Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Орос-Украины дайн 2022 онд эхэлснээс хойш талууд бие биеийнхээ эрчим хүчний дэд бүтцэд агаарын цохилт өгөх нь нэмэгдэж, улмаар зөрчил мөргөлдөөнд шууд оролцоогүй гуравдагч орнуудын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болов. Үүний нэг жишээ бол Казахстаны газрын тосны экспортын 80 хувийг дангаар бүрдүүлдэг Каспийн хоолойн консорциум (Caspian Pipeline Consortium – КТК) юм. КТК нь Казахстаны баруун бүсийн Тенгиз, Кашаган, Карачаганак зэрэг томоохон ордуудаас газрын тосыг 1,511 км урт дамжуулах хоолойгоор тээвэрлэн, ОХУ-ын Новороссийск боомтод хүргэдэг стратегийн ач холбогдолтой суваг юм.

Энэхүү дэд бүтэц нь зөвхөн Казахстан, ОХУ-ын эзэмшилд байдаггүй бөгөөд хувьцаа эзэмшигчдийнх нь дунд АНУ-ын эрчим хүчний томоохон тоглогч ЭксонМобил (ExxonMobil), Шеврон (Chevron) компаниуд бий. Иймээс КТК болон Новороссийск боомтын чиглэлд хийх аливаа довтолгоо нь зөвхөн ОХУ-ын нутаг дэвсгэр эсвэл Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) гишүүн Казахстаны эсрэг чиглэсэн хэрэг биш юм. Энэ нь цаанаа Украиныг тууштай дэмжигч АНУ-ын томоохон корпорацуудын санхүүгийн ашиг сонирхолд шууд аюул заналхийлж байдаг.

Иймд Новороссийск боомтын орчим дахь цэргийн ажиллагаа нь улс орнуудын геополитикийн стратеги болон үндэсний томоохон корпорацуудынх нь эдийн засгийн сонирхол хоорондын зөрчлийг тод харуулж байна. Мөн томоохон компаниудын лобби бүлгүүд төрийн шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөлж буйг ажиглах боломжийг олон улсын шинжээчдэд олгож байгаа юм.

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын хувьцаа эзэмшил

Каспийн хоолойн консорциумд АНУ-ын томоохон корпорацуудын эзэмших хувь хэмжээ өндөр байдаг. Тодруулбал, тус консорциумын хувьцааны 31 хувийг ОХУ, 20.7 хувийг Казахстан эзэмшдэг бол АНУ-ын компаниудын эзэмшил 22.5 хувийг бүрдүүлж байна. Энэхүү АНУ-ын эзэмшлийн 15 хувийг Шеврон (Chevron), 7.5 хувийг ЭксонМобил (ExxonMobil) компани тус тус эзэмшиж байгааг График 1-ээс харж болно. 

График 1 КТК-ын хувьцаа эзэмшлийн бүтэц (%)

Эх сурвалж: Interfax

АНУ-ын газрын тосны гигант хоёр компани зөвхөн дамжуулах хоолойноос гадна газрын тос олборлодог томоохон ордуудад ч ач холбогдол бүхий хувьцаа эзэмшдэг. Тухайлбал, Каспийн тэнгисийн бассейн дахь хамгийн том ордуудын нэг болох Тенгизийг ашиглах тусгай зөвшөөрөлтэй “Тенгизшевройл” компанийн 50 хувийг Шеврон, 25 хувийг ЭксонМобил эзэмшиж байна. Мөн ач холбогдлоороо түүний дараа тооцогдох Кашаганы ордыг ашиглагч Норд Каспиан Оперейтинг Компанийн (NCOC) 16.81 хувийг ЭксонМобил эзэмшдэг.

Энэхүү хөрөнгө оруулалтын бүтэц нь АНУ-ыг Казахстаны газрын тосны салбарын гол тоглогчдын нэг болгож байгаа бөгөөд Америкийн корпорацуудад үлэмж хэмжээний ашиг орлого оруулдаг. Жишээ нь Шеврон компанийн дэлхий даяарх батлагдсан газрын тосны нийт нөөцийн 11 орчим хувийг Казахстаны ордууд бүрдүүлж байгаа бөгөөд зөвхөн Тенгизийн орд гэхэд тус компанийн дэлхийн хэмжээний нийт олборлолтын 12 орчим хувийг хангаж байна. Шеврон компани зөвхөн “Тенгизшевройл”-оос 2025 онд 5 тэрбум, 2026 онд 6 тэрбум ам.долларын мөнгөн урсгал авахаар төлөвлөжээ. Энэ нь тус корпорацын олборлож буй 10 литр газрын тос тутмын 1.2 литр нь Казахстанаас эхтэйг харуулах ба тэдний эдийн засгийн асар том ашиг сонирхол энд оршин байгааг баталж байна.

