21-р зууны эхэн үеэс хойш Энэтхэг улс Исламын Бүгд Найрамдах Иран Улстай харилцах бодлогоо идеологийн хамаарал багатай, харин прагматик, геополитикийн ашиг сонирхолд тулгуурласан хэлбэрээр тодорхойлж ирсэн. Ираны геостратегийн ач холбогдол нь түүний газарзүйн байршлаас эхтэй. Персийн булан дахь эрчим хүчний худалдааны гол замуудын уулзвар дээр оршихын зэрэгцээ Энэтхэгийн далайгаас Төв Ази, Кавказ, цаашлаад Евразийн эх газарт хүрэх байгалийн гарц болдог нь Ираныг Энэтхэгийн бүс нутгийн стратегийн тооцоололд оруулдаг.
Ялангуяа Пакистан нь Афганистан болон Төв Ази руу хуурай замаар нэвтрэх боломжийг системтэйгээр хааж ирсэн нөхцөлд Ираны Чабахар боомт Энэтхэгийн хувьд стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн зангилаа болж ирсэн. Чабахар нь Энэтхэгт Пакистаныг тойрсон бүс нутгийн холболтыг бий болгохоос гадна Афганистаны эдийн засгийн тогтвортой байдал, улмаар Төв Азийн зах зээлд нэвтрэх боломжийг нээж өгдөг. Энэ хүрээнд Иран, Энэтхэг хоёр Афганистаныг бие даасан, гаднын ноёрхолд автаагүй улс болгох сонирхлоороо давхцдаг.
Ойрх Дорнодод эрх мэдлийн шилжилт эрчимжиж буй өнөө үед Тегеран Энэтхэгийг чухал түнш хэмээн үзсээр байна. Харин Шинэ Дели АНУ, Персийн булангийн орнууд, Израильтай харилцаагаа эрчимтэй өргөжүүлж буй ч Ирантай харилцаагаа бүрэн таслахгүй байхыг хичээж ирсэн нь түүний стратегийн автономийг[1] хадгалах бодлогын бодит илэрхийлэл юм.
2005 онд байгуулсан Энэтхэг-АНУ-ын иргэний цөмийн хэлэлцээр нь Энэтхэгийг олон улсын цөмийн тусгаарлалтаас гаргаж, АНУ-тай дэлхийн стратегийн түншлэлийн шинэ шатанд гаргасан ч үүний зэрэгцээ Энэтхэг-Ираны харилцаа нь Шинэ Делигийн гадаад бодлогын бие даасан байдлыг шалгах тест болж хувирсан. АНУ Ираныг бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлэгч гэж үзэж ирсэн бол Энэтхэг ийм хатуу байр суурь баримталхаас зайлсхийж ирсэн. Шинэ Дели Ираны цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах эрхийг дэмжиж, Иранаас эрчим хүч импортлохтой холбоотой АНУ-ын нэг талын хориг арга хэмжээг эсэргүүцэж байсан ч цөмийн зэвсэг түгээхгүй байх олон улсын дэглэмийг дэмжиж, ОУАЭА-ийн[2] хүрээнд 2005, 2006, 2009, 2011 онуудад АНУ-ын байр суурийг дэмжсэн санал[3] өгч байв.
АНУ-ын Ирак руу хийсэн довтолгоо бүс нутгийн эрх мэдлийн тэнцвэрийг үндсээр нь өөрчилж, Ираны стратегийн орон зайг тэлсэн. Ираны дэмжлэгтэй Шиитийн улс төрийн хүчнүүд Иракт ардчилсан сонгуулиар засгийн эрхэнд гарснаар Арабын ертөнцөд шашин-улс төрийн тэнцвэр шинэ хэлбэрт шилжсэн. Үүний үр дүнд ихэнх Суннит Арабын улсууд Ираныг бүс нутгийн гол заналхийлэл хэмээн үзэх болсон. Иран АНУ, Израилийн цэргийн дарамтад хариу болгон тэгш бус саатуулах стратеги хэрэгжүүлж, төрийн бус зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжих замаар “эсэргүүцлийн тэнхлэг”-ийг бэхжүүлсэн нь Йемен, Ливан, Сири, Ирак зэрэг улсуудын дотоод тогтворгүй байдлыг улам гүнзгийрүүлсэн. Гэсэн ч энэ өрнөл Энэтхэгийг Персийн булангийн орнууд болон Пакистан, Афганистанд төвлөрсөн суннит жихадист сүлжээнүүдийн уялдаа холбооноос илүүтэйгээр түгшээж байсан нь түүний аюулгүй байдлын гол приоритет хаана байгааг тодорхой харуулна.
