Узбекистаны эдийн засаг хөгжихийн хэрээр эрчим хүчний салбар нь өсөж буй эрэлтийг хангаж чадахгүй хэмжээнд хүрлээ. Тус улсын цахилгаан дамжуулах сүлжээнд 2026 оны 6, 7 дугаар саруудад 4,000 гаруй саатал бүртгэгдэж, дамжуулах шугамын алдагдал 17.2 хувьд хүрсэн бөгөөд эхний хагас жилийн байдлаар нийт 4.8 тэрбум кВт.цаг цахилгаан алдагдсан байна.
ЗХУ-аас өвлөн авсан эрчим хүчний хуучирсан дэд бүтэц нь өсөн нэмэгдэж буй эрэлтийг гүйцэхгүй байгаа эл ужиг асуудалд цэг тавихад бэрх боловч урт хугацаанд цөмийн эрчим хүч шийдвэрлэх гарц болон нэвтрэх бололтой. Узбекистаны Жиззах мужийн Фариш дүүрэгт шинээр баригдаж буй нийт 2,110 МВт хүчин чадал бүхий цөмийн эрчим хүчний станц нь ОХУ-ын төрийн өмчит Росатом компанийн технологид суурилагдахаар төлөвлөгдсөн. Уг станцын барилгын ажлын нээлтэд 2026 оны 6-р сарын 05-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёевын нар биечлэн оролцсоноос уг төсөл 2 орны харилцаанд хэчнээн чухал төсөл болохыг харж болно. Уг төсөл төлөвлөгөөт хугацаандаа амжилттай дуусахад хэд хэдэн эрсдэлүүд байна.
Холимог реактортой АЦС-ын эхний блокыг 2029 онд барьж дуусгах амлалт
Хоёр орон 2018 оноос хойш станцыг ямар цөмийн реактороор, хэр их хүчин чадалтай барих талаар олон хувилбар боловсруулж яриа хэлэлцээр, судалгаа шинжилгээ хийсний эцэст дөрвөн реактор бүхий холимог загвартай барихаар тогтсон. Тодруулбал тус АЦС нь 1,000 МВт хүчин чадалтай, ВВЭР-1000 төрлийн хоёр том реактор болон Оросын мөс зүсэгч хөлөг онгоцны технологид суурилсан 55 МВт хүчин чадалтай РИТМ-200N маркийн хоёр жижиг модуль реактор (ЖМР)-аас бүрдэх бөгөөд нийт суурилагдсан хүчин чадал нь 2,110 МВт байна. Төслийн анхны ЖМР-ийн блокыг 2029 оны сүүлчээр ажиллагаанд оруулахаар төлөвлөсөн бөгөөд бусад блокуудыг дуусгаснаар 2035 он гэхэд жил бүр 15.2 тэрбум киловатт-цаг (кВт.ц) (Узбекистан улсын одоогийн цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 15 хувьтай тэнцэх) цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ажээ.
Узбекистаны Цөмийн эрчим хүчний агентлагийн мэдээлж буйгаар төслийн нийт өртөг хамгийн ихдээ 9.5 тэрбум ам.доллар болох санхүүжилтийг улсын төсөв, олон улсын зээл, өрийн бичиг зэрэг олон эх үүсвэрүүдээр шийдэх аж. Мөн барилгын ажлын нээлтийн үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ-аас уг төсөлд хөнгөлөлттэй зээл олгох, станцын ашиглалтын хугацааны туршид түлш нийлүүлэхээ ч амласан.
Эрчим хүчний аюулгүй байдал ба түүхий эдийн асуудал
Эл төсөл хэрэгжихтэй зэрэгцэн Узбекийн цөмийн эрчим хүчний салбарынхны хамгийн их анхаарч буй асуудал нь технологи болон түүхий эдийн хангамж болов. Учир нь Узбекистан жилд 3,500 орчим тонн уран олборлож, олборлолтоор дэлхийд 5-д, нөөцөөр 10-т эрэмбэлэгддэг боловч олборлосон уранаа 100 хувь түүхийгээр нь гадаадад экспортолдог[1] буюу дотоодоосоо боловсруулсан түүхий эдийг шууд нийлүүлэх боломжгүй ажээ. Нөгөөтээгүүр ОХУ-ын ВВЭР, РИТМ төрлийн реакторууд нь Росатомд тусгайлан үйлдвэрлэсэн түүхий эдийг хэрэглэдэг буюу бусад орны технологиудаар боловсруулсан түлшээр орлуулах боломж хязгаарлагдмал гэх эх сурвалжуудын мэдээлэл бий.