Украины агаарын довтолгооноос АНУ-д компаниудад үүсэх санхүүгийн хохирол өндөр байна

Украины хямрал бүс нутгийн хилээсээ хальж Казахстан болон АНУ-ын компаниудын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх бодит эрсдэл анх 2025 оны 2 сарын 17-ны өдөр Украины зүгээс илгээсэн дрон КТК-ын Кропоткинская насосны станцыг цохисноор мэдрэгдсэн юм. Улмаар КТК 2026 оны 5-р сарын 23-ны өдрийг хүртэл Казахстанаас шахаж буй нефтийн хэмжээ 30-40 хувиар буурсан. 2026 онд нөхцөл байдал бүр хүндэрч Украины зүгээс дахин ОХУ-ны газар нутаг дээр эрчим хүчний дэд бүтэц рүү өгөх цохилтоо эрчимжүүлсний улмаас КТК-ын хэд хэдэн тээврийн онгоцнууд өртөв. Хамгийн сүүлд л гэхэд 2026 оны 7-р сарын 17-ны өдөр КТК-руу чиглэж байсан Нордик Зэнит (Nordic Zenith) нэртэй газрын тос тээврийн хөлөг онгоц дронд цохиулсанд Казахстаны тал дариу КТК-ийн ачааллыг бууруулах, үйлдвэрлэлийн гарцаа танах зайлшгүй арга хэмжээг авсан.

Үр дүнд нь энэ оны эхний 7 сарын КТК-ын урсгалын нийт хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.5 хувиар буюу 42.6 сая тонноос 38.5 сая тонн болж буурав. Зөвхөн 7-р сард КТК-ын нийлүүлэлт төлөвлөгөөнөөсөө 20 гаруй хувиар буюу өдөрт 400 мянган баррелиар буураад байна.

Энэхүү тасалдал урт хугацаанд үргэлжилбэл АНУ-ын компаниудын ашигт ажиллагаанд ноцтой хохирол учруулах бодит эрсдэл нүүрлэж байна. Тухайлбал, КТК-ийн нийт нийлүүлэлтийн бараг тал хувийг бүрдүүлдэг Тенгизийн орд дээрх хамгийн бага хэмжээний алдагдлыг тооцоолж үзэхэд, АНУ-ын 2 компанийн нэг сарын борлуулалтын орлогод 325 сая орчим ам.долларын тасалдал үүсэхээр байна.

 Хүснэгт 1. Нэг сарын тасалдлын санхүүгийн үнэлгээ (судлаачийн таамаг)

Үзүүлэлт Утга Тайлбар
КТК-ын экспортын алдагдал 400 мян. барр/хоног Reuters-ийн мэдээлэл
Тенгизэд ногдох хэсэг 200 мян. барр/хоног КТК-ын урсгалын 50% орчим
Шеврон-ы хувь (50%) 100 мян. барр/хоног ТШО дахь эзэмшлээр
ЭксонМобил-ын хувь (25%) 50 мян. барр/хоног ТШО дахь эзэмшлээр
Брент хамгийн бага байх үнэ 70 ам.доллар/барр Судлаачийн таамаглал
Шеврон-ы сарын орлогын алдагдал 217 сая ам.доллар 100,000 × 70 × 31
ЭксонМобил-ын сарын орлогын алдагдал 108 сая ам.доллар 50,000 × 70 × 31
АНУ-ын хоёр компанийн нийт 325 сая ам.доллар Зөвхөн Тенгизийн хувьд

Тооцооллын аргачлал: КТК-ын дамжуулах хоолойн урсгалын тал хувийг бүрдүүлдэг Тенгизийн ордод үйлдвэрлэл саатсанаар өдөрт 200 мянган баррелийн олборлолт тасалдаж байна. Энэ нь хувьцаа эзэмшлийн хувиараа  Шеврон (50%)-д өдөрт 100 мянган баррель, ЭксонМобил (25%)-д 50 мянган баррель ногдоно. Уг тооцооллыг Брентийн 70 ам.долларын нэгж үнээр 31 хоногийн хугацаанд авч үзсэн ба тээврийн тариф, татвар, хувьсах зардлыг хасаж тооцоогүй болно. Борлуулалтын орлогыг эзэмшлийн хувиар шууд хувааж харуулсан нь санхүүгийн тайлагналын стандарт биш бөгөөд зөвхөн чиглүүлэх баримжаатай юм.

 Дүгнэлт: АНУ-ын компаниудын Казахстан дахь хөрөнгө хамгаалах лобби эрчимжих төлөвтэй

Украины тал Казахстантай хамтарсан АНУ-ын компаниудын өмч, инженерийн дэд бүтэц рүү цохилт өгөх бодит эрсдэл нэмэгдэж байна. Иймд газрын тосны том компаниуд Казахстан дахь хөрөнгө оруулалт, санхүүгийн урсгалаа хамгаалахын тулд АНУ-ын Сенатад лобби хийх, улмаар Вашингтоноор дамжуулан Киевийн засгийн газарт дипломат шахалт үзүүлэх ажиллагаагаа идэвхжүүлэх нь тодорхой байна.

