Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

ОХУ-ын түлшний хямрал ба Казахстаны газрын тосны салбарт үүсэж буй эрсдэл

Украины зэвсэгт хүчин 2026 онд ОХУ-ын нефть боловсруулах дэд бүтцэд чиглэсэн нисгэгчгүй онгоцны довтолгоог эрс эрчимжүүлсэн нь ОХУ-ын дотоодын шатах, тослох материалын хангамжид гүнзгий хямрал үүсгэв. Эл дайн хил хязгаараа давж Казахстаны газрын тосны салбарт эрсдэл болон боломжуудыг хамтад нь авчраад байна. Нэг талд Украин Казахстаны хамгийн гол нефтийн гарц болох Каспийн хоолойд (КТК) цохилт өгөх эрсдэл улам нэмэгдэж байгаа бол нөгөө талд 2026 оны 6 сараас илт ихэссэн довтолгооны улмаас ОХУ хөрш Казахстанаас бензин импортлох талаар хэлэлцээ хийхээр боллоо.

Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрийн зогсолт

Украины хямралын дайсагнагч хоёр тал эрчим хүчний салбарт өгөх цохилтоо улам бүр эрчимжүүлж байгаа бөгөөд үүний тод жишээ нь 2026 оны 6 дугаар сарын 16 болон 18-ны өдрүүдэд Москвагийн бензиний 40 орчим хувийг хангадаг, Кремлээс ердөө 15 орчим километрийн зайд орших газрын тос боловсруулах үйлдвэр Украины довтолгоонд өртсөн үйл явдал юм. Энэхүү стратегийн ач холбогдолтой үйлдвэр халдлагад өртсөнөөр эрчим хүчний асуудал улам даамжрах нь тодорхой болов. Шинжээчдийн тооцоолсноор довтолгооны улмаас ОХУ-ын газрын тос боловсруулах нийт хүчин чадлын 20 гаруй хувь зогсоход хүрсэн төдийгүй, гэмтлийг бүрэн засаж хэвийн ажиллагаанд оруулах хугацаа он дамнан үргэлжлэх төлөвтэй ажээ.

График 1. ОХУ-ын түлшний үйлдвэрлэл

 

Эх сурвалж: Hydrocarbon Processing

Тодруулбал 2026 оны 6 дугаар сарын эцсээр ОХУ-ын бензиний үйлдвэрлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 25 хувиар буурч, өдрийн дундаж 90,000 орчим тонн болтлоо буурсан нь Украины довтолгоо хичнээн ноцтой хохирол учруулсныг харуулна.

Өнгөрсөн жилүүдэд ОХУ-ын Засгийн газар эрчим хүчний дэд бүтцэдээ учирсан ноцтой хохирлын эсрэг хариу арга хэмжээ болгон түлшний экспортоо хэсэгчлэн хориглох шийдвэрүүдийг гаргасаар ирсэн хэдий ч Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрээ алдсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж илүү дорвитой арга хэмжээ авах шаардлагыг бий болгов.

Өөрөөр хэлбэл, энэхүү хүндрэлтэй нөхцөлд ОХУ ойрын хугацаанд авдраа уудлахад найдалгүй, айлаас эрэхэд хүрээд байна.

Казахстаны газрын тос боловсруулах салбарт үүссэн эрсдэл

Казахстаны газрын тос боловсруулах салбар Атырау, Павлодар, Шымкент гэсэн үндсэн гурван томоохон үйлдвэрт түшиглэдэг. Үүнээс Атырау, Павлодарын үйлдвэрүүд ОХУ-ын хилтэй хамгийн ойрхон юм. Казахстаны газрын тос боловсруулах салбар 2025 онд өсөлттэй байсан ба жилийн эцсийн байдлаар 5.96 сая тонн бензин, 6.3 сая тонн дизель, 724 мянган тонн онгоцны түлшийг тус тус үйлдвэрлэсэн. Харин 2026 оны жилийн эцсийн үзүүлэлтүүд таагүй байх магадлал өндөр байна.

