2025 оны 9 дүгээр сард ээлжит илгээлтийнхээ үеэр ерөнхийлөгч К.К.Токаев 20 гаруй жил ил ба далд хэлбэрээр яригдсаар ирсэн парламентын реформын асуудлыг нэг тийш нь шийдэх цаг болсныг дурдаж, нэг танхимтай парламент байгуулах санаачилга дэвшүүлж байв.[1] Түүний уг мэдэгдлээс хойш ердөө 1 жилийн дотор эрх баригчид тус улсын улс төр, нийгмийн амьдралд чухал ач холбогдолтой олон шийдвэр гаргаж, хэрэгжүүллээ. Болж өнгөрсөн тэдгээр үйл явдлыг эрх баригчдын зүгээс “шинэ Казахстан” байгуулах реформын үргэлжлэл хэмээн дүгнэж байгаа ч, нөгөө талд 2022 оны хэрэг явдлаас сургамж авсан Казахстанд реформын үйл явцтай зэрэгцэн эрх мэдлийн шилжилт алгуурхан эхэлж байгаа мэт өнцөг давхар харагдаж байгаа юм.
Нэг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс шинэ Үндсэн хууль руу
Ерөнхийлөгчийн илгээлтийн дараа төд удалгүй “Парламентын реформын асуудлаарх ажлын хэсэг” байгуулагдсан бөгөөд тэд нөхцөл байдалд үнэлгээ хийхийн зэрэгцээ иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, Үндсэн хуульд цогц өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тухай нэгдсэн санал, дүгнэлтээ ерөнхийлөгчид уламжилсан.[2] Улмаар ерөнхийлөгч К.К.Токаев тус ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн Үндсэн хуульд цогц өөрчлөлт оруулах ажлыг гардан гүйцэтгүүлэхээр “Үндсэн хуулийн реформын асуудлаарх комисс” (Үндсэн хуулийн комисс)-ыг байгуулав.
Тус комисс байгуулагдсан даруйдаа 7 хоногийн дотор 5 удаа хуралдаж, 1995 онд батлагдсан, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үндсэн хуулийн 84%-д өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзэж, 6 дахь хурлын үеэр цоо шинэ үндсэн хууль батлах асуудал хөндөж, төслийг танилцуулсан. Хараат бус зарим судлаачид уг үйл явдлыг яарсан шийдвэр хэмээн үзэж байсан ч, комиссын зүгээс “шинэ Үндсэн хууль бол цаг үеийн шаардлага” гэх үзэл баримтлалаа хэвээр хадгалсан.[3] Ийнхүү шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулах, түүнийг бүх нийтийн санал асуулгаар баталгаажуулах ажил богино хугацаанд өрнөж дууссан бөгөөд тэдгээрийг цаг хугацааны хроникт оруулав.
Хүснэгт 01.
| № | Онцлох үйл явдал | Огноо | Тайлбар |
| 1. | Ерөнхийлөгч “Парламентын реформын асуудлаарх ажлын хэсэг” байгуулав. | 2025.10.08 | Төрийн Зөвлөх Ерлан Каринаар ахлуулсан тус ажлын хэсэг 2026.01.19 хүртэл 6 удаа хуралдаж, Үндсэн хуульд цогц өөрчлөлт оруулах санал, дүгнэлтээ ерөнхийлөгчид уламжлав. |
| 2. | Ерөнхийлөгч “Үндсэн хуулийн реформын асуудлаарх комисс” байгуулав. | 2026.01.21 | Үндсэн хуулийн цэцийн дарга Эльвира Азимовагаар ахлуулсан тус комисс ажлаа шуурхай эхлүүлж, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бус, шинэ үндсэн хууль батлах шаардлагатай гэж үзэв. |
| 3. | Шинэ үндсэн хуулийн анхны төслийг олон нийтэд танилцуулав. | 2026.01.31 | |
| 4. | Ерөнхийлөгч шинэ үндсэн хууль батлах асуудлаар референдум зохион байгуулах зарлиг гаргав. | 2026.02.11 | |
| 5. | Иргэдээс санал авч сайжруулсан шинэ үндсэн хуулийн төслийг олон нийтэд танилцуулав. | 2026.02.12 | |
| 6. | Шинэ үндсэн хууль батлах асуудлаар референдум зохион байгуулагдав. | 2026.3.15 | Казахстаны иргэд референдумд 73.12%-ийн ирцтэй оролцсон ба тэдний 87.15% нь шинэ үндсэн хууль батлахыг дэмжив. |
| 7. | Шинэ үндсэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэв. | 2026.7.01 |
Үндсэн хуулийн реформын асуудлаарх комисс байгуулагдсанаас хойш 2 сар хүрэхгүй хугацааны дотор тэд цоо шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулж, түүнийг референдумаар баталгаажуулсныг дээрх хүснэгтээс харж болно.
