Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

БНАСАУ-ын дээд түвшний дипломат идэвхжил ба бүс нутгийн геополитик: БНХАУ, Швейцарь, АНУ, АПЕК-ийн огтлолцол

БНАСАУ Москва, Бээжингийн хооронд дипломат болон логистикийн тэнцвэр барьж, Берний сувгийг ирээдүйн яриа хэлэлцээний нөөц дэд бүтэц болгон ашиглаж буй нь гадаад бодлогынх нь тактикийг харуулж байна. Түүнчлэн АНУ-ын завсрын сонгуулийн үр дүнд Конгресс хуваагдмал байдалд орж, хатуу CVID[1] зарчим хадгалагдаж байгаа нь Ерөнхийлөгч Д.Трампын хувьд Ким Жон Унтай тохиролцоонд хүрэх орон зайг хумьж байна. Үүний зэрэгцээ Ким Ё Жон-ы байр суурь болон пуужингийн цуврал туршилтууд нь яриа хэлэлцээний “үнэ цэн”-ээ өсгөх тактикийн арга хэрэгсэл болж, үүнээс үүдэн Шэньжэнд болох АПЕК-ийн уулзалтын үеэр Д.Трамп–Ким Жон Уны уулзах магадлалыг улам багасгаж байна. Ингэснээр Солонгосын хойгийн асуудал их гүрнүүдийн яриа хэлэлцээний “сүүдэрт дарагдан” үлдэх төлөвтэй байна.

 1. Ким Жон Унын Даньдунд хийсэн айлчлал: Геополитикийн байр сууриа уялдуулах Пёньяны стратеги

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун 10 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-БНАСАУ-ын хооронд шинээр ашиглалтад орсон Шинэ Ялу мөрний гүүрээр гарч Даньдун хотод нэг өдрийн ажлын айлчлал хийжээ [4, 23, 25]. Түүнийг БНХАУ-ын талаас Бүх Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх хорооны дарга Ван Хунин тэргүүтэй Гадаад хэргийн сайд Ван И, ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн дарга Лю Хайшин нарын өндөр албан тушаалтнууд угтан авсан байна [9, 25]. Харин БНАСАУ-аас Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Жо Ён Вон, ГХ-ийн сайд Чой Сон Хи, СХН-ын Төв хорооны Олон улсын хэлтсийн дарга Ким Сон Нам болон Ким Ё Жон нар оролцсон бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд батлан хамгаалах салбарынхан багтаагүй нь уг айлчлалын үндсэн чиглэл цэрэг-стратеги бус дипломат бодлогод чиглэснийг харуулж байна [25]. Энэхүү айлчлал нь БНХАУ Солонгосын дайнд оролцсоны 76 жил, 1961 оны хоёр орны хоорондын “Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээ“-ний 65 жилийн ойтой цаг хугацааны хувьд давхацсан [9, 23].  Энэхүү айлчлалын стратеги ба геополитикийн ач холбогдлыг доорх гурван түвшинд авч үзэх боломжтой.Үүнд:

Геополитикийн тэнцвэржүүлэлт: Хятадын сайн дурын армийн гавьяаг үнэлсэн нь Пёньян Москватай хэт ойртож буйд санаа зовнисон Бээжингийн болгоомжлолыг сааруулж, хоёр ивээгчийн дунд тэнцвэртэй бодлого барих тактикийн алхам болжээ [1, 23].

Логистикийн зангилаа: 2014 онд баригдаад 12 жил ашиглагдаагүй байсан Шинэ Ялу мөрний гүүр [4, 23] нээгдсэнээр худалдааны логистикийн гацаа арилж байгааг БНСУ-ын Нэгдлийн яам НҮБ-ын хоригийг зөрчих эрсдэлтэй гэж анхааруулсан [20].

Шууд бус яриа хэлэлцээ: БНСУ-ын Үндэсний тагнуулын албаны таамаглалаар Пёньян энэхүү айлчлалаар дамжуулан АНУ-тай яриа хэлэлцээ хийх байр сууриа БНХАУ-д уламжилсан байх магадлалтай [12, 26]. Гэвч Бээжин уг саналыг Вашингтонд дамжуулахаас биш хэлэлцээрт идэвхтэй зуучлагчийн үүрэг хүлээх сонирхолгүй байна [.

