн аюулгүй байдлын олон сорилттой тулгарч байна. Коридорын дагуух Өмнөд Кавказын бүс нутаг нь Азербайжан, Армены хоорондын зөрчил, ялангуяа Зангезурын коридортой холбоотой геополитикийн маргааны улмаас тогтворгүй хэвээр байна[12]. Түүнчлэн Каспийн тэнгис нь коридорын хамгийн эмзэг хэсэгт тооцогдож байгаа бөгөөд цаг агаарын хүндрэл, усны түвшин багасаж буй зэрэг нь тээврийн тасалдал үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Мөн дэд бүтцийн бэрхшээлүүд шийдэгдээгүй хэвээр байна. Тухайлбал тус коридороор БНХАУ-аас ЕХ-руу чиглэж буй тээвэр хамгийн багадаа 4–5 удаа ачилт-буулгалт хийгддэг. Ингэхдээ Хятад-Казахстан хилээр цариг сольдог, Каспийн тэнгисээр далайн тээвэр, Азербайжан-Гүржээр төмөр зам, Хар тэнгисээр далайн тээвэр, Гүрж-Туркийн хилээр дахин цариг сольдгийг харгалзан үзвэл цаг хугацаа, зардал мөнгө, тээвэр хийх дэд бүтцийн чадал дутмаг буйг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд чингэлэг тээврийг нэмэгдүүлэх замаар төмөр зам хооронд хурдан шуурхай шилжүүлэг хийх боломжийг бүрдүүлж байгаа ч далайн тээвэрлэлтийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэх эрсдэлийг бүрэн хянах боломжгүй байна.
Монгол Улсын хувьд
Монгол Улсын гадаад худалдаа өнөөдөр гол төлөв ОХУ-аар дамждаг Хойд коридор болон БНХАУ-ын далайн боомтуудаас ихээхэн хамааралтай хэвээр байна. Ийм нөхцөлд Дунд коридорт холбогдох боломж нь экспорт, импортын сувгийг төрөлжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний эрсдэлийг бууруулах, гуравдагч хөршийн бодлогыг бэхжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Гэсэн хэдий ч энэхүү боломжийг хэт өөдрөгөөр үнэлэх нь өрөөсгөл байж болзошгүй. Монгол Улс Дунд коридорт нэгдэх тохиолдолд БНХАУ-ын төмөр зам, логистикийн дэд бүтэц, тарифын бодлогоос улам их хамааралтай болох магадлалтай. Нөгөө талаар, Евразийн геополитикийн өрсөлдөөн эрчимжиж буй нөхцөлд олон тулгуурт, тэнцвэртэй бодлого баримтлах шаардлагатай хэвээр байна. Иймээс Дунд коридорыг уламжлалт чиглэлүүдийг бүрэн орлох шинэ гарц бус, харин эдийн засгийн тогтвортой байдал, нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх стратегийн нэмэлт хувилбар гэж үзэж уг сүлжээнд холбогдох шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй юм.
Ашигласан материал:
[1] https://www.worldbank.org/en/region/eca/publication/middle-trade-and-transport-corridor
[2] АБСХ-ийн Транс-Каспийн олон улсын тээврийн маршрутын талаар судалгаа
[3] АБСХ-ийн Транс-Каспийн олон улсын тээврийн маршрутын талаар судалгаа
[4] https://www.ey.com/en_kz/insights/strategy-transactions/trans-caspian-international-transport-route
[5] https://timesca.com/freight-volumes-on-middle-corridor-through-kazakhstan-rise-fivefold-in-seven-years/
[6] https://dgap.org/en/research/publications/rethinking-eu-strategy-central-asia
[7] https://www.oecd.org/en/topics/sub-issues/transport.html
[8] https://www.ey.com/en_kz/insights/strategy-transactions/trans-caspian-international-transport-route
[9] https://www.rferl.org/a/central-asia-caucasus-hormuz-middle-corridor/33736371.html
[10] https://www.aljazeera.com/news/2025/6/16/chinas-xi-jinping-meets-central-asian-leaders-why-their-summit-matters
[11] https://www.scmp.com/economy/china-economy/article/3323354
[12] https://carnegieendowment.org/russia-eurasia/politika/2026/04/middle-corridor-transport-prospect










Хариу өгөх