БНАСАУ хэзээ ОУВС-д гишүүнээр элсэх вэ?

2018-10-13

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/10/1200x674-1.jpg

Гишүүнчлэлийн ач холбогдол

2018 оны 9 дүгээр сард БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлогч томоохон зүтгэлтнүүдийн клуб болох Гадаад харилцааны зөвлөл (Council on Foreign Relations)-ийн бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, хэлсэн үгэндээ “Хойд Солонгосын тал эдийн засгийн шинэчлэлээ гүнзгийрүүлэх, нээлттэй болох, ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудад элсэх эрмэлзэлтэй байгааг би ойлгосон” хэмээн дурдсан байна. Тэрээр өнгөрсөн сард БНАСАУ-д айлчилж, Солонгосын Хөдөлмөрийн Намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унтай хийсэн хэлэлцээний дүнд ийм итгэл үнэмшилтэй болсон аж. Энэ мэдэгдэл бодит утгаар хэрэгжиж, БНАСАУ ОУВС-ийн 190 дэх гишүүнээр элсэх аваас тус улсын ирээдүйд цөмийн хөтөлбөр зогсоох, АНУ-тай энхийн гэрээ байгуулахаас дутахааргүй нөлөөтэй үйл явдал болох нь. Нэг талаас, ялангуяа шинэчлэлийн эхэн үед эдийн засгийн өсөлт гарч, дэлхийн эдийн засагт интеграцчилагдах боломж нэмэгдсэнээр тус улс олон улсын систем дотор ганцаардлаас гарах зэрэг эерэг өөрчлөлт авчрах хэдий ч, нөгөө талаас ОУВС-ийн “жор”-оор эдийн засгийн реформ хийсэн бусад улсын алдаа, сургамжийг ч зайлшгүй харгалзан үзэх ёстой байх.

Цөмийн зэвсгээс бүрэн ангижрах зорилгыг хэрэгжүүлэхэд олон улсын, түүний дотор эн тэргүүнд АНУ, БНСУ-ын ажиглагчдын оролцоо нэн чухал болохын нэгэн адил үүний үр дүнд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа төдийгүй эдийн засгийн хөгжлийн зураглал, хөрөнгө оруулалтын баталгааг ч дээрх хоёр улс гаргаж өгөх учиртай болохыг АНУ-ын консерватив жигүүрийн нөлөө бүхий тинк-танк болох “Олон улс, стратегийн судалгааны төв” судалгааны байгууллагын Хонолулу хот дахь салбар “Номхон далайн форум” (Pacific Forum CSIS)-ын судлаач Томас Бөрн, Жонатан Каррадо нар үзэж байна. Үүний нэг илрэл нь БНАСАУ-ыг ОУВС-д гишүүнээр элсүүлэхэд ямар нэгэн саад тотгор учруулахгүй, харин ч үйл явцыг түргэтгэх алхам байх болно. Ингэснээр Хойд Солонгосын эдийн засаг шууд чөлөөт зах зээлийн тогтолцоонд эгшин зуур шилжинэ гэсэн үг биш, харин төлөвлөгөөт эдийн засгийн үндсэн суурь дээр өмчийн олон хэлбэр бүхий холимог тогтолцоог шат дараатайгаар нэвтрүүлэх боломж бүрдүүлэх, өөрөөр хэлбэл, ерөөс сүүлийн жилүүдэд тус улсад аядуу байдлаар хэрэгжүүлж ирсэн бодлогыг олон улсын санхүүгийн байгууллагуудын зүгээс хүлээн зөвшөөрч, дэмжлэг үзүүлэх нөхцөл бүрдүүлнэ гэсэн үг юм.

This photo provided by the finance ministry shows South Korean Finance Minister Kim Dong-yeon (R) shaking hands with International Monetary Fund chief Christine Lagarde during a meeting on the Indonesian resort island of Bali on Oct. 13, 2018. (Yonhap)

