БНАСАУ-ын Ким Жон Үний шинэ оны мэндчилгээ ба хоёр дахь дээд хэмжээний уулзалт

2019-01-09

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/01/1200x674.jpeg

2018 ОНД Зүүн хойд Азийн бүс нутаг төдийгүй дэлхий дахины анхаарлыг татсан үйл явдал бол Солонгосын хойг дахь түр дулаарал буюу БНАСАУ-ын зүгээс авч хэрэгжүүлсэн гадаад бодлогын гэнэтийн өөрчлөлтүүд байв. Пёнъяны цөмийн хөтөлбөр, тив алгасагч балистик пуужингийн туршилтууд, үүнийг эсэргүүцсэн АНУ болон НҮБ-ын хатуу эдийн засгийн хориг арга хэмжээ, шахалттай тулгараад байсан БНАСАУ эдийн засаг, улс төрийн болзошгүй хямралаас зайлсхийхийг оролдож эхэлсэн.

2018 оны 1 дүгээр сард хоёр Солонгосын харилцаанд гэнэтийн өөрчлөлт гарсан нь хоёр Солонгос БНСУ-д зохион байгуулагдсан өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолын арга хэмжээнд нэг далбаан дор жагсаж, эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд нэгдсэн шигшээ баг оролцуулав. Үүний дараа БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй гурван удаагийн дээд хэмжээний уулзалтыг хийсэн ба түүхэнд БНАСАУ-ын удирдагчтай нэгээс илүү уулзаж байсан БНСУ-ын ерөнхийлөгч байдаггүй.

Мөн БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жин Пинтэй гурван удаагийн дээд хэмжээний уулзалтыг хийв. БНАСАУ-ын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх хамгийн том үйл явдал нь 6 дугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай хийсэн Сингапурын дээд хэмжээний уулзалт байв. 

Шинэ жилийн мэндчилгээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хоёр он солигдох мөчид хийсэн шинэ жилийн мэндчилгээндээ АНУ, БНСУ болон БНАСАУ-ын ард түмэн зэрэг гурван түвшинд хандсан байна.

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс — Америкийн Нэгдсэн Улс

Ким Жон Үн олон улсын зүгээс сайшаах, хүлээн зөвшөөрөгдөх тодорхой үр дүнд хүрэх зорилгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хэлэлцээрийн ширээний ард дахин суухад бэлэн байгаагаа мэдэгдсэн ба АНУ-ын зүгээс авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээгээр шахалт үзүүлсэн хэвээр байвал гадаад бодлогын чиглэлдээ өөрчлөлт гаргахад бэлэн байгаагаа анхааруулав.

Сингапурын дээд хэмжээний уулзалтын дараах хоёр улсын Сайд нарын түвшний хэлэлцээ эхлүүлсэн боловч цөмийн зэвсэггүйжүүлэх болон БНАСАУ-АНУ-ын харилцааг тогтворжуулах чиглэлээр тодорхой амжилтад хүрж амжаагүй байна. БНАСАУ болон АНУ-ын Сайд нарын түвшний хэлэлцээ тодорхой амжилтад хүрэхгүй байгаа шалтгаан нь Вашингтоны зүгээс эдийн засгийн хориг арга хэмжээг сулруулахаас татгалзсан ба хоёр Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихгүй байгаатай холбоотой.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Сингапурын дээд хэмжээний уулзалтын тунхаглалын дагуу цөмийн зэвсэг үйлвэрлээгүй ба цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх амлалтаа биелүүлсээр байгаа талаараа мэдэгдэв.

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс -Бүгд Найрамдах Солонгос Улс

ХОЁР Солонгосын хувьд цөмийн зэвсэггүй бүс дэх цэргийн цэгүүдийг татан буулгах, төмөр замыг дахин холбох, соёл болон спортын төлөөллийг харилцан солилцох зэрэг томоохон арга хэмжээнүүдийг авч буй хэдий ч  БНАСАУ-ын эсрэг олон улсын эдийн засгийн хоригоос үүдэж тухайн хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа үүсэх боломжгүй байна.

