Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Владимир Путины Хятад дахь айлчлал ба Орос-Хятадын харилцааны цаашдын төлөв

2026 оны 5 дугаар сарын 19-20-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хятадад айлчилсан.  Энэ нь Путины Хятад дахь 25 дахь удаагийн айлчлал бөгөөд энэ онд Орос-Хятадын стратегийн түншлэл байгуулсны 30 жил, “Сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ” байгуулсны 25 жилийн ой тохиож буй юм.

2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинг хүлээн авч уулзаж, “Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-г сунгах талаар хоёр орны төрийн тэргүүн харилцан тохиролцжээ. Уулзалтын үеэр Ши Жиньпин “хоёр орны харилцаа эрх тэгш байдал, харилцан итгэлцэл, хүндэтгэл, харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлан стратегийн түншлэлийн түвшинд өргөжин хөгжсөн”-ийг онцлов. Айлчлалын хүрээнд хоёр орны төрийн тэргүүн нар “Олон туйлт дэлхийн дэг журмыг цогцлоон байгуулах”, эдийн засаг, худалдаа, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурав.[1] В.Путины айлчлалын хүрээнд хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагаа, тэр дундаа “Сибирийн хүч-2” байгалийн хоолойг барих асуудал хөндөгдсөн боловч эцсийн тохиролцоонд хүрээгүй.  АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Путины айлчлалаас 4 өдрийн өмнө Хятадад айлчилсан бөгөөд хэдхэн хоногийн зайтай дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр удирдагчийг эх орондоо хүлээн авсан нь олон улсын тавцанд Хятадын улс төрийн жин нөлөө нэмэгдэж байгаагийн илрэл гэж шинжээчид үзэж буй.

Оросын ерөнхийлөгчийг хүлээн авах хорин нэгэн буудлагат ёслол хүндэтгэлийн ажиллагааны үеэр Путин Ши Жиньпинд хандан “нэг өдөр гурван намар мэт санагдана” гэсэн Хятадын хуучны хэлц үгээр түүнийг “эрхэм найз” гэж хүндэтгэдгээ илэрхийлсэн хэмээн Хятадын төрийн өмчит “China Daily” сэтгүүлд нийтэлжээ.[2] Өдгөө Хятад-Оросын харилцаа, хамтын ажиллагаа бэхжиж буйн нэг гогцоо Ши Жиньпин, Путин хоёрын найртай харилцаа гэж судлаачид үздэг.

Ши Жиньпин 2013 онд засгийн эрхэнд гарснаас хойш Орос-Хятадын харилцаа эрс сайжирч, хоёр улсын удирдагч нар нийт 44 удаа уулзаж, Ши Жинпин Оросод 9 удаа айлчилсан нь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр давтамж юм.[3] Путин Хятадын элитийн түвшинд төдийгүй олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч гэгддэг. Тухайлбал, Хятадын цахим ертөнцөд Путиныг Их эзэн хаан” (大帝)[4]  хэмээн хочилж ухаантай шийдэмгий, арга зальтай, хүчирхэг удирдагч гэж үздэг нь Хятадын олон нийтийн дунд багагүй нэр хүндтэйг илтгэж байна. Ши Жинпин 2019 онд Путинтэй уулзах үеэрээ түүнийг “хамгийн сайн анд нөхөр, хамтран зүтгэгч”5 7 хэмээсэн нь Орос-Хятадын харилцааг зангидаж буй нэг чухал хүчин зүйл нь Владимир Путин, Ши Жинпин нарын харилцаа гэдгийг илтгэж буй.

Нөгөөтэйгүүр барууны судлаачид Орос, Хятадын харилцаа өнгөн дээрээ найрсаг, дотно мэт боловч цаанаа ашиг сонирхлын зөрчилдөөнтэй асуудал нэлээдгүй бий гэдгийг онцолдог. Хятад-Оросын харилцааны цаашдын төлөвийг тодорхойлохын тулд хоёр улсын ашиг сонирхол хаана нэгдэж, хаана зөрж байгааг тогтоож, хоёр талын харилцаанд гарч буй зарим шинэ чиг хандлагыг ажиглах нь чухал юм.

