“20-ийн бүлэг”-ийн 20 жил: Осакагийн уулзалт

2019-07-01

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/07/G20-Osaka.jpeg

“20-ИЙН БҮЛЭГ”-ийн 20 дахь жилийн уулзалт 2019 оны 6-р сарын 28-29-ний өдөр Япон улсын Осака хотод зохион байгуулагдав. Дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 улсыг багтаасан уг бүлэг дэлхийн хүн амын гуравны хоёрыг хамардаг, дэлхийн ДНБ-ий 80 хувийг гаргадаг, худалдааны дөрөвний гурвыг эзэлдэг. Дэлхийн санхүү эдийн засагт ийм их жин дардаг “20-ийн бүлэг”-ийн улс орны тэргүүн нар жилдээ нэг удаа уулзаж, гео эдийн засаг, геополитикийн нөхцөл байдлыг хэлэлцэн, бодлогоо уялдуулан зохицуулж, уулзалтынхаа төгсгөлд хамтарсан тунхаглал гаргадаг, өдгөө дэлхийн санхүү эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн гол механизм болоод буй юм.

Энэ удаагийн уулзалтаар АНУ, Хятад хоёр худалдааны дайны улмаас зогссон яриа хэлэлцээг дахин сэргээхээр тохиролцсон нь гол амжилтынх нь нэгд тооцогдож буй бөгөөд уулзалтын төгсгөлд Осакагийн тунхаглал гаргав. Аюулгүй байдал судлалын хүрээлэн “20-ийн бүлэг”-ийн талаар энэ дугаарт товч хүргэж байна.

“20-ийн бүлэг”-ийн тухай

ДЭЛХИЙН II дайнаас хойш дэлхийн эдийн засгийг засаглах эрх мэдлийн дахин хуваарилалт гол төлөв эдийн засгийн томоохон хямралын дараа тохиосон байдаг.

1970-аад оны нефтийн хямралын дараа 1975 онд “7-ийн бүлэг” байгуулагдаж байв.

1997 оны Азийн санхүүгийн хямралын дараа 1999 оноос “7-ийн бүлэг”-ийг өргөжүүлж, тэргүүлэх эдийн засагтай 20 улсын Сангийн сайд болон Төв банкны удирдлагууд нэг дор цуглан чуулж эхэлжээ.

Харин 2008 оны санхүүгийн хямралаар дэлхийн бодлого зүй геополитикийн агуулгаас нэгэнт хальж гишүүдээ өргөтгөн өөрчлөх шаардлагатай гэдгийг “8-ын бүлэг” (2002-2013 онд ОХУ гишүүн байв) ойлгосон бөгөөд дэлхийн эдийн засгийн шийдвэрт Хятад, Энэтхэг гэх мэт цэцэглэж буй хүчирхэг эдийн засгуудыг илүү их татан оролцуулж, ингэхдээ гол 20 улсын сангийн сайд нарыг биш төрийн тэргүүн нарыг цуглуулан ранкийг нь дээшлүүлж албан ёсоор чуулдаг болсноор “20-ийн бүлэг” одоогийн дүр төрхөө олсон билээ.

1999-2008 оны хооронд 20 улсын сангийн сайд нар уулздаг байх үед энэ байгууллагыг Бретон Вүүдсийн системийн дотор хавсарга үүрэгтэй бөгөөд тохиролцсон зорилтуудыг нь хэрэгжүүлэх нарийн журам байдаггүй зэргээс болоод нэлээд албан бус сулавтар яриа хэлэлцээний механизм гэж үздэг байв.

Харин 2008 оноос дэлхийн санхүүгийн хямралын эсрэг нэгдмэл ашиг сонирхлын дор “20-ийн бүлэг”-ийн лидерүүд цуглаж, бодлогын тэргүүлэх чиглэлүүд дээр зөвшилцдөг болсноор хамтын ажиллагааны үр ашигтай механизм болж бүрэлдэж чадсан аж. Дэлхийн санхүүгийн хямрал бүх улсад заналхийлэх болсноор “20-ийн бүлэг”-ийн орнууд хамтдаа хямралыг сөрөх арга хэмжээ авах тал дээр дуу нэгдэн хүсэл зорилгоо бататгасан юм. Үр дүнд нь хямралын нөхцөл байдал аажим саарч, дэлхийн эдийн засаг бага багаар сэргэж сайжирч ирлээ. Эдийн засгууд сэргэхийн хэрээр ялангуяа 2010 оноос хойш “20-ийн бүлэг”-ийн уулзалтын зорилго яаралтай хариу арга хэмжээ авах хэв барилаас аажмаар шилжиж, хямралаас урьдчилан сэргийлэх функц давамгайлах болов.

Улмаар 2013 он гэхэд “20-ийн бүлэг”-ийн Санктпетербургийн уулзалтын сэдэв зорилт хавьгүй өргөжиж, дунд урт хугацааны эдийн засгийн өсөлтийг анхаарахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, авлигатай тэмцэх, ажлын байр, НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилт зэрэг шинэ өргөн агуулгыг тусгах болжээ.

