АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2026 оны 8 дугаар сарын 19-нд Ким Жон Унтай энэ ондоо багтаан дахин уулзах хүсэлтэйгээ илэрхийлснээр 2019 оноос хойш зогсонги байсан АНУ-БНАСАУ-ын дээд түвшний яриа хэлэлцээ сэргэх боломж анхааралд дахин орж байна. Тэрээр Ким Жон Ун өөрийнх нь саналд хариу өгсөн гэж мэдэгдсэн боловч уулзалтын хугацаа, байршил, бэлтгэл ажлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Иймээс уулзалт товлогдсон гэж үзэхэд эрт ч АНУ дээд түвшний яриаг сэргээх сонирхлоо илүү тодорхой илэрхийлж байна.
Гэхдээ өнөөгийн нөхцөл 2018-2019 оныхоос үндсээрээ өөр болсон. Талуудын цөмийн асуудлаарх суурь зөрүү хэвээр байгаа ч БНАСАУ цөм, пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлж, ОХУ-тай цэрэг, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, БНХАУ-тай өндөр түвшний харилцаагаа сэргээснээр Пёньяны хэлэлцээний байр суурь бэхэжсэн. Тиймээс боломжит дөрөв дэх уулзалтын гол асуудал нь “уулзах” эсэхээс илүү 2019 онд тасарсан хэлэлцээг ямар нөхцөл, ямар зорилгоор сэргээх вэ гэдэгт төвлөрч байна.
БНАСАУ цөм болон пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлж, ОХУ, БНХАУ-тай стратегийн харилцаагаа бэхжүүлснээр АНУ-ын хориг арга хэмжээ, эдийн засгийн дарамтын нөлөөг өмнөхөөс сулруулсан. Ийм нөхцөлд дөрөв дэх уулзалт болох тохиолдолд 2018 оны адил “БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах” зорилгоос яриаг эхлүүлэх нь бодитой бус харагдаж байна. Харин БНАСАУ-ын цөм, пуужингийн чадавхын цаашдын өсөлтийг хязгаарлах, туршилтын давтамжийг бууруулах, цэргийн хурцадмал байдлыг намжаах зэрэг завсрын асуудлаар тохиролцох боломж илүү өндөр харагдаж байна. Иймээс боломжит дөрөв дэх уулзалтын гол асуудал нь “уулзах”-даа биш, АНУ БНАСАУ-ын өнөөгийн цөмийн чадавхыг ямар хүрээнд хүлээн зөвшөөрч, БНАСАУ хариуд нь цөмийн хөтөлбөртөө ямар хязгаарлалт хийхэд бэлэн байх вэ гэдэгт оршино.
Уулзах сонирхол ил болов, бэлтгэл ажил хараахан батлагдсангүй
Одоогоор хоёр талын дээд түвшний уулзалтын бэлтгэл бодитоор эхэлсэн гэх баталгаатай мэдээлэл байхгүй. БНСУ-ын Үндэсний тагнуулын алба 9 дүгээр сарын 1-нд АНУ, БНАСАУ-ын хооронд шууд холбоо тогтсон нь батлагдаагүй ч “яриа хэлэлцээний шинж” ажиглагдаж, удирдагчдын уулзалт “аль ч үед боломжтой” гэж парламентын гишүүдэд мэдээлсэн.[3] Цагаан ордон мөн Д.Трамп Ким Жон Унтай урьдчилсан нөхцөлгүйгээр ярилцахад нээлттэй хэвээр байгааг мэдэгдсэн.[4]
Үүнтэй зэрэгцэн АНУ-БНСУ-ын Ulchi Freedom Shield хамтарсан сургуулилтын цар хүрээг бууруулсан нь Пёньянд хандсан дипломат дохио байж болно. Гэхдээ эдгээр дипломат алхам нь уулзалтын тов, хэлэлцэх асуудлын хүрээ эсвэл ажлын түвшний бэлтгэл харилцан тохиролцсон гэж ойлгож болохгүй. Иймээс одоогийн нөхцөлийг яриа хэлэлцээ сэргэх боломж нэмэгдсэн үе гэж үзэхээс, дээд хэмжээний уулзалт бодитоор бэлтгэгдэж эхэлсэн гэж дүгнэхэд эрт байна.
