Ш.Кара-оолын Монгол Улсад айлчлах хүсэлтийг хэрхэх вэ

2018-04-06

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/06/kara-ool.jpg

Тувагийн БНУ-ын өнөөгийн байдал

ОХУ-ын Тувагийн БНУын Засгийн газраас тус субьектийн тэргүүн Ш.В.Кара-оол энэ оны 5 дугаар сарын 10-20-ны хооронд манай улсад 3 өдрийн ажлын айлчлал хийж, хоёр улсын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар ярилцах саналтай байгаа хүсэлтээ Кызыл дэх Монголын Консулын газраар дамжуулан энэ долоо хоногт монголын талд хүргүүлээд байна. Уг санал-хүсэлт нь цаг үеэ олсон уу, бид түүнд ач холбогдол өгөх ёстой юу гэдэг асуултад хариулахыг зорив.

Ш.В.Кара-оол Монгол Улстай хамтран тээврийн дэд бүтцээ хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг бус удаа илэрхийлэн уулзах хүсэлт илгээж байсан ч УИХ-ын сонгууль, АСЕМ-ын чуулга уулзалттай давхацсан гэхчлэн хүлээн авалгүй өдийг хүрсэн. Нөгөөтээгүүр түүнийг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг 2016 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Ганхуяг, 2017 онд Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил, өнгөрсөн 9 дүгээр сард Владивосток хотноо зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга нар тус тус урьж байж. Тува улсад зам тээвэр, аялал жуулчлалын дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд бодитоор хэрэгжих таатай угтвар нөхцөл бүрэлдсэн үү? Олон жил цаасан дээр явсан эдгээр төслүүд хэрэгжих үү? Тувагийн нийгэм, эдийн засгийн байдалд нааштай өөрчлөлт гарах төлөв байна уу? Бид хамтарч ажиллахад бэлэн үү?

Нэг талаас Тува улс нь Красноярскийн хязгаар, Кемеровск, Томск муж зэрэг ОХУ-ын Сибирийн тойргийн гурван газар нутгийн эрдэс баялагтай тэнцэх хэмжээний буюу 90 их наяд ам.доллартай тэнцэх нөөцтэй. Түүнийг эргэлтэд оруулан бүс нутгийг хөгжүүлэхэд гурван улсыг дамнасан төмөр зам чухал үүрэгтэй болохыг онцолдог. Нөгөөтээгүүр Тува улс Оросын цөөн ард иргэдтэй зах хязгаарын бүсэд багтдаг бөгөөд гадаад ертөнцөөс алслагдмал, Орос дотроо бөглүү нутагт тооцогддог. Тувагийн Орос иргэдийн эзлэх хувь 1959 оны хамгийн дээд хэмжээ болох 40 хувиас тогтмол буурсаар өнөөдөр нийт хүн амынх нь 16 хувийг эзэлж байна. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр 2016 онд нийт 85 субъектээс сүүлээсээ хоёрдугаарт жагссан. Энэ бүхнээс Тувагийн өнөөдрийг хүртэлх хөгжлийг газарзүйн онцлог, нүүдлийн амьдралын уламжлалт хэв маяг зэрэг хүчин зүйлс тодорхойлж ирсэн нь харагдаж байна.

2018 оны 1 дүгээр сарын байдлаар Тувад 321.7 мянган хүн бүртгэгдсэний 82 хувь нь тувачууд. Хэдийгээр нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр хамгийн сүүлд ордог ч Тувагийн аж үйлдвэрийн индекс 2017 оны 1-2 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.1 хувиар өссөн бөгөөд үйлдвэрлэсэн бараа үйлчилгээ, түүний нэг хүнд ногдох хэмжээгээр эхнээсээ гуравдугаарт жагссан байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь өнгөрсөн 5 жилд дунджаар 9.4 хувиар өсөн 2016 онд 903.6 сая ам.доллар буюу нэг хүнд ногдох хэмжээ 2814 ам.доллартай тэнцэж байжээ. 2005 онтой харьцуулахад энэ нь 4.5 дахин өссөн дүн аж. Нааштай чиг хандлага
ажиглагдаж байгаа ч иргэдийн амьжиргааны түвшин доогуур, ажилгүйдлийн түвшин Оросын дунджаас 4 дахин их (21 хувь), архины өндөр хэрэглээ, хүн амын төвлөрөл багатай субъект гэхэд Оростоо хамгийн өндөр гэмт хэрэг бүртгэгддэг (2017 оны эхний 10 сарын байдлаар 100 мянган хүн тутамд 3100) зэрэг нийгэм, эдийн засгийн таагүй нөхцөл байдал хадгалагдсан хэвээр байна.

