Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

АНУ-ын газрын ховор элементийн бодлого

АНУ Хятадтай өрнүүлж буй стратегийн өрсөлдөөний хүрээнд газрын ховор элементийн (ГХЭ) үйлдвэрлэлийн хараат байдлаас үүсэж буй эрсдэлийг бууруулах алхмуудыг шат дараатай хийсээр байгаа билээ. АНУ-ын стратегийн гол зорилго нь Хятадын дэлхийн зах зээлд эзлэх хувийг богино хугацаанд орлох бус, Хятад нийлүүлэлтээ хязгаарласан нөхцөлд өөрийн батлан хамгаалах болон стратегийн үйлдвэрлэлийг тасралтгүй ажиллуулах чадвар бүрдүүлэх явдал гэж үзэж болно. Харин тулгарч буй гол стратегийн сорилт нь ГХЭ-ийн нөөц, олборлолтын хэмжээнд бус, түүнийг цэргийн болон өндөр технологийн үйлдвэрлэлд ашиглах эцсийн бүтээгдэхүүн болгох бүх шатны технологи, үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрдүүлэхэд оршиж байна.

2019 онд батлагдсан 10 U.S.C 4872 хуульд 2026 онд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлэх Батлан хамгаалах яамны DFARS 252.225-7052 журмын гэрээний дагуу АНУ 2027 оны 1 сарын 1-нээс БНАСАУ, БНХАУ, ОХУ болон Иран улсуудаас самари-кобальтын соронз, неодим-төмөр-борын соронз, тантал металл болон хайлш, вольфрамын металл нунтаг, хүнд хайлш болон вольфрамын хүнд хайлш агуулсан аливаа бэлэн буюу хагас боловсруулсан бүрэлдэхүүн хэсгийг импортлохыг хязгаарласан.[1] Энэхүү зохицуулалт нь АНУ-ын батлан хамгаалах үйлдвэрлэлийн ханган нийлүүлэгчдийг түүхий эдийн гарал үүсэл, боловсруулалтын үе шат бүрийг мөшгөн тогтоох шаардлагад шилжүүлэхийн зэрэгцээ шаардлага хангасан шинэ нийлүүлэгчдэд урт хугацааны найдвартай зах зээлийг нээж буй хэрэг юм. Түүнчлэн уг хязгаарлалт нь АНУ-ын төрийн худалдан авалтын баталгаатай эрэлтийг бий болгох замаар холбоотон, түншүүдийг тус улсын батлан хамгаалах үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд татан оролцуулах хөшүүрэг болохын хамт дотоодын хувийн хэвшлийн эрсдэлийг бууруулах боломжийг олгож байна.

Төрийн дэмжлэгтэй дотоодын үйлдвэрлэл

АНУ-ын бодлогын томоохон өөрчлөлт нь хувийн хэвшлийн олборлолт, боловсруулалт, үйлдвэрлэлийг дан ганц зах зээлийн механизмаар хөгжүүлэхээс татгалзаж, төрийн дэмжлэгтэйгээр тогтвортой хүчин чадал бүрдүүлэхэд оршиж байна. 2025 оны 7 сарын 10-нд АНУ-ын Батлан хамгаалах яам MP Materials компанитай стратегийн түншлэл байгуулж, 400 сая ам.долларын хөрвөх давуу эрхийн хувьцааны хөрөнгө оруулалт, 150 сая ам.долларын зээл болон бүтээгдэхүүний үнийн баталгаа зэрэг санхүүгийн механизмыг тохиролцжээ. Мөн неодим-празеодимын бүтээгдэхүүний үнийг нэг килограмм нь 110 ам.доллароос доош унасан тохиолдолд үнийн зөрүүг нөхөх арван жилийн зохицуулалтын гэрээ байгуулсан байна.[2] Энэ нь төрөөс хувийн хэвшлийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг зөвхөн татаасаар дэмжээд зогсохгүй зах зээлийн үнийн хэлбэлзлээс үүсэх эрсдэлийг тодорхой хугацаанд хуваалцах амлалт өгч байгаа хэрэг юм. Ийм баталгаа нь Хятадын үйлдвэрлэлтэй үнийн хувьд өрсөлдөхөд хүндрэлтэй шинэ компаниудад томоохон хөрөнгө оруулалт хийх боломжийг нэмэгдүүлнэ. Эндээс АНУ-ын бодлого стратегийн ач холбогдолтой үйлдвэрлэлийг зөвхөн арилжааны ашигт ажиллагаагаар үнэлэхгүй, үндэсний аюулгүй байдлын хэрэгцээтэй уялдуулан хөгжүүлэх чиглэлд шилжсэнийг харж болно.

