Худалдааны дайн ба Д.Трампын жиргээ

2019-05-10

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/05/trump-tweets.jpg

ӨНГӨРСӨН долоо хоногийн ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Твиттер хуудсаараа дамжуулан худалдааны дайнтай холбоотой улс төрийн мэдэгдэл хийсэн. Д.Трампын мэдэгдэл дэлхийн санхүүгийн зах зээлд хэрхэн нөлөөлөх, худалдааны маргаан цаашид юунд хүргэх, Вашингтон Бээжингийн харилцаа хэрхэх талаар авч үзье.

Д.Трампын жиргээ ба санхүүгийн зах зээлийн савалгаа

ЦАГААН ордноос энэ сарын эхэнд худалдааны маргаанаар хоёр долоо хоногт багтан хэлэлцээрт хүрэхгүй аваас хэлэлцээрийг орхиход бэлэн гэж мэдэгдэв. Энэхүү мэдэгдэл нь хэлэлцээрт хүрэх шахалт буюу Бээжинд өгч буй анхааруулга юм. Өнгөрсөн долоо хоногийн Мягмар, Лхагва гарагт АНУ, Хятадын өндөр түвшний төлөөлөгчдийн худалдаа, эдийн засгийн хэлэлцээний 10 дахь үе шат Бээжин хотноо болсон. Хэлэлцээ товлосноос оройтож өндөрлөсөн бөгөөд АНУ-ын төлөөлөгч сангийн сайд Стивен Мнучин БНХАУ-тай худалдааны асуудлаар уулзалт үр дүнтэй болсон гэж твиттерээр жиргэсэн юм. Мөн уулзалтад оролцсон худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, БНХАУ-ын дэд дарга Лю Хэ нар уулзалтын дараа таатай уур амьсгалтай байсныг ажиглагчид онцолсон билээ. Хэлэлцээ энэ долоо хоногт Вашингтонд үргэлжлэх бөгөөд талууд үр дүнтэй уулзалт болно гэж дүгнэж байгаа ч АНУ-ын ерөнхийлөгч өнгөрсөн Ням гарагт твиттер хуудсаараа дамжуулан “Өнгөрсөн 10 сарын хугацаанд Хятад улс $50 тэрбумын өндөр технологийн бараанд 25 хувийн татвар, $200 тэрбумын бусад бараанд 10 хувийн татвар төлж байгаа. Эдгээр төлбөр тооцоо нь манай эдийн засагт сайнаар нөлөөлсөн. Баасан гарагаас эхлэн 10 хувиа 25 хувь болгон өсгөнө. Одоогоор татваргүй байгаа $325 тэрбумын дүнтэй бараанд 25 хувийн татвар удахгүй ноогдуулж эхэлнэ. АНУ-д төлсөн татвар Хятадын бараа бүтээгдэхүүний өртөгт бага нөлөө үзүүлдэг нь харагдсан. Хятадтай хийх худалдааны хэлэлцээр үргэлжилж байгаа ч хэтэрхий удаан байна. Тэд тохиролцсоноосоо буцахыг оролдож байна. Үгүй шүү!” гэж жиргэсэн юм.

Тус жиргээний дараагаар Хятадын хөрөнгийн зах зээлд Даваа гарагаас хойш хоёр өдөр дараалан Баавгайн зах зээл ноёрхон уналт давамгайлж, даваа гарагт юань ам.долларын эсрэг 0.7 хувиар унасан. Мягмар гарагт бага зэрэг чангарсан ч ам.долларын эсрэг 0.5 хувиар унаж, юанийн ханш 6.80 дээр тогтоод байгаа юм. Цаашид юанийн ханш ам.долларын эсрэг сулрах хандлагатай байна.