Дээрх үйл явдал уулзалт дахин болох боломжийг нэмэгдүүлж байна. Гэхдээ ажлын түвшний яриа эхэлсэн, уулзалтын тов тогтсон, хэлэлцэх асуудлын хүрээ тохирсон гэх баталгаатай мэдээлэл одоогоор алга. Иймээс ерөнхийлөгчийн мэдэгдлээс илүү хоёр талын дипломат ажилтнууд бодитоор уулзаж эхлэх эсэх нь дараагийн чухал үзүүлэлт болно.
АНУ яагаад БНАСАУ-тай дахин уулзах сонирхолтой байна вэ?
Ираны дайн Д.Трампын БНАСАУ-тай дахин уулзах сонирхлыг шууд бий болгосон гэж үзэх үндэслэл хангалтгүй боловч энэ дайн АНУ-ын дипломат маневрын орон зайд нөлөөлж буй нэг хүчин зүйл болж байна. 2026 оны 8 дугаар сард “The Diplomat” Ираны дайн сунжирч, Д.Трампын амласан “хурдан ялалт” биелээгүйг онцолсон. Үүний зэрэгцээ БНСУ АНУ-д амласан 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулах үйл явц удааширсан нөхцөлд Д.Трамп Ким Жон Унтай шууд уулзаж, БНАСАУ-тай харилцах санаачилгыг өөртөө төвлөрүүлэх сонирхолтой байж болохыг тус агентлаг дүгнэсэн.[11] БНАСАУ-тай дээд хэмжээний уулзалт нь Ираны дайныг нөхөх зорилготой гэсэн шууд нотолгоо одоогоор байхгүй. Гэхдээ Иранд тодорхой ялалт байгуулж чадаагүй Д.Трампын хувьд ийм уулзалт харьцангуй бага цэргийн өртгөөр дипломат санаачилга болон улс төрийн “имиж”-ээ дундын сонгуулийн өмнө сэргээх боломж болж харагдаж болохыг үгүйсгэх аргагүй.
Пёньяны байр суурь 2019 оныхоос хүчтэй болсон
2018 оны Сингапурын уулзалтаар талууд АНУ-БНАСАУ-ын шинэ харилцаа тогтоох, Солонгосын хойгт тогтвортой энхийн дэглэм тогтоох, хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах ерөнхий зорилтыг тунхагласан.[5] Харин 2019 оны Ханойд болсон уулзалтаар хоригийг ямар хэмжээнд сулруулах, хариуд нь БНАСАУ ямар цөмийн объект, хүчин чадлаа татан буулгах асуудлаар санал зөрж, уулзалт харилцан тохиролцоогүй байдлаар өндөрлөсөн.
2026 онд БНАСАУ -ын нөхцөл үүнээс өөр болсон. “North 38”-ийн үнэлгээгээр БНАСАУ 2021–2025 онд зэвсгийн зориулалттай цөмийн материалын үйлдвэрлэлээ мэдэгдэхүйц нэмэгдүүлж, уран баяжуулах болон пуужин үйлдвэрлэх суурь чадавхаа зэрэг өргөжүүлжээ.[6] Үүний зэрэгцээ 2024 онд байгуулсан БНАСАУ-ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ болон түүнээс хойших цэргийн хамтын ажиллагаа БНАСАУ-д өмнө байгаагүй нэмэлт дэмжлэг бий болгосон. БНХАУ-БНАСАУ-ын өндөр түвшний харилцаа 2026 онд эргэн идэвхэжсэнээр Пёньян эдийн засаг, дипломат чиглэлд илүү өргөн сонголттой болжээ.[7]
Гэхдээ үүнийг “БНАСАУ АНУ-аас стратегийн давуу талтай болсон” гэж ойлгож болохгүй. Харин 2018–2019 онд хориг сулруулах нь БНАСАУ-ын хувьд хэлэлцээ хийх гол шалтгаануудын нэг байсан бол өнөөдөр ОХУ, БНХАУ-тай харилцаа нь тэр дарамтыг тодорхой хэмжээнд сааруулсан байна. Тиймээс Ким Жон Ун өмнөхөөс илүү нөхцөл тавьж, хязгаарлагдмал буултын хариуд илүү өргөн хэмжээний хөнгөлөлт, баталгаа шаардах боломжтой болсон.
