Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

БНХАУ-ын эрчим хүчний аюулгүй байдлын тулгуур нөөц нүүрс болов

2026 оны 2 дугаар сарын 28-нд эхэлсэн Ираны дайн долоо дахь сар руугаа орж байна. Ормузын хоолой хэвийн үедээ өдөрт 20 сая орчим баррель газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн худалдаа дамжин өнгөрдөг байсан нь ойролцоогоор дэлхийн нийт хэрэглээний тавны нэг орчим хувийг эзэлж байв[1]. 2026 оны 8 дугаар сард Персийн булангийн түүхий нефтийн экспорт өдөрт 13 сая баррель, дизель түлшний цэвэр экспорт өдөрт ердөө 390 мянган баррель болж огцом буурчээ[2]. Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бирол үүнийг “дэлхий нийтэд тулгарч байсан эрчим хүчний аюулгүй байдлын хамгийн том хямрал” хэмээн тодорхойлов[3].

Ийм нөхцөлд Хятадын хувьд далайн тээвэр, газрын тос байгалийн хий дамжуулах хоолой, гуравдагч улсын санхүүгийн тогтолцооноос хамааралгүй дотооддоо бүрэн хяналттай цорын ганц эрчим хүчний нөөц болох нүүрсний үүрэг “дахин” үнэлэгдэх болов. 2026 онд Хятадын нүүрсний олборлолт буурсан хэдий ч нүүрсний стратегийн ач холбогдол өссөөр байна. Тус улсын хувьд нүүрсний үнэ цэн нь хэдэн тонн олборлосноор бус онц чухал шаардлага гарвал хурдан хугацаанд найдвартай хувирган ашиглаж чадахаар хэмжигдэж байна. Хятадын хувьд нүүрс бол энэ хямралын үед эрчим хүч үйлдвэрлэлийн эх үүсвэр, нөөц гэхээсээ илүү “эрчим хүчний аюулгүй байдлын даатгал” болж хувирав.

Нүүрсний стратегийн ач холбогдол хэрхэн илэрсэн бэ?

2026 оны хаврын саруудад геополитикийн хурцадмал байдлын улмаас олон улсад нүүрсний үнэ 20 хүртэл хувиар өссөн бол Хятадын дотоодын зах зээлд эрчим хүчний нүүрсний үнэ 3 дугаар сард тонн тутам 682 юань байсан ба сарын эцэст 3.9 хувиар л нэмэгдсэн[4]. Энэ нь урт хугацааны гэрээнд суурилсан үнэ тогтоох тогтолцоо дотоодын хэрэглэгчдийг дэлхийн цочролоос тусгаарласан сайн талтай. Гэвч газрын тосны хувьд ийм боломж байгаагүйг Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо 3 дугаар сарын 23-нд 13 жилийн дараа анх удаа бензин, дизелийн үнэд шууд захиргааны хязгаарлалт тогтоон хэрэглээний өсөлтийн тал орчим хувийг л зах зээлд нийлүүлсэнээс харж болно[5].

4 дүгээр сарын эцэс гэхэд дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц 190 сая тонн буюу 32 хоногийн хэрэглээтэй тэнцэж түүхэн өндөр түвшинд хүрчээ[4]. Газрын тосны стратегийн нөөцөөс ялгаатай нь нүүрсний нөөц хямд бөгөөд задгай агуулахад хадгалагддаг тул хэмжээг нь богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтой ба цахилгаан тээврийн хэрэгсэл, нүүрс химийн аж үйлдвэрлэлийн хүчин чадлаа хурдан хугацаанд нэмэгдүүлэх гэх мэт арга хэмжээ авч чадаж байгаа нь хямралын үед шийдвэрлэх ач холбогдолтойг харуулав. Мөн 2026 оны эхний хагас жилд нүүрсний дулааны цахилгаан станцын эзлэх хувь хагас жилийн хэмжээгээр анх удаа 50 хувиас доош (49.7 хувь) буурсан ч [6] системийн тэнцвэржүүлэгч үүрэг нь бүрэн хэвээр байв.

