“Оросын эрчим хүчний долоо хоног” олон улсын форум

2018-10-04

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/10/JQDvBrAfStwaqnMAIApc9Z8ALAGuvExV.jpg

Энэ оны 10 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Москва хотноо эрчим хүчний үр ашигтай байдал, хөгжлийн асуудлаарх “Оросын эрчим хүчний долоо хоног”  олон улсын ээлжит чуулга уулзалт болж байна.

“Хувьсаж буй ертөнцөд зориулсан тогтвортой эрчим хүч” (Устойчивая энергетика для меняющегося мира) үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж буй тус арга хэмжээнд олон улсын эрчим хүчний томоохон компани, байгууллагын төлөөлөгчид, дэлхийн тэргүүний экспертүүд оролцож, хөтөлбөрийн дагуу 60 орчим  ажил хэрэгч арга хэмжээ зохион байгуулах аж.

Үндсэн хуралдааныг нээж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илтгэл тавьж, хөтлөгч-модератор, панелистуудын асуултад хариулсан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины “Оросын эрчим хүчний долоо хоног”  олон улсын ээлжит чуулга уулзалтын үндсэн хуралдааныг нээж хэлсэн үгийг сийрүүлбэл:

 

Хүндэт нөхөд, хатагтай ноёд оо, хамтрагчид аа!

Оросын эрчим хүчний долоо хоногийн бүх оролцогч, зочдын амар амгаланг айлтгая. Энэ удаа хамгийн олон хүн буюу эрчим хүчний асуудал сонирхдог 10 мянга орчим (9.5 мянган) мэргэжилтэн нээлттэй, итгэлцлийн үндсэн дээр дэлхийн эрчим хүчний асуудлыг хэлэлцэхээр хүрэлцэн ирээд байна.

ОХУ бол дэлхийн  эрчим хүчний зах зээлийн том тоглогч билээ. Бид газрын тос, байгалийн хийн олборлолт, экспортын хэмжээгээр тэргүүлэх байрыг эзэлж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл болон нүүрсний олборлолтоороо манлайлагчдын тоонд багтдаг. Дэлхийн эрчим хүчний чиг хандлагыг мэдэрч байх нь бидэнд өрсөлдөх чадвараа үр бүтээмжтэй хэрэгжүүлэх, бусад улс оронтой эрчим хүчний нэгдмэл орон зай, нэгдмэл ирээдүйг бүрдүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм.

Дэлхийн эрчим хүчний хөгжил, эрчим хүчний аюулгүй, найдвартай байдлыг хангахын тулд гагцхүү бүгдэд ижил үйлчлэх нийтлэг дүрмээр олон улсын хэмжээнд түншлэн ажиллах, мөн зах зээлд оролцогчдын ажил хэрэгч илэн далангүй, аливаа улс төрийн далд сэдэлгүй яриа хэлэлцээг өрнүүлэх, прагматизм, нэг үүрэг хариуцлага, харилцан ашиг сонирхол зэрэгт тулгуурлах ёстой.

ОПЕК-тэй тохиролцсоны ачаар газрын тосны зах зээлийн эрэлт нийлүүлэлт тэнцвэржсэн нь дээрх зарчмаар явах нь зөв болохыг нотолж байгаа юм.

Орос улс цаашид ч нефть олборлогч орнуудын яриа хэлэлцээг дэмжих бөгөөд энэ нь газрын тосны зах зээлийг тогтвортой байлгах, урт хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, энэ салбарыг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Үүнтэй холбогдуулан онцлоход, ойрын ирээдүйд газрын тосны эрэлт  (Европ, Америк тивд ялгаагүй өсөж байгаа боловч) үндсэндээ Ази, Номхон далайн бүс нутгийн хэрэглэгчдээс шалтгаалан өснө.

В.Путин: ОХУ дэлхийн нүүрсний зах зээлд оролцоогоо нэмэгдүүлэн байр сууриа баталгаажуулна.

ОХУ-ын хариуцлагатай түншлэлийн арга барил хэн бүхэнд анзаарагдаж, ойлгогдож буй биз ээ. Орос улс найдвартай, тааварлахуйц түнш шүү гэдгээ байгалийн хийн зах зээл дээр ч мөн адил харуулдаг. Бидний давуу тал  байгалийн хийн асар их нөөцтэйд ч бус мөн түүнийг тээвэрлэх хэрэгсэл, дамжуулах шугам хоолойн сүлжээ дэд бүтэцтэй, улмаар өртөг багатай гэдгээрээ хийн зах зээл дээр тогтвортой байр суурь эзэлдэг.

Үүнтэй зэрэгцээд байгалийн шингэрүүлсэн хийн зах зээл дэлхий даяар тэлж байгааг та бид цөмөөрөө мэдэж байгаа. Зөвхөн сүүлийн 10 жилд  хэрэглээ нь бараг 2 дахин нэмэгдсэн.

