Зөвлөлт холбоот улс задарснаас хойшхи хугацаанд Төв Азийн орнууд эдийн засгаа төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дэлхийн санхүүгийн тогтолцоонд нэгдэх, олон зуун жилийн турш Москвагаас хамааралтай байсан хөрөнгө оруулалтын сувгаа төрөлжүүлэхээр олон шинэчлэлүүдийг хэрэгжүүлсээр буй. Энэ хүрээнд Казахстан 2018 онд бүс нутагтаа анх удаа романо-германы эрх зүйн тогтолцоотой бизнесийн орчин дээрээ англи-саксоны нийтлэг эрх зүйгээр зохицуулагдах тусгай дэглэм бүхий санхүүгийн төвийг[1] байгуулсан. Эл загвар 8 жил туршигдаж, Төв азийн орнуудын анхаарлын төвд байсны эцэст Узбекстан 2026 оны 6-р сард болсон Ташкентын олон улсын хөрөнгө оруулалтын форумын үеэр Ташкентийн олон улсын санхүүгийн төв байгуулахаа албан ёсоор зарлалаа.
Мирзиёевийн нээлттэй бодлогын оргил цэг
Эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох, аюулгүй байдлыг хангах олон реформуудын хэлбэр байдгаас нутаг дэвсгэр дотроо өөр хууль эрх зүйн орчныг бий болгох замаар, хараат бус шүүх нэвтрүүлэх төрлийн реформ нь эрс шинэчлэл шаарддаг билээ. 2017 оноос хойш зах зээлийг чөлөөлөх, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахаар идэвхтэй ажиллаж буй Узбекстаны Ерөнхийлөгч Мирзиёев 2026 оны 3-р сарын 31-ний өдөр англи-саксон хуультай Ташкентын олон улсын санхүүгийн төвийг байгуулах №48 тоот зарлигийг гаргаснаараа 1992 оноос 2016 оны хооронд удирдаж байсан Исламын Каримовын төмөр хана бүхий эдийн засгийн бүтцийг бүрэн нураав.
Ташкентын олон улсын санхүүгийн төвийг байгуулах ажил Казахстанд санхүүгийн төв байгуулах явцтай нэлээд төстэй байхаар төлөвлөгдсөн бөгөөд эхлээд үндсэн хуулиар тус төвийг нээх эрх зүйн орчныг бий болгох, дараа нь үйл ажиллагааг явуулах дагалдах хууль журмуудыг батлах, улмаар англи-саксоны нийтлэг эрх зүй бүхий шүүхийн тогтолцоог бий болгох юм. Нээлттэй эх сурвалжуудын мэдээллээр Ташкентын санхүүгийн төвийн хүрээнд үүсэх аливаа маргааныг анхан болон давж заалдах шатны хараат бус Олон улсын арилжааны шүүх, мөн Олон улсын арбитрын төв шийдвэрлэхээр зохицуулжээ. Эдгээр нь гадаадын шүүгч, олон улсын шинжээчдээс бүрдэх бөгөөд шүүх ажиллагаа нь англи хэлээр явагдах аж.
Үүнээс гадна Ташкентын олон улсын хөрөнгө оруулалтын форумын үеэр тус төвд 2076 оныг хүртэл буюу 50 жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, эд хөрөнгийн болон газрын татвар, гаалийн татварыг тэглэх боломжтой хэмээн мэдэгдсэн. Үүнээс гадна санхүүгийн төвийг хөрөнгө оруулагч нарт илүү сонирхолтой байлгах үүднээс валютыг чөлөөтэй хөрвүүлэх, хөрөнгийг шилжүүлэх баталгаа олгох, гааль, тусгай зөвшөөрөл болон крипто хөрөнгөтэй холбоотой тусгай горим нэвтрүүлнэ гэжээ. Узбекистаны зүгээс 2030 он гэхэд тус төв дээр 20–25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж, жилийн ДНБ-ний өсөлтөд 1 хувийн нэмэр оруулж, 15,000 ажлын байр бий болгохоор төлөвлөж байгаа аж.