Шинэчлэлийн загварууд

БНАСАУ-ын эдийн засгийн шинэчлэл, нээлттэй бодлогын зураглал ямар байх вэ? Юуны түрүүнд, хэд хэдэн урьдач нөхцөл буюу болзол тавигдах нь тодорхой. Гэхдээ энэ нь АНУ, БНСУ-ын зүгээс, түүнчлэн ОУВС-ийн зүгээс тавих болзол бус, БНАСАУ өөрсдөө тавих нөхцөл гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгд, аливаа реформ, олон улсын аль ч байгууллагын гишүүнчлэл нь зөвхөн эдийн засгийн хүрээг хамарсан шинэчлэл байхаас, улс төрийн либералчлалыг араасаа дагуулахгүй гэсэн хатуу болзол байх болно. Тийм баталгаа байхгүй тохиолдолд ямар нэгэн өөрчлөлт гарах үндэсгүй. Хоёрт, эдийн засгийн реформ нь өөрөө эрс либералчлалын замаар бус аядуу шинэтгэлийн замаар хийх. Өөрөөр хэлбэл, үнэ чөлөөлөлт зэрэг тэртэй тэргүй доогуур байгаа ард иргэдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөх арга хэмжээнээс татгалзаж, өмч хувьчлалыг кампаничлан явуулахгүйгээр хувийн хэвшлийн орон зайг тэлэх явдал байх болно. Гуравт, шинэчлэлийн загвар жишгийг тодорхой хэмжээнд харгалзан үзэх ч тус улсын төрийн бодлогын үндэс болох “өөрийн хүчинд тулгуурлах” жүчэгийн үзэл санааны үндсэн зарчмаас гажихгүй, өөрийн өвөрмөц арга замыг бодож олох явдал юм.

Томас Бөрн: БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа төдийгүй эдийн засгийн хөгжлийн зураглал, хөрөнгө оруулалтын баталгааг ч АНУ, БНСУ гаргаж өгөх учиртай.

“Өөрийн замаар” хэрэгжүүлэх шинэчлэлд Зүүн Азийн хэд хэдэн улсын өмнө туулсан замналаас зарим талаар суралцах явдал байхыг үгүйсгэхгүй. Хойд Солонгосын хувьд хамгийн оновчтой хувилбар нь БНХАУ-д 1978 оноос хойш амжилттай хэрэгжүүлж буй нээлттэй хаалганы бодлого гэх үзэл түгээмэл байдаг. Эрх баригч нэг намын систем, улс төрийн нэг үзэл суртлын манлайлал дор олон хэвшилт эдийн засгийг амжилттай цогцлоосон туршлагаас БНАСАУ суралцаж, өөрийн хөрсөнд буулган хэрэгжүүлэх боломж байгаа нь ойлгомжтой. Тэгээд ч БНХАУ олон жилийн турш БНАСАУ-ын олон улсын тавцан дахь цорын ганц холбоотон, түшиг тулгуур нь байж ирсэн. Харин улс төрийн өнцгөөс харвал, Пёнъян эдийн засгийн хөгжлийн загвараар дамжин Бээжингээс хамааралт байдлаа нэмэгдүүлэхийг хүсэхгүй, аажмаар илүү бие даасан тоглогч болж олон улсын тавцанд гарч ирэх эрмэлзэлтэй. Ким Жон Ун өөрөө Д.Трамптай шууд яриа хэлэлцээ хийж буй үйлдэл нь Хятадаас төдийгүй Өмнөд Солонгосоос хамааралгүйгээр олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөхийг эрэлхийлж байгааг илтгэнэ.

Нөгөө талаас, Хятадынхтай төстэй мэт боловч Хятадаас хамааралгүй шахам хэрэгжүүлсэн эдийн засгийн реформын жишээ бол 1986 онд “Дой Мой” (“өөрчлөн байгуулалт”) шинэчлэлийн бодлогоор эхлэл нь тавигдсан Вьетнамын замнал юм. БНАСАУ-ын Батлан хамгаалах зөвлөлийн дарга Ким Жон Ил засгийн эрхийг барьж байх үед Зүүн өмнөд Азийн Вьетнам, Мьянмар хоёр улсын эдийн засгийн шинэчлэлийн загварыг анхааралтай судалж байсан. Тухайн үед Хойд Солонгосын улс төрийн чиглүүлэгч үзэл санаа нь “цэрэг арми тэргүүлэх” сонгүний бодлого байсан тул Мьянмар дахь “Улсын энх тайван, хөгжлийн зөвлөл” хэмээх цэргийн зөвлөлийн удирдлага дор хэрэгжүүлж ирсэн реформын загвар илүү анхаарал татаж байсан юм. Харин Мьянмарын улс төрийн тогтолцоо 2012 оноос хойш өөрчлөгдөж, олон намын системд шилжин, улс төрийн либералчлал эхэлснээр Пёнъяны хувьд сонирхол татах загвар байхаа больсон. Үүний нэгэн адилаар, Монголын улс төрчид, судлаачдын хүрээлэл дотор манай улсын хөгжлийн загвар БНАСАУ-д үлгэр дуурайл болж чадна хэмээх итгэл үнэмшил байдаг нь ч үндэслэл муутай юм. Улс төрийн хэт эклектик, зарим үед тогтворгүй шинж тэмдэг бүхий тогтолцоо, эдийн засгийн хэт яаруу туршилтуудын үр дүнд үүссэн хүндрэл бэрхшээл бүхий загвар Хойд Солонгосын хувьд таатай үр дүнг авчрах нь эргэлзээтэй. ‘

