Ц.Амар: Монголд массыг хамарсан бүтээн байгуулалт байхгүй нь алдаа болж байна

2018-04-10

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/04/ad654fasd54.jpg

Аюулгүй байдлын судлалын хүрээлэнгийн судлаач Ц.Амарын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага

-Өнөөдөр манай улсын эдийн засгийн аюулгүй байдал ямар байна вэ?

-Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш манай улсад гурван удаа эдийн засгийн хямрал болсон. Шилжилтийн үеийн эдийн засгийн хямрал нүүрлэсний дараа нь түүхий эдээс хамааралтай дэлхийн эдийн засгийн хямралд өртөв. Сүүлд валютын зээлийн хямралаас үүдэлтэйгээр 2016 онд эдийн засаг хүндэрсэн. Энэ хямралууд болонгуут эдийн засгийн аюулгүй байдал хөндөгддөг. Манай улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа Эдийн засгийн аюулгүй байдлыг хамгийн түрүүнд дурдсан байгаа. Юун түрүүнд ДНБ-ийн жилийн өсөлт таван хувиас дээш байлгана, ДНБ-д эзлэх улсын нэгдсэн төсвийн алдагдал хоёр хувиас хэтрэхгүй байна гэх зэргээр суурь үзүүлэлт бий. Мөн аж үйлдвэрийн салбарын боловсруулах үйлдвэрийн жин 60-аас дээш хувьтай байна гэх зэргээр эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг дурдсан байгаа. Ер нь энэхүү бодлогын баримт бичиг 2010 онд гарсан бол дараа жил нь эдийн засаг 17.3 хувиар өссөн. Тэрнээс хойш явсаар 2015 оноос хойш ДНБ 2.5 хувиар өсөөд эдийн засгийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтдээ хүрч чадахаа больж байна шүү гэдэг мессэжийг өгсөн юм.

-Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг Засгийн газраас зарлалаа. Монгол Улсын хөгжлийн нэг багана нь Олон тулгуурт эдийн засаг байна гэж үзжээ. Энэ бодлого хэрэгжсэнээр манай улсын эдийн засаг ямар болно гэж харж байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийн тулгуур гадаадын хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнээс хамааралтай экспорт, төсвийн бүрдэлтээс хамаарсан эдийн засгийн суурьтай. Улс зах зээл дээр ямар хэмжээнд мөнгө нийлүүлж, ямар бодлого баримтална тэрнээс үүдэж эдийн засаг сайжирна. Төсвийг бүрдүүлэхдээ засгийн газар маань бонд гаргаж, зээл авч байна. Төсвийн алдагдал 2011 оноос дандаа алдагдалтай байсан. Энэ алдагдлыг ДНБ-ий хоёр хувьд барина гэсэн байдаг. Гэтэл төсвийн алдагдал маань 2013 онд -1.2 хувьд болсон. Төсвийг алдагдалгүй батална гэдэг ойлголт Засгийн газрын түүхэнд байсангүй. Магадгүй бид төсвөө алдагдалгүй болчихвол Төв банк мөнгөний бодлогын хүүгээрээ дамжуулж эдийн засгаа удирдах боломжтой. Гэвч эдийн засгийн маань суурь ухагдахуун Засгийн газар хамгийн том ажил олгогч болоод байгаад байна. Саяхан Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг дээр Монгол Улс 189 мянган төрийн албан хаагчтай байна гэж Ерөнхийлөгч хэлсэн. Засгийн газар өөрөө ажил олгогч болоод эхлэнгүүт бизнесийн салбар, компанийн засаглал, чөлөөт эдийн засгийг хөгжүүлэх боломжгүй болоод байгаа юм. Ингэхээр эдийн засгийн аюулгүй байдалд аж үйлдвэрийн салбар байхгүй болж байгаа нь гол үндэс болж байна. ДНБ-ийг салбараар ангилбал хөдөө аж ахуйн салбар 1996 он хүртэл тогтвортой өссөн байдаг. Тэрнээс хойш энэ салбар аажмаар буураад эхэлсэн. Энэ нь юу вэ гэвэл бид хоёр хөрштэйгөө заавал ярина. Хятадын хөдөө аж ахуй дахь нөлөөлөл улам нэмэгдээд эхэлсэн. Ченжүүдээр дамжуулаад түүхий ноосоо урд хөрш рүү гаргадаг болсон систем рүү орсон гэдгийг статистикаас харж болно. 1995 оноос аж үйлдвэржилтийн салбарын хөгжил зогсонги байдалд орсон. Харин уул уурхай 2000 оноос хойш давтамжтай өссөн. Улмаар 2007 оноос өсөлтийн үедээ ирсэн. Уул уурхай бол үнээс хамааралтай. Манайх уул уурхайн бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээхгүйгээр экспортолдог онцлогтой улс болоод байна л даа. Үүндээ гуравдагч хөршийн бодлогыг ярьдаг гол суурь үндэс байдаг. Гэтэл бид Эдийн засгийн аюулгүй зөвлөлийн үзэл баримтлал дээрээ аж үйлдвэрийн салбарын боловсруулах үйлдвэрийг өндөр хэмжээнд эзлүүлдэг болгоно гэж яриад байгаа. Гэтэл эдийн засаг маань салбараар ангилбал сүүлийн 2006, 2007 оноос хойш хэрэглээ ба үйлчилгээнд суурилсан эдийн засагтай болжээ. Бид үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс болсон байна. Жишээлбэл, Шинэ Зеландын эдийн засгийг нь бүрдүүлдэг гол хүчин зүйл бол хөдөө аж ахуйн салбар байна. Япон, Солонгос гэхэд технологижсон үйлдвэржилт дээр явж байна. Хятад улс суурь үйлдвэржилт болон технологийн үйлдвэржилтийг хослуулсан эдийн засагтай байна. Гэтэл Монгол Улсын ДНБ-ий эзэлж байгаа гол үзүүлэлт нь үйлчилгээний салбар байна. Үүнд банк, даатгал, хоолны салбар, зочид буудал, үзвэр үйлчилгээ гээд энэ салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Улс орондоо үйлдвэрлэх биш, үйлчилгээ үзүүлж валютын урсгалаа гадагш чиглүүлсэн бодлого явуулж байна. Бид Хятадад хямд өртгөөр боссон бараа бүтээгдэхүүнийг импортлоод үүн дээрээ тодорхой ашгийн хувиа нэмдэг байдал 90 оноос хойш явж ирсэн. Гэтэл үйлчилгээнд суурилсан АНУ-тай дүйцэж эхлэхээр болжээ. АНУ бол ДНБ-ийхээ 70 орчим хувийг үйлчилгээ ба хэрэглээнд суурилсан эдийн засгаар бүрдүүлдэг юм. Их гүрэн гэдэг бол үйлдвэржилтийн бодлого нь шигтгэгдчихсэн, үндэстэн дамнасан корпорациуд нь төлөвшчихсөн байдаг. Гэтэл Монгол Улс маань эдийн засгийн аюулгүй байдлаа бодвол үйлдвэржсэн, хөдөө аж ахуй руу чиглэсэн, аж үйлдвэр, уул уурхайн салбар гээд төрөлжүүлж хөгжүүлэх ёстой.

-Аялал жуулчлалыг эдийн засгийн хөгжлийн нэг тулгуур гэж үзээд байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Манайхан эдийн засгаа солонгоруулна гэхээрээ аялал жуулчлалыг их ярьдаг. Аялал жуулчлал маань өөрөө үйлчилгээнд суурилсан эдийн засаг. Би үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хөлс авдаг. Тэгэхээр энэ эдийн засаг руугаа хэтэрхий налсан байна уу гэж бодогдлоо. Энэ удаагийн Гурван тулгуурт хөгжлийн бодлого дээр сайшаах зүйл харагдсан. Бид хоёр хөршөө бодлогодоо оруулдаггүй онцлогтой байсан. Тэгвэл Гурван тулгуурт хөгжлийн бодлого дээр хоёр хөршөө сайн судалсан байна лээ.

-Гуравдагч хөршийн бодлого баримталдаг манай улс Япон, Солонгостой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ нь эдийн засгийн хөгжилд хэр түлхэц болдог юм бэ?