Тува улсын гадаад худалдаа 2016-2017 онд

Тува улсын гадаад худалдааны эргэлт 2017 онд 54.5 сая ам.доллар болж, 3.2 сая ам.доллараар буюу 5.5 хувиар буурсан. Үүний дотор экспорт 43.9 сая ам.доллар буюу 18.1 хувиар буурсан бол импорт 10.6 ам.доллар болж 2.6 дахин нэмэгджээ. Гадаад худалдааны эргэлтэд эзлэх экспортын хэмжээ 2016 онтой харьцуулахад 9380.5 хувь болж багассан бол импорт 7-19.5 хувьд хүрч нэмэгдсэн. Гадаад худалдааны тэнцэл нь ийнхүү 32.9 хувиар буурсан ч 33.3 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Тува улс 2017 онд нийт 24 оронтой худалдаа хийсний дотор Казахстан, БНХАУ, Кыргызстан, Хонконг, Монгол, Франц, Беларусь, Швед, ХБНГУ, Итали, Япон зэрэг улс багтжээ. Нийт бараа эргэлтийн 80.1 хувь Казахстан улс, 16.9 хувь нь БНХАУ-д тус тус ногддог. Экспортын 99.5 хувийг Казахстан улс дангаараа эзэлдэг. 2017 онд 41 мянган тонн (32.8 сая ам.доллар) цайрын хүдэр, баяжмалыг нийлүүлсэн нь нийт экспортын 75 хувь, тугалгын хүдэр, баяжмалын нийлүүлэлт 9.8 хувийг тус тус эзэлсэн байна.

Нийт импортын 86.8 хувь Хятад улс, 8.7 хувь Кыргызстан, 3.5 хувь Хонконгд тус тус ногддог. Импортын тэн хагасыг (50.2 хувь) машин тоног төхөөрөмж эзэлдэг. 2016 онтой харьцуулахад машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн импорт 5.3 сая ам.доллар болж, 5.6 дахин, төмөрлөгөөр хийсэн эдлэл 2.2 дахин, даавуу бөс бараа, гутал 1.9 дахин, химийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 25 хувиар тус тус өссөн байна.

Эдгээрээс Тувагийн экспортод ашигт малтмал түүхий эдийн нийлүүлэлт, импортод машин тоног төхөөрөмжийн худалдан авалт давамгайлдаг, мөн түүхий эдийн үнийн савлагаанаас үүдэн экспорт, импортын мөнгөн дүн байнга өөрчлөгддөг нь харагдаж байна.

Ирээдүйг харсан стратеги төлөвлөгөө

Ш.В.Кара-оол Тувагийн БНУ-ын тэргүүнээр 2007 оноос хойш хоёр удаа Дээд хурал /Парламент/-аас томилогдсон. Улмаар 2016 онд Тува улсын тэргүүнийг сонгох бүх нийтийн сонгуульд нэр дэвшиж, БНТУ-ын тэргүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Түүний бүрэн эрхийн хугацаа 2021 онд дуусах авч В.Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон нь Ш.В.Караоолын дахин сонгогдох магадлалыг нэмэгдүүлж, хоёр болон гурван талт томоохон төсөл хэлэлцээрийг эхлүүлэх таатай орчин бүрдэж байна.

Эхний ээлжид Тува улс Хятадын талтай хамтран Кызыл-Өрөмч чиглэлийн тээврийн коридорыг түлхүү хөгжүүлэхээ мэдэгдээд байна. Тухайлбал БНХАУын хотуудтай холбогдох авто замын тээврийн дэд бүтцийг үе шаттай хөгжүүлэх замын зураглалыг боловсруулахаар төлөвлөөд байна. Тодруулбал КызылХандгайт-Улаангом-ХовдӨрөмч тээврийн маршрут нь Европоос Хятадын баруун хэсэг, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад гарах тээврийн коридорын хамгийн дөт зам гэж үзэж байна.

