Хойд хөршийн “хөзөр” буюу эрчим хүчний “донор”-уудын цуглаан

2018-10-11

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/10/1200x674.png

Энэ оны 10 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Москва хотноо дэлхийн эрчим хүчний салбарт тулгамдсан асуудлуудад шийдэл эрэлхийлэх, салбарын үр ашигтай байдал, хөгжлийн асуудлаарх “Оросын эрчим хүчний долоо хоног” (Российская энергетическая неделя – РЭН) олон улсын ээлжит чуулга уулзалт болж өнгөрөв. Дэлхийн эрчим хүчний зах зээлийн гол тоглогчдын нэг Оросын Холбооны Улс нь салбарт нүүрлээд буй сорилтуудын өмнө өөрсдийн нөөц бололцоо, цаашид баримтлах бодлогоо тус форумын үеэр хэрхэн томьёолсныг дүгнэхийг зорилоо.

Салбарын мэргэжилтнүүд, төрийн зохицуулагч байгууллагуудын чуулга

ОЛОН улсын эрчим хүчний салбарын томоохон компани, байгууллагуудын төлөөлөгчид, топ экспертүүд оролцсон “РЭН-2018” форум нь ОХУ-ын түлш, эрчим хүчний цогцолборын чадавхыг харуулах-хэлэлцэх, эрчим хүчний салбар дахь олон улсын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Ердөө хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан хэдий ч оролцсон хүмүүсийн төлөөлөл, хэлэлцсэн сэдвүүдийн агуулгаас тухайн чуулга уулзалтын ач холбогдол цаашид нэмэгдэн Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт (ПМЭФ), Дорнын эдийн засгийн чуулга уулзалт(ВЭФ)-ын хэмжээнд очих төлөв ажиглагдав. Үүсгэн байгуулагчдын анхлан санаачилснаар форум нь хий, нефть, нүүрсний салбар, нефть-хими, цахилгаан эрчим хүчний салбаруудад тулгарч буй үндсэн сорилтуудыг хэлэлцэх талбар болох ёстой байсан ч энэ жилээс цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтнүүд оролцсоноор, мөн 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын хийн чуулга уулзалт (ПМГФ-2018)-тай нэгэн зэрэг болсноор салбарын мэргэжилтнүүдэд хоорондоо уулзаж, асуудлаа хэлэлцэх боломжийг нэмэгдүүлэн өмнөх жилээс онцлог болов.

В.Путин: ОХУ салбарын үр бүтээмж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх замаар өнөөгийн байр сууриа бататгана.

Хөтөлбөрөөс нь үзвэл 4 хоног үргэлжилсэн чуулга уулзалтын хүрээнд үндсэн хуралдаан, панельт хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлага, лекц, салбарын мэргэжилтнүүдийн уулзалт гээд нийтдээ 67 арга хэмжээ зохион байгуулагджээ. Тодруулбал эдгээр арга хэмжээнд 66 орны 471 илтгэгч, ОХУ болон бусад улсын 3000 төлөөлөгчид, нийтдээ 9500 гаруй хүн оролцсон байна. Үүний дотор 438 компанийн захирал, 20 орны эрчим хүчний сайд, дипломат төлөөлөгчийн газрын 30 элчин сайд, Оросын 20 субъектийн тэргүүн нар оролцжээ. Товчхондоо нефть, байгалийн хий олборлогч, экспортлогч “донор” улс, компани, тэдгээрийг нэгтгэсэн байгууллагууд оролцсон бол харин Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн нефть, байгалийн хий, нүүрсний хэрэглэгч улс, компанийн төлөөлөгчид огт байгаагүй нь ихээхэн анхаарал татав. Форумын үеэр 10 гэрээ, тухайлбал ОХУ, Казахстан улсын засгийн газар хооронд нефть, нефть боловсруулах бүтээгдэхүүн нийлүүлэх тухай худалдаа, эдийн засгийн түншлэлийн гэрээг үзэглэсэн байна.

