Бүгд Найрамдах Турк Улсын бүс нутгийн геополитикийн нөлөөний хамгийн чухал зангилаа бүсүүдийн нэг бол Газар дундын тэнгис юм. Туркчүүд “Акдениз” (Цагаан тэнгис) хэмээн нэрлэдэг энэхүү далайн бүс нутаг нь батлан хамгаалах, стратегийн онцгой ач холбогдолтойгоос гадна сүүлийн жилүүдэд байгалийн хийн арвин нөөц шинээр илэрснээр эдийн засгийн нэн чухал стратегийн бүс болон хувираад байна.
Үүнтэй холбоотойгоор Турк болон Грек улсуудын хооронд Газар дундын тэнгист хэн нөлөөгөө тогтоож, хяналтаа тэлэх вэ гэсэн стратегийн ширүүн өрсөлдөөн өрнөж байна. Талууд бүс нутгийн бусад орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, далайн хилийн олон талт болон хоёр талт гэрээ хэлэлцээр байгуулах замаар өөрсдийн эрх ашиг, нөлөөллийг баталгаажуулахын тулд идэвхтэй нүүдэл хийсээр байна.
Хамгийн сүүлд 2026 оны 10-р сарын 28-нд Туркийн Үндэсний батлан хамгаалах яамнаас Турк Улс Египеттэй далайн эрх зүйн бүс тогтоох хэлэлцээр байгуулахад бэлэн байгаагаа зарлав. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Туркийн талаас Египет Улсад тавьж буй санал нь Египетийн Гректэй байгуулсан хэлэлцээрээс даруй 15,000 гаруй хавтгай дөрвөлжин километр илүү өргөн далайн бүсийг Египетийн мэдэлд өгөх аж.
Асуудлын суурь байгалийн хийн төлөөх өрсөлдөөн
Турк, Грек, Ливан, Египет, Израиль, Кипр зэрэг улсуудын усан хилийн бүс болох Газар дундын тэнгисийн зүүн хэсэг нь байгалийн хийн асар их нөөцтэй. АНУ-ын Геологийн судалгааны төвийн (USGS) 2020 оны тооцоогоор тус бүс нутаг ойролцоогоор 8.1 их наяд куб метр (286.2 их наяд куб фут) байгалийн хийн нөөцтэй байжээ. Энэхүү нөөцийн дийлэнх хэсэг Египет, Ливан, Израилийн далайн бүсэд хамаардаг ч одоогоор зөвхөн Египет, Израиль хоёр олборлолт явуулж байгаа ажээ. Тус бүс нутгийн хамгийн анхаарал татахуйц томоохон орд нь Зохр бөгөөд уг ордыг Италийн Эни компани 2015 оны 8-р сард Египетийн эрэг орчмоос нээсэн. Ордын баталгаат нөөц ойролцоогоор 850 тэрбум куб метр бөгөөд Зохр орд нээгдсэнээр Египет Улс 2010-аад оноос хойш эрчим хүч экспортлогч улс болж бүс нутгийн геополитикт эзлэх байр сууриа эрс бэхжүүлж чадсан байна.
Улмаар хэрэглэгч талаас ЕХ, нийлүүлэгч талаас Египет хамтран идэвхтэй ажилласны эцэст 2020 онд эрчим хүчний олон талт хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “Зүүн Газар дундын тэнгисийн хийн форум” (EMGF)-ыг албан ёсоор байгуулсан. Уг форумд Египет, Израиль, Грек, Кипр, Итали, Йордан болон Палестины Үндэсний Засаг захиргаа тулгуур гишүүнээр, Франц улс бүрэн эрхт гишүүнээр, харин АНУ ажиглагчийн статустайгаар элссэн байна.
Уг форум байгуулагдсан явдал нь Турк улсыг Газар дундын тэнгисийн эрчим хүчний стратегийн гол тоглогчдоос шахагдахад хүргэсний зэрэгцээ цаашид Грек-Туркийн харилцааны зөрчилдөөний суурь нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж болно.
Зураг 1: Газар дундын тэнгисийн байгалийн хийн ордууд

Эх сурвалж: АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн захиргаа, 2025 он
Туркийн хэрэгжүүлж буй ил болон далд стратеги
Турк Улс Европ болон Ойрхи Дорнодын бүс нутгийг хамарсан эрчим хүчний интеграциас ийнхүү шахагдсан нь Гректэй үүсгэсэн хилийн маргаан болон Киприйн асуудалтай шууд холбоотой бололтой. Учир нь Турктэй хамгийн ойр орших байгалийн хийн арвин нөөцтэй далайн бүс нутаг Кипр улсад хамаардаг бөгөөд Турк нь зөвхөн өөрөө хүлээн зөвшөөрдөг Умард Киприйн Турк Бүгд Найрамдах Улс (УКБНТУ)-аар дамжуулан уг нөөцийг ашиглах сонирхолтой байгаа нь ашиг сонирхлын том зөрчил үүсгэж байна.
