АНУ, Ираны дайны төлөв, нөлөө
Америк, Ираны талууд өнгөрсөн сард яриа хэлэлцээ хийхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан ч тэдний баримталж буй зарчмын байр суурийн улмаас нөхцөл байдал эргэн хурцдах төлөвтэй болов.
2026 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар АНУ-Ираны дайн эхэлснээс хойш 136 дахь өдөртөө үргэлжилж байна. Дайн энэ оны 2-4-р сард идэвхтэй өрнөж, 4 дүгээр сарын 8-нд гал зогсоох анхны тохиролцоо бүрэлдэн, улмаар 6 дугаар сарын 17-нд талууд гал зогсоож, цаашид яриа хэлэлцээ хийх зорилгоор түр зуурын хэлэлцээр байгуулсан. Гэвч 7 дугаар сарын эхээр тохиролцоо хүчингүй болж, байлдааны ажиллагаа эргэн эрчимжих төлөвтэй.
Ираны тал 2-6 дугаар саруудад дэлхийн худалдааны чухал зангилаа цэг Ормузын хоолойг “геополитикийн зэвсэг” болгон ашиглаж, түүхэнд анх удаа 114 хоногийн турш бодитоор хааж, тус хоолойгоор дамжин нэвтрэх тээвэрлэлтийг бүрэн зогсоосон. Энэ үйлдэл нь дэлхийн нийт газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн 20 гаруй хувийг тасалдуулснаар түүхий газрын тосны үнэ баррель тутам нь 100 ам.доллароос давж, үүнийг даган үнэ хөөрөгдөж, нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдсан нь дэлхийн эдийн засагт багагүй цохилт өгөөд байна.
Энэхүү цохилт нь 1973 оны Араб-Израилын Йом-Киппурын дайны учруулсан хохирлоос даван гарч, улмаар НҮБ, Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага зэрэг байгууллагууд дэлхийн эдийн засгийн 2026 оны өсөлтийн талаарх таамгаа 0.3-0.5 хувиар тус тус бууруулжээ. Иймд цаашид дэлхийн эдийн засгийн өсөлт энэ дайны улмаас дахин буурч ч магадгүй.
Шинэ дэг журам, аюулгүй байдлын шинэ дүр зураг
Нөхцөл байдлаас шалтгаалан, АНУ дэлхийн цорын ганц “цагдаа” байж чадахаа больсныг Ираны хямрал дахин харууллаа гэж ажиглагчид дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, 1992-2017 оны хооронд тогтсон олон улсын харилцааны нэг туйлт ертөнц (Unipolar Order) эдүгээ бүрэн нуран унаж олон туйлт дэг журам (Multipolar Order) эргэлт буцалтгүй тогтлоо гэж үзэх болов. Хятад улс 2017 оноос илүү идэвхтэй байр суурьт шилжиж, Орос улс их гүрний статусаа эргүүлэн авахыг зорих болсноор өнөөдрийн олон улсын байдал олон туйлт (multipolar) ертөнц рүү эргэлт буцалтгүй шилжжээ. Ингэснээр БНХАУ эдийн засаг, технологийн хувьд, ОХУ цэрэг-стратегийн хувьд, түүнчлэн Энэтхэг, Бразил, Саудын Араб, Турк зэрэг бүс нутгийн гүрнүүд (Middle Powers) АНУ-аас хамааралгүйгээр өөрсдийн ашиг сонирхлыг тулган шаардах чадалтай болов.
Үүний цаад зүй тогтол, үр дагавар нь нэг туйлт системд их гүрнүүдийн хооронд өрсөлдөөн харьцангуй бага байсан бол олон туйлт системд их гүрнүүдийн ширүүн тэмцэл, стратегийн өрсөлдөөн дэлхий нийтийн улс төрийн ширээнд эргэн ирлээ гэсэн үг аж.
Хамгийн гол нь үүний үр дүнд АНУ, БНХАУ, ОХУ зэрэг гол тоглогчид геополитик, худалдаа, эрчим хүчний сонирхлоо харилцан наймаалцаж, нөлөөний бүсээ хуваах, тэнцвэржүүлэх үйл явц идэвхтэй өрнөж эхэлсэн байна. Их, дунд гүрнүүд өөрсдийн нөлөөний бүс (Spheres of Influence)-ыг тогтоох, газрын ховор элементийн орд, эрчим хүчний коридоруудыг хамгаалах, булаацалдах цэвэр прагматик тэмцэлд шилжсэн нь үүнийг гэрчилнэ. Олон туйлт системд шилжсэнийг мөн дараах баримтаар нотолж болохоор байна:
- ОХУ, БНХАУ-ын геополитикийн дэмжлэг: АНУ болон түүний холбоотнууд Иранд эдийн засгийн хамгийн хатуу хориг тавьж, цэргийн ажиллагаа явуулж байгаа ч Хятад улс Иранаас эрчим хүчний худалдан авалтаа үргэлжлүүлж, Орос улс цэрэг-технологийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр байна. Нэг туйлт системийн үед АНУ-ын хориг тухайн орныг бүрэн тусгаарладаг байсан бол өнөөдөр ШХАБ, БРИКС зэрэг альтернатив бүтэц, доллараас гадуурх тооцооны системүүд үүссэнээр АНУ-ын хоригийг сөрөх боломжийг нэмэгдүүлжээ.