2000-аад оны эхээр Энэтхэг-Ираны батлан хамгаалах хамтын ажиллагаа АНУ-ын мэдрэмтгий байдлаас үүдэн саарсан ч хоёр улс Пакистаны хил дамнасан терроризм, Афганистанд ноёрхох оролдлогын эсрэг нийтлэг байр суурь баримталж байв. Энэ хүрээнд Иран нь Энэтхэгийн Афганистан, Төв Азид нэвтрэх стратегийн “гол холбоотон” болон үлдсэн. Үүний зэрэгцээ Персийн булангийн орнууд Пакистантай, ялангуяа Хятадын дэмжлэгтэй Гвадар боомтын хүрээнд харилцаагаа гүнзгийрүүлж буй нь бүс нутгийн өрсөлдөөнийг улам хурцатгасан. 2019 онд Саудын Арабын титэмт хунтайж Мохаммед бин Салман Пакистанд айлчилж, Гвадар дахь нефть боловсруулах үйлдвэрт 10 тэрбум ам.долларын[4] хөрөнгө оруулалтын санамж бичигт гарын үсэг зурсан нь энэ стратегийн өрсөлдөөний тод жишээ юм.
Сүүлийн арван жилд Энэтхэг улс АНУ, Израиль, АНЭУ-тай стратегийн харилцаагаа эрчимтэй өргөжүүлж, I2U2[5] болон Энэтхэг-Ойрх Дорнод-Европын эдийн засгийн коридор (IMEC) [6] зэрэг санаачилгад идэвхтэй оролцох болсон. Эдгээр санаачилга нь худалдаа, дэд бүтэц, эрчим хүч, технологид төвлөрч байгаа ч геоэдийн засгийн утгаараа Ираны Ормузын хоолойд суурилсан стратегийн хөшүүргийг сулруулах нөлөөтэй. Үүний улмаас Тегеран тодорхой түгшүүр илэрхийлж байгаа ч Энэтхэг бүс нутгийн аюулгүй байдлын эвсэлд хэт гүн татагдахгүй, эдийн засгийн хамтын ажиллагаанд төвлөрөх байр сууриа хадгалж буй аж[7].
Энэхүү тэнцвэрийн бодлогыг сорьж буй хамгийн бодит хүчин зүйл бол АНУ Ираны Чабахар боомтод олгосон хоригийн чөлөөлөлтийг 2025.10 сард цуцлах шийдвэр гаргасан ч шийдвэрийг 2026.4 сар хүртэл түр хойшлуулах шийдвэр гаргасан явдал юм[8]. Анх 2018 онд олгогдсон уг чөлөөлөлт нь Энэтхэгийн хөрөнгө оруулалтаар Чабахарыг хөгжүүлэх, Афганистан болон Төв Азитай тогтвортой холболт бий болгох, улмаар Евразийн худалдааг өргөжүүлэх стратегийн зорилгод дэмжлэг үзүүлэх явдал байв. Гэвч энэхүү чөлөөлөлтийг цуцалснаар Вашингтон Ираныг шахах зорилгоо баримталсан хэвээр байгаагаа харуулсан боловч бодит байдал дээр Хятадын Еврази дахь нөлөөг тэнцвэржүүлэх өөрийн урт хугацааны ашиг сонирхолд харш шийдвэр гаргасан хэмээн шинжээчид үзэж байна.