Пёнъян Бээжингээс хамааралт байдлаа нэмэгдүүлэхийг хүсэхгүй, аажмаар илүү бие даасан тоглогч болж олон улсын тавцанд гарч ирэх эрмэлзэлтэй.

Харин Вьетнамын хувьд, БНАСАУ-ын улс төрийн тогтолцоо Ким Жон Уны удирдлага дор цэрэг арми төвтэйгээс нам, төр төвтэй систем рүү шилжиж буй (үүний тод илэрхийлэл нь 2016 онд үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтөөр төрийн эрх барих дээд байгууллага – Улсыг батлан хамгаалах зөвлөлийг татан буулгаж Төрийн зөвлөлийг сэргээн байгуулсан явдал мөн) тул улс төрийн агуулгаараа ойр харилцахад тааламжтай улсад тооцогдох магадлалтай. БНСВУ нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс жил хагасын дараа буюу 1988 онд ОУВС-ийн гишүүнээр элссэн туршлага, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, худалдааны түншүүдээ тэнцвэржүүлж, нэг улсаас хэт хамааралтай байдлаас сэргийлж чадсан сайн жишээг өөрийн хөрсөн дээр буулган нэвтрүүлэх сонирхол байх нь дамжиггүй.

Альтернатив сонголтууд

Гэхдээ олон улсын санхүүгийн байгууллагуудын гишүүнчлэл нь Хойд Солонгосын эдийн засгийн шинэчлэлийн цор ганц тулгуур багана байж хэрхэвч таарахгүй. Гишүүнчлэлийн асуудал нааштай шийдэгдсэн ч тэдгээр байгууллагаас эхний ээлжинд техникийн туслалцаа л үзүүлэх магадлалтай бөгөөд зээл, тусламжийн асуудал он удаан жил хэлэлцээний сэдэв болж сунжрах, бодлого, шийдвэрийн тодорхой хатуу болзлууд (олон тохиолдолд Пёнъяны хувьд хүлээн авах боломжгүй) тавих, түүгээр зогсохгүй цөмийн хөтөлбөрөөс бүрэн ангижирч, олон улсын хяналт дор баталгаажуулж дуусах хүртэл “цаг сунгах” тактик барих зэргээр БНАСАУ-ын хүсэн хүлээснээс тэс өөр, “тэвчээр барагдуулсан” өрнөлөөр явах магадлалтай.

Ийм нөхцөлд БНАСАУ-д дан ганц ОУВС, Дэлхийн банкинд найдалгүй эдийн засгаа өргөжүүлэн тэлэх, төрөлжүүлэх ямар боломж байна вэ? Пёнъянд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улс төмөр замын тээврийг интеграцчилах, өөрөөр хэлбэл зорчигч тээврийн болон ачаа тээврийн, түүнчлэн транзитын боломжийг буй болгох асуудал хөндөгдсөн. Энэ нь зөвхөн Солонгос хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны төсөөлөл биш бөгөөд Хятадын “Бүс ба зам” стратегитай уялдуулж болох, ОХУ-ын Алс Дорнодыг “түрүүлэх хөгжлийн бүс нутаг” (“территория опережающего развития”) болгох бодлоготой ч огтлолцох санаачилга юм. БНСУ-ын ерөнхий сайд Ли Нак Ён Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Хойд Солонгосыг бүс нутгийн эдийн засгийн харилцаанд татан оруулах эхний алхам нь дэд бүтцийн төслүүд, тухайлбал, төмөр зам, авто тээврийн коридор байгуулах явдал болохыг мэдэгдсэн. БНСУ-аас БНАСАУ-аар дамжин ОХУ, БНХАУ-ын нутгаар дайран Европ хүрэх төмөр зам, авто замын төслийн нийт өртөг 63 тэрбум ам.доллар болохоор байна гэж Citibank тооцоолж байна.