  1. Швейцарийн Гадаад хэргийн сайдын айлчлал: Албан ёсны зуучлал бус, дипломат сувгийг сэргээх нь

Швейцарийн Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд ГХ-ийн сайд Игнацио Кассис 10 дугаар сарын 29–30-ны өдрүүдэд Пёньянд айлчилж, тус улсын ГХ-ийн сайд Чой Сон Хи, Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Жу Ён Вон нартай албан ёсны уулзалт хийсэн [5, 18, 29]. Энэхүү айлчлал нь 2003 оноос хойшхи Европын төвийг сахисан орны сайдын түвшний анхны айлчлал болж буйгаараа онцлог болсон [10].  Айлчлалын хүрээнд И.Кассис 10 дугаар сарын 19-нөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Швейцарийн дипломат төлөөлөгчийн газрыг албан ёсоор нээжээ. Уг төлөөлөгчийн газар нь бие даасан Элчин сайдын яамны статусгүй бөгөөд Бээжин дэх Швейцарийн ЭСЯ-аас хавсран хариуцаж байна [10, 18]. Талууд энэхүү уулзалтаар хоёр талын улс төрийн харилцааг хэвийн болгох, яриа хэлэлцээг сэргээх, мөн Солонгосын хойг болон Евразийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцжээ [5, 29].

Зуучлалын бодит нөхцөл байдал ба далд сувгийн үүрэг: Айлчлалын үеэр сайд И.Кассис яриа хэлэлцээг дэмжих “сайн үйлс”-ийн туслалцаа санал болгосон ч АНУ–БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг тусгайлан хөндөөгүй бөгөөд Вашингтоны захиасыг дамжуулсан гэх албан мэдээлэл байхгүй байна [5, 29]. БНАСАУ-д АНУ-ын ашиг сонирхлыг Швед улс төлөөлдөг тул Швейцарь нь албан ёсны зуучлагч бус, харин Иран дахь туршлагадаа суурилсан найдвартай “нөөц суваг” болон ирээдүйн яриа хэлэлцээний боломжит байршлыг бэлтгэж магадгүй юм. И.Кассис БНСУ-д очихдоо үр дүнгээ танилцуулсан [14] нь Берн мэдээлэл солилцох үүргээ хэдийн хэрэгжүүлж эхэлснийг харуулж байна.

 Пёньяны хувьд тус айлчлал нь дараах хоёр үндсэн давуу талыг олгож байна. Үүнд:

Олон улсын тусгаарлалтыг сонгомол байдлаар сулруулах: БНАСАУ Вашингтон, Бээжингийн шууд нөлөөлөлгүйгээр Европын төвийг сахисан улстай харилцаагаа хөгжүүлж, олон улсын тусгаарлалтаа сулруулах боломж бүрдэж байна.

Институцийн суваг бий болгох: Швейцарь улс нь 1953 оны “Солонгосын дайн”-ы гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтийг хянадаг Төвийг сахисан орнуудын хяналтын комиссын гишүүн орны хувьд ирээдүйд Солонгосын хойгт энх тайвны дэглэм тогтоох асуудлыг хэлэлцэхэд чухал зам суваг болон хувирах боломжтой юм. 

  1. АНУ-ын завсрын сонгууль: Д.Трампын хэлэлцээний орон зай хумигдсан нь:

Энэ оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн завсрын сонгуулийн дүнгээр Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхим болон Сенатын аль алинд олонх болох нь тодорхой болсон [8, 27]. Шинэ Конгресс 2027 оны 1 дүгээр сард тангараг өргөх бөгөөд шинжээчид  ерөнхийлөгч Д.Трампын эрх мэдэл ганхаж болзошгүйг онцолж байна [16, 27]. Р.Путнамын “хоёр түвшний тоглоомын загвар[2]”-ын онолоор тайлбарлавал, энэхүү нөхцөл байдал нь Д.Трампын гадаад хэлэлцээнд дотоодоос дэмжлэг авах, тохиролцоонд хүрэх хүрээг эрс багасгаж байгаа юм. Энэхүү геополитикийн нөхцөл байдал нь БНАСАУ-ын асуудалд дараах хоёр үндсэн чиглэлээр сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Үүнд:

