Дэлхий нийт ОХУ-тай холбоотой олон зүйлийг урьдчилан таамаглахад бэрх цаг үед байгаа ч энэ удаагийн парламентын сонгуулийн үр дүн тэдгээрийн нэг байсангүй. Кремлийн хатуу хяналт дор байдаг улс төрийн тогтолцоонд эрх баригч “Нэгдсэн Орос” нам парламент дахь хамгийн олон суудалтай намын байр сууриа хадгална гэж нийтээрээ таамаглаж байсан ба харин зөрүү нь хэр их байх нь сонирхол татаж байлаа.
Ерөнхийлөгч В.В.Путин 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №428 зарлигаар сонгуулийг товлон зарласан бөгөөд Украины дайн эхэлснээс хойших анхны Төрийн Думын сонгууль 2026 оны 9 дүгээр сарын 18–20-нд зохион байгуулагдав. Таван жилийн бүрэн эрхийн хугацаатай Думын 450 гишүүний 225-ыг намын жагсаалтаар, 225-ыг нэг мандаттай тойргоор сонгох холимог тогтолцоо хэвээр үргэлжиллээ. Сонгуульд 10 нам оролцсон ба сонгогчдын 5-аас дээш хувийн санал авсан нам жагсаалтаар суудал авах юм.
Сонгуулийн явц
Гадаадын 152 улсад 333 сонгуулийн штаб байгуулж, ОХУ-ын 33 бүс нутагт зайнаас цахим санал хураалт явагдсанаас гадна Крым болон Донецк, Луганск, Запорожье, Херсон мужид урьдчилсан болон хөдөлгөөнт санал хураалт явуулсан. Эдгээр нутаг дэвсгэрийг холбооны субъект гэж үзэн сонгууль зохион байгуулснаа Москва аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн удирдлага болон сонгогчдын дайны талаарх байр сууриа илэрхийлэх асуудал гэж тайлбарласан. Харин Украин болон барууны орнууд тухайн бүс нутаг дах санал хураалтыг Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах тухай НҮБ-ын Ерөнхий Ассемблейн ES-11/4 тогтоолыг зөрчиж байна хэмээн хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн юм.
Сонгуулийг иргэд дайны талаарх байр сууриа илэрхийлэх боломж хэмээн танилцуулсан ч сонголт хийх бодит боломж хязгаарлагдмал байсныг барууны хэвлэл мэдээллийнхэн онцолж байлаа[1]. Учир нь ОХУ-ын Дээд шүүх 8 дугаар сард сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намуудаас дайны эсрэг байр суурьтай цорын ганц нам болох “Яблоко”-гийн холбооны нэр дэвшигчдийн жагсаалтын бүртгэлийг цуцалснаар либерал үзэлтэй сонгогчдын хувьд санал хураалтаар дургүйцлээ илэрхийлэх боломж ихээхэн хумигдсан юм[2]. Түүнчлэн цахим орчинд дайны талаарх байр сууриа илэрхийлсэн гэх үндэслэлээр тус намын дэд дарга М.Кругловт[3] 6 дугаар сард 7 жил, Л.Шлосбергт[4] 8 дугаар сард 11 жил 1 сарын хорих ял оноосон юм. Тус намын зарим гишүүд нэг мандаттай тойрогт өрсөлдсөн ч Думд суудал авч чадсангүй.