АНУ, БНСУ-ын хүчин зүйл

Хамгийн гол нь, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр бүрэн зогссоны дараа олон улсын байгууллагуудын гишүүнчлэл, зээл тусламж, хөрөнгө оруулалтын асуудал яригдана гэсэн хатуу байр суурь гацаа үүсгэж болзошгүй. 2018 оны 6 дугаар сарын 1-нд болсон АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын дараа Д.Трамп хэвлэлийн бага хурлын үеэр “Хойд Солонгос цөмийн зэвсгээс бүрэн ангижрах гэдэг нь технологийн талаасаа ч, зохион байгуулалтын талаасаа ч, хугацаа шаардах эд. Тийм учраас тодорхой нэгэн цэг дээрээс цааш эргэлт буцалтгүй боллоо гэдэг баталгаа, итгэл үнэмшил бий болсон цагт хориг арга хэмжээг хэрхэхийг шийдэж болно” хэмээн мэдэгдсэн нь Цагаан ордны зүгээс дээрх асуудалд ч ийм байдлаар хандах хүсэлтэй байгааг харуулж байна. Харин АНУ-ын хууль тогтоох байгууллага, олон улсын байгууллагууд энэ “уян хатан” байр суурийг дэмжих нь эргэлзээтэй. АНУ-ын Конгресс ч, ОУВС, Дэлхийн банк ч, БНАСАУ цөмийн бүх байгууламж, технологио “олон улсын ажиглагчдын хяналт, нотолгоон дор, бүрэн бүтэн, эргэлт буцалтгүй устгасны дараа” хориг арга хэмжээг цуцлах, олон улсын байгууллагуудын гишүүнчлэлийн асуудлыг нааштай шийдвэрлэх байр суурин дээрээ зогсох нь дамжиггүй. Үүн дээр ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын “завсрын” хэмээх (Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх гишүүд, Сенатын гуравны нэгийг сонгох) сонгуулийн дүнгээс хамаарч, Ардчилсан нам хууль тогтоох байгууллагад олонх болох аваас БНАСАУ-ын талаар баримтлах бодлогын “тоглоомын дүрэм”-ийг Цагаан ордон биш, Капитолийн зүгээс тодорхойлж эхлэх магадлалтай.

БНАСАУ-д дан ганц ОУВС, Дэлхийн банкинд найдалгүй эдийн засгаа өргөжүүлэн тэлэх, төрөлжүүлэх төмөр замын транзит тээврийн альтернатив боломж бий

Харин БНСУ Вашингтон болон Вашингтонд төвтэй олон улсын байгууллагуудын тогтоож болох “хатуу” хувилбарыг хүлээн зөвшөөрөх сонирхолгүй, өөрийн зүгээс БНАСАУ-ын эдийн засгийн шинэчлэлд аль болох хурдан хугацаанд хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй байгаа. Үүний нотолгоо нь ерөнхийлөгч Мүн Жэ Иний Пёнъянд хийсэн айлчлалын үеэр Өмнөд Солонгосын бизнесийн төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнээр дагалдан явж, хоёр талын уулзалт хийсэн явдал бөгөөд Сөүл дангаараа авсан хориг арга хэмжээгээ мөн өөрийн зүгээс ойрын хугацаанд цуцлах эрмэлзлээ илэрхийлсэн явдал юм. БНСУ хоёр Солонгосын худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцааг Кэсоны аж үйлдвэрийн цогцолборыг сэргээх төдийгүй илүү өргөн хүрээнд, тухайлбал, дэд бүтэц, өндөр технологийн салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах төсөөллөөр харж байгааг уг төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, тэдгээрийн зарим мэдэгдлээс харж болно. Энэ зорилгод ОУВС, Дэлхийн банк гэхээс илүүтэй Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, түүгээр зогсохгүй Бээжинд төвтэй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк харьцангуй “зөөлөн” болзолтойгоор хамтран оролцож, ачааг үүрэлцэх байх гэж Сөүл найдаж байна. Хэдий тийм боловч дээрх бүх байгууллагын хувьд зээл тусламж олгох анхдагч нөхцөл нь ОУВС-ийн гишүүнчлэл байх юм. Иймд БНАСАУ-ын ОУВС, бусад байгууллага дахь гишүүнчлэлийг хурдавчлуулахыг хамгийн их эрмэлзэх улс нь БНСУ байх тул Хөх ордны засаг захиргааны ойрын зорилго нь энэ байх болно. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ долоо хоногт Брюссельд болох Ази, Европын дээд түвшний 12 дахь удаагийн уулзалт (АСЕМ)-ын үеэр хийх хоёр талын уулзалтуудын үеэр баримтлах гол чиг шугам нь энэ байх бололтой.