Шинэ үндсэн хуулиар төрийн институцүүдын бүтэц, зохион байгуулалтад олон өөрчлөлт орсон хэдий ч, тогтолцооны хувьд томоохон өөрчлөлт гараагүй хэмээн дүгнэх хандлага гадаад, дотоодын улс төр судлаачдын дунд давамгай байна. Үүний цаад шалтгааныг төрийн эрх мэдэл Ерөнхийлөгчийн институцэд үнэмлэхүй төвлөрсөн байдал огт өөрчлөгдөөгүйтэй холбон тайлбарлаж байгаа юм. Тухайлбал, шинэ үндсэн хуулиар Ерөнхийлөгчид Дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон бусад төрийн өндөр албан тушаалтнуудыг томилох, чөлөөлөхөөс гадна Курылтай (нэг танхимтай парламент)-н даргыг нэр дэвшүүлэх, мөн тодорхой нөхцөлүүдэд Курылтайг тараах бүрэн эрх олгогдсон.
Хоёр. Курылтайн сонгууль
Референдумын дараа хийсэн мэдэгдэлдээ ерөнхийлөгч К.К.Токаев шинэ үндсэн хуулийн дагуу парламентын сонгууль зохион байгуулна гэв.[4] Тэрээр парламентын сонгууль пропорциональ тогтолцоогоор зохион байгуулагдах тул улс төрийн намуудад бэлтгэлээ хангах боломж олгох үүднээс ийнхүү эрт мэдэгдэл хийж байна хэмээн тайлбарласан.
Тус мэдэгдлээс 1 сар гаруй хугацааны дараа буюу 2026 оны 5-р сарын 07-ны өдөр ЕТГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөөд 2 хонож байсан Айбек Дадебай “Адилет” (Шударга ёс) нэртэй нам байгуулж, даргаар нь сонгогдов.[5] Өөрсдийгөө улс төрийн үзэл баримтлалын хувьд Ерөнхийлөгчийн бодлого, зарчимтай ижил хэмээн тодорхойлсон Адилет намыг Хууль зүйн яам шуурхай бүртгэж авснаар Казахстан дахь албан ёсны бүртгэлтэй 8 дахь улс төрийн хүчин болсон. Гэвч төд удалгүй эрх баригч Аманат нам шинэхэн байгуулагдсан Адилет намтай нэгдэх шийдвэр гаргаснаар Адилет парламентын сонгуульд ялалт байгуулах нь тодорхой болсон гэхэд хилсдэхгүй.
Улмаар 2026 оны 8-р сарын 23-нд Казахстанд парламентын 10 дахь удаагийн, Курылтайн анхны сонгууль 74.08%-ийн ирцтэй зохион байгуулагдав. Пропорциональ тогтолцоогоор зохион байгуулагдсан тус сонгуульд улс төрийн 7 нам өрсөлдсөн бөгөөд судлаачдын таамаглаж байсанчлан Адилет нам санал хураалтад оролцсон иргэдийн 71.17%-ийн дэмжлэгийг авч үнэмлэхүй ялалт байгуулсан бол Ауыл (6.26%), Республика (5.56%), Ак Жол (5.21%), Бүх нийтийн социал демократ нам (5.11%)-ууд тус бүр 5%-ийн босго давж парламентад суудалтай болов.[6]

Эх сурвалж: Kazakhstan Today
Гурав. Сонгуулийн дараа хийгдсэн томилгоонууд
Сонгуулиас 5 хоногийн дараа шинэ парламентын гишүүд тангараг өргөж, нээлтийн чуулганаа хийсэн ба энэ үеэр ерөнхийлөгч К.К.Токаев Адилет намын дарга Айбек Дадебайг Курылтайн даргад нэр дэвшүүлсэн бөгөөд тэр хаалттай санал хураалтаар парламентын спикерээр сонгогдов. Ийнхүү ерөнхийлөгч К.К.Токаевыг Сенатын дарга байх үеэс дэргэд нь шадарласан Айбек Дадебай Казахстаны төрийн өндөр албан тушаалын нэгд очлоо.
Уг үйл явдлын дараа ерөнхийлөгч К.К.Токаев нийгэмд хүлээлт үүсгэж байсан Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Төрийн зөвлөх асан, ЕТГ-ын Тэргүүн дэд дарга Ерлан Кариныг томилов. Түүний хувьд Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдох магадлалтай кандидатуудын тоонд нэр нь яригдсаар ирсэн бөгөөд 2019 оноос Ерөхийлөгчийн зөвлөх, шадар туслах, Төрийн зөвлөх зэрэг албан тушаалуудыг хашиж, К.К.Токаевын хийж буй реформын зорилго, ач холбогдлыг нийгэмд таниулан сурталчлах, шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулах зэрэг үйл хэргийг гардан гүйцэтгэсэн улс төрч юм.