Сонгуулийн үр дүн
Сонгуулийн эцсийн албан ёсны ирц 59.8% байсан ба энэ нь 2021 оны 51.72%-аас өндөр байв. Өндөр ирцийг В.Путин гадаад дарамтын өмнө Оросын нийгмийн нэгдмэл байдлын баталгаа болон зэвсэгт хүчинд итгэл үзүүлж буйн илрэл хэмээн тайлбарлажээ.[5]
| № | Нам | Суудал | Нийт 450 суудлаас эзлэх хувь | Намын жагсаалтын саналын хувь |
| 1 | Нэгдсэн Орос | 349 | 77,6 % | 58,21 % |
| 2 | ОХУ-ын Коммунист нам | 37 | 8,2 % | 13,47 % |
| 3 | Либерал Ардчилсан нам | 23 | 5,1 % | 8,88 % |
| 4 | Шинэ хүмүүс | 19 | 4,2 % | 7,82 % |
| 5 | Шударга Орос | 17 | 3,8 % | 5,34 % |
| 6 | Родина | 1 | 0,2 % | 0,70% |
| 7 | Бие даагч | 4 | 0,7 % | – |
Хүснэгт 1: 2026 оны ОХУ-ын Думын сонгуултийн үр дүн
Сонгуульд “Нэгдсэн Орос” нам 349 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулж, 2021 оны сонгуулиас 25 суудал илүү авлаа. Ингэснээр тус нам Думын түвшинд бусад намын дэмжлэггүйгээр ердийн хууль болон холбооны үндсэн хуулийг өөрчлөх, батлахад шаардагдах олонхоо хадгалж чадлаа.
“Либерал Ардчилсан нам”, “Шинэ хүмүүс”, “Шударга Орос” нь татвар, тэтгэвэр, орон сууц, орон нутгийн хөгжил зэрэг сэдвээр байр сууриараа ялгардаг боловч гадаад бодлого, аюулгүй байдал, дайны үндсэн чиглэлийг сөрдөггүй учир стратегийн чиглэл өөрчлөх сөрөг хүчин болох магадлал бага юм.
ОХУ-ын Сонгуулийн төв комиссоос /СТК/ сонгуулийн техникийн зохион байгуулалтыг амжилттай гэж үзсэн байна. СТК 20 хэсгийн 36,850 саналын хуудсыг хүчингүй болгож, Крым болон Марий Элд саналын хуудас бөөнөөр хийх хоёр тохиолдлыг илрүүлснээ мэдээлсэн.[6] Мөн сонгуулийн дэд бүтэц, цахим санал хураалтын системийн эсрэг олон тооны цахим халдлага гарсан гэж мэдэгдсэн.[7]
Сонгуулийн дараа ОХУ-ын Коммунист намын Москва хотод бэлтгэгдсэн ажиглагчид ажилласан санал авах хэсгүүдэд тус нам 30–40 хувийн санал авч, эрх баригчидтай эн тэнцүү өрсөлдсөн эсвэл ялсан бөгөөд эдгээр хэсгийн дүн ажиглагчгүй хэсгүүдийн болон зайнаас цахимаар өгсөн санал хураалтын дүнгээс хэд дахин ялгаатай байсан гэж мэдэгджээ. Түүнчлэн цаасан саналын хуудас олгох систем гацсанаас урт дараалал үүсэж, уламжлалт аргаар санал өгөхөд саад учирсан, ажиглагчдад сэтгэлзүйн хүчтэй дарамт үзүүлсэн, эцсийн протоколыг дахин бичсэн гэх асуудлыг хөндөн, цахим санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тус нам илэрхийлсэн байна.[8] Эдгээр зөрчил нь нийт саналын хувь, намуудын суудлын хуваарилалтад ямар хэмжээгээр нөлөөлснийг хараат бус хяналтаар баттай тогтоогоогүй.
