Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Европ дахь нийгмийн бослого хөдөлгөөн

2026 оны намар буюу 9-10-р сард Европын улсуудыг хамарсан нийгмийн том жагсаал цуглааны давалгаа өрнөж байна. Жагсаал өрнөх болсон үндсэн шалтгаанууд нь[1]:

  • Амьжиргааны өртөг, үнэ, инфляц, эрчим хүч, түлшний үнэ, бодит орлогын дарамт;
  • Цалин, хөдөлмөрийн нөхцөл, тэтгэврийн шинэчлэлийн шаардлага;
  • Орон сууцны хямрал, түрээсийн үнийн өсөлт, хүртээмж, залуус орон сууцгүй байгаа асуудал;
  • Төсвийн хэмнэлт, нийгмийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилт дутагдаж буй явдал;
  • Улс төрийн шинэчлэл, авилга, институцийн хямрал, засаглалын шинэчлэл шаардаж буй зэрэг шалтгаанууд болно.

Германд өрнөж буй жагсаалд тус улсад хугацаат цэргийн албыг сэргээснийг эсэргүүцэж байгаа шалтгаан мөн нэмэгдээд байна.

9-р сарын 15 аас 10-р сарын 31 хүртэл хугацаанд Европын 12 улсад өрнөсөн эсэргүүцлийн арга хэмжээнд нийт 3.2 – 3.5 сая хүн оролцжээ. Хамгийн том нь Франц улсад өрнөж буй эсэргүүцлийн давалгаа бөгөөд зохион байгуулагчдын (Confédération générale du travail – Үйлдвэрчний эвлэл) зүгээс оролцогчдын тоог 2.1 сая гэж зарласан бол тус улсын Дотоод хэргийн яамнаас энэ тоог 1.28 сая гэж мэдэгдэв[2]. Мөн хугацаанд Франц даяар өрнөсөн нийт жагсаал, цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээний тоо 1,021 хүрч хууль хүчний байгууллагын 70 мянган цагдаа, жандарм гудамж талбайн хамгаалалтад оролцож (10-р сарын 24 өөс эхлэн тус улсын байнгын армийн анги, нэгжүүд хамгаалалтад хүч нэмэгдүүлж байна) нийт 4,842 баривчилгаа явуулсан бол жагсаалтай өдөр дунджаар 40 мянган хяналт шалгалт хийжээ. Гудамж талбайн эсэргүүцлийн жагсаалын үед гал тавьсан, нийтийн өмч сүйтгэсэн зэрэг 515  удаагийн тохиолдол, дэлгүүр худалдаа тоносон олон мянган тохиолдол бүртгэгдсэн бол хууль хүчний байгууллагын 1,527 алба хаагч гэмтэж шархадсан байна. Тонуул, сүйтгэлийн баримттай саатуулагдсан олон зуун жагсагч шүүхийн шатанд хэрэг нь шилжиж эхэлжээ[3]. Үйлдвэрчний эвлэлүүд, оюутны хөдөлгөөнүүд, Францын улс төрийн зарим хүчнүүдийн зүгээс эсэргүүцлийн ажиллагааг ирэх амралтын өдрүүдэд үргэлжлүүлэх, бүх нийтийн ажил хаялт эхлүүлэх уриалга гаргаад байна.

Италийн 40 гаруй хотод оюутны холбоод, үйлдвэрчний эвлэлийн мэдээллээр 1 – 2 сая, эрх баригчдын мэдээллээр 255 мянган хүн оролцсон бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал явагдлаа.[4] Германд 34 хотод 120-182 мянган хүн оролцсон жагсаал цуглаан зохион байгуулагдаж мөргөлдөөн болж цагдаагийн 52 алба хаагч бэртэж шархаджээ. Герман болон Европ дахь жагсаалуудад ажиглагдаж байгаа нийтлэг зүй тогтол нь өсвөр залуу үе буюу Gen-Z үеийнхний идэвхтэй оролцоо юм. Герман дахь жагсаалын цөм нь “Gen Z regelt” нэртэй хөдөлгөөн бөгөөд хугацаат цэргийн албаны хуулийг цуцлах, эрүүл мэнд ба боловсролын салбарт хөрөнгө оруулах, дайн мөргөлдөөнд ХБНГУ-ын оролцоог болиулах болон бусад шаардлагуудыг тавьж байна. [5], [6]