Иймээс ирээдүйд Узбекистаны АЦС-ын түүхий эдийн нийлүүлэлт, тогтвортой ажиллагаа цаашлаад нийт цахилгаан хэрэглээний 15 хувь Росатомын үйлдвэрлэлийн сүлжээний аюулгүй байдлаас бүрэн хамааралтай болох нигууртай аж.
Геополитик ба хориг арга хэмжээний эрсдэл
Украины хямралаас хойш хориг арга хэмжээнд орсоор буй ОХУ Узбекистаны хамгийн том эрчим хүчний төслийн найдвартай технологи, түүхий эдийн нийлүүлэгч байж чадах уу гэдэг асуулт уг төслийн хамгийн том эрсдэлүүдийн нэг юм.
Эл асуултад хариулт өгөхөөс өмнө дэлхийн зарим улс орнууд 2022 оноос хойш ОХУ-д шат дараалсан хориг тавьсан хэдий ч дийлэнх нь Росатом-ыг тойрч гарсан гэдгийг санууштай. Росатом хоригт өртөөгүй гол шалтгаан нь дэлхийн цөмийн эрчим хүчний дэд бүтцэд нөлөөлөхүйц хэт том байр суурьтай байгаатай шууд холбоотой аж. Учир нь 2021 оны жилийн эцсийн байдлаар л гэхэд дэлхийн 439 реакторын 42 нь Оросын технологиор баригдсан буюу аюулгүй үйл ажиллагааны тогтвортой байдал, түүхий эдийн нийлүүлэлт Росатомоос хамааралтай. Эл байдал Узбекистаны эрчим хүчний салбарын гол станц ОХУ-ын хориг арга хэмжээнээс шалтгаалан доголдох эрсдэлийг шууд утгаараа бууруулах баримт мөн боловч нөгөө талаас ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарсан бэрхшээлийг үгүйсгэхгүй. Энэ эрсдэлийн хамгийн бодит жишээ Росатомын Туркэд барьж буй Аккуюын АЦС-ын төсөл юм.
Турк Улс 30 жил гаруй жилийн турш ОХУ-тай хамтран АЦС барихаар хөөцөлдөн байж, эцэст нь 2010 оны 5-р сард хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр дөрвөн нэгж 1,200 МВт-ын ВВЭР реактор бүхий станцыг BOO (Барих-Эзэмших-Ашиглах) загвараар 20 тэрбум ам.долларын өртгөөр барихаар тохиролцжээ. Дөрвөн блокоос бүрдэх тус станцын барилгын ажил 2018 оны 4 дүгээр сараас эхэлсэн. Гэвч анхны төлөвлөлтөөр 1-р блокийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч хугацаа хэтэрч 2026 оны жилийн эцэс хүртэл, харин 4-р блокийн ашиглалтад орох хугацаа 2028 он хүртэл хойшлоод байна.
Санхүүжилтийн хувьд уг төсөл Ковид болон ОХУ хориг арга хэмжээнүүдэд орсноос үүдэн хүндрээд байна. Төслийн нийт тооцоолсон зардал анх 24–25 тэрбум ам.доллар байсан бол 2025 онд 9 тэрбум ам.доллароор нэмэгдэн нийт өртөг нь 33–35 тэрбум ам.долларт хүрсэн.
Нээлттэй эх сурвалжуудад Аккуюын АЦС-ын төслийн саатал Росатом болон Туркийн туслан гүйцэтгэгч компаниуд хоорондын маргаанаас болсон гэх утга бүхий мэдээллүүд байгаа хэдий ч барьж буй талын санхүүгийн чадавх төслийн явцад сөрөг нөлөөлж буй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл BOO (Барих-Эзэмших-Ашиглах) төсөлд барьж буй гүйцэтгэгч тал шууд хориг арга хэмжээнд ороогүй боловч төрийн өмчит компани гэдэг утгаараа тоног төхөөрөмжүүдийн татан авалт, төлбөр тооцооны саатал, ажиллах хүчний асуудал зэрэг олон санхүүгийн бэршээлтэй нүүр тулгарч байна.