Тус улс дотооддоо бүрэн мөчлөгт үйлдвэрлэл сэргээх технологийн үндэс сууриа бодитоор бүрдүүлж эхэлжээ. Тодруулбал, МР Materials-ийн Техас дахь Independence үйлдвэр цэргийн бус зориулалтын анхны тогтмол соронзуудаа 2025 онд үйлдвэрлэн 2026 оны II улирлаас захиалагчийн шаардлагад нийцүүлэх баталгаажуулалтыг үргэлжлүүлж байна. Түүнчлэн тус компани Нортлэйк дэх 10Х үйлдвэрээр үйл ажиллагаагаа өргөтгөн 2028 онд ашиглалтад оруулан нийт 10 орчим мянган тонн NdFeb соронз үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.

Түнш, холбоотон улсуудын үйлдвэрлэлийг нэгтгэх үйл ажиллагаа

АНУ-ын компаниуд технологийн бүх үе шатыг дотооддоо шинээр байгуулахын зэрэгцээ холбоотон улсуудын одоо ажиллаж буй үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэгтгэн ашиглах чиглэлд мөн анхаарал хандуулж байна. Тухайлбал, USA Rare Earth компани 2026 оны 3 сарын 26-нд Оклахома мужийн Stillwater үйлдвэртээ NdFeB соронзын үйлдвэрлэлийн эхний шатыг ашиглалтад оруулсны[3] зэрэгцээ 2026 оны 9 сард Бразилын Serra Verde групптэй нэгдэх хэлцлийг дуусгасан бөгөөд үйлдвэрлэлийг өргөжүүлэх болон бусад үйл ажиллагаатай холбоотой ажлууд үргэлжилж байна.[4]

Хоёр компани нэгдсэнээр диспрози (Dy), терби (Tb) зэрэг өндөр температурт ажиллах соронзын шинж чанарыг сайжруулахад ашигладаг хүнд газрын ховор элементийн нийлүүлэлтийг төрөлжүүлэх бөгөөд энэ нь гадаад түүхий эдийн эх үүсвэр, металлжуулалт, соронз үйлдвэрлэх чадавхыг нэг компанийн удирдлага дор нэгтгэж буй хэрэг юм.

Түүнчлэн Energy Fuels компани 2026 оны 8 сарын 28-нд Австралийн Australian Strategic Materials компанийг бүрэн худалдан авснаар БНСУ-ын Очан дахь Korean Metals Plant-ийн жилд 1300 тонн NdFeB хайлш үйлдвэрлэх хүчин чадлыг эзэмшилдээ оруулж, цаашид 3600 тонн болгон өргөжүүлэхээр ажиллаж байна.[5] Мөн тус компани Германы Vacuumschmelze (VAC) соронз үйлдвэрлэгчийг худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд нарийвчилсан хэлцлийг 2027 оны эхний улиралд эцэслэхээр төлөвлөж байгаагаа тайлагнажээ.[6] Үүнээс үзвэл АНУ-ын стратеги нь бүх үйлдвэрлэлийг зөвхөн дотооддоо төвлөрүүлэхээс илүүтэйгээр дотоодын үйлдвэрлэл болон холбоотнуудын хүчин чадлыг нэгтгэсэн, Хятадаас хамаарах хамаарлыг багасгасан нийлүүлэлтийн сүлжээ байгуулахад чиглэж байгаа юм.