Гэвч Өмнөд Солонгосын нийгэмд энэ асуудлаар бүрэн зөвшилцөл байхгүй, сөрөг хүчин төдийгүй жирийн иргэдийн зүгээс ч Хойд Солонгост хөрөнгө оруулах, эдийн засгийн хэт ойр харилцаанд тааламжтай бус хандах хандлага хүчтэй байгаагаас Сөүлийн энэ бодлого дотоодын эсэргүүцэлтэй тулгарах магадлал бас бий. Хүн амын насжилт нэмэгдэж байгаагаас үүдэн ахмад настны нийгмийн хамгаалалд илүү дарамт болох, залуучуудын дунд мөн ажилгүйдэл нэмэгдэж буй тул ажлын байрны өрсөлдөөн, хямд ажиллах хүчний түрэлт зэрэг үр дагавраас ихээхэн болгоомжилж буй. Энэ бүх хүчин зүйлийг харгалзан хоёр Солонгосын эдийн засгийн харилцаанд ойрын гурван жилд багтаан нааштай үр дүн гаргахгүй бол 2022 онд болох ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нөлөөлснөөр Хойд Солонгосын талаар баримтлах одоогийн бодлогоос ухрах эрсдэл бий (одоогийн үндсэн хууль ёсоор БНСУ-ын ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа, таван жилийн хугацаатайгаар сонгодог).

АХБ, ЕХОБ, АДБХОБ-ын зээл тулсамж олгох анхдагч нөхцөл нь ОУВС-ийн гишүүнчлэл тул БНАСАУ-ын гишүүнчлэлийг хурдавчлуулахыг эрмэлзэх улс нь БНСУ байна

Эрсдэл, боломж

Ийнхүү АНУ, БНСУ, БНАСАУ-ын улс төр, эдийн засгийн харилцаанд гарах аливаа нааштай өөрчлөлтийн “хувь заяа” Пёнъяанаас бус, харин Вашингтон, Сөүл хоёроос, бүр тодруулбал, АНУ, БНСУ-ын дотоод дахь улс төрийн үйл явцаас хамааралтай болж байна. Ким Жон Ун өөрийн бодлогыг ямар нэгэн дорвитой эсэргүүцэлгүй тууштай барьж чадах ч, Америк, Өмнөд Солонгос хоёрын улс төрийн дотоод амьдрал, сонгуулийн коньюктураас хамаарч гацаа, савалгаа үүсвэл Хойд Солонгос ч байр сууриа тодотгох, эргэн харахад хүрэхийг үгүйсгэхгүй. Чингэх аваас Зүүн хойд Азид тогтворгүй байдлын голомт дахин “сэдэрч”, Солонгосын хойг дахь нөхцөл байдал дахин хурцдах магадлалтай. Иймд өнөөгийн хүрсэн дулаарлын түвшинг бууруулалгүй, шат ахиулах сонирхол бүх талд байгаа бол БНАСАУ-ыг ОУВС-т гишүүнээр элсүүлэх, түүний үр дүнд олон улсын санхүүгийн бусад байгууллагаас зээл, тусламж үзүүлэх, хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлэх, тэгэхдээ улс төр, аюулгүй байдлын амлалт, тохиролцоонуудаас энэ асуудлын хамаарлыг “салгаж”, зэрэгцээ яриа хэлэлцээ өрнүүлэх нь хамгийн оновчтой шийдэл байх болно.


Ангилал: Долоо хоногийн тойм