Олон туйлт дэлхийн дэг журмыг цогцлоох хамтын хүчин чармайлт

 “Орос, Хятад улс хамтран жинхэнэ олон ургалч байдлыг дээдлэн, олон туйлт дэлхийн дэг журмыг цогцлоож, олон улсын харилцаанд ардчиллыг түгээн дэлгэрүүлж шударга, эрх тэгш даян дэлхийн засаглалыг тогтоохын төлөө хамтран зүтгэх болно”3 5 хэмээн Хятадын удирдагч Ши Жинпин 2023 оны 3 дугаар сард Москвад айлчлах үеэрээ хэлэв. “Олон ургальч байдал”, “олон туйлт дэлхийн дэг журам”-ыг цогцлоохын ач холбогдлыг тодотгосноороо Ши Жинпин Хятад, Орос хоёр  улс АНУ тэргүүтэй барууны ноёрхсон  олон улсын дэг журмын эсрэг нэгдмэл  ашиг сонирхолтой гэдгээ илэрхийлжээ.

Орос, Хятад 1997 онд “Олон туйлт дэлхий ертөнцийн тухай тунхаглал”-ыг анх баталж, Хүйтэн дайны дараах дэлхий ертөнц нэг туйлт тогтолцооноос олон туйлт тогтолцоонд шилжиж буйг тунхаглаж, олон улсын тавцанд их гүрнүүдээс гадна жижиг, дунд гүрнүүдийн олон улсын харилцаанд оролцох эрх мэдэл, байр суурь нэмэгдэж байгааг тодотгосон. Орос, Хятадын олон туйлт дэлхийн дэг журмыг цогцлоох нэгдмэл зорилго өргөн утгаараа глобал систем дэх Америк тэргүүтэй барууны ноёрхлыг сулруулж, дэлхийн тавцанд нөлөөний хүрээгээ нэмэгдүүлж, ашиг сонирхлоо хэрэгжүүлэх таатай орчин бүрдүүлэх зорилготой.

Олон туйлт дэлхийн дэг журмыг цогцлоох хүрээнд олон улсын харилцаанд “дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагас”-ын (global south) улс орнуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн ач холбогдлыг хамтарсан тунхаглалуудад тусгасан байдаг.  Орос, Хятадын “дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагас”-т (global south) нөлөөгөө нэмэгдүүлэх хүчин чармайлт нь Хүйтэн дайны үед барууны эвслийн эсрэг хүндийн хүчний тэнцвэрийг жижиг улсуудаар тэнцвэржүүлж ирсэн уламжлалт стратегиас улбаатай.

Хятад, Орос шинэ дэг журмыг цогцлоох нэгдмэл зорилготой гэдгээ тунхагласан хэдий ч хоёр их гүрний “олон туйлт дэлхийн дэг журам”-ын талаарх төсөөлөл харьцангуй зөрчилдөөнтэй бөгөөд “дэлхий бөмбөрцгийн өмнөд хагас”-т нөлөөний хүрээгээ тэлэхийг аль аль нь эрмэлзэж буй.

Бүс нутгийн системийн түвшинд авч үзвэл ОХУ Төв Азийг Оросын нөлөөний хүрээгээ хадгалбал зохих стратегийн ач холбогдолтой орон зай гэж үздэг. Жишээ нь 2022 оны нэгдүгээр сард Казакстаны үймээн самууныг “тогтворжуулах”-аар ОХУ ХАБГБ-ын 2000 гаруй цэргийг оруулсан.[5]  “Нэг бүс, Нэг зам” санаачилгын хүрээнд эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагаагаар дамжуулж Төв Азийн орнууд дахь Хятадын нөлөө эрчимтэй нэмэгдэж буй нь Оросын санааг зовниулж буй.

Нөгөөтэйгүүр Орос улс Зүүн, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азид улс төр, цэрэг стратегийн нөлөөгөө нэмэгдүүлэх нь Хятадын аюулгүй байдлын ашиг сонирхолд харшилдаг. ОХУ Хятадын бүс нутаг дахь гол стратегийн өрсөлдөгч Энэтхэгтэй ойр түншлэх, Хойд Солонгостой харилцаагаа бэхжүүлэх, Вьетнам Мьянмар зэрэг орнуудад зэвсэг худалдаалах зэргээр хөрш орнуудтай нь цэрэг, стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй нь Хятадад төдийлөн таашаагддаггүй. Тиймээс Орос-Хятадын “олон туйлт дэлхийн дэг журам”-ыг цогцлоох нэгдмэл зорилгод чухал бүс нутгууд дахь хоёр их гүрний стратегийн ашиг сонирхлын давхцал сорилт үүсгэх боломжтой.