Гумган уулын аялал жуулчлалын бүс болон Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын төслийг урьдчилсан нөхцөлгүйгээр дахин сэргээхэд татгалзах зүйлгүй болохоо Ким Жон үн мэдэгдэв. 2008 онд БНСУ-ын жуулчин БНАСАУ-ын цэргийн албан хаагчид санамсаргүйгээр буудуулан нас барснаас үүдэж аялал жуучлалын бүс байгуулах төслийг зогсоосон бол 2016 онд хоёр улсын хоорондох харилцаа таагүй болох үеэр Кэсоны аж үйлдвэрийн цогцолборыг хаасан байдаг.

БНСУ болон түүний холбоотон АНУ-ын хамтран зохион байгуулдаг цэргийн сургуулилтын талаар дурдсан ба Сингапурын дээд хэмжээний уулзалтын үеэр тус сургуулилтыг зогсоохоо Д.Трамп Ким Жон Үнд амлалт өгсөн гэж мэдэгдэв. БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин шинэ жилийн мэндчилгээндээ Солонгосын хойгт баталгаатай энх тайвныг тогтоох чиглэлд ажиллахаа амласан тул дээрх цэргийн сургуулилтыг 2019 онд зохион байгуулахгүй байх магадлалтай. Гэвч АНУ-тай хийсэн аюулгүй байдлын гэрээнээс шалтгаалан ганц Сөүлийн шаардлагаар цэргийн сургуулиас татгалзана гэдэг эргэлзээтэй, хэрэв цэргийн ээлжит сургууль энэ удаа тасарвал зөвхөн Сөүл төдийгүй, Вашингтон ч бас Пёнъянд найр тавьж буй хэрэг болно.

Ким Жон Үн хоёр Солонгосын нэгдлийн асуудлыг нухацтай хэлэлцэж, тодорхой зөвшөлцөлд хүрэхийн тулд ажиллах шаардлагатайг онцолсон ба тус нэгдлийн үйл ажиллагаанд гадны ямарваа нэгэн улсыг оруулах хүсэлгүй болохоо мэдэгдэв.

2018 оны 10 дугаар сард Пёньянд зохион байгуулсан хоёр солонгосын дээд хэмжээний уулзалт амжилттай болсон гэж үзэж байгаа ч тодорхойгүй шалтгааны улмаас 12 дугаар сард Ким Жон Ун Сөүлд айлчлахаас татгалзсан байна.  2018 оны 12 дугаар сард Сөүлд айлчлах амлалтаа Ким Жон Ун зөрчсөнөөс үүдэж хоёр Солонгосын хооронд үл итгэлцэл үүсэх магадлал бий боловч цаашдын хамтын ажиллагааны өрнөл Вашингтон-Пёньяны харилцаанаас шууд хамаарч байна.

2019 онд Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, энх тайвныг баталгаажуулах чиглэлээр тогтмол уулзалтыг хийхээ БНАСАУ-ын удирдагч амлалт өгсөн ба ирээдүйн хамтын ажиллагааны эхлэл болгож 2019 оны эхний улиралд Сөүлд айлчлах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн.

Тэрээр хоёр Солонгосын нэгдлийн асуудлыг нухацтай хэлэлцэж, тодорхой зөвшөлцөлд хүрэхийн тулд ажиллах шаардлагатайг онцолсон ба тус нэгдлийн үйл ажиллагаанд гадны ямарваа нэгэн улсыг оруулах хүсэлгүй болохоо мэдэгдэв. Мөн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Үний шинэ жилийн мэндчилгээг түүхэнд анх удаа БНСУ-ын телевизийн сувгуудаар шууд нэвтрүүлсэн байна.

Хоёр дахь дээд хэмжээний уулзалт

БНАСАУ болон АНУ-ын хоёрдахь дээд хэмжээний уулзалт 2019 оны эхээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа боловч тодорхой мэдээлэл байхгүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ “Дээд хэмжээний уулзалт болох газрыг тохиролцохоор ажиллаж байгаа ба ойрын хугацаанд албан ёсоор мэдэгдэх болно”.

