2026 оны 6 дугаар сарын 15–17-нд Францын Эвиан-ле-Бэн хотноо зохион байгуулагдсан G7-ийн дээд хэмжээний уулзалт нь анх төлөвлөсөн эдийн засгийн хэлэлцүүлгийн хүрээнээс давж, өрнийн стратегийн зохицуулалт шинэ нөхцөлд хэрхэн дасан зохицож байгааг харуулсан үйл явдал болов. Уулзалтын албан хүрээнд олон улсын энх тайван, аюулгүй байдал, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлт, шинэ технологи, чухал ашигт малтмал, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал зэрэг асуудлыг хэлэлцсэн нь G7-ийн үүрэг эдийн засаг–аюулгүй байдлын огтлолцолд шилжиж байгааг харууллаа.[1] Энд “өрнийн стратегийн зохицуулалт” гэдгээр институцийн нэг бүтцийг бус, харин өрнийн орнууд цэрэг-улс төр, эрчим хүч, технологи, батлан хамгаалах үйлдвэрлэл, хориг арга хэмжээ, нийлүүлэлтийн сүлжээний бодлогоо хамтын аюулгүй байдлын зорилгод хэрхэн уялдуулдаг нийлмэл тогтолцоог ойлгоно. Энэ утгаараа Эвианы G7 нь ээлжит уулзалт төдий бус, Трампын хоёр дахь бүрэн эрхийн бодлогын орчинд өрнийн холбоотнууд өөрсдийн байр суурь, үүргээ дахин тохируулах шаардлагатайг харуулсан индикатор байв.
Трамп 2.0 ба G7-ийн шинэ дасан зохицол
Трампын хоёр дахь бүрэн эрхийн үеийн бодлого эхний бүрэн эрхийн үеийнхээс зарим талаар ялгаатай. 2017–2020 онд түүний бодлого олон улсын байгууллага, холбоотны тогтолцоо, худалдааны дэг журамд огцом сорилт учруулж байсан бол 2026 онд уг хандлага илүү тогтсон, арилжааны шинжтэй, институцийг бүрэн нураах бус ашиглах чиглэлтэй болжээ. Үндсэн зарчим нь өөрчлөгдөөгүй ч хэрэгжүүлэх арга нь өөрчлөгдөж, G7 зэрэг олон талт индрийг АНУ өөрийн стратегийн чиглэлийг холбоотнуудаараа хүлээн зөвшөөрүүлэх хэрэгсэл болгон ашиглах хандлага илүү тод болов.[2]
Эвианд энэ өөрчлөлт илүү ажиглагдсан бөгөөд Reuters-ийн мэдээлснээр Трамп G7-ийн үеэр “би удирдагч нь” гэсэн агуулгатай үг хэлсэн нь уулзалтын улс төрийн уур амьсгалыг илтгэсэн дохио гэж уншигдаж байгааг зарим судлаачид тэмдэглэсэн.[3] G7-ийн бусад удирдагчид Трамптай Украинд үзүүлэх дэмжлэг, Ираны асуудал, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ зэрэг чиглэлд ажил хэрэгч зөвшилцөл өрнүүлэхйг эрмэлзсэн нь өрнийн холбоотнууд Трамп 2.0 бодлогын орчинд “зохицон ажиллах” тактик баримталж эхлсэнийг харуулна.[4]
Иймээс Эвианы уулзалтын гол зорилго нь зөвхөн хамтарсан мэдэгдэл гаргах бус, Трамп 2.0 бодлогын орчинтой сөргөлдөхгүйгээр G7-ийн нэгдлийг хадгалах, бусад холбоотны стратегийн орон зайг хамгаалах явдал байлаа гэж үзэж болно. Chatham House-ийн үнэлсэнээр Францын даргаллын нэг гол зорилго нь Трамп болон G7-ийн бусад гишүүдийн хооронд хязгаарлагдмал боловч ажил хэрэгч хэлэлцээ өрнүүлэх явдал байсан бөгөөд Эвианд энэ зорилго тодорхой хэмжээнд биелсэн гэж үзжээ.[5]
Геополитикийн гурван тэнхлэг: Иран, Украин, Хятад
