2026 оны 6 сарын 10-нд Пакистаны зуучлалаар байгуулсан АНУ-Ираны хамтарсан санамж бичгийн хүрээнд тогтоод байсан Ойрх Дорнод дахь намжмал байдал 7 сард дахин хурцдаад байна.
Тодруулбал АНУ–Ираны харилцаа дипломат зохицуулалт, хязгаарлагдмал гал зогсоох дэглэмээс шууд цэргийн мөргөлдөөн, Ормузын хоолойн хяналт, эдийн засгийн дарамт зэрэг олон талт хэрэгслээр тодорхойлогдох сөргөлдөөний нөхцөлд орлоо. Зургадугаар сард байгуулсан урьдчилсан тохиролцоо нь цөмийн хөтөлбөр, хориг арга хэмжээ, царцаасан хөрөнгө болон Ормузын хоолойн хяналтын асуудлыг бүрэн шийдвэрлээгүй тул урт хугацааны тогтвортой зохицуулалтын суурь болж чадсангүй. Товчхондоо талуудын стратегийн зорилго, тохиролцооны нөхцөлийн талаарх байр суурийн зөрүү нь сөргөлдөөнийг дахин хурцатгав.
Сүүлийн хоёр долоо хоногийн гол өөрчлөлт нь АНУ, Иран хоёр өмнөх шигээ шууд бус оролцогчид болон бүс нутгийн түншүүдээр дамжуулан өрсөлдөхөөс гадна хоёр талын цэргийн хүчин, дэд бүтэц болон бүс нутгийн байрлалд шууд чиглэсэн ажиллагаа явуулсан явдал байв. Долдугаар сарын 7-ноос АНУ Ираны нутаг дахь цэргийн объектуудад цохилт өгч, Иран хариуд нь Бахрейн, Кувейт болон бусад улсад байрлах Америкийн цэргийн байгууламжуудыг пуужин, нисгэгчгүй төхөөрөмжөөр онилов.
Дараагийн өдрүүдэд АНУ-ын агаарын ажиллагааны хүрээ өргөжиж, Ираны агаарын довтолгооноос хамгаалах систем, далайн тандалтын байгууламж, логистикийн дэд бүтэц, боомт болон эрчим хүчний зарим объект өртсөн байна. Мөн АНУ Ираны боомтуудтай холбоотой тэнгисийн хяналтын арга хэмжээг сэргээж, хязгаарлалтыг зөрчихийг оролдсон хөлөг онгоцны эсрэг гал нээж байгаа бол Иран хариу арга хэмжээг зөвхөн АНУ-ын шууд объектуудаар хязгаарлалгүй, бүс нутгийн Америкийн холбоотнуудын нутаг дэвсгэр дэх зарим байгууламж болон эрчим хүч, усан хангамжийн дэд бүтцийг онилсон байна. Үүний улмаас мөргөлдөөний газар зүйн хүрээ өргөжиж, Персийн булангийн орнуудын аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэв. 7-р сарын 18–19-ний өдрүүдэд болсон цохилтуудаар Америкийн цэргийн алба хаагчид амь үрэгдсэн нь АНУ-аас цаашдын цэргийн хариу арга хэмжээг илүү эрчимтэй явуулах нөхцөлийг бүрдүүлж байна.
Талууд ийнхүү өрсөлдөгчийнхөө шийдвэр гаргалтад нөлөөлөхийн тулд цэргийн болон эдийн засгийн зардлыг нэмэгдүүлэх арга хэрэглэж байна. Гэвч нэг талын цохилт нөгөө талын хариу арга хэмжээг өдөөж байгаа нь мөргөлдөөний эрчим нэмэгдэх эрсдэлийг бий болгож байна.
7-р сарын эхээр АНУ, Ираны төлөөлөгчид Дохад техникийн хэлэлцээ хийж, Ормузын хоолойгоор худалдааны хөлөг онгоц нэвтрүүлэх, гал зогсоох зохицуулалтыг тогтворжуулах асуудлыг хэлэлцсэн. АНУ-ын засаг захиргаа уг яриа хэлэлцээг Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх ахицтай холбон тайлбарласан боловч хэлэлцээнд ойр эх сурвалжуудын мэдээлснээр тухайн уулзалтаар цөмийн асуудлыг нарийвчлан хэлэлцээгүй байна.
АНУ Ираны цөмийн чадавхыг хязгаарлах, баяжуулсан ураны нөөцөд олон улсын хяналт тогтоохыг стратегийн зорилтын нэг гэж үзэж буй. Харин Иран хориг арга хэмжээг бодитоор сулруулах, царцаасан хөрөнгийг чөлөөлөх болон газрын тосны экспортын нөхцөлийг баталгаажуулахгүйгээр цөмийн чиглэлээр томоохон буулт хийх сонирхол бага байгаагаа илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл АНУ эхлээд Иранаас уран баяжуулалттай холбоотой хязгаарлалтыг, Иран эхлээд эдийн засгийн хөнгөлөлтийн баталгааг шаардаж байна.