2019 онд болох дээд хэмжээний уулзалтын үеэр илүү тодорхой, бодит шаардлагыг хоёр талаас тавьж хэлэлцэх магадлал өндөр байгаа боловч урьдчилсан ажлын уулзалтууд тогтмол хийгдэхгүй, үл ойлголцол үүсч байгаа зэргээс хамаарч тодорхой үр дүнд хүрэх магадлал бага байна. Гэвч хоёр дахь дээд хэмжээний уулзалт болох газрыг БНВУ-ын нийслэл Ханой хот байж болзошгүй талаар БНСУ болон олон улсын хэвлэлүүд мэдээллэж байна. Учир нь 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Ун болон АНУ-ын Төрийн департментын БНАСАУ-тай холбогдох асуудлыг хамаардаг Марк Ламберт нар Ханойд айлчилсан байна.

БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жин Пины урилгаар Ким Жон Ун тус улсад нэг жилийн дотор дөрөвдэх дээд хэмжээний айлчлалаа 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлүүлээд байна. Төрсөн өдрөөрөө Бээжинд айлчилсан явдлыг дараахь байдлаар тайлбарлаж болно: нэгд, туйлын ач холбогдол өгч байгаа явдал гэж үзвэл Пёнъян Бээжинтэй байнга зөвлөлддөг хандлагатай болж байна, хоёрт, яаралтай шаардлага гарсан гэж үзвэл Трамптай хийх уулзалтын товыг тун удахгүй зарлана, эсвэл дотоодынхоо улстөрийн тэмцэлд дэмжлэг авах гэж оролдсон гэсэн үг. Эдгээр таамаглалаас, АНУ-тай хийх хоёр дахь дээд хэмжээний уулзалтын өмнөх бэлтгэл ажлыг хангах, хэлэлцээрийн тактикийн талаар нэгдсэн ойлголтод хүрэхийг зорьсон гэж дийлэнх шинжээч айлчлалыг дүгнэж байна. Мүн Жэ Ин ерөнхийлөгтэй 4-р сард хийсэн уулзалтын өмнө, Трамп ерөнхийлөгчтэй 6-р сард хийсэн уулзалтын өмнө тус тус Бээжинд айлчилж байсныг тэд үндэслэжээ.

Д.Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Үнээс эерэг захиа хүлээн авснаа мэдэгдсэн боловч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхээс татгалзжээ. Пёнъяны байр суурь өөрчлөгдсөн явдлыг эдийн засгийн хориг арга хэмжээний үр дүн гэж тэрээр сайрхдаг, тиймээс цөмийн зэвсгийн хөтөлбөрийг нь зогсоох талаар бодитой үр дүнд хүртлээ БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв.

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг ихэнх судлаач нар Ким Жон Үныг цөмийн зэвсгээс татгалзана гэж бодохгүй байна. Мөн Д.Трампын БНАСАУ-ын бодлогод гарч буй эерэг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх эсвэл эдийн засгийн хориг арга хэмжээгээр далайлган Пёньянд шахалт үзүүлсэн хэвээр байх эсэх нь тодорхойгүй байна.

Д.Трамп ирэх сонгуульд өрсөлдөхийн тулд гадаад бодлогын хүрээнд тодорхой амжилтыг гаргасан байх шаардлагатай учраас БНАСАУ-тай зөвшилцөлд хүрэхийн тулд аливаа асуудал дээр уян хатан байх нь магадлалтай. Нөгөө талаас ардчилсан нам сонгуульд ялсан тохиолдолд БНАСАУ-тай явуулж буй АНУ-ын гадаад бодлогод гэнэтийн өөрчлөлт гарах магадлал өндөр тул БНАСАУ-ын зүгээс тодорхой асуудлууд дээр буулт хийж, зарим саналыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байна.