Эвианы G7-ийн эхний том сорилт нь Иран–Израилын мөргөлдөөн, Хормузын хоолойн эрчим хүчний аюулгүй байдал байв. G7-ийн геополитикийн мэдэгдэлд Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх, бүс нутгийн болон баллистик пуужингийн асуудлыг дипломат хэлэлцээгээр шийдвэрлэх, Хормузын хоолойн хөдөлгөөнийг сэргээхэд хамгаалалтын шинжтэй олон улсын тэнгисийн санаачилга тодорхой үүрэг гүйцэтгэж болохыг дэмжсэн байна.[6] Франц, Их Британийн тэргүүлсэн уг санаачилга нь худалдааны хөлгийг хамгаалах, мина илрүүлэх, даатгал болон тээврийн зах зээлийн итгэлийг сэргээхэд чиглэсэн хамгаалалтын ажиллагаа юм.[7]
АНУ–Ираны урьдчилсан тохиролцооны мөн чанарыг нарийвчлах нь зүйтэй. Энэ нь холбогдох хэд хэдэн хэмжүүрийг (Хормузыг нээх, АНУ-ын хоригийг цуцлах, хөрөнгийг чөлөөлөх, цөмийн зэвсгээс татгалзуулах) хамарсан 14 зүйл бүхий урьдчилсан Ойлголцлын санамж бичиг (MOU) бөгөөд Трамп үүнд 6-р сарын 17-нд Версалийн ордонд гарын үсэг зурсан юм.[8] Гэвч тохиролцооны хэрэгжилт тогтворгүй байгааг онцлох нь чухал. Гарын үсэг зурсны дараа хөлгийн хөдөлгөөн түр сэргэсэн боловч, 6-р сарын 20–21-нд Иран Израилын Ливан дахь цохилтыг тохиролцооны зөрчил хэмээн үзэж хоолойг дахин хаасан гэж зарлахад хөдөлгөөн саарсан юм. Гэвч АНУ-ын цэрэг хоолой нээлттэй хэвээр гэж үгүйсгэсэн нь нөхцөл байдал эргэлзээтэй, маргаантай байгаайг харуулж байна. Хөдөлгөөн дайны өмнөх үе шиг сэргэхгүй хэвээр байгаа нь энэхүү дипломат зохицуулалт хэврэг болохыг батална.[9]
Орос–Украины дайны тухайд Эвианы G7 илүү тодорхой байр суурь илэрхийлэв. G7-ийн албан мэдэгдэлд Украины эрх чөлөө, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад тууштай дэмжлэг үзүүлэхээ дахин нотолж, агаарын довтолгооноос хамгаалах чадавх, нэмэлт систем, амдан сөнөөгч пуужин, алсын тусгалын чадавхыг нэмэгдүүлэхийг дэмжсэн байна.[10] Associated Press-ийн мэдээлснээр Володимир Зеленский G7-ийн үеэр Украины агаарын хамгаалалтын чадавх, эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадавх, Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний амлалтуудыг чухал үр дүн гэж тодорхойлсон.[11]
Гэвч Трампын хувьд Украины асуудал нь “хязгааргүй дэмжлэг”-ийн асуудал биш. Түүний бодлого Украиныг дэмжихийн зэрэгцээ Оросын дайны өртгийг өсгөх, Москвагийн маневрлах орон зайг хумих, хэлэлцээний илүү таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэж байна. G7-ийн мэдэгдэлд Оросын дайны эдийн засагт үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэх, газрын тос, байгалийн хийн салбарын эсрэг хоригийг чангатгах тухай туссан нь энэ логиктой нийцнэ.[12]
Түүнчлэн Хормузын хямрал Украинтай эрчим хүчний асуудлаар холбогдож байна. Хормузын хоолой тогтвортой байх тусам дэлхийн эрчим хүчний зах зээлд үүсэх цочрол буурч, Оросын эрчим хүчний экспортод үзүүлэх дарамтын орон зай тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Энэ утгаараа Эвианы G7-д Иран, Украин, Оросын асуудал тус тусдаа хэлэлцэгдсэн боловч бодит байдал дээр нэг эрчим хүч–аюулгүй байдлын шугамд холбогдож байв.