График 2 Казахстаны газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мянган тонн (2025)

 Эх сурвалж: Zakon.kz

Учир нь Казахстаны газрын тосны экспорт дэд бүтцийн хувьд үндсэндээ ОХУ-иас  бүрэн хамааралтай бөгөөд 2025 онд Казахстан гадаад зах зээлд 78.7 сая тонн түүхий газрын тос дэлхийн зах зээлд нийлүүлсний дийлэнх буюу ойролцоогоор 80 хувийг ОХУ-ын нутгаар дамждаг Каспийн хоолойгоор экспортолсон.

Казахстаны эдийн засгийн гол бүтээгдэхүүний амин судас болсон Каспийн хоолойн хамгийн том хувьцаа эзэмшигч нь ОХУ (24 хүртэлх) тул хожмын өдөр Украины агаарын довтолгооны бай болох бодит эрсдэл нэмэгдэх болсон. 2026 оны эхний улиралд Казахстаны газрын тосны олборлолт 20 хувиар, экспорт 22 хувиар тус тус буурсан нь шууд болон шууд бус утгаараа Украины нисгэгчгүй онгоцны эрсдэлтэй холбоотой юм. Шинжээчдийн таамаглаж буйгаар хэрэвзээ Каспийн хоолой удаан хугацаагаар зогсвол Казахстан сард 500 сая ам.доллар хүртэл алдагдал хүлээх эрсдэлтэй ажээ.

Зураг 1 Каспийн хоолой

Нөгөө талаар өнөөгийн геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал зарим боломжуудыг авчраад буй нь нийлүүлэлтийн тасалдалд орсон ОХУ Казахстанаас нефть импортлохоор яриа хэлэлцээр эхлүүлж байгаагаар илэрч байна. Энэ оны 6-р сард ОХУ-ын засгийн газар эхний ээлжид 50,000 орчим тонн АИ-92 бензинийг Казахстанаас импортлохоор хэлэлцэж эхэлсэн. Улмаар ойрын хөршөөс эрэлт нэмэгдэж буй энэ үед Казахстаны газрын тос боловсруулах салбарт эерэг нөлөө гарах юм.

Дүгнэлт: Казахстаны газрын тосны салбарын эрсдэл нэмэгдэнэ.

Дөрөв дэх жилдээ үргэлжилж буй Украины хямрал дэлхийн газрын тосны манлай экспортлогчдын нэг ОХУ-ыг хөрш Казахстанаас газрын тос импортлох хүсэлт тавиулахад хүргэв. Эл нөхцөл байдал өнгөц харахад Казахстаны газрын тосны эрэлтийг нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг сайжруулах зах зээлийн боломж мэт харагдах боловч маш олон тодорхойгүй эрсдэлийг бий болгосоор байна.

Ийнхүү дүгнэхэд дараах хоёр үндэслэл буй.

  • Нэгт, ОХУ-ын дотоодын зах зээлд 20 хувь хүртэлх хомсдол үүсгээд байгаа Украины алсын нисгэгчгүй онгоц Казахстаны газрын тосны 80 гаруй хувь экспортлогддог Каспийн дамжуулах хоолойд цохилт өгөхгүй байх баталгаа БАЙХГҮЙ.
  • Хоёрт, ОХУ-ын импортын хэмжээ цаашдаа ямар түвшинд байх нь ТОДОРХОЙГҮЙ.

Энэ нөхцөл байдал 2026 оны эхний 2 улирлын байдлаар аль хэдийнээ Казахстаны газрын тосны үйлдвэрлэлд шууд тоон утгаараа сөрөг нөлөө үзүүлсэн байх ба цаашид нөхцөл байдал хүндрэх аваас эдийн засгийн аюулгүй байдал ганхах эрсдэлтэй.

Иймээс Астана дахь бодлого тодорхойлогчид алсдаа газрын тосны үйлдвэрүүд, тээврийн маршрутуудыг солонгоруулах бодлого боловсруулах нь гарцаагүй юм. Эл бодлого богино хугацаанд эрчимтэй ажил хэрэг болж чадах аваас нэг улсаас шатах, тослох материалын хэт хамаарлаа бууруулахаар зорьж буй Монгол, Киргизстан зэрэг улсуудтай ашиг сонирхол огтлолцох болно.

 

 

 

Эх сурвалж