Харин Засгийн газрын хувьд, Ерөнхий сайдын албан тушаалд Олжас Бектенов улиран томилогдсон бөгөөд түүний шинэ Засгийн газрын бүтцэд Гадаад хэрэг, Экологи, байгалын нөөц, Соёл, мэдээлэл, Онцгой байдал зэрэг 4 яамны сайдыг шинээр томилсныг эс тооцвол төдийлөн өөрчлөлт орсонгүй. Харин Ерөнхийлөгчийн тэргүүлдэг Аюулгүйн зөвлөлийн орлогч даргаар Соёл, мэдээллийн сайд асан Аида Балаева томилогдоод байна.
Дөрөв. Дүгнэлт
Нэг танхимтай парламент байгуулах зорилт тавьж байсан Казахстан Улс нэг жилийн дотор шинэ Үндсэн хууль баталж, улмаар парламентын сонгууль хийх, Засгийн газраа эмхлэн байгуулах, Дэд ерөнхийлөгч томилох зэрэг олон үйл явдлын ард гараад байна. Төр улсын тогтолцоонд өөрчлөлт оруулсан энэхүү нүсэр процесс богино хугацаанд шуурхай хэрэгжиж дууссан нь уг асуудлаар улс төрийн элитүүд урьдчилж байр сууриа нэгтгэж, дундын шийдвэрт хүрсэн байх өндөр магадлалтайг харуулж байна.
Энэ нь нэг талаас ерөнхийлөгч К.К.Токаевын залгамжлалын асуудалтай холбогдох боломжтой. Тодруулбал, төрийн тогтолцоонд өөрчлөлт оруулах болсон шийдвэрийн цаана К.К.Токаев өөрийн эрх мэдлийг бэлтгэсэн хүндээ тайван замаар аажмаар шилжүүлж өгөх үйл явц дунд 2022 онд болсон шиг хэрэг явдлаас урьдчилан сэргийлэх зорилго агуулагдаж байж болох юм. Түүний хувьд өмнөх үндсэн хуулийн дагуу 2029 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусахад дахиж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн. Гэтэл Дээд шүүхээс К.К.Токаевыг дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй хэмээн үзэж, тогтоол гаргасан. Өөрөөр хэлбэл К.К.Токаев ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дахин 7 жилээр сунгах боломжтой болсон. Харин Курылтайн сонгуулийн үеэр К.К.Токаев өмнөх мэдэгдлүүдээ өөрчилж, дахиж ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ 2027 онд зарлана хэмээн мэдэгдээд байна.
Дахин сонгуульд оролцох эсэхээс үл хамааран энэ жил 73 нас сүүдэр зооглоод буй К.К.Токаев өөрийн залгамжлагчийн тухай бодож эхэлсэн байх магадлал өндөр. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар дахин 10 орчим жил засаглах боломжтой түүний хувьд хэн нэгэн улс төрчийг шууд залгамжлагчаараа нэрлэхээс илүүтэй тойрон хүрээллийн хүмүүс дундаас ерөнхийлөгчийн албан тушаалд тохирох кандидатыг алгуурхан судлах, сорих, өөрийн гараар бэлтгэхийг илүүд үзэж байж болох юм.
Зарим судлаачид Дэд ерөнхийлөгчөөр томилогдсон хүн давхар Аюулгүйн зөвлөлийн орлогч даргаар томилогдвол ирээдүйд Ерөнхийлөгч болох магадлал маш өндөр хэмээн таамаглаж байсан ч, энэ удаа дээрх албан тушаалуудад хоёр өөр хүнийг томиллоо. Магадгүй энэ нь ерөнхийлөгч К.К.Токаев өөрийн бүрэн эрхийн хугацааг дараагийн хэдэн жилд үргэлжлүүлнэ гэх дохио байж болно. Эцэст нь дүгнэхэд, Казахстаны дотоод улс төрд өрнөж буй үйл явцыг тогтолцооны реформ гэдгээс гадна Бүгд найрамдах улсын гурав дахь ерөнхийлөгчийг бэлтгэн гаргаж ирэх шатрын өргийн нэг хэсэг гэж үзэх нь зүйтэй.
Эх сурвалж
- https://www.akorda.kz/ru/poslanie-glavy-gosudarstva-kasym-zhomarta-tokaeva-narodu-kazahstana-kazahstan-v-epohu-iskusstvennogo-intellekta-aktualnye-zadachi-i-ih-resheniya-cherez-cifrovuyu-transformaciyu-885145
- https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/26183631
- https://www.azattyq.org/a/33664995.html
- https://astanatimes.com/2026/03/kazakhstan-to-mark-march-15-as-constitution-day-following-referendum/
- https://www.akorda.kz/ru/ukazom-glavy-gosudarstva-dadebay-aybek-arkabayuly-osvobozhden-ot-dolzhnosti-rukovoditelya-administracii-prezidenta-respubliki-kazahstan-v-svyazi-s-perehodom-na-druguyu-rabotu-542514; https://kz.kursiv.media/2026-05-07/ajbek-dadebaj-izbran-predsedatelem-novoj-partii-aedilet/
- https://astanatimes.com/2026/08/adilet-wins-kurultai-elections-with-71-17-of-vote/










Хариу өгөх