Хятадын асуудал Эвианы уулзалтын хэтийн стратегийн гол чиглэл байлаа. Хятадыг шууд нэрлэхээс зайлсхийсэн ч чухал ашигт малтмал, газрын ховор элемент, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлын хэлэлцүүлэг үндсэндээ Бээжингийн хэт давамгайллыг бууруулах зорилготой байв. Reuters-ийн мэдээлснээр G7 нэг ханган нийлүүлэгчээс хэт хараат байдлыг бууруулах, нөөц бүрдүүлэлтийн бодлогоо уялдуулах, Олон улсын эрчим хүчний агентлагтай хамтран эрсдэлийн дохиолол, зах зээлийн мэдээллийн платформ ажиллуулах чиглэлд тохиролцсон юм.[13]
G7 нэг улсаас хамаарах хамаарлыг 2030 он гэхэд 60 хувиас доош бууруулах, цаашид 50 хувьд хүргэх зорилт тавьсан нь чухал дохио байв. Гэвч хэрэгжилтийн сорилтууд өндөр хэвээр байна. Хятад боловсруулсан газрын ховор элемент болон тогтмол соронзын үйлдвэрлэлд давамгай байр суурьтай хэвээр бөгөөд G7-ийн зорилт нь олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэл, дахин боловсруулах чадавх шаардсан урт хугацааны ажил юм.[14] Трампын засаг захиргааны чухал ашигт малтмалын үнийн зохицуулалтын санаал G7-ийн холбоотнууд болон уул уурхайн салбарын зарим төлөөлөгчдийн эргэлзээтэй тулгарсан нь энэ чиглэлд нэгдсэн байр суурь бүрэн бүрдээгүйг харуулна.[15]
Нөгөө талаас
Гэхдээ Эвианы уулзалтыг “дасан зохицох” гэдэг агуулгаас өөрөөр харах бас боломжтой. Тухайлбал нэгдүгээрт, Эвиан нь бүтцийг дахин тохируулахаас илүү зэрэгцсэн хямралуудын түр зуурын менежмент байсан байж болох юм. G7-ийн удирдагчид зарчмын шинэ архитектур бус, тухайн агшны галыг унтраахад анхаарсан байж болзошгүй. Хоёрдугаарт, G7 Трампын бодлогод дасан зохицож бус, харин түүний савлагааг хязгаарлах, олон талт хүрээнд оруулан тогтворжуулах оролдлого хийж байх боломжтой. Гуравдугаарт, холбоотнууд АНУ-ын манлайллыг зөвшөөрч бус, зүгээр өөр бодит хувилбар бүрдээгүй учраас түр дагаж байх ч боломжтой юм.[16]
Ямартаа ч Эвиан богино хугацаандаа хямралын менежмент, урт хугацаандаа стратегийн дахин тохиргооны аль алиныг агуулсан хосолмол үзэгдэл бөгөөд аль нь давамгайлахыг зөвхөн хожмын динамик тодорхойлно.
Дүгнэлт
Эвианы G7-гийн уулзалтыг Трамп 2.0 нөхцөлд өрнийн стратегийн зохицуулалт өөрийгөө дахин тохируулж буй үйл явц гэж үзэж болно. Уулзалтын хэлэлцэх асуудлыг бүхэлд нь харвал эрчим хүч, хориг, батлан хамгаалах үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ, холбоотны зохицуулалт нэгэн зэрэг аюулгүй байдлын асуудал болж хувирсан нь илүү өргөн бүтцийн өөрчлөлт явагдаж байгааг харуулж байна.[17]
Эцэст нь дүгнэхэд, Эвианы G7 нь өрнийн стратегийн зохицуулалт бүрэн өөрчлөгдсөнийг бус, харин түүнийг шинэ нөхцөлд дахин тохируулах шаардлага эрчимжиж байгааг харуулсан уулзалт байв. Гэхдээ дээрх эсрэг тайлбарууд болон Ираны тохиролцооны хэврэг байдлыг харгалзан үзвэл энэ нь “ялалт” бус, “задралыг хойшлуулсан удирдлагатай дасан зохицол” байх магадлал өндөр юм. Трамп 2.0 бодлого өрнийн эвслийг нураагаагүй боловч түүнийг өмнөхөөс илүү шаталсан, арилжааны шинжтэй, ашиг сонирхолд суурилсан хэлбэрт оруулж байна.