Энэхүү төвийг хөрөнгө оруулалт татах арга гэхээс илүүтэйгээр олон улсын тодорхойгүй эрсдэлтэй нөхцөлд хөрөнгө оруулагч нарт тогтвортой, тодорхой орчныг санал болгох замаар өсөлтийг хэвийн хадгалах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратеги хэмээн авч үзэх нь зүйтэй. Учир нь хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд эрх зүйн тогтвортой байдал, өмчийн баталгаа, бизнесийн аливаа маргааныг бодитоор шийдвэрлэх боломжийг эрэлхийлдэг бөгөөд эдгээр нь үндэсний эрх зүйн тогтолцоонд итгэх итгэлийг бий болгох замаар хангагддаг.
Найдвар: Астанагийн олон улсын санхүүгийн төв
Узбекстан Олон улсын санхүүгийн төвийг байгуулах санааг Казахстаны туршлагаас олж харсан нь гарцаагүй. Назарбаевын засгийн газар Пост-Коммунист улсад анх удаа англи-саксоны худалдааны эрх зүйн зарчимд тулгуурласан тусгай шүүхийн харьяалал бүхий санхүүгийн төвийг нэвтрүүлэх ажлыг тэртээ 2015 онд үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрхзүйн орчныг бий болгон эхлүүлж, даруй 3 жилийн дараа үйл ажиллагааг албан ёсоор нээсэн[2]. Өдгөө тус төвийн үйл ажиллагаа дөрвөн үндсэн тулгуураас бүрддэг. Эдгээр нь:
- Тусгай эрх зүйн дэглэм. Бүсэд болж буй аливаа харилцаа англи эрх зүйд тулгуурласан байх ба гэрээ хэлэлцээрийн албан ёсны хэл нь англи хэл байдаг.
- Хараат бус шүүх. Анхан болон давж заалдах гэсэн хоёр шатлалтай шүүх байх ба Шүүхийн анхны даргаар Английн иргэний шүүх ажиллагааг шинэчлэгч лорд Гарри Кеннет Вульфыг томилсон;
- Астанагийн санхүүгийн үйлчилгээний газар (AFSA) хэмээх бие даасан зохицуулагч агентлаг;
- Астанагийн олон улсын бирж (AIX). Биржийн хувьцаа эзэмшигчдийн дунд Голдман Сакс, Шанхайн хөрөнгийн бирж, “Торгоны замын сан” багтаж, NASDAQ-ийн арилжааны платформыг ашигладаг.
2026 оны эхэн гэхэд тус төвөөр дамжуулан Казахстаны эдийн засагт татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 21.5 тэрбум ам.доллар хүрч, бүртгэлтэй оролцогч компанийн тоо 90 гаруй улсаас бүрдсэн 5,400-аас давсан байна. Зөвхөн 2025 онд л гэхэд 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж, 1,400 гаруй шинэ компани бүртгүүлсэн нь өмнөх оноос мэдэгдэхүйц өсжээ. Дэлхийн санхүүгийн төвүүдийн индекс (GFCI)-ээр Астанагийн санхүүгийн төв нь Зүүн Европ, Төв Азийн бүсэд тэргүүлж байгаа бөгөөд шүүх болон арбитрын төв нь 4,900 гаруй хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн дийлэнхийг нь үр дүнтэй биелүүлсэн. Эдгээр үзүүлэлт нь Пост-Коммунист байгалийн баялагтай улсад англо-саксон хууль эрхзүйн орчныг нэвтрүүлснээр эдийн засгийн хөгжлийг бий болгохын сацуу эдийн засгийн аюулгүй байдлыг хангадгийн бодит “нотлогдсон загвар” болохыг харуулна.
Зураг 1. Астанагийн олон улсын санхүүгийн төвд хуримтлагдсан хөрөнгө оруулалт (тэрбум ам.доллар) ба бүртгэлтэй компанийн тоо, 2024–2026.

Эх сурвалж: AIFC, Qazinform
Дүгнэлт: Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга
Ташкентын олон улсын санхүүгийн төв нь Узбекистаны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг хадгалах стратегийн алхам юм. Уг төв бүс нутагт аль хэдийн нотлогдсон Астанагийн санхүүгийн төвийн загварт тулгуурлаж байгаа нь алсдаа амжилттай болох магадлалыг нэмэгдүүлж байна. Астанагийн олон улсын санхүүгийн төв л гэхэд өнгөрсөн 8 жилийн хугацаанд улсынхаа эдийн засаг дахь “хүчний тэнцвэрийг хадгалах орон зай” хэлбэрээр ажиллаж, хараат бус эрх зүйн дэглэмээр гадаад орчны хөрөнгө оруулалтуудад учруулж болзошгүй сөрөг нөлөөг бууруулж чадсан.