Чабахар боомтыг Энэтхэг 2018 оноос хойш хөгжүүлж ирсэн бөгөөд 2024.5-р сард Энэтхэгийн Ports Global Ltd (IPGL) болон Ираны Боомт, далайн тээврийн байгууллага (PMO) хооронд Шахид Бехешти терминалыг 10 жилийн хугацаанд удирдах гэрээ байгуулсан нь[9] Шинэ Делигийн урт хугацааны стратегийн амлалтын бодит илэрхийлэл байв. Геоэдийн засгийн хувьд Чабахар нь Энэтхэгийн баруун эргийн Мундра, Кандла боомтуудаас 1020 км, JNPT (Мумбай)-ээс 1445 км зайд оршдог[10] бөгөөд Ормузын хоолойтой ойр, нээлттэй тэнгист байрладаг цөөн боомтын нэг юм. Энэ байршил нь Персийн булан дахь зэвсэгт мөргөлдөөн, тэнгисийн “нарийн хоолойн” эрсдэлээс харьцангуй ангид, тасралтгүй ажиллагаа явуулах боломжийг олгодог стратегийн давуу талтай хэмээн тооцогддог.
Чабахар нь Олон улсын Хойд-Өмнөд тээврийн коридор (INSTC)-той уялдсанаар Евразийн холболтын зангилаа болж, 2014 онд ашиглалтад орсон 928 км урт Казахстан-Туркменистан-Иран (KTI) төмөр замаар дамжин Энэтхэг улс Төв Азийн нүүрсустөрөгчөөр баялаг бүс нутагт шууд хүрэх боломжийг бүрдүүлдэг. INSTC-ийн дагуу тээвэрлэлтийн хугацаа уламжлалт Суэцийн чиглэлтэй харьцуулахад 30-40%-р богиносож, зардал ойролцоогоор 20-30%-р буурах[11] тооцоо бий. Энэ нь Энэтхэгийн худалдааны өрсөлдөх чадварт бодит нөлөө үзүүлэх хэмжээний үзүүлэлт юм.
Эрчим хүч, түүхий эдийн аюулгүй байдлын үүднээс авч үзвэл, Төв Азийн бүс нутаг, ялангуяа Казахстан улс 5000 гаруй ховор элементийн ордтой, нийт нөөц нь 46 их наяд ам.доллараар үнэлэгдэх[12] тооцоо байдаг. Одоогоор эдгээрийн дийлэнх нь Хятад руу чиглэсэн нийлүүлэлтийн сүлжээнд багтаж буй бөгөөд Чабахараар дамжих коридор нь Энэтхэгийн хувьд цэвэр эрчим хүч, батлан хамгаалах салбарт зайлшгүй шаардлагатай ховор элементийн нийлүүлэлтийг төрөлжүүлэх цөөн хувилбарын нэг хэмээгдэж байна.
Харин АНУ хоригийн чөлөөлөлтийг цуцалснаар Чабахарт байр сууриа тогтоохыг оролдож буй Энэтхэгийн компани, иргэд хоёрдогч хоригт өртөх эрсдэлтэй болсон нь төсөл хэрэгжилтийн тодорхой бус байдлыг нэмэгдүүлэв. Үүний үр дүнд Евразийн холболтын орон зай Хятадын хяналттай коридоруудын зүг улам шахагдаж буй дүр зураг ажиглагдаж байна.
Энэ нөхцөл байдал Хятадын далайн стратегийн өргөжилттэй шууд уялдана. 2000 оноос хойш Хятад дэлхий даяар 38 боомт барьж, 78 боомтод хувь эзэмшиж, нэмж 43 боомт “Бүс ба зам”[13] санаачилгын хүрээнд төлөвлөгдөж мөн баригдаж байна. Өмнөд Азид энэ “сувдан хэлхээ”-ний чухал жишээ нь Пакистан дахь Гвадар боомт бөгөөд 2013 онд Хятадын компанид шилжиж, Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын төв болсон. Чабахар нь Гвадараас ердөө 170 км зайд оршдог нь түүнийг геостратегийн хувьд бодит тэнцвэрийн цэг болгож байв.