Хятадын цахилгаан хангамж импортын шингэрүүлсэн хийд тулгуурладаггүй тул Ормузын хоолойгоор дамждаг дэлхийн LNG-ийн тасалдал[1] Япон, Европынхтой адил цочрол үүсгээгүй. Энэхүү давуу талаа тус улсын эрчим хүчний захиргаа ”геополитикийн мөргөлдөөн, эрчим хүчний зах зээлийн үнийн хэлбэлзэл болон нийлүүлэлтийн тасалдал нь Хятадын эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлөөгүй ба нүүрс нь эрчим хүчний аюулгүй байдлын баталгаа болохыг улам тод томруунаар харуулж байна” гэжээ[4]. Гэхдээ хямрал үргэлжлэх тусам хомсдол түүхий газрын тосноос гадна боловсруулсан бүтээгдэхүүн болон нефть химийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн рүү шилжлээ. Хятадын хувьд энэ нь шууд хэмжигдэхүйц үр дагавар  авчирсан ба 8 дугаар сард газрын тос боловсруулалт 59.07 сая тонн болж 6.9 хувиар (7 дугаар сарын 15.8 хувийн бууралтаас сэргэсэн ч), эхний найман сарын дүнгээр 456.12 сая тонн болж 6.6 хувиар буурчээ[7].  Энэ нийлүүлэлтийн зөрүүг нүүрс-химийн аж үйлдвэрлэл метанол, олефин, нүүрснээс шингэн түлш гаргах гэх мэтээр хэсэгчлэн нөхөж байна. Дизель түлш 200 ам.долларын түвшинд байхад нүүрсний шингэн түлшний өртөг зөвхөн өрсөлдөхүйц бус онцгой ашигтай болдог. Энэ нь хөрөнгө оруулалтад тусгалаа олсон ба 2026 онд дэлхийн нүүрсний хөрөнгө оруулалт 180 тэрбум ам.доллар буюу 2012 оноос хойших дээд түвшинд хүрч үүний 70 орчим хувийг нь Хятад дангаараа эзэлж байна [3].

Нүүрсний ач холбогдол өссөн нь бэлэн байдлын түвшинтэй холбоотой

Том зургаараа нүүрсний ач холбогдол өссөн ч тус улсын олборлолт буурсан байна. 2026 оны 8 дугаар сард Хятадын түүхий нүүрсний олборлолт 360 сая тонн болж өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар буурсан нь 7 дугаар сарын 10.1 хувийн бууралтаас хумигдсан үзүүлэлт бөгөөд эхний найман сарын дүнгээр 3.06 тэрбум тонн болж 3.3 хувиар буурчээ. Дулааны цахилгаан станцын үйлдвэрлэл 4.3 хувиар буурсан бол цөмийн эрчим хүчнийх 9.4, нарных 10.3, салхиных 7.9 хувиар өссөн байна[7]. Өөрөөр хэлбэл нүүрсний ач холбогдлын тухай ярих үед түүний бодит олборлолт, хэрэглээ хоёулаа буурч байв.

Нүүрсний хэрэглээ буурсан нь газрын тосны цочролоос үүдсэн аж үйлдвэрийн эрэлтийн агшилтаас үүдэлтэй бол олборлолт буурсан нь усан, цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өссөнтэй холбоотой. Түүнчлэн 5 дугаар сард Шаньси мужид гарсан том ослын дараа уул уурхайн аюулгүй байдлын хяналт чангарсан нь бас нөлөөлсөн байх талтай.

Эдгээр үйл явдлууд болоод Хятадын эрчим хүчний захиргааны нүүрсний талаарх байр суурь зэрэг нь нүүрсний стратегийн ач холбогдлыг олборлолтын хэмжээгээр хэмжих нь буруу ба түүний үнэ цэн ашиглалтын түвшинд бус бэлэн байдлын түвшинд оршиж байгааг илтгэж байна. Далайн тээвэр, дамжуулах хоолой болон сөргөлдөгч талуудтай хийж буй улс төр геополитикийн хурцадмал байдлын үед хурдан хугацаанд хөрвөх чадвартай эрчим хүчний эх үүсвэр бол нүүрс болохыг тодотгон харуулсан үйл явдлууд өрнөсөөр байна. Мөн бид нэг зүйлийг дутуу ажиглаж байгаа нь нүүрсний тээврийн газарзүйн ойлголт юм. Индонез, Австралиас ирэх нүүрс Ормузаас шууд хамаарахгүй ч Малаккын хоолой, олон улсын далайн тээврийн даатгалын систем болон үнийн цочролд мэдрэмтгий байдаг[1]. Харин хуурай замын хилээр ирэх Монгол, Оросын нүүрс эдгээр эрсдэлийн аль алинаас нь ангид байлгаж чадах ба 2026 онд манай улсаас Хятад руу нийлүүлсэн нүүрс огцом өсөж зарим сард Индонезийг гүйцэж түрүүлсэн явдлыг зах зээлийн түр зуурын хэлбэлзэл бус стратегийн логикийн илэрхийлэл талаас нь харах үндэслэлтэй юм.