Дэлхийн эрчим хүч, Оросын зах зээлийн манайд хамааралтай хэлэлцүүлгүүдийн сэдвийг онцолбол: “Геополитикийн сценари ба түлш, эрчим хүчний цогцолбор: шинэ бодит байдал”, S&P Global Platts Inc. компанийн “Дэлхийн эрчим хүчний 2040 он хүртэлх таамаг”, “Орчин цагийн дэлхийн эрчим хүчний эрсдэлүүд, тэдгээрийг удирдах нь”, “Ирээдүйн эрчим хүч: тогтвортой хөгжлийн 3 хүчин зүйл”, “Дэлхийн эрчим хүч–2035: бэрхшээлийг давж, боломжоо нэгтгэх нь”, “Эрчим хүчний АНДБН дахь шилжилт: бүс нутгийн түншлэлийн шинэ сорилт, боломжууд”, “Дэлхийн байгалийн хийн зах зээл 2030 он ямар байх вэ?”, “Нүүрсний аж үйлдвэр хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг хангагч гол хүч хэвээр байх уу?”, “Дэлхийн цахилгаан эрчим хүч: аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын сорилтууд”, “Нүүрсний салбар дахь аж үйлдвэрийн технологи 4.0”, “Дулааны үйлдвэрлэлийн шинэчлэл” зэргийг дурдаж болно.

Хувьсаж буй ертөнц дэх тогтвортой эрчим хүч

РЭН-2018-ийн гол үйл явдал нь эхний өдрийн үндсэн хуралдаан, түүнийг нээж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тавьсан илтгэл байв. Илтгэлийн гол санаа: “Дэлхийн эрчим хүчний зах зээлийн гол тоглогчдын нэг болох ОХУ нь салбарын үр бүтээмж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн хөрөнгө оруулалтын таатай, тогтвортой нөхцөлийг бүрдүүлэх замаар өнөөгийн байр сууриа улам бататгана. Хариуцлагатай-найдвартай түншийн эерэг имиж, баялгийн асар их нөөц, түүнийг тээвэрлэх хэрэгсэл-дамжуулах шугам сүлжээний дэд бүтэцтэй зэрэг давуу талуудаа ашиглан дэлхийн нефть, байгалийн хий, нүүрс, цахилгаан эрчим хүчний зах зээл дэх оролцоогоо нэмэгдүүлэх”-д оршиж байв.

Үндсэн хуралдаанаар өрнөсөн хэлэлцүүлгийн тухайд газрын тосны үнийн өсөлт, эрэлтэд нөлөөлж буй хүчин зүйлс, ОХУ-ын байгалийн хий нийлүүлэх бизнесийн онцлогийг голчлон хөндсөн. Хуралдааны хөтлөгч-модератораар CNN Inernational-ийн сурвалжлагч, өдгөө Bloomberg Television-д шилжсэн Райан Чилкоут (Chilcote Ryan) ажилласан бөгөөд ерөнхийлөгч Д.Трампын хийсэн мэдэгдлүүд, Оросын тусгай албад, Скрипалийн хэрэг зэрэг АНУ, Оросыг тойрсон асуудлуудаар асуултуудаа хачирлаж байсан нь “гадны сурвалжлагч”-аар хөтлүүлсэн бусад хуралдааны адил улс төрийн өнгө аястай болгов.

Нефтийн үнийн огцом өсөлт гаднын нөлөөтэй дотоод улс төрийн тогтворгүй байдлаас улбаатай.

Газрын тос. Газрын тосны үнэ өндөр байгааг ОПЕК-ийн орнуудын шийдвэртэй холбон буруушааж, АНУ нефтийн үнийг идэвхтэй залуурдахыг хичээж байгаад ямар байр суурьтай байгаа талаар Р.Чилкоутын асуултад В.Путин: “Олборлолтын хэмжээг бууруулан бага түвшинд байлгах нь өөрөө зорилго биш бөгөөд зөвхөн илүүдэл нөөцийг багасгах, нефтийн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар зах зээлийг тэнцвэржүүлж үнийн огцом өсөлтөөс сэргийлэх зорилготой” болохыг тайлбарлав.