-Бид гуравдагч хөршөөрөө АНУ, Япон, Солонгос гээд тодорхой заагаад өгдөг. Тэдэнтэйгээ эдийн засгийн түншлэлийн чөлөөт хэлэлцээр байгуулчихсан. Гэтэл манай худалдааны гол гарц нь хоёр хөрш байна. ОХУ-аас шатахуун импортолж, БНХАУ руу нүүрсээ гаргаж байгаа. Тэгэхээр бид хоёр хөршийнхөө томоохон геополитикийн орчныг судлах шаардлагатай. Ямар эдийн засгийн том хөдөлгөөн рүү орж ирэв гэдгийг анхаарах шаардлагатай болчихож байгаа юм. Тэгэхгүйгээр Япон, Солонгос, АНУ-ын эдийн засгийн бодлого юу байна вэ гэх юм бол худалдааны хувьд алдагдалтай байна л даа. Тэдгээр улсуудаас импортын бүтээгдэхүүн түлхүү авдаг болохоос биш, экспортолж гаргадаг бүтээгдэхүүн гэвэл төдийлөн өндөр өртөгтэй, дүн тоо хэмжээ нь их биш. Оросоос гэхэд нефтийн бүтээгдэхүүн гол импортолж байна. Хятад руу нүүрсээ гаргаж байна. Ингээд харахаар бид дэлхийн зах зээлийн түүхий эдийн цаашдын чиг хандлагыг Гурван тулгуурт хөгжлийн бодлоготойгоо жинхэнэ холбож өгөх байсан юм.

-Энэ хөгжлийн бодлогын хүрээнд татварын орчныг шинэчилж байгаа юм билээ?

-Татварын орчныг сайжруулна гэхээсээ илүүтэйгээр хөрөнгө оруулалтын нөхцөл байдал сэргэчихжээ. 2016 оноос хойш улс орнууд өөрсдийнхөө дэд бүтцийг хөгжүүлэх стратегийг барьж эхлүүлсэн юм. Хятад гэхэд 13 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө дотоодын дэд бүтцээ хөгжүүлэх “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд коридорын орнуудынхаа дэд бүтцийг сайжруулах гэсэн бодлогыг баримталсан. АНУ-д Д.Трамп гарч ирээд дотоодын дэд бүтцийг сайжруулахын тулд 500 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийнэ гэлээ. Дотоодынхоо бүтээн байгуулалт руугаа чиглэсэн бодлогыг улс орнууд зарласан нь нүүрсний үнийг тогтвортой өсгөх хандлага руу оруулсан байдаг. Энэ нь түүхий эдийн зах зээл рүү шилжих зам руу орно.

Ер нь компаниуддаа нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснийх нь төлөө татаас өгөлгүйгээр өрсөлдөөнт хэлбэр рүү оруулж өгөх харэгтэй. Эсрэгээрээ тэднийхээ татварын бодлого дээр хөнгөлж өгөх зэрэг илүү ойлгомжтой бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж харж байна.Ингэж чадвал Эдийн засгийн аюулгүй байдлыг бодлогын хэсэг дээр дурдсанчлан аж үйлдвэрийн боловсруулах үйлдвэрийн жингийн хувиа 60 хувь хүртэл нэмэх боломжтой. Мөн Гурван тулгуурт хөгжлийн бодлогод инфляцийг 10 хувиас доош түвшинд байлгана, түүхий эдийн нийт экспортын эзлэх хувийг 30 хувь хүртэл төрөлжүүлнэ, эрчим хүчний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээрээ 100 хувь хангана гэсэн тоо баримтууд аюулгүй байдлын хамгаалалтдаа хүргэнэ. Гэхдээ аюулгүй байдалдаа хүргэнэ гээд байвал эдийн засаг маань тэлэх боломжгүй. Эсвэл хэтэрхий их тэлээд байвал эдийн засгийн аюулгүй байдлаа алдах талтай.

-Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд эдийн засгаа сайжруулахын тулд юуг анхаарах ёстой вэ?

-Эдийн засгийн хөгжлийн тулгууртаа эдийн засгийн коридорыг сайн оруулах ёстой. Монгол, Хятад, Орос гэсэн гурван улсын эдийн засгийн коридорыг тэргүүн эгнээнд бий болгоно гээд урд хөрш 13 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө зорилт тавьсан. Энэ нь Хятадын хувьд хамгийн эрсдэл багатай гэж байгаа. Дэд бүтцээ шийдээд өгчихвөл компанийн засаглал илүү хөгжинө.

-Хөгжлийн бодлогодоо 263 мянган ажлын байр шинээр бий болгоно гэсэн байна лээ?