Хэлэлцээ цөмийн зэвсгийг бүрэн устгах асуудлаас эхлэхгүй байж болно
АНУ БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаарх албан бодлогоо одоогоор өөрчлөөгүй. АНУ-ын Төрийн департамент 8 дугаар сарын 26-нд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зорилго хэвээр байгааг дахин мэдэгдсэн.[8] Харин БНАСАУ цөмийн зэвсгийг тусгаар тогтнол, аюулгүй байдлынхаа “үнэмлэхүй баталгаа” гэж тодорхойлж, цөмийн хүчээ цаашид бэхжүүлэхээ илэрхийлсэн.[9] Энэ хоёр байр суурийн хооронд ойрын хугацаанд “эцсийн тохиролцоо”-нд хүрэх боломж харагдахгүй байна.
Иймээс эхний тохиролцоо цөмийн асуудлыг бүхэлд нь шийдэхээс илүү тодорхой эрсдэлийг хязгаарлахад чиглэх магадлалтай. Үүнд цөмийн материалын үйлдвэрлэлийн өсөлтийг зогсоох, алсын тусгалын пуужингийн туршилтыг түр царцаах, шинэ хүчин чадлын өргөтгөлийг хязгаарлах, цэргийн хурцадмал байдлыг зохицуулах шууд холбооны механизмыг сэргээх зэрэг алхам орж болно. Харин АНУ үүний хариуд тодорхой хоригийг сулруулах, хүмүүнлэгийн болон эдийн засгийн зарим арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх боломжтой.
2026 оны 9 дүгээр сарын 7-ны “Yonhap News Agency”-ийн дүн шинжилгээнд үүнээс илүү өргөн хувилбар дэвшүүлсэн. Тухайлбал, БНАСАУ цөмийн цэнэгт хошуу, пуужингийн хөгжүүлэлтээ зогсоож, одоо байгаа нөөц болон байгууламжаа үе шаттай бууруулахын хариуд АНУ дэглэмийн аюулгүй байдлын баталгаа өгөх, хоригийг сулруулах, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, цаашлаад дипломат харилцаагаа хэвийн болгох боломжийг авч үзсэн байна.[1]
Гэхдээ энэ нь талуудын хэлэлцэж эхэлсэн бодит санал бус, судлаачийн дэвшүүлсэн боломжит хувилбар юм. Үүний үнэ цэнэ нь 2019 оны Ханой уулзалтын дараагаар хариулт олдоогүй “хэн эхэлж буулт хийх вэ?, ямар алхмын хариуд юу өгөх вэ?” гэсэн асуудал өнөөдөр ч хэвээр байгааг харуулж байгаад оршино.
Цаашид юуг ажиглах вэ?
Одоогийн нөхцөлөөр Ким Жон Ун-Д.Трампын дөрөв дэх уулзалт бодитой хувилбар болсон ч уулзалт хийх, үр дүнтэй хэлэлцээ эхлүүлэх хоёр өөр асуудал хэвээр байна. Цаашид хоёр талын ажлын түвшний холбоо сэргэсэн эсэх, АНУ цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зорилгоо завсрын хязгаарлалттай хэрхэн уялдуулах, БНАСАУ цөм болон пуужингийн үйлдвэрлэл, туршилтад ямар нэгэн хязгаарлалт хүлээн зөвшөөрөх эсэх нь шийдвэрлэх ач холбогдолтой.