Түүний өгүүлснээр, нефтийн үнийн өсөлт Иран цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр хэрхэн шийдэгдэх хүлээлт, Умард Африк, Венесуэлийн олборлолт буурсан зэрэг хүчин зүйлээс үүдэлтэй. Эдгээр нь гаднын нөлөөтэй дотоод улс төрийн тогтворгүй байдлын шалтгаантай болохыг онцлов: “Үнийн өсөлтийн гол буруутныг ольё гэвэл Дональд чи толинд харах хэрэгтэй. Зах зээлийн үйл явцад оролцон, улс төрийн арга хэрэгслээр өрсөлдөх давуу тал олох гэж оролдохын, Зөвлөлт Холбоот Улс шиг үнэ зохицуулах гэж оролдохын хэрэггүй” гэв.

Түүнийхээр ийм оролцоо сайн зүйлд хүргэхгүй бөгөөд чухамдаа асуудал ОПЕК-ийн уялдаатай ажиллагаанаас гэхээс илүүтэй “геополитикийн” гээд байгаа бодит хүчин зүйлээс илүүтэй хамаарч байгаа ажээ. Тэрбээр гол буруутанд эрчим хүчний үйлдвэрлэгч рүү хуруугаараа заах биш, хэрэглэгчид очих үнийг татварын бодлогоор тодорхойлогч тухайн улсаас эцсийн бүтээгдэхүүний үнэ ихээхэн хамаардаг тул Р.Чилкоутаас түүнийг АНУ-ын дотоод хэрэгт татан оролцуулахгүй байж эрчим хүчний сэдвээр хэлэлцүүлгээ үргэлжлүүлэхийг хүсэв.

ОХУ нь нефть олборлогч орнуудын яриа хэлэлцээг дэмжин, газрын тосны зах зээлийг тогтвортой байлгах урт хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж, энэ салбарыг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх аж.

Лавлагаа. ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новакийн онцолсноор энэ жилийн оросын нефтийн олборлолт 553 сая тоннд, 2021 онд 570 сая тоннд буюу дээд цэгтээ тулж, аажмаар бууран 2035 он гэхэд 310 сая тоннд хүрэх аж. Газрын тосны олборлолт ямар нөөцтэй шинэ орд газар илрүүлэх, хүрэхэд хүндрэлтэй газраас бага өртгөөр гаргаж авч чадах эсэх, олборлолтын шинэ технологийн шийдэл нэвтрүүлэхээс ихээхэн шалтгаалах бөгөөд ОХУ ойрын ирээдүйд газрын тосны дийлэнх хэсгийг эрэг орчмоос олборлоно гэж шинжээчид дүгнэж байна. Хэдийгээр Европ, Америк тивд ялгаагүй өсөж байгаа боловч ойрын ирээдүйд газрын тосны эрэлт үндсэндээ Ази, Номхон далайн бүс нутгийн хэрэглэгчдээс шалтгаалан өсөх төлөвтэй байна.

В.Путин: Савалгаа, тогтворгүй байдлын хүчин зүйлсийн тоо өсөн нөхцөл байдлын өрнөл тааварлашгүй болж байгаа нь хамгийн их сэтгэл зовоож байна.