Д.Трампын жиргээнээс Хятадын төдийгүй АНУ-ын хөрөнгийн зах зээл тогтворгүй болов. АНУ-ын засгийн газрын бондын өгөөж буурч, он гарсаар Wall Street-ийн хувьцаа, индекс 2 дахь удаагаа том уналт үзүүлээ. Хоёр улсын худалдааны хурцадмал байдал аж үйлдвэрийн болон технологийн хувьцаануудад голчлон сөрөг нөлөө үзүүлсэн төдийгүй бусад 11 салбарт ч мөн ялгаагүй уналт давамгайлж байна. АНУ, Хятадын худалдааны томоохон компаниудын хувьцаа сүүлийн өдрүүдэд Баавгайн зах зээлд орж уналт үргэлжилсээр байна. Жиргээнээс хойш дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд уналтаар хаагдан зах зээл хумигдаж, хөрөнгө оруулагчид санхүүжилтээ татаж, эрсдэлээс зайлсхийх стратеги баримталж байна. Хоёр улсын яриа хэлэлцээ үр дүнд хүрнэ гэсэн эерэг хүлээлт зах зээлд ноёрхож байсан авч Д.Трампын жиргээнээс болж ийн ойрын хугацаанд үр дүнд хүрэхгүй сөргөлдсөн байдал үргэлжлэх нь тодорхой боллоо.

Вашингтоны байр суурь

Д.ТРАМП: “БНХАУ худалдааны хэлэлцээрийг нураасныхаа төлөөсийг төлнө. Хоёр улс худалдааны асуудлаар харилцан адилгүй байр суурьтай байгаа. Хятадыг хэлэлцээрт хүрнэ гэсэн нааштай хүлээлттэй байгаа” гэж мэдэгдсэн. Мөн АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер: “БНХАУ-ын засгийн газар хэлэлцээний явцад өгсөн амлалтуудаасаа буцсан тул АНУ энэ Баасан гарагт Хятадын бараа, бүтээгдэхүүний импортын тарифаа нэмэгдүүлнэ. Бид зөв замаар явж байна гэж бодож байсан болөнгөрсөн долоо хоногийн хугацаанд Хятад улс амлалтаа зөрчиж байгааг бид харлаа ” гэв.

АНУ-ын зүгээс худалдааны хэлэлцээ хэт удаан явагдаж байна хэмээн үзэж илт түрэмгий алхам хийж байна. Хятадын шахалтан дор хэлэлцээ хийх хүсэлгүй байгаа АНУ нь хэлэлцээг түрэмгий алхамаар зохицуулахдаа өөрсдийн сонгодог арга болох импортын тарифыг нэмэгдүүлж хариу арга хэмжээ авах нь тодорхой болов.

Бээжингийн байр суурь

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гэн Шуан: “Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний 10 хувийн татварыг 25 хувьд хүргэж нэмэгдүүлэх тухай АНУ-ын Д.Трампын мэдэгдлийг үл харгалзан худалдаа, эдийн засгийн ээлжит яриа хэлэлцээхийхээр Хятадын төлөөлөгчид ойрын хугацаанд Вашингтонд айлчилна. Бид 10 удаагийн зөвлөлдөх уулзалт хийгээд байгаа бөгөөд энэ асуудлыг хамтарсан хүчин чармайлтаар зохицуулна гэж найдаж байна” гэж хэвлэлийн бага хурлаар мэдэгдэв. Харин хоёр улсын худалдааны хэлэлцээг Хятадын талаас удирдаж байгаа Шадар сайд Лю Хэ: “Тарифыг нэмэгдүүлэх нь гарц шийдэл биш. Америкийн талтай оновчтой, шударга яриа хэлэлцээ хийнэ гэж найдаж байна” гэв. юм. Хятадын тал АНУ-ын тулган шаардсан байр суурийг цочирдон хүлээж авалгүй нэн тэргүүнд хэлэлцээг үр дүнтэй болгоход голчилж анхаарч байна. Бээжингийн зүгээс худалдааны маргааныг удаан үргэлжлүүлэх сонирхолгүй байгаа ч хэлэлцээг яаравчлах хүсэлгүй байна. Шонхроор бус тагтаагаар тоглон АНУ-ын тавьж буй шаардлагыг зөөлрүүлэх гэж хятадын тал оролдож байна. Хятадын эрх баригчид америкийн талыг буулт хийж магадгүй гэж найдан хэлэлцээг яаравчлалгүй үргэлжүүлж, үр дүнтэй болгоход анхаарч байна.