Иймээс Чабахарын хоригийн чөлөөлөлтийг цуцлах шийдвэр нь Ираныг шахах тактик мэт харагдаж буй ч стратегийн түвшинд Евразийн холболтыг Хятадын давамгай орон зайд улам ойртуулж, Энэтхэгийн стратегийн автономид бодит дарамт үүсгэж байна хэмээж байна.
Дүгнэвэл, 2025 он хүртэлх хугацаанд Энэтхэгийн Ираны талаарх бодлого нь туйлшралгүй, олон тулгуурт, стратегийн автономид суурилсан хэвээр байна. АНУ болон Персийн булангийн түншүүдтэйгээ харилцаагаа өргөжүүлж буй ч Ираныг бүрэн шахан гаргахгүй байх нь өсөн томорч буй гүрний хувьд бүс нутгийн мөргөлдөөнд татагдахгүйгээр геополитикийн маневр хийх орон зайг хадгалах чухал хэрэгсэл хэвээр байна.
Ашигласан материал:
[1] India’s strategic autonomy гэдэг нь Энэтхэг улс ямар нэгэн их гүрэн, эвсэл, талд бүрэн хараат бус, өөрийн үндэсний ашиг сонирхолд тулгуурлан гадаад бодлого, аюулгүй байдал, эдийн засгийн шийдвэрээ бие даан гаргах зарчим юм.
[2] ОУАЭА–Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, International Atomic Energy Agency (IAEA)
[3] https://indiasworld.in/iran-in-india-middle-east-relations-between-autonomy-and-alignment/
[4] https://www.dawn.com/news/1462983
[5] I2U2 нь India, Israel, United States, UAE гэсэн дөрвөн улсын эдийн засаг-технологид суурилсан 2021 онд эхлүүлсэн хамтын ажиллагааны механизм юм. Уг механизм нь худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, цэвэр эрчим хүч, хүнс-усны аюулгүй байдал, технологи дээр хамтрах бөгөөд Цэргийн эвсэл биш, геоэдийн засгийн санаачилга бөгөөд Энэтхэгийн баруун тийш холболтыг бэхжүүлэх, Ойрхи Дорнодын эдийн засгийг технологитой уялдуулах, бүс нутгийн тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг дэмжих
[6] IMEC нь Энэтхэг-Ойрх Дорнод-Европын Эдийн засгийн Коридор (India-Middle East-Europe Economic Corridor)-ын товчлол бөгөөд 2023 онд Шинэ Делид болсон G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр зарлагдсан, олон улсын дэд бүтэц, худалдаа-холболтын томоохон санаачилга юм. Энэхүү санаачилга нь дараах хосолмол дэд бүтцийн шийдлээр дамжуулан Энэтхэгийг Ойрх Дорнод, Европтой холбосон орчин үеийн эдийн засаг, тээврийн коридор байгуулах зорилготой. Үүнд: Далайн чиглэлүүд (боомтууд, далайн тээвэр), Төмөр замын сүлжээ, Авто зам, Эрчим хүч болон дижитал дэд бүтэц орж байна. Коридорын үндсэн зорилго нь худалдааг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн хугацааг богиносгох, логистикийн зардлыг бууруулах, мөн оролцогч бүс нутгуудын хоорондын эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлэхэд оршиж байна.
[7] https://indiasworld.in/iran-in-india-middle-east-relations-between-autonomy-and-alignment/
[8] https://www.mea.gov.in/lok-sabha.htm?dtl%2F40404%2FQUESTION+NO+1103+REVOCATION+OF+SANCTIONS+WAIVER+ON+CHABAHAR+PORT
[9] https://www.orfonline.org/research/chabahar-wrong-port-of-call-for-us
[10] https://www.orfonline.org/research/chabahar-wrong-port-of-call-for-us
[11] https://www.orfonline.org/research/chabahar-wrong-port-of-call-for-us
[12] https://www.orfonline.org/research/chabahar-wrong-port-of-call-for-us
[13] https://www.orfonline.org/research/chabahar-wrong-port-of-call-for-us










Хариу өгөх