Сансрын инженерчлэл ба хэрэглээний чиглэлийн олон улсын хурал Улаанбаатарт болж байна

2018-08-16

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/08/1200x674.png

Монгол Улсын Их Сургууль, Япон улсын Кюүшүгийн Технологийн их сургууль хамтран зохион байгуулж, Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дэмжих Японы нийгэмлэг ивээн тэтгэсэн бичил хиймэл дагуулын “BIRDS” төслийн олон улсын III хурал, “Монголын байгаль орчинд хиймэл дагуулын мэдээлэл ашиглалт” олон улсын VIII бага хурал 2018 оны 8 дугаар сарын 16-нд нээлтээ хийлээ.

Хурлыг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар үг хэлсэн ба Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхий сайдын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо уншиж сонордуулав. Нээлтийн ажиллагаанд Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа оролцож баяр хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд мэндчилгээндээ хиймэл дагуулын ашиглалт нь шинжлэх ухаан, технологийн хөгжил, ард иргэдийн ахуй амьдралд дэвшил авчрахад төдийгүй үндэстэн дамнасан аюул занал, сорилт, эрсдэлтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтдийн баг хөгжиж буй орнуудын сансрын технологийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх зорилготой олон улсын “BIRDS” төслийн хүрээнд манай улсын анхны сансрын хиймэл дагуул “Мазаалай”-г 2017 оны 7 дугаар сард сансарт хөөргөсөн билээ. Одоогоор “Мазаалай” хиймэл дагуул хамт хөөргөсөн 5 улсын 5 хиймэл дагуулаас ганцаараа ажиллаж, мэдээлэл дамжуулж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор сансрын инженерчлэлийн боловсон хүчин бэлтгэх, хэрэглээний шинэ арга замуудыг судлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор уг хурлыг зохион байгуулж байгаа юм. Манай улс хоёр дахь хиймэл дагуул болох том хэмжээний хиймэл дагуулыг бүтээх ажил эхэлсэн бөгөөд тус хурлаар энэхүү асуудлын тухай мөн хэлэлцэж байна.

Хуралд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс Ахлах судлаач, доктор Ц.Даваадорж “Бичил хиймэл дагуул – Үндэсний аюулгүй байдлыг хангах хүчин зүйл болох нь” сэдвээр 8 дугаар сарын 18-ны өдөр илтгэлээ хэлэлцүүлнэ.

Хуралд гадаадын 18 улсын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж илтгэлүүдээ хэлэлцүүлж байна. Байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, боловсрол, газарзүй мэдээллийн систем, байгаль орчин зайнаас тандан судлалын чиглэлийн эрдэмтэн судлаач, оюутнууд болон сонирхсон хүмүүс тус хуралд оролцож байна. Бага хурал 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Зохион байгуулагчид

 

National University of Mongolia (NUM)

 

 

 

Kyushu Institute of Technology (Kyutech)

 

 

Ивээн тэтгэгчид:

 

 

Japan Society for the Promotion of Science (JSPS)

 

 

 

National Institute for Security Studies (NISS)

 

 

 

Олон улсын BIRDS төсөл

 

“Mазаалай” хиймэл дагуул

 


Ангилал: Үйл явдал, Хурал, уулзалт