Хориг арга хэмжээг сулруулах боломж хумигдах: АНУ-ын БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний нэлээд хэсгийг Конгрессын баталсан хуулиар зохицуулдаг [16]. Иймээс Д.Трампын засаг захиргаа хэлэлцээний хүрээнд хоригийг сулруулах, цуцлах санал гаргасан ч Конгрессын хууль тогтоох болон хяналтын байр суурь түүний хэрэгжилтэд нөлөөлнө. Түүнчлэн Ардчилсан намын Конгресс дахь төлөөлөгчид БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зорилтыг урьтал болгож байгаа нөхцөлд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны дэвшүүлсэн “цөмийн хөтөлбөрийг царцаахын хариуд хоригийг сулруулах” хувилбар Вашингтонд улс төрийн дэмжлэг авахад хүндрэлтэй байж болзошгүй [11, 16].

Тохиролцооны баталгаа сулрах: Пёньяны хувьд Д.Трампын санал болгох аливаа улс төрийн амлалт, буулт нь 2029 оны 1 дүгээр сараас цааш буюу түүний бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа ч тогтвортой хэрэгжих хууль эрх зүйн баталгаагүй болж хувирна [16, 27]. 

  1. Ким Ё Жоны мэдэгдэл ба пуужингийн туршилт: Уулзалтын угтвар нөхцөл бус, хэлэлцээний “үнэ цэн”-ий дохио                                                                                            АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) “Binance” крипто валютын биржээс 6.36 тэрбум ам.доллар хулгайлсан хэрэгт БНАСАУ-ыг холбогдуулан буруутгасны дараа Ким Ё Жон 11 дүгээр сарын 3-ны өдөр уг буруутгалыг “улс төрийн ноцтой өдөөн хатгалга” хэмээн эрс няцаасан [31]. Үүнээс хойш хоног алдалгүй гаргасан мэдэгдэлдээ тэрээр “яриа хэлэлцээ нь энх тайвны сонголтын нэг хэсэг байж болох хэдий ч үндэсний язгуур ашиг сонирхолтой хэзээ ч дүйцүүлэн үзэхгүй” гэдгээ мэдэгдсэн [13, 22]. Ким Ё Жон АНУ-ыг дайсагнасан бодлогоосоо бүрэн татгалзахыг яриа хэлэлцээний үндсэн урьдчилсан нөхцөл болгож, 10 дугаар сарын 30-нд Атланта хотод болсон АНУ, БНСУ, Японы Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар “цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах” зорилгоо дахин баталсныг Вашингтоны дайсагнасан бодлогын бодит нотолгоо хэмээн онцлон иш татжээ [13, 17, 22].                                                                                                                                                                                                                                                                                           Уг мэдэгдэл яриа хэлэлцээний хаалгыг бүрмөсөн хаагаагүй ч Пёньян ямар нэгэн буулт хийхгүй гэсэн хатуу байр суурьтай байгааг илтгэж байна. Энэ нь Ким Жон Уны 2026 оны 3 дугаар сард зарласан “цөмийн зэвсэгт улсын эргэлт буцалтгүй статус”-тай бүрэн нийцэж буй юм [6]. БНСУ-ын Үндэсний тагнуулын албаны (ҮТА) дүгнэлтээс үзэхэд талууд яриа хэлэлцээг эхлүүлэх нөхцөлийн хувьд зөрүүтэй бөгөөд одоогоор шууд холбоо тогтоогдоогүй байна [11]. 
  1. АПЕК: Солонгосын хойг гол сэдэв бус, яриа хэлэлцээний “сүүдэрт дарагдах” төлөвтэй:                                                                                                                                                 АПЕК-ийн удирдагчдын уулзалт 11 дүгээр сарын 18–19-ний өдрүүдэд Шэньжэнь хотод болохоор төлөвлөгдсөн бөгөөд уг арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар оролцох төлөвтэй байна [19, 21]. Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков 11 дүгээр сарын 3-ны өдөр В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын гурвалсан уулзалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэж буйг баталж, БНХАУ-ыг уг үйл явцын “гол зохион байгуулагч хүч” хэмээн нэрлэжээ [21]. Энэхүү дээд хэмжээний уулзалтын үндсэн гол сэдэв нь Украины дайн байх төлөвтэй байна [3, 21]. Ийм учраас Шэньжэний дипломат тайзнаа Солонгосын хойгийн асуудал их гүрнүүдийн хоорондох хэлэлцээний ард “хөшигний цаадах далд фактор” хэлбэрээр үлдэх магадлал өндөр байна [3]. Хамгийн бодит хувилбар нь АНУ–БНХАУ–ОХУ-ын гурвалсан уулзалт байх бөгөөд (Кремлийн зүгээс бэлтгэл ажлыг баталсан хэдий ч албан ёсоор эцэслэгдээгүй байна [21]) харин Д.Трамп болон Ким Жон Ун нарын уулзалт болох магадлал туйлын бага юм. Учир нь БНАСАУ нь АПЕК-ийн гишүүн биш бөгөөд Ким Жон Уныг тус арга хэмжээнд урьсан, эсхүл Ши Жиньпин–Ким Жон Ун, В.Путин–Ким Жон Унын уулзалтыг бэлтгэж буй тухай ямар нэгэн баталгаатай мэдээлэл одоогоор байхгүй [19, 24].