БНХАУ-д хийсэн албан айлчлалынхаа хүрээнд Ш.В.Кара-оол гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгагдсан төслүүдэд ОХУ-ын Сибирийн тойргийг бүхэлд нь татан оролцуулбал коридорын төсөл бодитоор хэрэгжих үе шатандаа түргэн шилжих бөгөөд энэ нь Хятадын ашиг сонирхол, Торгоны замын төлөвлөгөөнд нийцэж буйг онцолсон явдал юм. Мөн тэрээр: “БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо Орос, Хятад, Монголын хамтын ажиллагааны асуудлаар ажлын хэсэг байгуулах түүний саналыг дэмжсэн, Транссибирийн төмөр замын Тувагаас Хятад руу салаалах чиглэлийн төслийн мэдээлэлтэй танилцах хүсэлтэй байгаагаа Хятадын тал илэрхийлсэн, ШУӨЗО-д Сибирийн худалдааны газрыг нээх асуудлыг мэргэжилтнүүдийн түвшинд хэлэлцэхээр тохиролцсон” гэх зэргээр мэдэгдсэн байдаг.

Тува улс ОХУ-ын эрчим хүчний экспортын транзит бүс болж болзошгүй байна. “Россети” компанийн Ерөнхий захирал Олег Бударгин Тува улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд Ш.Кара-оолтой уулзаж, эрчим хүчний нийлүүлэлтийн “экспортын цонх” нээгдэж байгааг мэдэгдсэн. Айлчлалын хүрээнд Тувагийн Засгийн газар, “Тываэнерго” ХК-ийн хооронд ирэх 2 жилийн хугацаанд бүс нутгийн цахилгаан сүлжээг хөгжүүлэх 11.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Тувагийн эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн 5 жилийн хугацаанд 16 хувиар, өнгөрсөн жилд 3 хувиар өссөн бөгөөд цаашид ч өсөх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан бүс нутгийн цахилгаан эрчим хүчний системийг хөгжүүлэх стратегид “Саяан-Шушений” УЦС-ын эрчим хүчийг Тувагаар дамжуулан экспортлох замаар орон нутгийн хэрэглэгчдийн цахилгааны зардлыг бууруулах боломжтой.

“Кызыл-Курагино” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгох тал дээр оросын тал идэвхтэй ажиллаж байна. 2018 оны 4 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд Красноярск хотноо зохион байгуулагдах “Красноярскийн эдийн засгийн 15 дугаар чуулга уулзалт”-ын хүрээнд Красноярскийн хязгаар, Тува, Хакаси гурван субъектийн хэмжээ (ОХУ-ын нутаг дэвсгэрийн 15 хувийг нэгтгэсэн макробүс)-нд эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг шийдэх “Енисейская Сибирь” мега төслийн анхны албан ёсны танилцуулга хийгдэх гэж байна. Хоорондоо уялдаа, харилцан хамааралтай нийт таван том төслийг багтаасан “Енисейская Сибирь”-ийг дэмжихээ В.Путин илэрхийлсэн нь онцлог. Ш.В.Кара-оол ОХУ-ын Сибирийн тойргийн бүс нутгийн тэргүүн нарын ассоциацын тэргүүнээр 2017 оны сүүлчээс 2 жилийн хугацаатай сонгогдон ажиллаж байгаа нь Тува улсын хөгжлийн стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дөхөм болно гэж дүгнэхээр байна.

Монгол Тувагийн харилцааны өнөөгийн байдал

Монгол Улс нь ОХУ-ын Тувагийн БНУ-тай 1305 км хилийн зурвасаар БаянӨлгий, Увс, Завхан, Хөвсгөл гэсэн дөрвөн аймгийн нутгаар хиллэдэг. Анх 1991 оны 11 дүгээр сард Монгол, Тувагийн эдийн засгийн хамтын ажиллагааны тунхаглал байгуулсан. Монгол Улс Тувагийн гадаад худалдааны тавдугаарт ордог түнш бөгөөд 2017 онд хоёр улсын хооронд хийсэн худалдааны хэмжээ 182.3 мянган ам.доллар буюу нийт эргэлтийн 0.3 хувьтай тэнцэв. Энэ нь 2016 онтой харьцуулахад 43.8 хувиар буюу 1.8 дахин буурсан үзүүлэлт юм. Тувагийн экспортод Монгол Улс 177 мянган ам.доллар буюу хоёрдугаарт (0.4 хувь), импортод эзлэх хэмжээ 0.1 хувьтай зургадугаарт жагссан нь хөрш залгаа орнуудын хувьд үнэхээр чамлалттай үзүүлэлт юм. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд манай улсын Тува улстай хийсэн худалдаа тогтмол бууран Казахстан, Хятад улсын нөлөө нэмэгдсээр ирсэн нь цаашид онцгой анхаарах асуудлын нэг мөн.