АНУ цэргийн арга хэмжээг эдийн засгийн хязгаарлалттай зэрэгцүүлэн хэрэгжүүлж байна. 7-р сарын 14-нд Вашингтон Ираны газрын тос, тээвэр, чингэлгийн худалдаатай холбоотой олон улсын сүлжээнд шинэ хориг арга хэмжээ авч, 200 гаруй хувь хүн, аж ахуйн нэгж болон хөлөг онгоцыг хамруулсан бөгөөд 7-р сарын 15-нд Ираны зэвсгийн худалдан авалтад оролцсон гэж үзсэн Иран, Орос, Нигери болон бусад улсын иргэд, байгууллагад нэмэлт хориг тогтоосон байна. Энэ арга хэмжээ нь Ираны зэвсэг, технологийн нийлүүлэлтийг хязгаарлахын зэрэгцээ газрын тосны орлого, далайн тээвэр болон санхүүгийн сүлжээнд нөлөөлөх зорилготой. Харин Иран Ормузын хоолой дахь хөлөг онгоцны хөдөлгөөнд хяналтаа хадгалах замаар эрчим хүчний зах зээлд нөлөөлөх боломжийг хоёр талын яриа хэлэлцээний гол хөшүүрэг болгон ашигласаар байна.
Ормузын хоолойн хөдөлгөөн саатсан нь нефтийн нийлүүлэлтийн эрсдэлийг нэмэгдүүлж, Brent маркийн нефтийн үнэ 90 ам.доллароос давсанаар ирэх саруудад дэлхийн инфляц, тээвэрлэлтийн зардал, эрчим хүчний аюулгүй байдалд ноцтой нөлөө үзүүлэх үндсэн хүчин зүйл болох нь тодорхой юм. Иймээс Ормузын хоолой нь Ираны хувьд бүс нутгийн эдийн засгийн урсгалд нөлөөлөх стратегийн хэрэгсэл, АНУ-ын хувьд олон улсын худалдааны замын аюулгүй байдлыг хангахтай холбоотой стратегийн ач холбогдол бүхий бүс байсаар байна.
Мөргөлдөөн Бахрейн, Кувейт, Саудын Араб, Катар, Иордан зэрэг АНУ-ын холбоотон болон түнш орнуудын аюулгүй байдлын орчинд шууд нөлөөлж байна. Ираны цохилтууд эдгээр улсын нутаг дахь Америкийн байгууламжуудыг чиглүүлж байгаа боловч тухайн орнуудын иргэний болон стратегийн дэд бүтэц бүхэлдээ эрсдэлтэй нөхцөл байдалд ороод байна.
Мөргөлдөөн цаашид үргэлжилбэл Иран бүс нутаг дахь АНУ-ын цэргийн зардлыг үлэмж хэмжээгээр өсгөх, АНУ Ираны бүс нутгийн нөлөө болон далайн замд нөлөөлөх чадавхыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх магадлалтай.
Дүгнэлт
АНУ–Ираны харилцаа нь “хэлэлцээ эсвэл дайн” гэсэн хоёр туйлт хувилбараар бус, хэлэлцээ, хориг арга хэмжээ, далайн хяналтын арга хэмжээ, цэргийн ажиллагааг зэрэг ашигласан өрсөлдөөний хэлбэрээр тодорхойлогдож байна. АНУ-ын богино хугацааны зорилго нь Ормузын хоолойн хөдөлгөөнийг сэргээх, Америкийн цэрэг болон холбоотнуудын эсрэг чиглэсэн Ираны ажиллагааг хязгаарлах, Тегераны цөмийн болон цэргийн чадавхыг бууруулахад чиглэж байгаа бол Иран АНУ-ын дарамтыг тэсвэрлэхийн зэрэгцээ Ормузын хоолой, бүс нутгийн пуужингийн чадавх, эрчим хүчний зах зээл дэх байр сууриа хэлэлцээний хэрэгсэл болгон ашиглаж, хориг арга хэмжээг сулруулах нөхцөл бүрдүүлэхэд зорьж байна.
Үүсэд буй нөхцөл байдлаас хэд хэдэн боломжит хувилбар ажиглагдаж байгаа нь: Нэгдүгээрт, Пакистан, Катар эсвэл Оманы зуучлалаар хязгаарлагдмал гал зогсоох зохицуулалт дахин байгуулагдах боломжтой. Хоёрдугаарт, талууд хуурай замын өргөн хэмжээний ажиллагаанд шилжихгүйгээр агаар, пуужин, далайн чиглэлийн хязгаарлагдмал ажиллагааг үргэлжлүүлэх магадлал өндөр байна. Гуравдугаарт, Америкийн цэргийн хохирол нэмэгдэх, Персийн булангийн стратегийн дэд бүтэцийн сүйрэл, эсвэл Ормузын хоолойн хөдөлгөөн удаан хугацаагаар тасалдах зэрэг нь мөргөлдөөний цар хүрээг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.
Эх сурвалжууд:
‘‘US, Iran talks conclude in Doha, focused on Strait of Hormuz’’ 2026 оны 7 дугаар сарын 2.
‘‘US reimposes it’s blockade on Iran after Tehran’s attaks on shipsin the Strait of Hormuz’’ 2026 оны 7 дугаар сарын 15
‘‘US launches fresh Iran strikes as death toll climbs’’ 2026 оны 7 дугаар сарын 20.
‘‘Middle East crisis: US military says service member killed durring ‘controlled detonation’ of downed Iranian drone-as it happened’’ 2026 оны 7 дугаар сарын 19.
https://www.theguardian.com










Хариу өгөх