Тодруулбал, 2011 оны 12 дугаар сарын 28-нд АНУ-ын Noble Energy компани Киприйн өмнөд эргээс ойролцоогоор 100–170 тэрбум куб метр байгалийн хийн нөөцтэй Афродита ордыг нээснээ зарласан ба Chevron, Delek, Shell зэрэг компаниуд хувь эзэмшиж эхэлсэн нь тус бүсэд батлагдсан асар их нөөц байгааг олон улсад баталсан юм. Ийнхүү Кипр орчмын ордыг барууны компаниуд шууд олборлон эзэмшиж байгаа явдал Анкарад таалагдаагүй нь лавтай. Иймээс сүүлийн жилүүдэд Туркийн зүгээс Киприйн далайн бүс хэмээн зарлан, бие даасан хайгуул, олборлолтын ажилд их хүч зарцуулах болсон. Эдгээрээс Туркийн Оруч Рейс (Oruç Reis) хайгуулын онгоц амжилттай хайгуул хийсээр байгаа ба 2026 оны 10-р сард тус онгоцны илрүүлсэн ордоос Турк рүү 101 км урттай далайн доорх хоолой шугам тавихаар төлөвлөж буйгаа зарлаад байна. 2028 он гэхэд ашиглалтад оруулахаар зорьж буй энэхүү хийн хоолой нь цаашид тус бүс нутагт эрчим хүчний нөөцөөс гадна дэд бүтцийн коридорын төлөөх өрсөлдөөн ширүүсэх төлөвтэйг илтгэнэ.

Зураг 2: Туркийн Оруч Рейс хайгуулийн онгоц
Түүнчлэн Туркийн бодлого тодорхойлогчид Газар дундын тэнгис дэх Грек-Кипр-Египетийн хамтралыг сөрөн зогсох, тэдний нэгдмэл байдлыг сарниулах дипломат стратегийг ч баримталж байна. Уг стратегийн хүрээнд Турк Улс Ливийн Үндэсний эвслийн Засгийн газартай 2019 оны 11-р сарын 27-нд Далайн зааг тогтоох санамж бичигт гарын үсэг зурж, 12-р сард хүчин төгөлдөр болсон юм. Тус санамж бичигт Крит зэрэг Грекийн арлуудыг алгасаж Ливи Улсад далайн нөөцийг ашиглах илүү ашигтай хил хязгаарыг санал болгосон. Уг тохиролцоог Грек, Кипр болон Европын Холбооны зүгээс олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн, бүс нутгийн тогтвортой байдалд аюул учруулсан алхам хэмээн эрс эсэргүүцсэн билээ.
Уг явдлаас долоон жилийн дараа буюу 2026 онд Туркийн тал Египетэд өмнө нь Ливитэй байгуулж байсан далайн хилийн санамж бичигтэй агаар нэг хэлэлцээр хийхийг санал болгов. Энэ үйлдэл Туркээс бүс нутгийн хүчний тэнцвэрийг өөрчлөхөөр хийж буй анхаарууштай алхам болж байна.
Дүгнэлт
Дэлхийн эрчим хүчний хямрал өсөн нэмэгдэж буй энэ үед Газар дундын тэнгисийн бүс нутгийн орнууд шинэ эх үүсвэр нээх, олборлож буй нөөцөөсөө аль болох их ашиг шим хүртэх ашиг сонирхлын өрсөлдөөнд идэвхтэй оролцож байна.
Уг өрсөлдөөний хүрээнд Европын Холбоо болон Грек тэргүүтэй бүс нутгийн эвсэл бүрэлдээд байгаа бол тэдний эсрэг Турк Улс Кипр орчмын бүс нутагт байгалийн хийн баталгаат нөөцөө нэмэгдүүлэх, гео-эдийн засгийн стратегидаа ахиц гаргахаар шатар нүүсээр байна. Хайгуулын ажлаа тэлэх, Кипр орчимд тэнгисийн цэргийн эргүүлийн онгоцуудаа байршуулах, далай доорх хийн хоолойн төслийг эхлүүлэх зэрэг нь Анкарагийн ил харагдах бодлогууд юм. Нөгөө талдаа Турк Улс ЕХ болон Грекийн тэргүүлсэн эвслийг дотроос нь сулруулах далд аргыг ч эрчимтэй хийсээр байна.
Үүний тод илрэл бол 2019 онд Ливитэй байгуулсан гэрээний хувилбарыг Египетэд дахин санал болгож байгаа явдал юм. Энгийнээр тайлбарлавал Анкарагийн зүгээс Каирт “Гректэй хамтарснаас бидэнтэй хамтарвал илүү их усан хилийг танaйд өгье” гэсэн санал тавив.
Египет уг саналыг хүлээн авах эсэх нь дараах хоёр талт тэнцвэрээс хамаарах юм. Нэг талаас Турктэй хамтарвал Газар дундын тэнгист далайн бүсээ тэлэх боломжтой ч, нөгөө талаас Европын Холбоотой стратегийн түншлэлээ эрсдэлд оруулна.
Иймээс өнөөгийн нөхцөлд Египет Анкарагийн саналыг зөвшөөрөх магадлал багатай хэмээн дүгнэх нь илүү үндэслэлтэй.