Пёнъяны байр суурь өөрчлөгдсөн явдлыг эдийн засгийн хориг арга хэмжээний үр дүн гэж Д.Трамп сайрхдаг. Тиймээс цөмийн зэвсгийн хөтөлбөрийг нь зогсоох талаар бодитой үр дүнд хүртлээ БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлэхээ мэдэгдэв.

Солонгосын хойгийн ирээдүйг тодорхойлох ажилд БНСУ-ын үүрэг оролцоо хумигдмал байх хандлагатай байгаа шалтгаан нь Америктай хийсэн холбоотны гэрээ ба олон улсын худалдаа, санхүүгийн систем юм. Мөн Мүн Жэ Ины ард түмний дундах нэр хүнд 2018 онд 80 хувьтай байсан бол дотоодын ажилгүйдлийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдон 48 хувь болж буураад байна.

 Одоогийн байдлыг дараахь байдлаар дүгнэж болохоор байна:

1. Солонгосын хойгийн байдал эрс дулаарсан явдал БНАСАУ-ын удирдагч Ким Жон Үний улстөрийн санаачилга, зоримог алхамтай холбоотой юм. Цаад шалтгаан олон байж болно, он удаан үргэжилсэн эдийн засгийн хориг арга хэмжээ үнэхээр бодитой нөлөөлсөн байж магадгүй, гэвч цөмийн зэвсэгтэй болох гэсэн БНАСАУ-ын үе үеийн удирдагчийнх нь зорилго нэгэнт бүрэн биелсэн, тус улс стратегийн дараагийнхаа шинэ зорилтыг тавьж байгаатай ч холбоотой байж болно. Үүнийг тодорхойлохын тулд “стратегийн шинэ шугам” гэж нэрлэж байгаа бодлогыг судлах хэрэгтэй байна.

2. Солонгосын хойгийн дулааралд гол хөшүүрэг бол Бээжин гэдэг нь тодорхой харагдаж байна. Чухал уулзалтын өмнө БНАСАУ-ын удирдлага байн байн БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Хятад – Америкийн харилцаанд худалдааны дайн гол сорилт болоод байгаа боловч Пёнъянтай холбоотой асуудлаар Вашингтон Бээжинтэй бүх шугамаар зөвлөлдөх шаардлагатай болоод байна. Хойтон болох ерөнхийлөгчийн сонгуулиар “гадаад бодлогод гаргасан ялгуулсан гавьяагаа сонгогчдод үнэлүүлэх” цор ганц боломж Солонгосын хойг болоод байгаа учир Трамп огцом эсрэг хөдлөхгүй биз. Цөмийн хөтөлбөрийг бүр мөсөн, харагдахуйц, эгнэгт устгах CVID (complete, verifiable, irreversible denuclearization) бодлого огт бүтэхгүй, Пёнъян хэзээ ч цөмийн зэвсгээсээ татгалзахгүй учир нөхцөлт, харилцан буулт хийж, шатлан ахих CRID (conditional, reciprocal, incremental denuclearization) бодлого барих нь зүйтэй талаар сүүлийн үед ихээхэн яригдаж, хятадын судлаачид дэмжих болов. Вашингтоны бодлого ч энэ чиглэлд өөрчлөгдөж магадгүй юм.

3. Солонгосын хойгийн дулааралд Сөүлийн үүрэг оролцоо жинтэй боловч шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чадахгүй харагдаж байна. Байдлыг сайжруулах, дайны аюулаас зайлсхийх явдал БНСУ-ын гол зорилго мөн, тиймээс Пёнъянаас тавьсан нааштай бүх санаачилгыг дэмжих бодлого барьсан нь ч зөв хэрэг. Гэхдээ цаашдаа ийм байдлаар үргэлжлэх боломжгүй юм. Солонгосын хойгт гадаадын цэргийн хүчин байрлуулахгүй байх, гадаадын зэвсэг нийлүүлэхгүй байх зэрэг Пёнъяны шаардлага бол АНУ-тай байгуулсан аюулгүй байдлын гэрээг нь цуцлахыг шаардаж буй хэрэг юм. Сөүл ийм шаардлагыг хүлээж авахгүй нь тодорхой, харин соёл, урлагийн солилцоог нэмэгдүүлэх бодлого одоохондоо барьж, цаашдаа хөрөнгө оруулалт хийх чиглэл барьж болно.