Номхон далай, Энэтхэгийн далайгаас цааш Африк, Ойрх Дорнод, Латин Америкт Хятад, Орос гадаад бодлогоо хэрхэн уялдуулж хамтарч ажиллах эсэх нь тодорхой бус хийгээд эргэлзээтэй. Африк, Ойрх Дорнод зэрэг бүс нутгуудад Хятадын хувьд эдийн засгийн нөлөөг чухалчилж аль болох “дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох” зарчмыг мөрдлөг болгодог бол Оросын хувьд тус бүс нутгууд дахь цэрэг, улс төр-аюулгүй байдлын хамтын ажиллагаа, оролцоо чамгүй бий. Харин Латин-Америкт Оростой харьцуулахад Хятадын эдийн засгийн нөлөө “Нэг бүс нэг зам” санаачилгаар дамжуулж өдрөөс өдөрт нэмэгдэж буй бөгөөд тус бүс нутгийн 60 гаруй улс орон тус төсөлд нэгдээд буй.[6] Орос улс Куб, Венесуэл зэрэг бүс нутгийн хэд хэдэн орнуудтай уламжлалт ойр харилцаатай ба алсдаа Москва, Бээжин Латин Америк дахь АНУ-ын эсрэг бодлого, стратегиа уялдуулах тохироо бий болох боломжтой. Хоёр их гүрний хувьд Латин Америк нь бусад бүс нутагтай харьцуулахад ашиг сонирхол давхцах нь харьцангуй бага тул Хятадын эдийн засгийн нөлөө, Оросын улс төрийн жин нөлөөллийг харилцан уялдуулж, түүнийгээ чухал хөшүүрэг болгон ашиглах боломж бий.

Арктик дахь аюулгүй байдлын хамтын ажиллагаа

2040 онд Арктикийн мөс бүр мөсөн хайлж, хөлөг онгоц зорчих шинэ замууд нээгдэнэ гэж эрдэмтэд тооцоолж буй. Өдгөө Баренцын тэнгис, Берингийн тэнгисийн дундах Зүүн Умардын усан зам нь 7 дугаар сараас 10 дугаар сарын хооронд хөлөг онгоц чөлөөтэй зорчиход нээлттэй болдог.[7]  Арктик ойрын ирээдүйд их гүрнүүдийн стратегийн өрсөлдөөний талбар болох нь дамжиггүй бөгөөд Хятад, Орос тус бүс нутагт эдийн засаг, улс төр аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн.

2024 оны 9 дүгээр сард Хятад, Оросын эргийн харуул анх удаа Арктикт хамтарсан тэнгисийн эргүүл зохион байгуулсан. Хятадын хэвлэлүүдээр тус үйл явдлыг “Хятадын цэрэг Арктикт нэвтэрсэн түүхэн үйл явдал” хэмээгээд “хоёр улсын танил  бус бүс нутагт хамтран цэргийн ажиллагаа явуулах чадамжийг сорьсон” гэж мэдэгджээ.[8] 2024 оны 4 дүгээр сард Хятадын Эргийн харуул, Оросын Холбооны аюулгүй байдлын  алба “Далай тэнгисийн хууль сахиулах хамтын ажиллагааны асуудлаар харилцан  ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан.[9]  Энэ үйл явдлаас Хятад “Арктикийн бүс нутагт ойр улс” статусаа ашиглан Арктикийн зэргэлдээ далай  тэнгис дэх аюулгүй байдлыг хангахад оролцоогоо нэмэгдүүлэх эрмэлзэлтэй нь харагдаж байна. Бээжин Москватай Арктикийн эрэг дагуу боомтыг урт хугацаагаар түрээслэх тохиролцоо байгуулж чадвал Хятадын  бүс нутаг дахь аюулгүй байдлын оролцоогоо нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болно.