Ираны дайн нь Хятадын эрчим хүчний тогтолцоонд газрын тос хамгийн эмзэг болохыг илтгэн харуулсан бол нүүрс хамгийн найдвартай бэлэн байдлын тулгуур хэвээр байгааг илтгэв. Нүүрсний стратегийн үнэ цэн нь тоо хэмжээндээ бус сонголт хийх боломжтой, дотоодын бүрэн хяналтад байлгахуйц, хямд, удаан хадгалах боломжтой, хуурай замын нийлүүлэлттэй, шингэн түлш болон нүүрс химийн түүхий эд бүтээгдэхүүн болгон хувиргаж чадах чадварт оршиж байна. Энэ нь тус улсын эрчим хүчний салбарын ногоон шилжилтийг үгүйсгээгүй бөгөөд 2026 оны хамгийн үр дүнтэй эрчим хүчний хамгаалалт нь сэргээгдэх эрчим хүч, цахилгаанжуулалт байсныг албан ёсны тоо баримт харуулж байна[6]. Гэвч энэхүү шилжилтийн явцад нүүрс нь “ажиллуулах хүчин чадал”-аас “бэлэн байх хүчин чадал” руу үүргээ өөрчилж байгаа бөгөөд энэ утгаараа түүний ач холбогдол буурахгүй харин ч нэмэгдэж байна.

Манай улсын хувьд энэ нь боломж, сорилт хоёуланг нь дагуулж байна. Ачаа тээврийн нэвтрүүлэх чадварыг өргөтгөх, нүүрсээ түүхийгээр бус баяжуулж экспортлох мөн үнийн хэлбэлзэлийг зөөлрүүлэхийн тулд урт хугацааны нийлүүлэлтийн гэрээ хийх, нэмүү өртөг шингээх гэх мэт арга хэмжээг авах нь зүйтэй. Эдгээр өөрчлөлтгүйгээр 2026 оны манай улсын нүүрсний экспортын “өсөлт”[8] зөвхөн мөчлөгийн буюу Ираны дайны үзэгдэл хэвээр үлдэх болно. Ираны дайн, Ормузын хоолойн асуудал шийдэгдэж газрын тосны нийлүүлэлт хэвийн болох тусам нүүрсний ач холбогдол буурах болно.

 

Ашигласан эх сурвалж

[1] U.S. Energy Information Administration (АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газар), “Amid regional conflict, the Strait of Hormuz remains a critical oil chokepoint,” Today in Energy. https://www.eia.gov/todayinenergy/detail.php?id=65504

[2] International Energy Agency (Олон улсын эрчим хүчний агентлаг), Oil Market Report – September 2026. https://www.iea.org/reports/oil-market-report-september-2026

[3] International Energy Agency, “Impacts of Middle East conflict set to reshape energy investment plans as disruptions put focus on security” (World Energy Investment 2026), News, 2026.05.28. https://www.iea.org/news/impacts-of-middle-east-conflict-set-to-reshape-energy-investment-plans-as-disruptions-put-focus-on-security

[4] БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний захиргаа (国家能源局): 《煤炭市场库存充足供需平稳》 (Нүүрсний зах зээл: нөөц хангалттай, нийлүүлэлт-эрэлт тогтвортой), 2026.05.15. https://www.nea.gov.cn/20260515/cf953e1b17574da29a54ddcf7a98b196/c.html

[5] БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо (国家发展和改革委员会): 《国家对成品油价格采取临时调控措施》 (Боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний үнэд түр зуурын зохицуулалтын арга хэмжээ авсан тухай), 2026.03.23. https://www.ndrc.gov.cn/xwdt/xwfb/202603/t20260323_1404296.html

[6] БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний захиргаа (国家能源局): 《国家能源局举行新闻发布会 介绍2026年上半年全国能源形势》 (2026 оны эхний хагас жилийн эрчим хүчний нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал), 2026.07.30. https://www.nea.gov.cn/20260730/6c60113d8ba5471eb0045cb7b314dee8/c.html

[7] БНХАУ-ын Үндэсний статистикийн газар (国家统计局): 《2026年8月份能源生产情况》 (2026 оны 8 дугаар сарын эрчим хүчний үйлдвэрлэлийн байдал), 2026.09.15 — «Мэдээ нийтлэх» булан: https://www.stats.gov.cn/sj/zxfb/ ; мөн 《2026年7月份能源生产情况》, 2026.08.17: https://www.stats.gov.cn/sj/zxfb/202608/t20260817_1965051.html

[8] Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам: «Макро эдийн засгийн сарын мэдээ», 2026 оны 03 дугаар сар. https://med.gov.mn/uploads/users/3962/files/M26-03MN(2).pdf

[9] U.S. Energy Information Administration, “EIA expects record electricity generation in 2026 and 2027” (Short-Term Energy Outlook), Press Release, 2026.09.09. https://www.eia.gov/pressroom/releases/press592.php