- Дунд гүрнүүдийн бие даасан байдал: АНУ-ын холбоотон Саудын Араб, АНЭУ нь Вашингтоны шахалтыг үл харгалзан Бээжин, Москватай тэнцвэртэй харилцаж байна. Мөн Катар, Турк, Пакистан зэрэг орнууд бие даасан бодлого хэрэгжүүлж зуучлахыг эрмэлзэж байна.
- НҮБ ба олон улсын институтийн гацаа: НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх АНУ болон Орос, Хятадын хориг (вето)-оос шалтгаалан нэгдмэл шийдвэр, шийдэл гарч чадахгүй байгаа нь олон улсын харилцаа институцийн дэг журам суларч, тэдгээр дэх “Хүчний тэнцвэр” (Balance of Power) дээр тогтох болсныг гэрчилж байна.
Дүгнэлт
АНУ-Ираны дайн, үүнтэй холбоотой өрнөж буй үйл явц нь олон улсын харилцааны төлөв нэг туйлт системээс олон туйлт дэг журам руу шилжсэнийг бодитоор харуулж байна. Өмнө нь дэлхий даяараа нэгдсэн нэг зах зээл, глобал нийлүүлэлтийн сүлжээнд найдаж байсан бол одоо их гүрнүүд өөрсдөөс хамааралтай эрсдэлийг бууруулахын тулд “эдийн засгийн үндэсний үзэл” (Economic Nationalism) баримталж, үүнд тулгуурласан бүс нутгийн бие даасан блокуудыг үүсгэж байна.
“Олон туйлт (Нөлөөллийн олон төвт)” дэг журам нь Хүйтэн дайны үеийн хоёр туйлт (АНУ ба ЗХУ) систем шиг тогтвортой, ойлгомжтой биш, харин илүү тодорхойгүй, бүс нутгийн мөргөлдөөн ойр ойрхон дэгдэх эрсдэл өндөр, олон ашиг сонирхол бүхий олон эвсэл, холбоотой, илүү тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Геополитикийн энэ шинэ нөхцөл байдал нь жижиг улсуудын хувьд хүндхэн сорилт бэрхшээлийг дагуулж байна. Товчоор, энэ нь их, дунд гүрнүүд дэлхий даяар нөлөөний бүсээ хуваан тохиролцож, бүс нутагтаа нөлөөгөө тэлэх тусам жижиг улсын гадаад бодлогын маневр хийх орон зай (Strategic Autonomy) хумигдана гэсэн онолын ойлголттой явц цав нийлж байна.
Ашигласан материал:
Al Jazeera. (2026, May 20). UN cuts global growth forecast, blaming Middle East crisis. Al Jazeera. https://www.aljazeera.com/economy/2026/5/20/un-cuts-global-growth-forecast-blaming-middle-east-crisis
Al Jazeera. (2026, June 21). Iran war Day 114: US, Iranian delegations in Switzerland for key talks. Al Jazeera. https://www.aljazeera.com/news/2026/6/21/iran-war-day-114-us-iranian-delegations-in-switzerland-for-key-talks
Al Jazeera. (2026, July 9). IMF cuts 2026 world growth forecast, citing Iran war fallout. Al Jazeera. https://www.aljazeera.com/economy/2026/7/9/imf-cuts-2026-world-growth-forecast-citing-iran-war-fallout
Anadolu Agency. (2026). Timeline: How the US-Israel war with Iran unfolded over 108 days. Anadolu Agency. https://www.aa.com.tr/en/us-israel-iran-war/timeline-how-the-us-israel-war-with-iran-unfolded-over-108-days/3967739
Center for International Relations and Sustainable Development. (2026, June). John J. Mearsheimer: The return of great-power politics [Discussion/Interview]. CIRSD. https://cirsd.org/discussions/john-j-mearsheimer-the-return-of-great-power-politics/
CNBC. (2026, June 3). OECD warns of global slowdown as Iran war stymies growth prospects. CNBC. https://www.cnbc.com/2026/06/03/oecd-warns-of-global-slowdown-as-iran-war-stymies-growth-prospects-.html
Foreign Policy. (2026, January 19). Spheres of influence: Trump, Venezuela, and the Donroe Doctrine. Foreign Policy. https://foreignpolicy.com/2026/01/19/sphere-influence-trump-venezuela-donroe-doctrine/
International Institute for Strategic Studies. (2026, June). A bad peace: The Arab Gulf states and the US–Iran Memorandum of Understanding. IISS Online Analysis. https://www.iiss.org/online-analysis/online-analysis/2026/06/a-bad-peace-the-arab-gulf-states-and-the-usiran-memorandum-of-understanding/
King’s College London. (n.d.). China’s global rise: Great power diplomacy with Chinese characteristics. KCL Study Abroad Module Options. https://www.kcl.ac.uk/abroad/module-options/chinas-global-rise-great-power-diplomacy-with-chinese-characteristics
The New York Times. (2026, June 17). U.S.-Iran agreement. https://www.nytimes.com/2026/06/17/us/politics/us-iran-agreement-deal-text.html
Reuters. (2026, July 3). US-Iran war still trails 1979 oil shock by total losses. Reuters. https://www.reuters.com/business/energy/us-iran-war-still-trails-1979-oil-shock-by-total-losses-2026-07-03/
Xinhua News. (2026, June 21). US-Iran delegations hold talks in Switzerland. https://english.news.cn/20260621/acbea79020f84994bd1c712c284ac1a2/c.html










Хариу өгөх