Ямартай ч энэхүү өрсөлдөөн нь Турк улс Газар дундын тэнгист нөлөөллөө хадгалах, өргөжүүлэх чадамжтай байгааг харуулахын сацуу тус бүс нутаг дахь НАТО-гийн холбоотнуудын харилцааны эмзэг талыг олон улсад харуулж байна.
Ашигласан материал, эх сурвалж
- Cyprus Mail. “Turkey offers Egypt maritime border deal.” October 28, 2026. https://cyprus-mail.com/2026/10/28/turkey-offers-egypt-maritime-border-deal
- UA.News. “Туреччина запропонувала Єгипту угоду про розмежування морських зон (Cyprus Mail).” October 29, 2026. https://ua.news/en/dovkolo-svitu/turechchina-zaproponuvala-egiptu-ugodu-pro-rozmezhuvannia-morskikh-zon-cyprus-mail
- Turkish Minute. “Turkey says ready to sign maritime boundary deal with Egypt.” October 28, 2026. https://www.turkishminute.com/2026/10/28/turkey-says-ready-to-sign-maritime-boundary-deal-with-egypt/
- mk-turkey.ru. “Минобороны Турции заявило о готовности подписать с Египтом соглашение о морских зонах.” October 28, 2026. https://mk-turkey.ru/bezopasnost/2026/10/28/minoborony-turcii-zayavilo-o-gotovnosti-podpisat-s-egiptom-soglashenie-o-morskih-zonah.html
- Savunma Sanayi ST. “Mısır ile Karşılıklı Menfaatler Doğrultusunda Deniz Yetki Alanlarının Sınırlandırılmasına İlişkin Anlaşma İmzalamaya Hazırız!” October 28, 2026. savunmasanayi.org. [link not found — see note]
- Geopolitiki. “Turkish defence minister Güler courts Cairo: a maritime deal with Turkey would give Egypt ‘15,000 sq km more’ than one with Greece.” October 26, 2026. https://geopolitiki.com/greece/turkey-guler-offers-egypt-maritime-delimitation-15000-square-kilometres-greece-turkish-libyan-memorandum/
- Politis (Politis Team). “Libya Parliament’s Approval Bolsters Turkey-Libya Maritime Deal.” October 21, 2026. https://en.politis.com.cy/news/world/1055540/libya-parliaments-approval-bolsters-turkey-libya-maritime-deal
- Daily Sabah. “Libya ratifies 2019 maritime deal with Türkiye in landmark move.” October 21, 2026. https://www.dailysabah.com/politics/libya-ratifies-2019-maritime-deal-with-turkiye-in-landmark-move/news
- Greek City Times. “Greece Raises Turkey-Libya Maritime Deal at UN Security Council.” October 22, 2026. https://greekcitytimes.com/2026/10/22/greece-raises-turkey-libya-maritime-deal-at-un-security-council
- ProtoThema English. “Invalid, baseless and contrary to international law: Greece, EU, Egypt, Cyprus, Bahrain and UAE issue joint statement at UN on Turkey-Libya maritime deal.” October 26, 2026. https://en.protothema.gr/2026/10/26/invalid-baseless-and-contrary-to-international-law-greece-eu-egypt-cyprus-bahrain-and-uae-issue-joint-statement-at-un-on-turkey-libya-maritime-deal/
- Morrow, Sibel. “Turkish maritime pact with Libya effective as of Dec. 8.” Anadolu Agency, December 2019. https://aa.com.tr/en/middle-east/turkish-maritime-pact-with-libya-effective-as-of-dec-8/1671213
- World Oil (Anthony DiPaola, Bloomberg). “Eni discovers 30 Tcf gas field in Mediterranean offshore Egypt.” August 30, 2015. https://worldoil.com/news/2015/8/30/eni-discovers-30-tcf-gas-field-in-mediterranean-offshore-egypt
- Middle East Eye (MEE staff). “US tells Israel it no longer supports EastMed pipeline project: Report.” January 18, 2022. https://www.middleeasteye.net/news/us-tells-israel-it-no-longer-supports-eastmed-pipeline-project-report
- Bilge, Ömer. “KKTC’de doğalgaz hattı tam gaz… Oruç Reis Girne’ye ulaştı.” Hürriyet, October 10, 2026. https://www.hurriyet.com.tr/dunya/kktcde-dogalgaz-hatti-tam-gaz-oruc-reis-girneye-ulasti-43336149
- U.S. Energy Information Administration (EIA). “Regional Analysis Brief: Eastern Mediterranean Energy Overview.” Last updated September 3, 2025. https://www.eia.gov/international/analysis/regions-of-interest/Eastern_Mediterranean
- Tanchum, Michaël. “Two practical proposals to solve eastern Mediterranean energy and boundary disputes.” Heinrich Böll Stiftung Istanbul, October 10, 2020. https://tr.boell.org/en/2020/10/10/two-practical-proposals-solve-eastern-mediterranean-energy-and-boundary-disputes










Хариу өгөх