2016 оны Ханжоугийн уулзалтаар дэд бүтэц, авлига, эдийн засгийн өсөлт, хэлхээ холбоо хэмээх уламжлалт сэдвээс гадна “ногоон санхүү” зэрэг шинэ үзэл санааг ч дэвшүүлсэн юм.

Гэвч хойш хойшдын уулзалтад Хятадын дэвшүүлсэн “худалдааны сайд нарын уулзалтын механизм”, “дэд бүтцээр эдийн засгийг сэргээх”, “хөгжиж буй орнуудын байр суурь” гэх мэт санаанууд аажим бүдгэрч дурдагдахгүй болов. Энэ нь тус байгууллагад дотоод гадаад хүчин зүйлээс үүдэн тулгарч буй хүндрэлтэй шууд холбоотой.

“20-ийн бүлэг”-т тулгарч буй хүндрэл

АШИГ сонирхлын зөрчил: Яг одоо дэлхийн эдийн засагт бялууг томруулах талаар яригдахаа больж, харин бялуугаа хуваах “зодоон” эхлүүлэх шинжтэй байгаа, ер нь хэдийн эхэлчихсэн. Сүүлийн жилүүдэд даяаршлыг эсэргүүцэх хандлага гарч, том жижиггүй улс орнуудад үндсэрхэг үзэл газар аван, худалдааны хамгаалах бодлого эрчимжихийн зэрэгцээ их гүрнүүдийн хоорондох зөрчил улам хурцдах болсон нь “20-ийн бүлэг”-т мөн адил сорилт учруулах боллоо.

Дотоод фракцууд: Цаг үе нөхцөл байдлын шинжтэй ийм хүндрэлээс гадна “20-ийн бүлэг” дотроо мөн хэд хэдэн “фракц”-аас бүрддэг. Гурван тусдаа “фракц”-тай гэж болно:

1) “7-ийн бүлэг”,

2) БРИКС (Бразил, Орос, Хятад, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн БНУ),

3) MITKA (Мексик, Индонез, Турк, Өмнөд Солонгос, Австрали).

Нэг ёсондоо “фракцуудын бантан” болсон энэ байдал нь уг байгууллагын нэгдэл, нягтрал, хүчийг гарцаагүй сулруулж, заримдаа функцийг нь хүчгүйдүүлдэг.

АНУ vs Хятад: Энэ хоёр улсын стратегийн өрсөлдөөн “20-ийн бүлэг”-ийг их гүрний тоглоомын “тэмцлийн талбар” болгох эрсдэл ихтэй байв. Нэг жил гаруй үргэлжилж буй худалдааны дайны хөлд өнгөрсөн жил зохиогдсон АПЕК-ийн хурал өртөж, хурлын төгсгөлд гаргадаг хамтарсан мэдэгдлийг гаргаж чадаагүй бүтэлгүйтсэн шиг үйл явдал энэ удаагийн “20-ийн бүлэг”-ийн уулзалтад давтагдах вий гэсэн зовнил байв.

“20-ийн бүлэг” ба Өмнөд-Умард: хүчний шинэ харьцаа

“20-ИЙН БҮЛЭГ” анхнаасаа фракцуудын нийлбэрээс бүрдсэн, улмаар гишүүн орнуудын хоорондох ашиг сонирхлын зөрчил нь улам тодорч, их гүрнүүдийн “тэмцэлд” өртөх эрсдэл үүссэний цаад учир шалтгаан нь сүүлийн 20 жилд улс гүрнүүдийн хооронд гарсан хүчний харьцааны өөрчлөлттэй шууд холбоотой.

Эдийн засгийн хүч нөлөө олон улсын улс төрийн эрх мэдлийн хамгийн гол эх үүсвэр болдог хэмээн Улс төрийн эдийн засгийн онолд (IPE) үздэгчлэн “20-ийн бүлэг” доторх Өмнөд-Умардын хүчний харьцаа өөрчлөгдөж, эрх мэдлийн туухай байраа сольж байгаа нь аливаа зөрчлийн учир шалтгаан болж байна. Тодруулбал:

Умардын хэсэг: “7-ийн бүлэг”-ийг бүхэлдээ багтаахын сацуу нэмж зарим улсыг хамарна, үүнд АНУ, Их Британи, Герман, Франц, Япон, Итали, Канад + Австрали + ЕХ.

Өмнөдийн хэсэг: Шинээр сэргэсэн эдийн засгууд багтана, үүнд Хятад, Энэтхэг, Индонез, Орос, Саудын Араб, Бразил, Турк, Аргентин, Өмнөд Солонгос, Мексик, Өмнөд Африк.

