Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Европын Холбоо-БНХАУ-ын харилцааны өнөөгийн байдал, өрнөл, ойрын төлөв

Европын Холбоо (ЕХ) болон БНХАУ-ын талууд хоёр талын харилцааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлдөх механизмыг 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр албан ёсоор байгуулж, сайд нарын түвшний анхны уулзалтыг нь Брюссель хотноо зохион байгуулсан билээ. Анхны уулзалтыг БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао болон Европын Комисс (ЕК)-ын Худалдаа, эдийн засгийн аюулгүй байдлын комиссар Марош Шефчович нар хамтран даргалж, хоёр дахь удаагийн уулзалтыг энэ оны 10-р сарын эхээр БНХАУ-д зохион байгуулахаар тохиролцсон.

Ийнхүү хоёр дахь удаагийн уулзалт дөхөж буй энэ нөхцөлд ЕК-ын Худалдаа, эдийн засгийн аюулгүй байдлын комиссар Марош Шефчович 9-р сарын 8-нд мэдэгдэл хийж “ЕХ-ны БНХАУ-тай хийсэн барааны худалдааны алдагдал 2025 онд ойролцоогоор 360.6 тэрбум еврод хүрч, 2026 оны эхний хагаст дахин 9 орчим хувиар нэмэгдсэн. БНХАУ-тай хийж буй хэлэлцээ 10 дугаар сарын эхээр тодорхой үр дүнд хүрэхгүй бол ЕХ худалдааны хамгаалалтын арга хэрэгслээ илүү өргөн ашиглах улс төрийн шахалттай тулгарахаар байна” гэж мэдэгдэв.

Европт өрнөж буй үйл явдлууд

Европын Комисс 9 дүгээр сарын 9-нд ЕХ-ны төрийн худалдан авалтын дүрмийг шинэчлэх санал гаргав. Шинэ тогтолцоо нь зөвхөн хамгийн хямд үнийг бус, бүтээгдэхүүний чанар, нийлүүлэлтийн найдвартай байдал, Европт бий болгох нэмүү өртөг, стратегийн хараат бус байдлыг илүү харгалзах зорилготой. Саналд дурдснаар ЕХ-ны компаниудад өөрийн зах зээлээ харилцан нээгээгүй гуравдагч орны компаниудыг хязгаарлах, Европын бүтээгдэхүүнд тодорхой давуу эрх олгох боломжийг нэмэгдүүлэх аж. Хятадыг шууд нэрлээгүй боловч төрийн татаастай хятад компаниудын өрсөлдөөн, худалдан авалтын харилцан адилгүй нөхцөл нь дээрх санал, шинэчлэлийн гол үндэслэл болжээ. Дээрх саналыг цаашид Европын Парламент, ЕХ-ны Зөвлөлөөр хэлэлцэх бөгөөд 9-р сарын 10-наас эхлэн 11-р сарын 27-ны өдрийн хооронд албан ёсны олон нийтийн хэлэлцүүлгийг эхлүүлээд байна.

Түүнчлэн сүүлийн арав хоногийн хугацаанд Европын үйлдвэрлэлийн холбоод өөрсдийн байр суурийг илэрхийлэх болсноор энэ чиглэлээрх улс төр дэх лобби шаардлага мөн идэвхжих хандлагатай болж байна. Европын металын холбоо (Еврометал) метал боловсруулалтын салбар Хятадын хямд импорт, нийлүүлэлтийн сүлжээний давамгайллаас шалтгаалан үйлдвэр, ажлын байр олноороо алдагдаж болзошгүйг анхааруулсан бол Италийн автомашин үйлдвэрлэгчдийн холбоо (ANFIA) хятад автомашин болон эд ангид 80 хүртэл хувийн тариф тогтоох санал гаргажээ.

Мөн Европын Комисс Хятадын төрийн өмчит “China Minmetals”-ийн хяналтад байдаг MMG компанийн Anglo American-ийн Бразил дахь никелийн бизнесийг 500 сая ам.доллароор худалдан авах хэлцлийг нягтлан шалгахаар болсноо мэдэгдэв. ЕК-ийн үзэж буйгаар уг хэлцэл хэрэгжвэл Европын зэвэрдэггүй гангийн үйлдвэрт шаардлагатай ферроникелийн нийлүүлэлт хятад компанийн хяналтад төвлөрч, нийлүүлэлтийг Европоос өөр зах зээл рүү шилжүүлэх эрсдэлтэй гэж болгоомжилж байна.