Ашигласан материал:
[1]Council of the EU, “G7 Leaders’ Joint Statements — Évian, France, 16–17 June 2026,” 17 June 2026 (https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2026/06/17/g7-leaders-joint-statements-evian-france-16-17-june-2026/); Élysée, “2026 G7 Summit of Évian” (https://www.elysee.fr/en/G7evian).
[2]Creon Butler, “Macron’s Evian Summit Shows the Limits Trump Places on the G7,” Chatham House, 19 June 2026 (https://www.chathamhouse.org/2026/06/macrons-evian-summit-shows-limits-trump-places-g7).
[3]Julia Payne, “‘I’m the Boss,’ Says Trump to G7 Summit,” Reuters, 18 June 2026. (Агуулгыг NBC News, AFP баталсан.)
[4]Butler, “Macron’s Evian Summit Shows the Limits Trump Places on the G7.”
[5]Élysée, “G7 Leaders’ Statement on Geopolitical Issues,” 17 June 2026 (https://www.elysee.fr/en/G7evian/2026/06/17/g7-leaders-statement-on-geopolitical-issues).
[6]Élysée, “G7 Leaders’ Statement on Geopolitical Issues,” 17 June 2026 (https://www.elysee.fr/en/G7evian/2026/06/17/g7-leaders-statement-on-geopolitical-issues).
[7]John Irish & Parisa Hafezi, “France, Britain Push Hormuz Mission as Truce Nears, but Iran’s Stance Key,” Reuters, 15 June 2026. Мон Эх сурвалж: “UK, France to host meeting of defense ministers on Hormuz,” The Times of Israel.
[8]NBC News, “Trump and Iran sign agreement on ending the war,” 17 June 2026 (14-зүйлийн MOU-ийн эх бичвэр); бодит зуучлагчид (Катар, Пакистан): RFE/RL, 18 June 2026.
[9]“Shipping stalls in Strait of Hormuz after Iran declares key waterway closed again,” CNBC (Windward, Lloyd’s List өгөгдөл), 22 June 2026 (https://www.cnbc.com/2026/06/22/strait-of-hormuz-iran-us-shipping-oil.html).
[10]Élysée, “G7 Leaders’ Statement on Geopolitical Issues,” 17 June 2026.
[11] Associated Press, “Zelenskyy Says G7 Leaders Pledge More Vital Help for Ukraine against Russia,” 17 June 2026.
[12] Élysée, “G7 Leaders’ Statement on Geopolitical Issues,” 17 June 2026.
[13] Julia Payne, “G7 Sets Up Critical Minerals Alliance, Platform to Cut Reliance on China,” Reuters, 17 June 2026.
[14] Atlantic Council GeoEconomics Center, “Seven charts that will define France’s G7 summit,” 12 June 2026 (https://www.atlanticcouncil.org/dispatches/seven-charts-that-will-define-frances-g7-summit/).
[15] Julia Payne & Ernest Scheyder, “Trump’s Critical Minerals Pricing Plan Faces Skeptical G7, Divided Industry,” Reuters, 15 June 2026.
[16]Эсрэг тайлбаруудын онолын суурь: Creon Butler, “Macron’s Evian Summit Shows the Limits Trump Places on the G7,” Chatham House, 19 June 2026; мөн John Kirton, “Promising but Precarious Prospects for the G7’s Evian Summit,” G7 Research Group, University of Toronto, 31 March 2026.
[17]Council of the EU, “G7 Leaders’ Joint Statements — Évian, France, 16–17 June 2026.”










Хариу өгөх