Байгалийн хий. ХБНГУ тэргүүтэй Европын орнууд байгалийн хий, газрын тосоор “Оросын барьцаанд орсон” гэх Д.Трампын мэдэгдлийн тухайд түүний өгсөн хариулт: “Шингэрүүлсэн хий ОХУ-ын шугам хоолойн хийнд өрсөлдөгч биш. Орос, Европын хооронд хамгийн оновчтой хувилбар нь шугам хоолойн хийн нийлүүлэлт бөгөөд үнэ нь ямар ч үед үргэлж өрсөлдөх чадвартай байна. Европын байгалийн хийн импортод оросын нийлүүлэлт 34 хувийг эзэлдэг бол америкийн шингэрүүлсэн хий 30 хувиар илүү өндөр өртгөөр Германы зах зээлд нийлүүлэгдэх тул эдийн засгийн өрсөлдөх чадварт нь нөлөөлөх нь гарцаагүй. ХБНГУ тус улсын эрчим хүчний бүтцэд 34 хувийг эзэлдэг цөмийн эрчим хүчээ “хаах” шийдвэр гаргасан. Цахилгаан эрчим хүчнийхээ 40 хувийг нүүрсний тусламжтайгаар боловсруулдаг. Цөмийн цахилгаан станцуудаа хаан, нүүрснийхээ үйлдвэрлэлийг буурууллаа гэхэд дан ганц салхи, нарны (сэргээгдэх) эрчим хүчээр явах нь хангалтгүй” аж. Товчхондоо эрчим хүчнийхээ бүтцэд гарч буй орон зайг Герман улс юугаар нөхөх гэж байгаа нь В.Путины сонирхлыг татав.

Лавлагаа. ОХУ-ын Эрчим хүчний яамнаас гаргасан судалгаагаар дэлхийн байгалийн хийн хэрэглээ үргэлжлэн өсөх аж. Тухайлбал, өнгөрсөн 10 жилд байгалийн хийн олборлолт 21 хувиар буюу 640 тэрбум шоо метрээр өссөн бол худалдаа 46 хувиар нэмэгдэн 1 их наяд 134 тэрбум шоо метрт хүрсэн байна. 2035 он хүртэл эрчим хүчний уг эх үүсвэрийн эрэлт 40 хувиар, худалдаа жил болгон 2.6 хувиар өсөх бол нийт хийн нийлүүлэлт 1 их наяд 477 тэрбум шоо метрээр нэмэгдэх тооцоог гаргасан байна. Шингэрүүлсэн байгалийн хий. Уг эх үүсвэрийн зах зээлд эзлэх хувь 70 хувьд хүрч нэмэгдэх бөгөөд ирэх 10 жилд хэрэглээ 2 дахин, гадаад худалдааны бүтцэд эзлэх хувь 2.3 хувиар тус тус нэмэгдэх аж. 2025 он гэхэд шингэрүүлсэн хийн зах зах зээл 440 сая тонн, 2030 онд 700 сая тоннд хүрнэ. Ойрын 10 жилд Европын оросоос авах шугам хоолойн хий хэмжээ 100 тэрбум шоо метрт хүрнэ. Өрнөдийнхний ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хоригийг үл харгалзан сүүлийн жилүүдэд оросын хийн экспорт жилд 6-7 хувиар өссөн статистик үзүүлэлттэй байна. “Газпром”-ын Европын зах зээлд эзлэх хэмжээ 2017 онд өнгөрсөн үетэй харьцуулахад 34.7 хувиар өссөн бол 2035 он гэхэд уг хэмжээ 38-41 хувьд хүрэх таамгийг HIS, WoodMackenzie дүн шинжилгээний агентлагууд дэвшүүлээд байна. Тус компанийн ТУХН-ын орнуудаас бусад улс орнуудад нийлүүлсэн хийн экспорт 2017 онд 8.4 хувиар өсөн 194.4 тэрбум шоо метрт хүрсэн бол 2018 оны эцэст уг хэмжээ 200 тэрбум шоо метр давах төлөвтэй байна.

Өрнөдийнхний эдийн засгийн хоригийг үл харгалзан сүүлийн жилүүдэд ОХУ-ын хийн экспорт жилд 6-7 хувиар өссөн.