ОУ-ын ажиглагчдын хувьд Тусгаар улсын хамтын нөхөрлөл /ТУХН/ болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын ажиглагчид сонгуулийг Оросын хууль тогтоомж болон ардчилсан сонгуулийн зарчимд нийцсэн гэж дүгнэсэн бол нөгөө талд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны ажиглагчдыг уриагүй. Энэ нь 1990 оны Копенхагены баримт бичгийн дагуу хүлээсэн үүрэгтэй нийцэхгүй, сонгуулийг хараат бус нийтлэг аргачлалаар үнэлэх боломжийг хаасан гэж ЕАБХАБ мэдэгдсэн.[9] Харин Европын холбооны зүгээс өрсөлдөөний тэгш нөхцөл бүрдээгүй, “Яблоко” намыг хассан нь сонгогчдын сонголтыг хязгаарласан, захиргааны хууль тогтоомж болон шүүхийг сөрөг хүчний эсрэг ашигласан, хараат бус мэдээллийн хүртээмжийг хязгаарласан хэмээн дүгнэжээ.[10]
Шинэ Дум
Сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдсан Думын анхдугаар хуралдаан 2026 оны 9 дүгээр сарын 30-нд болж, В.Володиныг Думын даргаар дахин сонгон, фракцуудыг бүртгэж, хороодыг байгуулжээ.[11] Шинэ Думын бүрэлдэхүүний дундаж нас 57-оос 53 болж залуужиж, бүрэлдэхүүн 41 орчим хувиар шинэчлэгдэж, 184 шинэ гишүүн орсны дотор Украины дайнд оролцсон 48 ахмад дайчин сонгогдсон.[12] [13] Энэ нь дайнд оролцогчдыг шагнах, төрийн болон орон нутгийн байгууллагад ажиллах удирдах боловсон хүчин бэлдэхийн зэрэгцээ иргэдэд сайн дураараа дайнд явах сэдэл төрүүлэх зорилготой байх магадлалтай юм.
Сонгуулийн дүнгээр 349 суудал авсан “Нэгдсэн Орос” намд одоо Думын түвшинд хууль батлахад шаардлагатай саналыг тоог бүрдүүлэхийн тулд бусад фракцтай тохиролцох шаардлага бараг үүсэхгүй. Улсын төсвийн зарцуулалт, батлан хамгаалах, мэдээлэл, цахим орчны хязгаарлалт, дайны эдийн засгийг санхүүжүүлэх татвар, зээл, барууны хоригийн эсрэг хариу арга хэмжээ зэрэгтэй холбоотой хуулийн өөрчлөлтийг Думын түвшинд саадгүй батлуулах боломжтой.
ОХУ 2027 онд батлан хамгаалах зардлыг 17.1 их наяд рубльд хүргэхээр төлөвлөж, үүнийг санхүүжүүлэхийн тулд нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэндийн зарим зардлыг бууруулахаар тусгажээ[14]. Түүнчлэн, цэргийн зардлыг санхүүжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор 2027–2029 онд хэд хэдэн төрлийн татвар нэмэгдүүлэх санал танилцуулсан байна[15]. Эдгээр арга хэмжээнээс үүдэн иргэдийн амьжиргаанд учрах дарамт, нийгмийн үйлчилгээний хүртээмж буурах эрсдэл нь олон нийтийн дургүйцэл, эсэргүүцлийг нэмэгдүүлж болзошгүй бөгөөд үүнээс үүдэх улс төрийн дарамт шинэ Думын гол сорилтуудын нэг болж болзошгүй юм.
ДҮГНЭЛТ
ОХУ-ын 2026 оны Төрийн Думын сонгууль эрх баригч тогтолцооны үндсэн бүтцийг өөрчлөх бус түүнийг дахин баталгаажуулсан үйл явдал болов. Нэгдсэн Орос нам хууль тогтоох байгууллага дахь суудлын давамгай байдлаа улам өргөжүүлснээр Ерөнхийлөгч–Засгийн газар–Думын бодлогын уялдаа улам бэхжин ирэх жилүүдэд төсөв, татвар, батлан хамгаалах үйлдвэрлэл, хоригийн эсрэг зохицуулалттай холбоотой хуулийн төслүүд саадгүй батлагдах болно.
Думын бүрэлдэхүүний 41% шинэчлэгдсэн нь засаглалд шинэ салхи, шинэ бодлого орж ирэхээс илүүтэй Путины бодлогыг дэмжигч шинэ үеийг гарган ирж байна гэж үзэх боломжтой.