Нээлттэй эх сурвалжийн мэдээллээр зөвхөн Шеврон компани гэхэд 2025 онд лоббийн үйл ажиллагаанд нийт 8.2 сая ам.доллар буюу сард 683 мянга орчим ам.долларыг зарцуулжээ. Энэ тоог Шеврон компанийн Тенгизийн ордод хоногт тусах 100 мянган баррелийн тасалдлаас үүдэн, нэг сард алдаж буй 217 орчим сая ам.долларын орлогын мөнгөн урсгалтай харьцуулж үзвэл ердөө 0.31 хувийг эзэлж байна. Энэхүү харьцаа нь АНУ-ын эрчим хүчний корпорацуудын хувьд тун бага зардлаар стратеги ба орлогын эрсдэлээ хамгаалах нь эдийн засгийн хамгийн ашигтай шийдвэр болохыг харуулж байна. Иймд болзошгүй тасалдлын цар хүрээг бодолцон АНУ-ын 2 компани лоббийн төсвөө цаашид нэмэгдүүлэх нь гарцаагүй юм.

Үүнийг нотлох мэт Шевронийн Гүйцэтгэх захирал Майкл Вэрт (Michael K. Wirth) 2026 оны II улирлын тайлангийн хурлын үеэр Казахстан дахь үйл ажиллагааныхаа талаар “Бид тус бүс нутгийн болон АНУ, Казахстаны Засгийн газруудтай идэвхтэй хамтран ажиллаж, уг хоолойн тасралтгүй урсах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн. Уг мэдэгдлийн дараахан АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс 7 сарын 31-ний өдөр Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй холбогдож, Новороссийск дахь КТК-ын терминалыг чиглэсэн газрын тосны танкерууд руу хийх цохилтоо зогсоохыг биечлэн хүссэн явдал нь баримт билээ.

 

 

 

Эх сурвалж:

  • Chevron Corporation, Q2 2026 Earnings Call Transcript, The Motley Fool, 2026.08.03, https://www.fool.com/earnings/call-transcripts/2026/08/03/Шеврон-cvx-q2-2026-earnings-call-transcript/.
  • Chevron Corporation, Form 10-Q (Q1 2026), U.S. Securities and Exchange Commission,https://www.sec.gov/Archives/edgar/data/0000093410/000009341026000113/cvx-20260331.htm.
  • Нефть Казахстана пошла в обход КТК: что происходит с экспортом,” 2026.08.10, https://www.tks.ru/logistics/2026/08/10/0005/neft-kazahstana-poshla-v-obhod-ktk-chto-proishodit-s-eksportom
  • Chevron Corporation, “Шеврон achieves first oil at Future Growth Project in Kazakhstan,” 2025.01.23, https://www.Шеврон.com/newsroom/2025/q1/Шеврон-achieves-first-oil-at-future-growth-project-in-kazakhstan.
  • Chevron’s Tengiz Project Adds Scale, Cash Flow and Reach, Zacks/Barchart, 2025.07.07, https://www.barchart.com/story/news/33247419/Шеврон-s-tengiz-project-adds-scale-cash-flow-and-reach; Шеврон Q2 2026 Earnings Call.
  • КТК снизил экспорт нефти на 22% в июл/июн 26г — источники, The Moscow Times, 2026.08.13, https://ru.themoscowtimes.com/2026/08/13/ktk-snizil-eksport-nefti-na-22-v-iyuliyun-26g-istochniki-a203424.
  • КТК ввел в эксплуатацию НПС “Кропоткинская”, восстановленную после атаки БПЛА, interfax, 2025.05.23, https://www.interfax.ru/business/1027352
  • Caspian Pipeline Consortium ups oil transshipment 12% to 55.5 mln tonnes in 9M, Interfax, 2025.10.01, https://interfax.com/newsroom/top-stories/114056/.
  • Chevron Corporation, “Шеврон achieves first oil at Future Growth Project in Kazakhstan,” 2025.01.23, https://www.Шеврон.com/newsroom/2025/q1/Шеврон-achieves-first-oil-at-future-growth-project-in-kazakhstan.
  • How Investment in TCO Is Powering Шеврон’s Next Wave of Cash Growth,” Zacks/TradingView, 2026.06.11, https://www.tradingview.com/news/zacks:9156933bc094b:0-how-investment-in-tco-is-powering-Шеврон-s-next-wave-of-cash-growth/;
  • Attacks on CPC and Kazakhstan’s Oil Exports, the Central Asian , the Times of Central Asia, 2026.08.17, https://timesca.com/attacks-on-cpc-and-kazakhstan-oil-exports/
  • “Chevron Corp Lobbying Profile,” OpenSecrets, https://www.opensecrets.org/federal-lobbying/clients/summary?id=D000000015.
  • Vance Personally Asked Zelensky to Halt CPC-Linked Tanker Strikes, FT Reports, the Times of Central Asian, 2026.08.12, https://timesca.com/vance-personally-asked-zelensky-to-halt-cpc-linked-tanker-strikes-ft-reports/