Нүүрс. 10 жилийн өмнө уг төрлийн эрчим хүчний нийлүүлэлтийн ирээдүйд итгэх хүн цөөн байсан бол өнөөдөр нүүрсний эрэлт тогтвортой өсөн, ялангуяа Ази, Номхон далайн бүс нутагт нэмэгдэж байгааг форумд оролцогчид онцолсон бол ОХУ-ын хувьд уг өсөлттэй зах зээлд оролцоогоо нэмэгдүүлэн байр сууриа баталгаажуулах нь маш чухал байгаа гэж В.Путин илтгэлдээ онцолсон. Тэрээр стратегийн хэд хэдэн шийдвэрийг гаргаад байгаагийн дотор БАМ, Транссибирийн төмөр замын нэвтрүүлэх чадлыг өргөтгөн далайн боомтуудын хүчин чадлаа нэмэгдүүлж байна. ОХУ-ын эрчим хүчний сайдын орлогч Анатолий Яновскийн дүгнэснээр дэлхийн нүүрсний зах зээлд Оростой өрсөлдөх ганц улс нь Австрали улс аж.

Лавлагаа. 2012-2017 онд оросын нүүрсний олборлолт 15.5 хувиар нэмэгдэж 410 сая тоннд хүрсэн бол энэ жил уг үзүүлэлт 420 сая тонныг давж, 1988 оны ЗХУ-ын үеийн хамгийн дээд амжилтыг эвдэх төлөвтэй байна. ОХУ нь 2017 онд 190 сая тонн нүүрс экспортлон уг үзүүлэлтээр дэлхийд гуравдугаарт жагссан. Өнгөрсөн 20 жилд нүүрсний зах зээл жилд дунджаар 4 хувиар өссөн. ОХУ-ын эзлэх хувь 1997-2017 онд 4-с 16 хувь болж 4 дахин нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд нүүрсний салбарыг хөгжүүлэх стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн тулгуур баримтууд гарсны нэг нь “Оросын нүүрсний аж үйлдвэрийг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр-2030” юм.

Хуралдааны төгсгөлд салбарын ирээдүйг хэрхэн харж байгаа талаар Р.Чилкоутын асуултад В.Путин: “Улс төр, аюулгүй байдал болон эдийн засгийн салбарууд дахь савалгаа, тогтворгүй байдлын хүчин зүйлсийн тоо өсөн нөхцөл байдлын өрнөл тааварлашгүй болж байгаа нь хамгийн их сэтгэл зовоож байгаа” хэмээв. Тэрээр зах зээлд таатай нөхцөл бүрдүүлэх гарцыг хамтдаа хайж олох зайлшгүй хэрэгтэй бөгөөд үүнийг түншүүддээ тулгах хэлбэрээр биш бодлогоо уялдуулах замаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэв.

Дүгнэлт

ДЭЛХИЙ нийтийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага эрчим хүчтэй салшгүй холбоотой. Эрчим хүчний эх үүсвэр болсон байгалийн нөөц баялаг, түүнд хүрэх коридорын төлөөх тэмцэл эрчээ авч, байгалийн хий, газрын тос бусад эрчим хүчний эх үүсвэрийн олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогч улс орон, компани, салбарын байгууллагууд нийтлэг ашиг сонирхлоо хамгаалах үүднээс уялдаатай бодлого явуулах боллоо.

Үүний нэг тод жишээ нь дэлхийн эрчим хүчний зах зээлийн гол тоглогчдын нэг Оросын Холбооны Улс салбарт нүүрлээд буй сорилтуудыг давж туулах, зах зээлд таатай нөхцөл бүрдүүлэх гарцыг хамтдаа хайж олохыг түншүүддээ санал болгон геополитикийн хүчин зүйлүүдээс хамааралтай тодорхойгүй, тогтворгүй байдлыг бууруулах чиглэлд ажиллахад голлон анхаарч байна.

ОХУ нь баялгийн нөөцөө олборлох, боловсруулах болон түүнийгээ тээвэрлэх шугам сүлжээний дэд бүтцээ барьж байгуулах үр бүтээмжтэй технологийн шийдлүүдийг нэвтрүүлэн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байна.


Ангилал: Долоо хоногийн тойм