Путин зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Дум дахь дэмжлэгээ заавал нэмэгдүүлэх шаардлагагүй ч уг сонгуулиар олон улсын тавцанд ОХУ дотроо үндэсний эв нэгдэлтэй, ард түмний дэмжлэгтэй, улс төр нь тогтвортой байгааг харуулахыг зорьсон гэж хэлж болох юм. Үүнээс сонгуулийн дараах гурван үндсэн улс төрийн зорилгыг харж болно:
- Дэглэмийн хэвийн байдлыг харуулах: Дайны нөхцөлд ч төрийн байгууллагууд хэвийн ажиллаж, сонгуулийн мөчлөг үргэлжилж байгаа дүр зураг бий болгох.
- Дайны бодлогыг хууль ёсны болгох: В.Путин сонгуулийг дайны бодлогын дэмжлэгтэй холбон тайлбарласан. Иймээс Кремль үр дүнг зөвхөн намын бус, улсын одоогийн стратегийн чиглэлийн зөвтгөл болгон ашиглах боломжтой.
- Элитийн шинэчлэл: Шинэ Думын бүрэлдэхүүний бараг тал хувь нь шинэчлэгдсэн ба дайнд оролцсон 46 ахмад дайчин сонгогдсон.
Сонгуулиар Оросын бодлогын үндсэн чиглэл өөрчлөгдсөнгүй. Харин дайныг үргэлжлүүлэх, төсвийг цэрэгжүүлэх, аюулгүй байдлын хяналтыг нэмэгдүүлэх болон дайны дараах шинэ элитийг бэлтгэх бодлогыг хэрэгжүүлэх парламентын суурь улам бэхжив.
Сонгуулиар иргэд дайны талаарх байр сууриа илэрхийлэх боломжтой гэж Кремлийн талаас тайлбарлаж байсан ч бодит байдал дээр иргэдэд дайны эсрэг санал өгөх сонголт байсангүй. Барууны судлаачид ямар ч утгаараа чөлөөт, шударга сонгууль байгаагүй гэж үзэж байна.
Шинэ Думын таван жилийн бүрэн эрх 2031 он хүртэл үргэлжлэх тул Дум 2030 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, сонгуулийн үеэр болон дараа нь бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллана. Энэ нь Путины залгамж халаа эсвэл үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хууль тогтоох шаардлага гарвал саадгүй баталж чадна гэсэн үг юм.
Эх сурвалж:
[1] https://apnews.com/article/russia-elections-kremlin-putin-5342c2757623f2e46e94b4c548e94213
[2]https://apnews.com/article/russia-parliament-election-duma-putin-ukraine-da0abcee5249692473a1fd7c02814ebc
[3]https://www.amnesty.org/en/latest/news/2026/06/russia-authorities-continue-to-crackdown-on-dissent-with-harsh-prison-sentence-for-opposition-politician-maksim-kruglov/
[4] https://www.amnesty.org/en/latest/news/2026/08/russia-anti-war-politician-lev-shlosberg-sentenced-to-11-years-and-one-month-in-prison-amid-mounting-pressure-on-his-yabloko-party/
[5] https://www.reuters.com/world/putin-says-election-turnout-shows-russians-support-military-agenda-2026-09-23
[6] https://www.interfax.ru/russia/1117429
[7] https://www.interfax.ru/russia/1117223
[8] http://msk.kprf.ru/2026/09/23/293388/
[9] https://odihr.osce.org/odihr/667020
[10] https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2026/09/21/russiaukraine-statement-by-the-high-representative-on-behalf-of-the-eu-on-russian-state-duma-elections-held-on-18-20-september-2026-and-their-non-applicability-on-ukrainian-territory/
[11] https://tass.ru/politika/28165021
[12] https://www.vedomosti.ru/politics/news/2026/09/30/1233005-volodin-gosduma-obnovilas
[13] https://aif.ru/politics/glava-cik-pamfilova-raskryla-sredniy-vozrast-deputata-gosdumy
[14] https://www.reuters.com/business/russia-cut-welfare-education-funding-2027-war-spending-soars-2026-09-29
[15] https://www.reuters.com/business/russia-plans-array-tax-hikes-2027-29-fund-military-spending-2026-09-24










Хариу өгөх