Санхүүгийн шинжээчдийн байр суурь

ХӨРӨНГӨ оруулагч Уоррен Баффетт “CNBC”-д өгсөн ярилцлагадаа: “Худалдааны дайн бодитоор өрнөх нь дэлхий нийтэд  сөрөг үр нөлөөтэй. Цар хүрээнээсээ сөрөг үр нөлөө нь хамаарна. Ширүүн хэлэлцээний үе бий. Гэхдээ эхэлж нударга зангидчихаад дараа нь гар барьдаг байж болохгүй. Энэ тийм ч үр дүнтэй арга техник биш. Шахалт үзүүлж байгаа тохиолдолд үр дүнг нь таамаглахад бэрх байдаг” гэсэн байна.

Харин Oxford Economics-оос гаргадаг Global Risk Survey тайланд дурдсанаар АНУ, Хятадын худалдааны дайнаас үүдэн Хятадын эдийн засаг удаашрах, АНУ-ын эдийн засагт хүндрэл үүсэх магадлал нь олон улсад тулгамдсан хамгийн том эрсдэл гэсэн байна. Энэхүү эрсдэлээс 200 орчим томоохон бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд мэдэгдэхүйц хүндрэлд орж байна.

UBS банкны Азийн бүсийг хариуцсан ахлах эдийн засагч Тайо Ванг: “Худалдааны маргаанаас болж Хятадын эдийн засгийн өсөлт 2019 онд удаашрах таамагтай байгаа. АНУ-ын эдийн засгийн өсөлт 2019 онд мөн ялгаагүй удаашрах таамагтай байсан ч энэ оны эхний улиралд 3.2 хувиар өсөн шинжээчдийн таамаглалыг эвдлээ. Энэ байдлаас худалдааны маргаан нэг талд ашигтай байгаа тул цаашид үргэлжлэх хандлагатай” гэв.

Goldman Sachs: “Бидний зүгээс АНУ, Хятадын худалдааны маргааныг энэ оны сүүлээр хэлэлцээ байгуулна гэсэн таамагтай байгаа. Талууд анхны хэлэлцээ хийсний дараа л худалдааны тарифын татварыг аажмаар бууруулна гэж бодож байна” гэсэн таамаг гаргасан.

АНУ-ын дотоодын эдийн засаг, улс төр дэх Д.Трампын нөлөө

АНУ-ын эдийн засаг энэ оны нэгдүгээр улиралд 3.2 хувиар өссөн эдийн засгийн шинжээчдийн таамгаас давсан үр дүнд хүрсэн. Мөн АНУ-ын ДНБ-ийг голлон бүрдүүлдэг иргэдийн худалдан авах чадамж нэгдүгээр улиралд 1.2 хувиар өссөн. Экспорт 3.7 хувиар өсөн өмнөх улирлаас огцом өсөлт үзүүлсэн эерэг үр дүнтэй байна. Энэхүү эерэг үр дүнг Д.Трампын хэрэгжүүлж буй худалдааны алдагдлыг бууруулна гэсэн алхамтай холбон ойлгож болох юм. Түүний шийдэмгий жиргээ санхүүгийн зах зээлд нөлөөлж , АНУ-д хөрөнгө оруулалт хийх итгэл худалдааны маргаанаас хойш нэмэгдсэн байна.

Тэгвэл Холбооны нөөцийн сан саяхан бодлогын хүүгээ нэмэгдүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Тус шийдвэр ойрын хугацаанд эдийн засаг өгөөжтэй ч аажимдаа ам.долларыг сулруулахад нөлөөлөх аж. Д.Трамп жиргээгээр ам.долларын индексийг өсгөж, ойрын хугацаанд ам.долларын ханшийг бусад валютын эсрэг чангаруулжээ. Энэ нь АНУ-ын эдийн засагт эергээр нөлөөлөх бөгөөд иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх давуу талтай юм.