Пуужингийн туршилт болон хурц ширүүн мэдэгдэл нь дээд хэмжээний уулзалт болохын найдвартай урьдал дохио бус юм. Тухайлбал, дээд хэмжээний уулзалт бодит биеллээ олсон 2018 онд Пёньян цөмийн болон пуужингийн туршилтуудаа зогсоож, тусгай элч илгээхийн сацуу хатуу байр сууриа богино хугацаанд зөөлрүүлж байжээ [28, 30]. Харин 2025 онд пуужингийн туршилт ба чимээгүй байдал давамгайлж, АНУ-ын тал цаг хугацааг зөв тохируулж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч байв [2, 7].

Өнөөгийн 2026 оны нөхцөл байдал нь 2025 оныхтой илүү төстэй байгаа тул одоо ажиглагдаж буй туршилт, мэдэгдлүүдийг яриа хэлэлцээний “үнэ цэнэ”-ийг өсгөх, цөмийн статусаа хэвийн үзэгдэл болгон бэхжүүлэх тактикийн хэрэгсэл гэж үзэх нь зүйтэй юм. Тухайлбал, “Carnegie” сангийн шинжээч А.Панда АПЕК-ийн үеэр дээд хэмжээний уулзалт болох магадлалыг сонгуулиас өмнө ч 10 хувиас доогуур хэмээн үнэлсэн бол БНСУ-ын Үндэсний тагнуулын алба (ҮТА) 9 дүгээр сарын сүүлээр уг магадлалыг 50 хувь гэж тооцож байжээ [24] .

 Цаашид дээд хэмжээний уулзалт бодит утгаараа ойртож буйг илтгэх боломжтой үндсэн дөрвөн дохио:

  1. Пёньяны зүгээс пуужингийн болон цөмийн туршилтуудаа түр хугацаагаар зогсоох;
  2. Ким Ё Жон эсвэл Гадаад хэргийн сайд Чой Сон Хи нарын зүгээс илүү зөөлөн аястай мэдэгдэл гаргах;
  3. Талууд тусгай элч солилцох болон ажлын түвшний албан ёсны уулзалт хийх;
  4. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Азид хийх айлчлалынхаа хүрээг Солонгосын хойг руу сунгах төлөвлөгөөг албан ёсоор зарлах.

 

 

Ашигласан эх сурвалж:

  1. Аюулгүй байдал судлалын хүрээлэн (2026.06.15). “БНХАУ, БНАСАУ-ын Дээд хэмжээний уулзалт: Зүүн хойд Азийн геополитикийн тэнцвэр ба Монгол Улс.”
  2. Аюулгүй байдал судлалын хүрээлэн (2026.09.07). “Ким Жон Ун – Д.Трампын боломжит дөрөв дэх уулзалт: Өөрчлөгдсөн хэлэлцээний орчин.”
  3. Aju Press (2026.10.27). “As Trump-Putin-Xi Meeting Is Floated, Kim Casts a Fourth Shadow.”
  4. Al Jazeera (2026.10.24). “North Korea’s Kim Jong Un Visits China via Newly Opened Bridge.”
  5. Al Jazeera (2026.10.30). “Swiss Foreign Minister Talks Political Ties on Rare Visit to North Korea.”
  6. Associated Press (2026.03.24). “Kim Vows to Irreversibly Cement North Korea’s Nuclear Status.”
  7. Associated Press (2025.10.28). “North Korea Says It Test-Fired Cruise Missiles Ahead of Trump’s Visit to South Korea.”
  8. CBS News (2026.11.04). “2026 Midterm Election Updates as Fallout Begins over Sweeping Democratic Victories.”
  9. Embassy of the PRC in the USA (2026.10.25). “Wang Huning Accompanies DPRK Supreme Leader Kim Jong Un on Visit to Dandong.”
  10. Euronews (2026.11.01). “Swiss Foreign Minister Makes First North Korea Visit since 2003 as Diplomatic Office Reopens.”
  11. Financial News (2026.11.04). “North Korea-U.S. Summit Outreach Intensifies… Concerns Grow over Delays in Implementing Korea-U.S. Security Agreements.”
  12. Jeon, Hyun-geon (2026.10.29). “NIS: Kim Jong-un Likely Conveyed North Korea’s Stance on US Talks to China during Dandong Visit.” The Herald Business.
  13. Korea JoongAng Daily (2026.11.04). “Pyongyang Still Open to Dialogue with Washington despite ‘Hostile U.S. Policy’.”
  14. Korea JoongAng Daily (2026.11.04). “Senior Officials of South Korea, Switzerland Discuss North Situation Following Swiss Foreign Minister’s Pyongyang Trip.”
  15. Korea Times / Yonhap (2026.10.28). “China Unlikely to Mediate Potential Trump-Kim Summit: US Experts.”
  16. Korea Times / Yonhap (2026.11.04). “Democratic Sweep in US Midterms Dims Prospects for Trump-Kim Summit, Analysts Say.”
  17. Korea Times / Yonhap (2026.10.31). “S. Korean, US, Japanese FMs Reaffirm Resolute Commitment to Complete Denuclearization of NK.”
  18. Korea Times / Yonhap (2026.10.30). “Swiss Foreign Minister Visits N. Korea amid Opening of 1st Diplomatic Office.”
  19. Korea Times / Yonhap (2026.10.20). “Trump Signals Uncertainty about Meeting N. Korean Leader in China Next Month.”
  20. Korea Times / Yonhap (2026.10.26). “Unification Ministry Hopes Kim’s Dandong Trip Revives Dialogue.”
  21. The Moscow Times (2026.11.03). “Russia, China and U.S. Summit Under Discussion, Kremlin Says.”
  22. Park, Joon Ha (2026.11.04). “North Korea’s Kim Yo Jong Says Talks with US Are Possible but Not a Necessity.” NK News.
  23. Radio Free Asia (2026.10.26). “Kim Jong Un’s Unprecedented Day-Trip to China Shatters Pyongyang’s Korean War Myths.”
  24. Reuters (2026.10.23). “Chances of a Meeting between Trump and Kim Jong Un This Year Are Slim.” (UNN-ийн дамжуулсан хувилбар).
  25. SBS News (2026.10.25). “North Korea’s Kim Jong Un Makes ‘One-Day’ Visit to China, Meets Wang Huning in Dandong.”
  26. Seoul Economic Daily (2026.10.29). “Spy Agency Says Kim Likely Relayed U.S. Talks Intent to China.”
  27. Shin, Hieun (2026.11.05). “Trump’s Midterm Defeat Dims Hopes of North Korea Meeting.”
  28. Snyder, Scott A. (2018.05.29). “Chronology of Events Surrounding the Cancellation and Reconfirmation of the Trump-Kim Summit.” Council on Foreign Relations.
  29. SWI swissinfo.ch (2026.10.30). “Swiss Foreign Minister Completes North Korea Diplomatic Trip.”
  30. UPI (2018.04.20). “North Korea Announces Freeze on Nuclear, Missile Tests.”
  31. Zwirko, Colin & Kim, Jeongmin (2026.11.03). “Kim Yo Jong Denies North Korean Involvement in $6B Binance Crypto Theft.” NK News.

[1] Бүрэн, баталгаатай, эргэлт буцалтгүй, цөмийн зэвсэггүйжүүлэх

[2] Олон улсын хэлэлцээний үр дүн тухайн улсын дотоодын улс төрийн дэмжлэгээс хамаардаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, улс хоорондын тохиролцоог дотооддоо баталгаажуулах шаардлага нь хэлэлцээ хийх боломж, хүрээг хязгаарлаж болно.