“Кызыл-Арцсуурь” 330 км, “Арцсуурь-Овоот” чиглэлийн 250 км төмөр замыг барих ажилд хамтран ажиллаж хурдан шуурхай ашиглалтад оруулах нь хэн хэндээ ашигтай юм. Энэхүү чиглэлийн төмөр замын төсөл удаашрах тусам “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын зардлаа нөхөх хугацаа, БНХАУ-ын 13 дугаар таван жилийн төлөвлөгөөний нэг Европын улсууд руу жилдээ 5000 галт тэрэг буюу 50 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн гаргах зорилт, “УБТЗ Нэгдлийн” тээвэрлэлтээс олох ашиг болон манай улсад төвлөрөх орлого төдий чинээ удаашрах болно.

Төмөр замын Баруун коридорыг (Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурьХовд-Такашикэн-Хами мужЦонжийн хотон үндэстний өөртөө засах тойрог-Өрөмч) төмөр зам барих нь Красноярскийн хязгаараас Кызыл руу салаалах төслөөс илүү хурдан хугацаанд хэрэгжих бөгөөд Монголоор дамжин Хятад, Энэтхэг, Пакистаны зах зээлд гарах стратегийн давуу талтай, эдийн засгийн хувьд Тува улсад илүү сонирхолтой хувилбар юм. Төслийн хөрөнгө оруулагчид уг чиглэл Оросын төмөр замын бодлого, тодорхой алхмыг хүлээж байна. Тува улс Монгол Улсаар дамжин Хятадын зах зээлд гарах боломжийг эрэлхийлж байгаа бол төслийн хөрөнгө оруулагчдын хувьд Элегестийн нүүрсний ордыг Хятадад хүргэх төмөр замыг барихыг илүүд үзэж байна. Дэлхийн эдийн засгийн хямралын улмаас санхүүжилт нь зогсоод байсан “Курагино-Кызыл” төсөл мөн гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгагдсан чиглэлүүдийг эргэлтэд оруулах асуудал дахин яригдаж эхлэх төлөвтэй байна.

Дүгнэлт

ОХУ-ын Сибирийн тойргийн субъектүүд Хятад улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа сүүлийн жилүүдэд идэвхжүүлээд байгаа бөгөөд уг түншлэлийн хүрээг ахиулах Орос, Хятадын бүс нутаг хооронд бизнесийн шууд холбоо тогтоох механизмыг бүрдүүлж байна. Түүнээс гадна гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгагдсан төслүүдэд Тува улсыг төдийгүй ОХУ-ын Сибирийн тойргийг бүхэлд нь татан оролцуулахыг оросын тал зорьж байна. Жил ирэх тусам Казахстан, Хятад улсын нөлөө Оросын тус субъектэд нэмэгдэж байгаа нь цаашид Монгол Улсын үндэсний ашиг сонирхолд сорилт болно.

Монгол Улстай өрсөлдхүйц хэмжээний баялгийн нөөцтэй Тува улс нь газар доорх баялгаа эргэлтэд оруулан гадаад худалдаагаа нэмэгдүүлэх зорилгоор зам тээврээ хөгжүүлэх, үүний тулд Монгол Улсаар дамнасан олон улсын тээврийн коридорын бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой байна.

Ийм нөхцөлд Тувагийн БНУ-тай бүс нутаг, хил орчмын худалдаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт туссан аялал жуулчлал, зам тээврийн бүтээн байгуулалтын яриа хэлэлцээрийг өрнүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой болж байна.

Монгол Тувагийн худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Монгол Улсын ОХУ-ын тус субъектэд нийлүүлэх экспортын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гурван улсын эдийн засгийн коридор нь Монгол Улсын хөгжил, урт хугацааны ашиг сонирхлыг хөндсөн асуудал тул асуудалд зохих ач холбогдол өгч хандах нь чухал байгаа тул Тувагийн БНУ-ын тэргүүн Ш.В.Кара-оолын хүсэлтийг хүлээн авч уулзах нь зөв гэж үзэж байна.

Дэлхийн түүхий эдийн зах зээл дээр өсөлт ажиглагдаж байгаа нь Хятад, Оросын худалдааны сонирхолд нийцэж байгаа тул гурван улсыг холбосон эдийн засгийн баруун коридорыг богино хугацаанд ашиглалтад оруулах гэсэн сонирхол талуудад бий болох магадлалтай бөгөөд түүнийгээ илэрхийлж магадгүй. Иймээс эдийн засгийн коридорын асуудал дээр Монгол Улс тууштай эерэг байр суурийг баримталж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, логистикийн бүтээн байгуулалтыг бий болгох нь зүйтэй юм.


Ангилал: Долоо хоногийн тойм