Сербид 10-р сарын 23 нд болсон бүх нийтийг хамарсан жагсаалд 150 мянган хүн оролцож улс төрийн шинэ хүчин болох оюутны “Student List” хөдөлгөөн мөн сарын 25-ны өдөр явагдсан парламентын сонгуульд 52% иар ялалт байгуулав. Жагсаалын цөм нь мөн л Gen-Z үеийнхний өсвөр залуу үе, оюутнууд байгаа бөгөөд нэгдсэн удирдлагагүй, сошл идэвхжүүлэлтээр ажилладаг, өөрсдөө нэр дэвшихгүйгээр нийгэмд нэр хүндтэй сэхээтэн 250 кандидатыг (үүнээс 134 нь Ph.D зэрэгтэй) сонгуульд сойсон нь шинэлэг үзэгдэл болов.[7] Албани, Грек, Гүрж, Польш, Их Британи Португаль, Испани, Бельги улсуудад өрнөж байгаа жагсаалуудад мөн л нийгмийн асуудлууд, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, улс төрийн систем, авилга, засаглал зэрэг ужгирсан асуудлуудаар бүх нийтийн оролцоотой, ялангуяа Gen-Z үеийнхний маш идэвхтэй акцууд зэрэгцэн явагдаж байна. [8]

Европын 2026 оны намрын нийгмийн эсэргүүцлийн хөдөлгөөнүүдэд нөлөөлж буй гадны тусгай албадын оролцоог бүртгэн шинжлэх судалгаанууд эхнээсээ гарч эхлэж байна. Мюнхенд төвтэй Alliance4Europe байгууллагын сүүлийн тайлангаас үзвэл Европ дахь жагсаалуудын ард Оросын тусгай албад, АНУ-ын улс төрийн зарим хүчнүүд (MAGA), мөн Иран, Алжирын мэдээллийн ажиллагаа зэрэгцэн явагдаж байгаа аж.[9] X, Telegram, TikTok, YouTube, Facebook платформууд, мэдээллийн сайтууд, 9 хэл дээрх контентууд бүхий 547,471 пост болон хамгийн өндөр үзэлттэй видеонуудын доорх 12,839 сэтгэгдэлд хийсэн шинжилгээгээр мэдээлэл дахин хуваалцсан сүлжээний 23 нь нэг IP хаягаас эхлэлтэй байгааг тогтоож Оросын мэдээллийн ажиллагааны тогтолцоог илрүүлжээ. 2026 оны 9 сарын 1-ээс эхлэн Оросын Doppelganger мэдээллийн ажиллагаагаар координацтай 639 мэдээллийг франц, англи, герман, польш дөрвөн хэлээр түгээж нийт 7.4 сая үзэлттэй болсон бөгөөд Европын бослого хөдөлгөөн 10-р сараас эхлэх үед мөнөөх мэдээллүүд Оросын Правда мэдээллийн сүлжээгээр (28 мэдээллийн сайтаар 9 хэл дээр) 1,018 нийтлэл болж утга, агуулга нь дахин давтагдан глобал хэмжээнд түгээгдэж эхэлсэн байна. Оросын талын геостратегийн эрх ашигт нийцэх, цаашлаад хэт барууны намуудын үзэл баримтлалыг түгээсэн агуулгууд нийтлэг байгаа бөгөөд франц хэл дээрх 33 пост тутмын нэг нь, англи хэл дээрх 5 пост тутмын нэг нь Исламыг буруутгасан агуулгатай байсны дээр мэдээллийн сайтын чатбот нь хуурамч эх сурвалж дурддаг, мэдээлэл түгээхэд 10 хүртэл тооны AI tool ашиглагдаж байгааг судалгаагаар тогтоожээ. Мэдээллийн ажиллагааны талбар нь зөвхөн Европ бус, глобал түвшинд Хойд Америк, бусад бүс нутгуудад ч нөлөөлж хүрч байна.

Европын 2026 оны намрын эсэргүүцлийн давалгааны ард явагдаж байгаа Overload, Doppelganger мэдээллийн ажиллагааны тогтолцоо аргачлал нь 2023 оноос идэвхижсэн Оросын Шторм-1516 мэдээллийн ажиллагааны сувгуудтай ижил зүй тогтол, давхцалтай байгаа хэдий ч мэдээлэл түгээх аргачлалд хиймэл оюуны хэрэглүүрүүд нэмэгдэж хурд, тархалт, нөлөөллийн чадамж эрс сайжирсан нь анхаарал татаж байна.[10]

Европын эсэргүүцлийн хөдөлгөөний зураглалыг дараах байдлаар бүтээж болно. Үүнд:

  1. Урьтал нөхцөл: ЭЗ өсөлтийн сааралт, нийгмийн хуваагдал, тэгш бус байдал, төсөв ба өрийн дарамт, эрүүл мэнд ба боловсролын салбарын нөхцөл байдал;
  2. Шууд өдөөгч хүчин зүйлс: Боловсролын салбарын доройтол, багшийн хүрэлцээ, сургалтын орчин;
  3. Шууд бусаар өдөөгч хүчин зүйлс: Гадаадын тусгай албадын мэдээллийн болон когнитив ажиллагаа;
  4. Хөдөлгөөний тархалт: Сурагч, оюутан, Gen-Z, үйлдвэрчний эвлэлүүд, нийгмийн бүлгүүд, улс төрийн намууд;
  5. Хөдөлгөөнөөс гарах үр дүн: Улс төрийн хямрал, Төсвийн бодлогын хямрал, Нийгмийн үнэт зүйлсийн хямрал, Барууны намууд сонгуульд ялах урьтал нөхцөл;

Европт өрнөж байгаа нийгмийн хөдөлгөөнүүд нь улс төрийн шууд консенсус бий болох боломжгүй, нийгмийн гүн хуваагдалд үнэт зүйлийн хавханд орсон, Ойрхи Дорнод болон Украины хямралд нэрвэгдсэн, нийгмийн үе хоорондын баялаг хуваарилалтын шинэ зөвшилцөл байхгүй, гадаадын тусгай албадын оролцоотой, ойрын үед авч хэрэгжүүлэх бэлэн шийдэлгүй нөхцөл байдалтай байна. Улс болгоны нийгмийн сөрөн тэсвэрлэх чадамж, үнэт зүйлийн ойлголт, нийгэм дэх баялгийн хуваарилалтын байдал өөр өөр тул хариу арга хэмжээ, даван гарах чадавх нь харилцан адилгүй байна. Цаашид ойрын хугацаанд ажил хаялт, жагсаал цуглаан үргэлжлэх бол дунд хугацаанд Европын улсуудад сонгуулийн үр дүнд нөлөөлж барууны болон хэт барууны намуудад ашигтай нөхцөл байдалд шилжих төлөвтэй байна. Европ дахь нийгмийн хурцадмал үзэгдэл, түүнд тохирох шийдэл, нөхцөл байдлын хувирал нь цаашид 2028 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд зохих хэмжээгээр нөлөөлөх болно.

[1] Anna Kirchheim, “Protests Sweep across Europe from France to Albania, Italy, Spain and Portugal,” Euronews, October 24, 2026. https://www.euronews.com/2026/10/24/protests-sweep-across-europe-from-france-to-albania-italy-spain-and-portugal

[2] Ministère de l’Intérieur, “Bilan de la journée de mobilisation du 31 octobre 2026 et de la soirée d’Halloween,” communiqué de presse, November 1, 2026.

https://www.interieur.gouv.fr/actualites/communiques-de-presse/bilan-de-journee-de-mobilisation-du-31-octobre-2026-et-de-soiree-dhalloween

[3] France 24, “‘I Didn’t Know It Was Theft’: Trials Begin in Paris Following October 17 Violence,” October 21, 2026. https://www.france24.com/en/france/20261021-i-didn-t-know-it-was-theft-trials-begin-paris-following-october-17-violence

[4] ANSA, “USB Estimates at Least One Million Workers in the Streets for the Strike,” October 30, 2026. https://www.ansa.it/english/news/politics/2026/10/30/usb-estimates-at-least-one-million-workers-in-the-streets-for-the_7fd400ae-8e08-4258-86c4-f84ed6d803c2.html

[5] Bundespolizeipräsidium, “Bilanz der Bundespolizei zu den Einsatzmaßnahmen vom 31. Oktober 2026,” November 1, 2026, https://www.presseportal.de/blaulicht/pm/73990/6381813

[6] New York Post, “Gen Z Takes Charge: Protests across Germany Turn Violent,” November 1, 2026, https://nypost.com/2026/11/01/world-news/gen-z-takes-charge-protests-across-germany-turn-violent/

[7] European Policy Centre, “Serbia’s Students Won the Election. Now Comes the EU’s Test,” https://www.epc.eu/publication/serbias-students-won-the-election-now-comes-the-eus-test/

[8] The Boston Report, “Europe Protest Tracker,” accessed November 2, 2026, https://thebostonreport.com/geopolitics/europe-protest-tracker/

[9] Alliance for Europe, “EU Unrest Report: How France’s October 2026 Protests Were Manipulated, Then Retold Abroad,” https://alliance4europe.eu/report/eu-unrest-report-how-frances-october-2026-protests-were-manipulated-then-retold-abroad

[10] VIGINUM, Storm-1516: Technical Report, Secrétariat général de la défense et de la sécurité nationale (SGDSN), May 7, 2025. https://www.sgdsn.gouv.fr/files/files/Publications/20250507_TLP-CLEAR_NP_SGDSN_VIGINUM_Technicaмl%20report_Storm-1516.pdf