 Цэрэг, батлан хамгаалахын хамтын ажиллагаа бэхжиж байна

Хятад-Оросын цэргийн хамтын ажиллагаа хамтарсан цэргийн сургууль дадлага, дээд хэмжээний айлчлал, зэвсгийн худалдаа, технологийн солилцоо зэрэг олон чиглэлээр идэвхжиж буй. Хоёр улсын зэвсэгт хүчин 2003 оноос хойш 100 гаруй хамтарсан цэргийн сургууль, дадлага зохион байгуулсан ба жилд дунджаар 2-3 хамтарсан сургууль явуулдаг байсан бол Ши Жинпин 2014 онд цэргийн шинэчлэл эхлүүлснээс хойш энэ давтамж хоёр дахин өссөн.[10] Ойрын жилүүдэд Хятад, Орос хамтарсан цэргийн сургууль, дадлагаар дамжуулж цэргийн харилцан ажиллагааны чадавхаа сайжруулахад анхаарч буй. Хоёр орны цэргийн хүчин хамтарсан цэргийн сургууль, дадлагын үеэр нэгдсэн командын төв байгуулах, агаарын цэрэг нэг нь нөгөөгийнхөө агаарын зурваст буулт хийх, шинэ төрлийн зэвсэг техникийг турших, зэвсгийн системээ нэгтгэх, харилцан ажиллагаагаа сайжруулах болсон.[11]

Хятадын хувьд Оростой цэрэг, батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа сайжруулах нь Энэтхэг–Номхон далайд Америкийг тогтоон барих стратегид чухал нөлөөтэй. Ирээдүйд Тайваний хоолойд зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд Америкийн тэнгисийн цэрэг Малаккын хоолойг хааж Хятадын далай тэнгисээр дамжуулж шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэх боломжийг хязгаарлах нөхцөл үүсэх боломжтой ба энэ тохиолдолд ОХУ-аас эрчим хүчний нийлүүлэлтээ  нэмэгдүүлэх зэргээр стратегийн дэмжлэг үзүүлэх магадлалтай.[12]

 

 

Ашигласан материал:

[1] “President Xi Jinping Holds Talks with Russian President Vladimir Putin,” https://www.fmprc.gov.cn/eng./xw/zyxw/202605/t20260520_11914648.html

[2] Mo Jinxi, “Xi, Putin agree to extend treaty,”https://www.chinadailyhk.com/hk/article/633834

[3] “What Are the Key Strengths of the China-Russia Relationship?” https://chinapower.csis.org/china-russia-relation-

[4]“普京大帝”是如何从一个“问题儿童”,成为俄罗斯总统的,”https://new.qq.com/omn/20210803/20210803A0926C00.html

[5] Patrick Reevil, “Russia troops begin leaving Kazakhstan after government restores control,” January 13, 2022 https://abcnews.go.com/International/russian-troops-begin-leaving-kazakhstan-government-restores-control/story?id=82243668

[6]  Ryan C.Berg, “China and Russia engage Latin America and the Caribbean differently. Both threaten US interests”, February 12, 2024, https://www.atlanticcouncil.org/in-depth-research-reports/issue-brief/china-and-russia-engage-latin-america-and-the-caribbean-differently-both-threaten-us-interests/

[7]  Michon Scott, “When Is The Northeast Passage Open to Ship Traffic?,” NSIDC – National Snow And Ice Data Center, 26 June 2024, https://nsidc.org/learn/ask-scientist/when-northeast-passage-open-ship-traffic

[8]  Luo Wangsh, “Chinese Coast Guard Conduct Joint Patrol in Arctic Ocean,” Chinadaily.com.cn, 10 October 2024,  https://global.chinadaily.com.cn/a/202410/02/WS66fce050a310f1265a1c5f6c.html

[9]  Chen Zhuo, “Coast Guard, Russia Security Service Sign Joint MoE,” Ministry of National Defence of the People’s  Republic of China, http://eng.mod.gov.cn/xb/MilitaryServices/News_213106/16220829.html

[10] Narantsatsral Enkhbat, “Friends with benefits: Assessing Russian-Chinese military exercises,” June 06, 2025, https:// www.ndc.nato.int/news/news.php?icode=2023

[11]  Ondrej Ditrych, Alice Ekman “Rehearsing For War: China and Russia’s Military Exercises,” EUISS – European Institute for  Security Studies, 3 July 2024, https://www.iss.europa.eu/publications/briefs/rehearsing-war-china-and-russias-military-exercises

[12]  Brian G.Carlson, “The Growing Significance of China-Russia Defense Cooperation,” September 18, 2024, https://ssi.armywarcollege.edu/SSI-Media/Recent-Publications/Display/Article/3908561/the-growing-significance-of-china-russia-de fense-cooperation/#end22