Орос улс шингэрүүлсэн хийн (LNG) салбарт идэвхтэй оролцогчдын нэг. Бид олборлолт, боловсруулалтын хүчин чадлыг шинээр ашиглалтад оруулан тээврийн дэд бүтцийн хөгжлийн стратеги төлөвлөгөө хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хойд тэнгисийн замыг тохижуулж, мөс хагалагч флот байгуулан Оросын Акртикаар хий тээвэрлэгч, усан онгоцны хөдөлгөөнийг жилийн туршид явуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Дэлхийн эрчим хүчинд дахин эерэг үйлчлэл үзүүлж эхэлсэн бас нэг чухал чиглэл бол нүүрсний аж үйлдвэрийн салбар юм. 10 жилийн өмнө уг төрлийн эрчим хүчний нийлүүлэлтийн ирээдүйд итгэх хүн цөөн байсан бол өнөөдөр нүүрсний эрэлт тогтвортой өсөн, ялангуяа Ази, Номхон далайн бүс нутагт нэмэгдэж байгааг харж байна. ОХУ-д уг өсөлттэй зах зээлд оролцоогоо нэмэгдүүлэн байр сууриа баталгаажуулах нь маш чухал байгаа юм.

ОХУ нүүрс олборлолтын үр бүтээмжээ нэмэгдүүлэхээр ажиллаж, нүүрс тээвэрлэх  экологийн цэвэр технологид онцгой анхаарал хандуулна.

Энэ хэсэгт бид стратегийн хэд хэдэн шийдвэрийг гаргаад байгаа. БАМ, Транссибирийн төмөр замын нэвтрүүлэх чадлыг өргөтгөн далайн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Нүүрс олборлолтын төвүүдийн үр бүтээмж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мэдээж нүүрс тээвэрлэх, хэрэглэх (цахилгаан үйлдвэрлэх) экологийн цэвэр технологид онцгой анхаарал хандуулах болно.

Бид дулааны үйлдвэрлэлийн өргөн цар хүрээтэй шинэчлэлээ үргэлжлүүлнэ. Улсынхаа  эрчим хүчний сүлжээнд цахимжуулалтын шийдлүүдийг нэвтрүүлнэ. Үүнийг бид бүхэлдээ цахилгаан эрчим хүчний салбарт нүүрлэсэн асар том сорилтын хариу арга хэмжээ гэж харж байгаа.

Ойрын 20 жилд дэлхийд цахилгаан эрчим хүчний эрэлт тооцоолсноос илүү эрчимтэй өсөх таамаг бий. Экспертүүдийн дүгнэж буйгаар 2040 онд тус эх үүсвэрийн хэрэглээ хоёр дахин нэмэгдэх бол газрын тос, нүүрс, хий болон эрчим хүчний бусад эх үүсвэрийн эрэлт ойролцоогоор 30 хувиар өснө. Ийм чиг хандлага нь тог цахилгаан, түүний экспортыг нэмэгдүүлж, цахилгаан үйлдвэрлэх технологийг хөгжүүлэх таатай боломж олгож байна.

Бидний бас нэгэн тэргүүний зорилт бол өндөр технологи шингэсэн цөмийн эрчим хүчний салбарт тэргүүлэх байр сууриа хадгалах явдал юм. Өнөөдөр ОХУ дэлхийн 12 улсад цөмийн цахилгаан станцын 12 блокийг идэвхтэй барьж байгуулж, нийт захиалга-багцад 36 блок байна. Бид цөмийн эрчим хүчний салбар дахь экспортын захиалгын тоогоо (өнөөгийн экологи, аж үйлдвэрийн аюулгүй байдлын хамгийн өндөр шаардлагаа хадгалан) нэмэгдүүлэхээр цаашид ч тууштай ажиллах болно.

Ирээдүйтэй бас нэг зорилт бол мэдээж сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг (ялангуяа, манай улсын Зүүн Сибирь, Алс Дорнод зэрэг аслагдмал, бөглүү бүс нутгуудад)  хөгжүүлэх явдал юм.

Эцэст нь дараах зүйлийг дүгнэж хэлье, хүндэт нөхөд өө. Эрчим хүчний тогтвортой, давшингуй хөгжил бол дэлхийн эдийн засгийн өсөлт, хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх, манай ертөнцийн бүх хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх гол нөхцөл нь юм.

Орос улс дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс эрчим хүчний салбарт түншлэхэд нээлттэй. Мөн мэдээж, бид эдгээр бүх сэдвээр идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлж, хамтарч ажиллана гэж найдаж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа!


Ангилал: Долоо хоногийн тойм