Энэ нь тус төрлийн санхүүгийн төвүүд эдийн засгийн аюулгүй байдлыг 1-т эрх зүйн тогтвортой байдал, 2-т эрх зүйн ойлгомжтой байдал 3-т өмчийн баталгаат байдлыг бий болгон итгэлийг нэмэгдүүлдэг. Бүр цаашлаад хөрөнгийн урсгалыг татаж, эдийн засгийг нэг улс, нэг салбараас хэт хамаарах байдлаас ангижруулдаг.
Мөн Олон улсын туршлагаас үзэхэд санхүүгийн төв нь тусгаарлагдсан орчныг бий болгохгүйгээр харин өргөн хүрээний салбаруудын шинэчлэлийг түгээх платформ болж ажиллах үедээ хамгийн их үр өгөөжтэй байдаг. Хөрөнгө оруулалтыг хамгаалах, гадаад дотоодын улс төрийн орчноос эдийн засгийг хамгаалах, санхүүгийн зохицуулалтыг шуурхай хийх, засаглалыг сайжруулах зэрэг бусад сайн туршлагууд анх санхүүгийн төвд нэвтэрч аажмаар үндэсний тогтолцоонд нэвтэрсэн жишээ цөөнгүй.
Узбекистаны хувьд Ташкентын Олон улсын санхүүгийн төв нь өнөөгийн геополитикийн ороо бусгаа, тодорхойгүй цаг үед хуулийн ойлгомжтой, тодорхой орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийг олон улсын тавцанд бататгах “нэрийн хуудас” болох учиртай.
Эцэст нь тус төвийг байгуулах явц, цаашдын ирээдүй эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахыг зорьж буй Монгол зэрэг далайд гарцгүй орнуудад шинэ судлагдахуун болно.
Эх сурвалжууд:
“Announcement of Tashkent International Financial Centre in Uzbekistan: Big Step Forward.” Curtis, Mallet-Prevost, Colt & Mosle LLP, 2026 оны 5 дугаар сарын 8. https://www.curtis.com/.
“AIFC attracts over $21 billion in investment.” Qazinform, 2026 оны 4 дүгээр сарын 15. https://qazinform.com/.
“Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга.” Үндэсний аюулгүй байдлын судалгааны хүрээлэн (NISS), 2025. https://niss.gov.mn/.
“$6bn raised through the Astana International Financial Centre in 2025…” AIFC, 2025.12.26
“Зачем Казахстану английская правовая система? Эксперимент финцентра ‘Астана’.” informburo.kz.
Kurbanov, Sobir. “Tashkent Int’l Financial Center Advances Investment Reform with Legal Certainty and Enforceability.” The Astana Times, 2026.04.22
“New international financial center to open in Tashkent under English common law.” Kun.uz, 2026.03.26
Нарантуяа, З. “Улаанбаатарын олон улсын санхүүгийн төв.” Илтгэл.
“Public Review Opens for Tashkent International Financial Center Law.” UzDaily, 2026.04.01
“С английским правом.” Казахстанская правда.
Şaşmaz, M. болон бусад. “Uluslararası Finansal Merkez Olma Sürecinde … Astana Değerlendirmesi.” SDE Akademi Dergisi, 2026.
“Tashkent Financial Center to introduce own court, English law, tax benefits until 2076.” Gazeta.uz, 2026.04.15
“The Astana International Financial Centre (AIFC).” HTJ Tax, 2025 оны 8 дугаар сарын 13.
“Uzbekistan prepares the legislative foundation for the Tashkent International Financial Centre.” Kinstellar, 2026.04.16
“50-year tax incentives and new financial centre unveiled at Tashkent forum.” Euronews, 2026.06.18
[1] Дэлхийд хамгийн анх Дубайн (DIFC), Абу-Дабийн (ADGM) санхүүгийн төвүүд нэвтрүүлсэн










Хариу өгөх