ЕХ, БНХАУ-ын харилцааны ерөнхий дүр зураг

Украины дайн, худалдааны тэнцвэргүй байдал, үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, технологийн хамгаалалт, нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл зэргийн улмаас хоёр талын харилцаа эдийн засгийн харилцан хамаарал, стратегийн өрсөлдөөн хосолсон шинэ шатанд шилжжээ. Хоёр талын бараа, үйлчилгээний худалдаа жилд 700 тэрбум еврог давсан боловч ЕХ-ны барааны худалдааны алдагдал 350-400 тэрбум еврод хүрсэн. ЕХ-ны тал Хятадын төрийн татаас, үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, зах зээлд нэвтрэхэд тавьж буй хязгаарлалт, оюуны өмчийн асуудал, төрийн худалдан авалтын тэгш бус нөхцөлийг шүүмжилдэг. БНХАУ харин ЕХ-ны тариф, хөрөнгө оруулалтын хянан шалгалт, технологийн шаардлагыг худалдааг улс төржүүлсэн, ялгавартай арга хэмжээ гэж үзэж байна.

Улмаар одоогийн байдлаар Европын Комиссын зүгээс БНХАУ-д үйлдвэрлэсэн батарейгаар ажилладаг цахилгаан автомашинд үйлдвэрлэгчээс нь хамааран үндсэн 10 хувийн импортын татвар дээр BYD-д 17.0, Geely-д 18.8, SAIC болон шалгалтад хамрагдаагүй бусад компаниудад 35.3 хүртэл хувийн нэмэлт татвар ногдуулж байна. Үүний хариуд БНХАУ Европын бренди бүтээгдэхүүнд 27.7–34.9, гахайн маханд 4.9–19.8, зарим сүүн бүтээгдэхүүнд 7.4–11.7 хувийн татаасын эсрэг татварыг тус тус тогтоожээ.

Гэвч хоёр талын харилцааг бүхэлд нь сөргөлдөөнөөр тодорхойлох боломжгүй. ЕХ, БНХАУ худалдаа, хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийн сүлжээ, уур амьсгал, эрчим хүч, санхүүгийн зохицуулалт зэрэг салбарт нягт холбоотой хэвээр бөгөөд үүсэж буй зөрчлөө яриа хэлэлцээ, техникийн зөвлөлдөх механизмаар зохицуулахыг зорьж байна. Иймээс өнөөгийн харилцааны гол шинж нь стратегийн өрсөлдөөнтэй байгаа ч эдийн засгийн харилцан хамаарлаас үүдэх эрсдэлийг хязгаарлан, хамтын ажиллагааны сувгийг хадгалах явдал болжээ.

Харилцаанд гарч буй гол өөрчлөлтүүд

ЕХ-БНХАУ-ын харилцааны суурь зөрчил нь 2024 оноос хойш бүрэн шийдвэрлэгдээгүй боловч улс төр, эдийн засгийн харилцаа тасраагүй, харин өндөр түвшний уулзалт, салбарын яриа хэлэлцээ эрчимжсэн байна. 2025 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож, 7-р сарын 24-нд Бээжинд ЕХ–БНХАУ-ын XXV дээд хэмжээний уулзалт болсон. Уулзалтаар худалдааны тэнцвэргүй байдал, зах зээлд нэвтрэх нөхцөл, газрын ховор элементийн экспорт, Украины дайн зэрэг асуудлаар зарчмын зөрүүтэй хэвээр үлдэж, хоёр талын харилцааны тулгамдсан асуудлуудаар дорвитой ахиц, өөрчлөлт гараагүй.

Ши Жиньпин 2024 оны 5-р сард Франц, Унгарт төрийн айлчлал хийсэн бол 2025 онд Брюссельд, ЕХ-ны аль нэгэн гишүүн оронд айлчлаагүй байна. Гэвч Бээжин ЕХ-ны байгууллагуудтай харилцахын зэрэгцээ гишүүн орнуудтай хоёр талын харилцаа, түншлэлээ өргөжүүлэх бодлого баримталсаар байна. Ши Жиньпин Франц, Унгарт хийсэн айлчлалынхаа үеэр “ЕХ нь Хятадын худалдаа, эдийн засгийн чухал түнш хэвээр байгаа”-г онцолж, харилцааг зөвхөн өрсөлдөөнөөр тодорхойлохгүй байхыг уриалж байсан юм.