Хэдийгээр АНУ дээрх алхмуудыг хийсээр байгаа ч Хятадаас хамаарах хамаарлыг дорвитой бууруулахад тодорхой хугацаа шаардагдана. Хятад улс 2024 оны байдлаар дэлхийн нийт ГХЭ-ийн ялгах, цэвэршүүлэх процессын 91%, шатааж нягтруулсан тогтмол соронзын 94%-ийг үйлдвэрлэж байсан[7] бол 2026 оны 7 сарын Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд дурдсанаар АНУ-д газрын ховор элемент цэвэршүүлэх шинэ төслүүд хэрэгжиж, Малайзын үйлдвэрлэл нэмэгдсэний үр дүнд дэлхийн цэвэршүүлсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд Хятадын эзлэх хувь 2023 онд 90 гаруй хувь байснаас 2025 онд 85 хувь болж буурчээ. [8] Энэ нь Хятадаас бусад улс газрын ховор элементийн цэвэршүүлэх үйлдвэрлэлээ өргөжүүлж эхэлснийг харуулах боловч тус салбар дахь Хятадын давамгайлал өндөр хэвээр байна.

Бусад үе шатанд Хятадын давамгайлал хэвээр байгаа тул дээр дурдсан Батлан хамгаалах яамны DFARS 252.225-7052 журмын гэрээ хэрэгжих магадлал бага байна. Гэхдээ энэ нөхцөлийг тус журамд харгалзаж үзсэн буюу хязгаарлалтад хамаарах материалыг хэрэгцээтэй үед, хангалттай чанар, тоо хэмжээгээр, шаардлагатай хэлбэрээр, боломжит үнээр худалдан авах боломжгүй, олдоцгүй тохиолдолд дээрх орнуудаас худалдан авч болохыг тусгажээ.

Дүгнэлт  

АНУ 2027 оны батлан хамгаалахын худалдан авалтын шинэ шаардлага, төрийн санхүүжилт, үнийн баталгаа, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон холбоотнуудын үйлдвэрлэлийн хүчин чадлыг уялдуулах замаар Хятадын үйлдвэрлэлээс хараат байдлаа багасгахаар бодит алхмуудыг хийж байна. Энэ хүрээнд MP Materials, USA Rare Earth, Energy Fuels компаниудын үйл ажиллагаа бодит ахицтай боловч зарим томоохон үйлдвэр төлөвлөсөн хүчин чадалдаа хараахан хүрээгүй байна. Ялангуяа хүнд газрын ховор элементийн нийлүүлэлт, металлжуулалт, байнгын соронз үйлдвэрлэлийн технологи, өндөр өртөг, шинэ үйлдвэрүүдийн ашиглалтад орох хугацаа нь стратегийн гол хязгаарлалт хэвээр байгаа юм.

 

 

Ашигласан эх сурвалж:

[1] DFARS 252.225-7052 https://www.acquisition.gov/dfars/252.225-7052-restriction-acquisition-certain-magnets-tantalum-and-tungsten.

[2]  MP Materials Announces Transformational Public-Private Partnership with the Department of Defense to Accelerate U.S. Rare Earth Magnet Independence https://mpmaterials.com/news/mp-materials-announces-transformational-public-private-partnership-with-the-department-of-defense-to-accelerate-u-s-rare-earth-magnet-independence

[3] USA Rare Earth Achieves Major Operational and Strategic Milestone with Commissioning of Phase 1a Magnet Production at Stillwater Facility https://investors.usare.com/news-releases/news-release-details/usa-rare-earth-achieves-major-operational-and-strategic

[4] USA Rare Earth Completes Combination with Serra Verde Group https://investors.usare.com/news-releases/news-release-details/usa-rare-earth-completes-combination-serra-verde-group

[5] Energy Fuels Completes Acquisition of Australian Strategic Materials https://investors.energyfuels.com/2026-08-28-Energy-Fuels-Completes-Acquisition-of-Australian-Strategic-Materials 

[6] Energy Fuels Announces Q3-2026 Results https://investors.energyfuels.com/2026-11-04-Energy-Fuels-Announces-Q3-2026-Results

[7] Shobhan Dhir, Amrita Dasgupta, and Alessio Scanziani, “With New Export Controls on Critical Minerals, Supply Concentration Risks Become Reality,” IEA Commentary (Paris: International Energy Agency, October 2025), https://www.iea.org/commentaries/with-new-export-controls-on-critical-minerals-supply-concentration-risks-become-reality.

[8] International Energy Agency, Global Critical Minerals Outlook 2026 (Paris: IEA, July 2026), https://www.iea.org/news/supply-concentration-export-restrictions-and-declining-investment-put-critical-mineral-security-at-risk.