2000 онд “20-ийн бүлэг” Сангийн сайд нарын түвшинд уулзалдаж эхэлж байх үед Өмнөд ба Умардын улс орнуудын хүч чадлын дэлхийд эзлэх хувь хэмжээ Умардынх 54.7 хувь буюу бараг тал нь байсан бол Өмнөдийн орнуудых нийлээд 25.2 хувьтай байв. Гэвч 2015 он гэхэд энэ харьцаа эрс өөрчлөгдөж Умардын улсуудын хүч 35.8 хувь болж буурсан, харин Өмнөдийн улсуудын хүчний хувь хэмжээ нийлээд 40.4 хувийг эзлэх болжээ. Өөрөөр хэлбэл 15 жилийн хугацаанд Умардын улсуудын хүч чадал 18 хувиар уруудсан байхад Өмнөдийн улсуудын хүч чадал 15 хувиар өсөж, нийт хэмжээгээрээ Өмнөд нь Умардын улсуудаасаа давж орхисон байна. (现代国际关系2017年第11期,第44).  

Умард, Өмнөдийн улс орнуудын хооронд гарсан хүчний харьцааны энэ өөрчлөлт “20-ийн бүлэг”-ийн 19 дэх жилээс Худалдааны дайнаар тод илэрч, 20 дахь жилд нь зөрчил намжих биш хурц хэвээр байгаа ийм нөхцөл байдал, уур амьсгалд “20-ийн бүлэг”-ийн уулзалт Осака хотод болж өнгөрлөө.

Осакагийн уулзалт: үр дүн

ЭНЭ удаагийн уулзалтын гол сэдэв нь Худалдаа, Хөрөнгө оруулалт байв. Зохион байгуулагч орон-Японы ерөнхий сайд Шинзо Абэ Осакагийн уулзалтын төгсгөлд дүгнэхдээ хурдтай даяаршлын улмаас өөрчлөгдөн буй нэн тавгүй, сэтгэл дундуур энэ хагарал дунд олон улсын хамтын нийгэмлэг нэгдэн нягтарч болно, олон асуудлаар хариу арга хэмжээ авч чадна гэдэг хүчтэй мессежийг Осакагийн уулзалт өгч чадлаа хэмээжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр олон улсын нөхцөл байдал маш ээдрээтэй байна, гэхдээ эрхбиш хяналтаас гарчихаагүй бүүр ч дордчихоогүй байна, тиймээс арга хэмжээ авцгаая гэсэн санааг хэлсэн гэсэн үг.

Осакагийн уулзалтаар АНУ, Хятадын худалдааны дайн, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал, АНУ, Ираны хурцадмал харилцаа, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, ЕХ-ны ирээдүй гэх мэт асуудлууд халуун сэдэв байсан.

Анхаарлын төвд байсан АНУ, Хятадын худалдааны дайн энэ удаагийн уулзалтын үр дүнд зөөлөрч, түр ойлголцолд хүрсэн. Ийнхүү санхүү эдийн засгийн сэдвээс гадна геополитикийн асуудлууд уулзалтын сэдэв болж түрж орж ирсэн агаад голлох орнууд асуудлыг намжаах алхмууд авч хэрэгжүүлсэн нааштай үр дүнтэй учраас Шинзо Абэ дээрх дүгнэлтэд хүрчээ. Уулзалтын төгсгөлд Осакагийн тунхаглал гаргав. Тунхаглалд:

· Худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг илүү нээлттэй, шударга, шилэн, ялгаварлалгүй болгох,

· Дэлхийн худалдааны байгууллагыг үтэр шинэчлэх,

· 2050 оноос өмнө далайг хуванцар хаягдлаас бүрэн цэвэрлэх гэх мэт асуудлаар санал нэгдэж чаджээ.

Харин дэвшил гаргаж чадаагүй сэдэв бол уур амьсгалын өөрчлөлтийн талаарх “Парисын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэхээ 19 улс дахин нотолсон бол АНУ бас дахин үүнд оролцохгүй гэж мэдэгдэв.

Мөн худалдааны хамгаалах бодлого протекционизмыг эсэргүүцнэ гэх үгийг тунхаглалд оруулж чадсангүй. Эдгээр нь өмнөх удаагийн Аргентины “20-ийн бүлэг”-ийн уулзалттай адил буюу тэрхүү уулзалтаас илүү дэвшил энэ удаад гарч чадаагүй гэж хэлж болохоор байна.

Дүгнэлт

“20-ИЙН БҮЛЭГ үүссэнээс хойш 20 дахь жилтэйгээ золгох үе нь олон улсын нөхцөл байдал өөр нэгэн мөчлөгт шилжих үетэй давхцаж байна. Өмнөд-Умардын хүчний харьцаа өөрчлөгдсөнөөс улбаалж, их гүрнүүд хоорондын ашиг сонирхлын зөрчил улам бүр гүнзгийрсэн, тэр нь худалдааны дайнаар хамгийн тод илрээд буй олон улсын ээдрээт нөхцөл байдал дунд Осакагийн уулзалт болж өнгөрлөө.

Ийм дэвсгэр дээр илэрхий ахиц дэвшил гаргах боломж маруухан хэдий ч энэ уулзалт дор хаяж байдлыг хурцатгахгүй байх нэг завшаан төдийгүй зарим нөхцөлийг зөөлрүүлэх алхам хийгдэж чадсан гэдэг гол ололттой байв.  


Ангилал: Долоо хоногийн тойм