Хэрэв АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт бодитоор хэрэгжихгүй мухардалд орвол Зүүн хойд Азид “дипломат хүлээлт”-ийн байдал дуусгавар болж, тогтоон барих хатуу бодлогын шинэ мөчлөг эхлэх эрсдэлтэй. БНАСАУ хэлэлцээний цонх хаагдсан гэж үзвэл ОХУ, БНХАУ-тай байгуулсан стратегийн түншлэлдээ бүрэн түшиглэж, бүс нутаг дахь байр сууриа улам “хатууруулах”-ын зэрэгцээ цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө ямар нэгэн дипломат хязгаарлалтгүйгээр эрчимжүүлэх магадлалтай. Үүний хариуд Өмнөдийн гурвалжин /АНУ-Япон-БНСУ/-ийн батлан хамгаалах интеграци улам нягтарч, бүс нутаг дахь АНУ-ын стратегийн зэвсэглэлийн байршуулалт, цэргийн оролцоо эрс нэмэгдэнэ. Ингэснээр Солонгосын хойгийн асуудал бие даасан дипломат сэдэв байхаа больж, Өмнөдийн гурвалжин болон Умардын гурвалжин /ОХУ-БНХАУ-БНАСАУ/ гэсэн сөргөлдөгч хоёр интеграцийн геополитикийн бүтцэд бүрэн уусаж, бүс нутгийн аюулгүй байдлын орчин урт хугацаанд царцах үр дагавартай. [10]
Дөрөв дэх уулзалтын ач холбогдлыг зөвхөн болох эсэх, хаана зохион байгуулагдахаар нь хэмжих нь хангалтгүй. 2018 онд асуудлын гол нь БНАСАУ цөмийн хөтөлбөрөөсөө хэр хэмжээнд татгалзах вэ гэдэгт байсан бол 2026 онд гол асуудал АНУ БНАСАУ-ын өнөөгийн цөмийн чадавхыг ямар хэмжээнд бодит нөхцөл гэж хүлээн зөвшөөрөх, БНАСАУ хариуд нь түүнийгээ хэр хэмжээнд хязгаарлах вэ гэдэгт шилжиж байна. Энэ хоёр асуудлаар ажлын түвшинд ойлголцол бүрдээгүй тохиолдолд дөрөв дэх уулзалт дипломат эргэлт бус, улс төрийн өндөр түвшний дохио төдий үлдэх эрсдэлтэй.
Ашигласан материал:
- 이승우. “[율곡로] 북미 수교 시나리오는 공상일까.” 연합뉴스, September 7, 2026.
- 이유미. “트럼프 ‘김정은, 북미대화 요청에 응답했다’…시점·내용은 함구.” 연합뉴스, August 18, 2026; Kyu-Seok Shim. “Trump Says North Korea’s Kim Has Responded to His Overtures.” Reuters, August 17, 2026.
- Reuters. “North Korea and US Show Signs of Resuming Dialogue, South Korean Lawmaker Says.” September 1, 2026.
- Song Sang-ho. “White House Says U.S. Policy on N. Korea Unchanged, Reaffirms Trump’s Openness to Dialogue with Kim.” Yonhap News Agency, September 2, 2026.
- The White House. “Joint Statement of President Donald J. Trump of the United States of America and Chairman Kim Jong Un of the Democratic People’s Republic of Korea at the Singapore Summit.” June 12, 2018.
- Vann H. Van Diepen. “North Korea’s Expanding Production of Uranium and Conventional Missiles.” 38 North, July 15, 2026.
- Kibum Han. “North Korea Balances Between China and Russia While Hardening Its Regional Posture.” 38 North, July 15, 2026; 中华人民共和国外交部. “习近平同金正恩举行会谈.” June 8, 2026.
- Song Sang-ho. “State Dept. Reaffirms U.S. Commitment to ‘Complete’ Denuclearization of N. Korea.” Yonhap News Agency, August 27, 2026.
- Reuters. “North Korea Says Hostile US Policy Unchanged, Vows to Strengthen Nuclear Force.” August 31, 2026.
- Kibum Han. “North Korea Balances Between China and Russia While Hardening Its Regional Posture.” 38 North, July 15, 2026.
- The Diplomat (2026.08) — Trump Suddenly Wants a Summit With Kim Jong Un. Why Now?










Хариу өгөх