4. Солонгосын хойгийн дулааралд Япон ямар нэг үүрэг гүйцэтгэж чадахгүй хоцорч байна. Солонгосын умардтай ч, өмнөдтэй ч түүхэн харилцаа төдий сайн биш. БНАСАУ-ын тухай дахь японы дотоод улстөрийн тэргүүн сэдэвт “хулгайлагдсан” иргэдийн асуудал тавигддаг, харамсалтай нь энэ сэдэв бүс нутгийн тулгамдсан асуудал болж огт чадаагүй, чадах ч үгүй биз. Энэ сэдвийг “БНАСАУ дахь хүний эрхийн асуудал”-тай хамт Пёнъяныг олон улсын тавцанд шахаанд оруулах зорилгоор л ашигладаг, харилцаа наашилж байгаа ийм үед энэ асуудлыг хөндөх сонирхол аль ч улсад байхгүй. Тиймээс улстөрийн өөр сэдэв боловсруулж байж дулаарлын үйл явцад идэвхтэй оролцох боломжтой юм.

Үйл явдлын цаашдын өрнөл гурван зүйлээс хамаарна гэж таамаглаж болно:

1. АНУ-ын дотоод улстөрөөс Солонгосын хойгийн байдал хамаарна. БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд усан цахилгаан станц барьж өгөх тухай хоёр улсын байгуулсан гэрээг Ерөнхийлөгч Клинтоныг эсэргүүцсэн Бүгд найрамдах намынхан Конгрессоор батлуулаагүй. Хоёр улсын харилцаа харьцангуй наашилж байсан нь үүнээс болоод нурсан, тэр үеэс хойш “америкчууд амалсандаа хүрдэггүй” гэж БНАСАУ-ын удирдагчид Вашингтоныг буруушаах шалтаг болсон. Цөмийн хөтөлбөрийг “эгнэгт зогсоох” тухай бодлогоос ухарч “нөхцөлтэй зогсоох” тухай бодлогыг Ерөнхийлөгч Д.Трамп барьлаа гэж бодоход бүрэн тууштай биелэгдэх эсэх нь туйлын эргэлзээтэй, ардчилсан намынхан үүнийг хурц шүүмжилж, эсэргүүцэх болно.

2. БНАСАУ-ын тал АНУ-ын дотоод улстөрийн үйл явцыг хэр тэвчээртэй, хэзээ хүртэл хүлээх вэ гэдгийг таашгүй. АНУ-ын бодлого өөрчлөгдтөл эдийн засгийн хориг арга хэмжээ үргэжилнэ, хэрэв Пёнъяны бодлого нааштай эргэсэн явдал үнэхээр хориг арга хэмжээтэй холбоотой бол удаан хүлээж чадахгүй болно гэдэг нь ойлгомжтой. “Өөр бодлого барихаас аргагүй болж магадгүй” тухай шинэ жилийн мэндчилгээндээ Ким Жон Үн дурдсаныг ч санууштай.

3. Солонгосын хойг дахь энэ үйл явцыг үргэлжлүүлэхэд БНХАУ гол хөшүүрэг болсон хэвээр байна. АНУ-ын дотоод улстөрийн маргаан наад зах нь лавтай 2020 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үргэлжилнэ, цаашид Конгресст ч асуудал болсоор байх нь дамжиггүй. Тиймээс БНХАУ тэргүүтэй улсууд НҮБ-ийн хориг арга хэмжээг цуцлах тухай асуудлыг хөндөх замаар Пёнъяны байдлыг хөнгөвчлөх, улмаар Солонгосын хойгийн байдлыг сайжруулах боломжийг бүрдүүлж болно.


Ангилал: Долоо хоногийн тойм