Үүнээс гадна Д.Трампын АНУ-ын ерөнхийлөгч хувиар явуулж буй бодлогыг дэмжигчдийн тоо энэ албан тушаалыг хашиж эхэлснээс хойш хамгийн дээд түвшинд буюу 46 хувьд хүрч өссөнийг судалгааны Gallup компаниас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Д.Трампын нэр хүнд ийн өссөнийг нийгэм судлаачид ДНБ урьдчилан таамагласнаас харьцангуй хурдацтай өссөн, ажлын байрны тоо нэмэгдсэн, 2016 оны АНУ-ын сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг шалгасан тусгай прокурор Роберт Мюллерын тайлан зэрэгтэй холбон тайлбарласан байна. Д.Трампын нэр хүнд өсөж, хэрэгжүүлж буй стратеги нь үр дүнгээ өгч байна. Энэ нь түүнийг 2020 оны сонгуульд дахин сонгогдохын тулд ард иргэдээ таалагдах гэж амлалтаа биелүүлж эхэлсэнтэй холбоотой байх магадлалтай юм. Амлалтаа биелүүлж байгаа нь богино хугацаанд эдийн засагт үр дүнгээ өгч, ард иргэдэд мэдрэгдэж эхлээд байгаа бол Moody’s-ийн шинжээчдийн тооцоолсноор худалдааны маргааны нөлөөгөөр  2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлээр санхүүгийн хүндрэл тохиох эрсдэлтэй гэж анхааруулж байгаа юм.

Цаашид юу болох вэ?

Д.ТРАМПЫН жиргээ АНУ, Хятадын худалдааны хэлэлцээг хурцадмал байдалд оруулж талууд харилцан бие биенийхээ бараа бүтээгдэхүүнд дахин импортын тарифыг нэмэгдүүлэх магадлалтай байна. Хятадын зүгээс хэлэлцээ хийх хугацаанд төдийлөн яаравчлахгүй байгаа. Цаашид зөөлөн хүчний стратеги ч баримтлах хандлагатай байна.

Харин АНУ-ын хувьд худалдааны маргааныг түргэн шийдвэрлэхийн тулд бараа бүтээгдэхүүнийг нэр төрлөөс хамааран тарифыг ээлж дараалан нэмэгдүүлж байсан. Дараахан нь Хятадын үндэсний компаниудын нэг болох Huawei-ийн гүйцэтгэх захирал Мэн Ваньжоуг холбоотнуудаараа дамжуулан баривчилж, худалдааны хэлэлцээг түргэвчлэх шахалтыг үзүүлсэн. Хамгийн сүүлд АНУ уламжлалт арга болох 200 тэрбум ам.долларын (тухайлбал өндөр технологи болон гар утас, электрон) бараа бүтээгдэхүүнд 25 хувийн тариф ногдуулж магадгүй байна.

Бээжин, Вашингтон харилцан буулт хийж чадвал энэ ондоо багтан хэлэлцээ хийх магадлалтай.  Нөгөөтээгүүр энэ хэлэлцээрт зөвхөн худалдааны алдагдал бууруулах асуудал яригдаагүй. Хоёр тал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ байгуулахаар аль аль талдаа өндөр шаардлага тавьж байгаагаас харилцан ашигтай үр дүнд хүрч чадахгүй байх талтай.

АНУ-ын хэлэлцээний зорилтууд:

  • Хятадтай хийгдэж байгаа худалдааны алдагдлыг бууруулах;
  • Экспортын хүрээнд түүхий эд, таваар, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нийлүүлэх;
  • Хөрөнгийн зах зээлийг олон улсад нээлттэй болгох;
  • Төрөөс хүчээр баримталж буй юанийн ханшийг чөлөөлөх;
  • Үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан АНУ-ын ашиг орлого өндөртэй компаниудын хувьцааг бодлогоор худалдаж авах асуудлыг цэгцлэх;
  • Оффшор бүс дэх юанийн эргэлт болон санхүүгийн мэдээллийг нээлттэй болгох;
  • Гадаадын хөрөнгө оруулалтын компаниудад тавьдаг зарим шаардлагуудыг зөөлрүүлэх;
  • Өндөр технологийн хуулбарлан үйлдвэрлэх асуудлыг цэгцлэх;
  • Патентыг хуулбар зэрэг олон асуудлыг энэ удаагийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэхийг зорьж байна.

Иймд Д.Трампын Засгийн газрын зүгээс АНУ, Хятадын хоорондох олон асуудлыг нэг дор шийдвэрлэхийн сацуу өөрсдөдөө давуу байдлыг бий болгох зорилготой. Д.Трампын жиргээ зүгээр ч нэг шахалт бус цаашид зах зээлийг савлуулж, хэлэлцээг түргэвчлэх гэсэн улс төрийн зорилготой.


Ангилал: Долоо хоногийн тойм