-Эдийн засгийн аюулгүй байдал дээрээ ажилгүйдлийн түвшинг 30-аас дээш хувь байлгаж болохгүй гэж заасан байгаа. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтраад 2016 онд манай улсын ядуурлын түвшингийн судалгааг гаргасан байдаг. Өнөөдөр ажилгүйдлийн түвшин гуравны нэгдээ хүрчээ. Бодлогын бичиг баримт дээр 30 хувиас доош байлгана гэснийгээ давах гэж байна. Бид үйлчилгээ ба хэрэглээнд суурилсан эдийн засгаасаа татгалзаад хөдөө аж ахуй, уул уурхайг дэмжсэн бодлого руугаа илүү орох юм бол 263 мянган ажлын байр бий болгож чадна. Үүний тулд МСҮТ дээр суурилсан инженерүүдээ бэлдвэл эдийн засгийн дархлаа маань бэхжих боломжтой болно.

-Хятад улс дөрвөн жилийн дараа 1.4 тэрбум хүнээ ядуурлаас гаргана гэж зарласан. Харин манай улс Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр хэдий хугацааны дараа ядуурлаас гарах бол?

-Ер нь Хятадын ядуурлаас гарч байгаа гол үндэс нь дотоодынхоо үйлдвэржилтийг дэмжсэнтэй холбоотой. Тосгодуудынхаа бүтээн байгуулалтыг дэмжсэн байдлаар 12 дугаар таван жилийн төлөвлөгөө явсан. Харин 13 дугаар таван жилийн төлөвлөгөө бол дэд бүтцийг сайжруулах юм. Энэ бодлогын баримт бичгийг хараад байхад ажиллах хүчний экспорт руу чиглэж байна. Гэтэл манайх ажиллах хүчин дотооддоо бэлэн байгаад байдаг. Үйлдвэржилт юм уу, массыг хамарсан бүтээн байгуулалтууд, системийн хөгжил байхгүй нь алдаа болж байна.

-Ер нь эдийн засаг улс төртэй шууд хамааралтай. Одоогийн Засгийн газрын гаргасан бодлогыг дараагийн засаг нь өөрчлөх юм уу гацаах байдал ажиглагддаг. Энэ нь эдийн засагт хэр хортой вэ?

-Ер нь гадаадын хөрөнгө оруулагчид манайхыг гайхдаг л даа. “Засгийн газар дунджаар 1.7 жилийн насжилттай. Хөрөнгө оруулалтын тогтворгүй орчныг бий болгож байна” гэдэг. Засгийн газар нь тийм байж болно. Гэхдээ төрийн алба нь тогтвортой байх ёстой. Японд Ерөнхий сайд нь солигдож л байдаг. Харин төрийн алба тогтвортой байдаг. Тиймээс засаглалын хувьд тогтвортой байх нь гадны хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах нэг үндэс юм. 2011 онд манайд 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Ингээд 2012, 2013 онд гадны хөрөнгө оруулалт чөлөөтэй нэмэгдэж байсан. Энэ нь Оюу толгойн гэрээ хэлэлцээр зурагдаад хөрөнгө оруулалтын бодлого нь зөв байсантай холбоотой юм.

-Эдийн засгийн тагнуулыг хүмүүс эерэгээр тайлбарлаад байх юм?

-Ер нь янз бүрээр хардаг л даа. Зарим нь судалгаа хийж байгаа хүмүүсийг тагнуул гэдэг. Харин зарим улс шинжлэх ухаан технологийнх нь нууцыг хулгайлахыг тагнуул гэх зэргээр улс орон өөр өөрийн өнцөгтэй. Эдийн засгийн тагнуул гэхээсээ илүү Монголын эдийн засгийн бодлого нь ийм шүү гэсэн тогтолцооны алдаагаа зөв гаргаад ирвэл бид олон улсад нээлттэй, чөлөөтэй, ардчилсан засаглалтай байна гэдгээ тодотгоно. Одоо манай улс банкны эдийн засагт суурилсан эдийн засагтай. Аажмаар иргэд банкинд мөнгөө хадгалуулахаасаа татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, иргэд хөрөнгө оруулагчид болж байна л даа. Санхүүгийн салбарын мэдлэг нь сайжирч байна гэсэн үг. Энэ бол эерэг мессэж. Гэхдээ бид улс төрийн тогтвортой байдлыг бий болговол эдийн засгийн аюулгүй байдалд суурь эерэг тал болно. Тиймээс үүн рүү чиглэсэн бодлогыг бий болгох нь зүйтэй.

https://dnn.mn/ц-амар-монголд-массыг-хамарсан-бүтээн-байгуулалт-байхгүй-нь-алдаа-болж-байна/


Ангилал: Долоо хоногийн тойм