Дүгнэлт: Монгол Улсын анхааралтай ажиглах ёстой төсөл
Узбекистаны Жиззах АЦС-ын төсөл нь тус улсын өнөөгийн эрчим хүчний хомсдолыг 2030 оноос эхлэн шийдвэрлэх найдвар тээсэн, жинхэнэ мега төсөл мөн юм. Уг төсөл нь Узбекистаны эрчим хүчний хүндрэлийг шийдвэрлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, найдвартай эх үүсвэрийг бий болгох, эдийн засгийн өсөлтийг хангах төсөл боловч хэд хэдэн эрсдэлүүдээс үүдэн гацах магадлалтай байна. Эдгээр эрсдэл нь:
Нэгт: Хориг арга хэмжээ, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан төслийн явц Туркийн Аккуюын АЦС-ын замналаар орж буруу эргэх;
Хоёрт: Узбекистаны эрчим хүчний салбар алсдаа нэг улсын технологи, санхүү, түүхий эдийн хувьд хэт хамааралтай болох улмаар геополитикийн эрсдэл, хориг арга хэмжээнүүдэд улам мэдрэг болох юм.
Харин Узбекистаны эрчим хүчний салбарын бодлого тодорхойлогчид дээрх эрсдэлүүдийг хэрхэн шийдвэрлэх нь алсдаа Монгол Улсад үнэтэй сургамж болохоор байна. Тодруулбал, Монгол Улс ОХУ-тай хамтран Хархоринд 330 МВт хүртэлх хүчин чадалтай РИТМ төрлийн бага оврын реактор бүхий АЦС барихаар хэлэлцээр хийж буй энэ үед Узбекистанд баригдаж ижил төрлийн РИТМ реакторын аюулгүй ажиллагаа, байгаль орчинд үзүүлэх нөлөө, барилгын явцад үүсэж буй хүндрэл зэрэг асуудлууд нь Монголын эрчим хүчний салбарынханы анхааралтай ажиглаж байх ёстой жишээ юм.
Мөн Узбекистаны Жиззах АЦС болон Туркийн Аккую АЦС-ын гэрээ хэлэлцээр, хөрөнгө оруулалтын механизмууд, барилга угсралт, үйл ажиллагааны явцыг сайтар судалснаар хожмын өдөр аль нэгэн их гүрний төрийн өмчийн компанитай хэрэгжүүлэх эрчим хүчний BOO (Барих-Эзэмших-Ашиглах) төрлийн төсөл дээр үүсэж болзошгүй эрх зүйн болон санхүүгийн бэрхшээл, эрсдэлүүд бэлтгэлтэй болох юм.
Эх сурвалж:
- World Nuclear News. “Uzbekistan progressing work on first nuclear plant.” World Nuclear News, December 2, 2025. world-nuclear-news.org.
- https://kun.uz/en/news/2026/06/05/uzbekistan-caps-integrated-nuclear-power-plant-cost-at-95-billion-b128d0
- uz. “В Узбекистане стартовали первые бетонные работы на площадке первой АЭС в Джизакской области.” Nuz.uz, March 25, 2026. nuz.uz.
- Sputnik Узбекистан. “Шавкат Мирзиёев и Владимир Путин дали старт началу строительства АЭС в Узбекистане.” Sputnik Узбекистан, June 5, 2026. uz.sputniknews.ru.
- uz. “«Урановый Узбекистан» — сколько добывается и куда продаётся.” Spot.uz, September 24, 2020. spot.uz.
- Wesolowsky, Tony. “The Rosatom Exemption: How Russia’s State-Run Nuclear Giant Has Escaped Sanctions.” RFE/RL, June 15, 2022. rferl.org.
- World Nuclear Association. “Nuclear Power in Turkey.” Last updated September 17, 2026. world-nuclear.org.
- Temiz, Dilge. “Rosatom’un Yaptığı Nükleer Santralin Maliyeti Mısır’a 25 Milyar Dolarken Türkiye’ye 210 Milyar Dolar mı?” Teyit, January 30, 2026. teyit.org.
- Панфилова, Виктория. “Энергетика Узбекистана не выдерживает нагрузок.” Независимая газета, July 28, 2026. ng.ru.
[1] Францын AREVA NC, Канадын Cameco, Хятадын CNEIC, АНУ-ын Converdyn, Японы Itochu, Marubeni, БНСУ-ын KHNP, Энэтхэгийн Атомын энергийн газар гэх мэт










Хариу өгөх