Сүүлийн хоёр жилд өрнөсөн голлох үйл явдлуудын тооноос үзэхэд, ЕХ, БНХАУ-ын хооронд 2024 онд 13, 2025 онд 32, 2026 оны эхний есөн сард 23 буюу нийт 68 томоохон уулзалт, айлчлал, зөвлөлдөх арга хэмжээ болсон байна. Үүний 29 үйл явдал буюу 42.6 хувь нь ЕХ-ны институци, Европын Парламент, Дэлхийн Худалдааны байгууллага болон бусад байгууллагын шугамаар, 39 нь буюу 57.4 хувь нь ЕХ-ны гишүүн орнуудын хоёр талын харилцааны хүрээнд зохион байгуулагджээ. Энэ нь ЕХ-ны гишүүн орнууд Хятадтай хоёр талын харилцаагаа хадгалах сонирхолтойг харуулж байна.

Энэ ч утгаараа 2026 оны эхний есөн сарын хугацаанд Ирланд, Финланд, Герман, Испани, Словакийн төр, засгийн тэргүүн нар БНХАУ-д айлчилж, худалдаа, хөрөнгө оруулалт, ногоон технологи, автомашин, хиймэл оюун, хүнс, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээг хийгээд байна. Үүний зэрэгцээ Европын Комисс болон БНХАУ-ын холбогдох байгууллагууд Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлдөх механизмын хүрээнд яриа хэлэлцээ үргэлжлүүлж байна. Энэ нь хоёр талын харилцаа улс төрийн хувьд хүндэрсэн ч институцийн болон салбарын түвшинд идэвхтэй хэвээр байгааг илтгэнэ.

Дүгнэлт, ойрын төлөв

ЕХ, БНХАУ-ны талууд харилцаандаа “стратегийн хэт хамаарлыг багасгах”, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах, худалдааны нөхцөлийг тэнцвэржүүлэхийн зэрэгцээ эдийн засаг, дипломат харилцааны сувгийг хадгалахыг зорьж байна. Сүүлийн хоёр жилд тарифын хамгаалалт, технологийн хяналт, хөрөнгө оруулалтын хяналт шалгалт эрс чангарсан ч өндөр дээд түвшний айлчлал, сайд нарын уулзалт, салбарын яриа хэлэлцээ тасралтгүй үргэлжилжээ.

Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлдөх механизмын 2 дахь удаагийн уулзалт дөхөж буй энэ үед Европын орнуудад энэ чиглэлээрх үйлдвэрлэгч, мэргэжлийн холбоодын дуу хоолой гарч эхэлжээ. Нөхцөл байдлаас үзэхэд, ойрын хугацаанд ЕХ-БНХАУ-ын харилцаа бүрэн дулаарах, эсвэл огцом хурцдах магадлал бага, талууд харилцааг бүхэлд нь шинэ шатанд гаргах гэхээсээ илүү худалдааны хурцадмал байдлыг хяналтаас гаргахгүй байхад анхаарах төлөвтэй байна.

Ашигласан эх сурвалж:

  1. Bruegel. (2024). Updating the EU strategy on China: Co-existence while de-risking through partnerships.
  2. China Briefing. (2024). EU–China relations after the 2024 European elections: A timeline.
  3. China-CEE Institute. (2025, November 10). The EU’s de-risking strategy towards China: Logic, trends, and limitations with a discussion of the new European Commission’s de-risking.
  4. European Commission. (n.d.). EU–China relations and trade policy.
  5. European Commission. (2026, September 9). Commission proposes simpler and more strategic Public Procurement rules.
  6. European Council. (2025, July 24). EU–China summit
  7. European Economic and Social Committee (EESC). (2026). 21st meeting of the EU-China Round Table.
  8. European Parliamentary Research Service (EPRS Think Tank). (2026, January 8). 50 years of EU–China relations: Milestone meetings and trade tensions.
  9. German Federal Government. (2026). Chancellor Merz in China.
  10. Mercator Institute for China Studies (MERICS). (n.d.). EU de-risking and relations with China.
  11. The Guardian. (2026, September 6). EU factory job cuts as China ‘colonises’ supply chains, industry warns.
  12. Xinhua News Agency. (2026, June 30). China-EU High-Level Trade and Investment Consultation held in Brussels.