Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Тажикстаны гадаад өрийн өнөөгийн байдал

Хөгжиж буй Төв Азийн орнуудын эдийн засаг тэлэхийн хэрээр төв, хувийн хэвшлийн гадаад өрийн хэмжээ жам ёсны дагуу өссөөр буй. Үүнээс гадаадын өрийн төрлөөрөө Казахстан, Узбекстанд хувийн хэвшлийн компаниудын өр зонхилж буй онцлогтой бол Киргизстан болон Тажикстанд засгийн газрын өр давамгайлж байна. Өр бол хөшүүрэг гэдэг санхүүгийн хуулиар төв азийн улсууд гадаад өрийг ямар нөхцөлтэйгөөр авах, цөөн тооны зээлдэгчтэй эсэх, дийлэнх өрийг цөөн тооны том төслүүдэд санхүүжүүлж буй эсэхээс хамаарч эрсдэл харилцан адилгүй байна.

Гагцхүү Тажикстаны хувьд гадаад өрийн асуудал ямагт үндэсний аюулгүй байдлын чухал асуудал байсаар ирсэн.

Гадаад өрийн хэмжээг эрчимтэй бууруулах болсны учир

Тажикстаны Парламент 2011 оны 1-р сард хөрш БНХАУ-тай хил хязгаар тогтоох хэлэлцээрийг соёрхон баталснаар 19-р зуунаас хойш маргаантай байсан 1100 орчим хавтгай дөрвөлжин километр газрыг хөршдөө шилжүүлсэн билээ. Эл асуудал өдийг хүртэл Тажикстаны гадаад өрийн асуудал үндэсний аюулгүй байдлыг ганхуулж газар нутгийнхаа 0.8%-тай тэнцэх газрыг алдахад хүргэсэн гэх маргааны сэдэв болсоор ирсэн.  Хэдийгээр хэлэлцээрийг Тажикстан болон БНХАУ-ны талууд зуун дамжсан хилийн маргаантай асуудлуудыг сайн хөршийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын эрх зүйн дагуу шийдвэрлэсэн хэмээн тайлбарлах боловч зарим шинжээчид “өрийг албан бус байдлаар хүчингүй болгох гэрээ” хэмээн дүгнэдэг. Хөшигний ард ямар тохироо байсан талаар баттай эх сурвалж, дата байхгүй боловч тус маргаанаас үүдэн Тажикстаны тал гадаад өрийн асуудал дээрээ ихээхэн анхаарах болсон нь лавтай.

Тусгаар улсаа тунхагласнаас хойш Тажикстаны гадаад өрийн хэмжээ ДНБ-ны тал эсвэл талаас дээгүүр хувьд дүйцэх хэмжээнд байсаар ирсэн бол 2020 онд засгийн газрын баталгаатай гадаад өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний талаас доош буюу 43.8%-тай тэнцсэн. Цаашлаад 2024 онд засгийн газрын баталгаатай гадаад өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 22.3 хувь хүртэл эрчимтэй буурсан. 2026 оны 7-р сарын 1-ний байдлаар Тажикстан улсын засгийн газрын баталгаатай нийт өр 3.4 тэрбум ам.доллар болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 16%-тай тэнцэх түүхэн доод түвшинд хүрээд байна.

Олон улсын валютын сангаас Тажикстаны гадаад өрийн удирдлагыг “Ухаалаг төсвийн бодлого, эдийн засгийн хурдацтай өсөлтөөр өрийг мэдэгдэхүйц бууруулсан” хэмээн тодорхойлсон бөгөөд тайландаа Moody’s мөн Тажикстаны хэтийн төлөвийг тогтвортойгоос эерэг болгож сайжруулсан талаар дурдсан байна.

Ямартай ч сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Тажикстаны тал засгийн газрын баталгаатай өрийн ДНБ-нд эзлэх хэмжээ өндөр байх эрсдэлийг ойлгосон мэт шинэ зээл бага авч, өмнөх зээлийг хуваарийн дагуу төлөх замаар ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээг бууруулсан нь доорх хүснэгтэд үзүүлсэн гадаад өр төлөлтийн төлөвлөгөөнөөс харагдана.

Хүснэгт 1: Тажикстаны 2024-2026 оны гадаад өр төлөлтийн нийт хэмжээ, ДНБ-д эзлэх хувь

Ангилал Өрийн үлдэгдэл 2024 Өрийн үлдэгдэл 2024

(% ДНБ)

Өр төлөлт 2024 (ам.доллар) Өр төлөлт 2025 (ам.доллар) Өр төлөлт 2026 (ам.доллар) Өр төлөлт 2024

(% ДНБ)

Өр төлөлт 2025

(% ДНБ)

Өр төлөлт 2026

(% ДНБ)

Нийт 3,500 24.90% 366 547 611 2.60% 3.50% 3.60%
Гадаад өр 3,132 22.30% 299 468 502 2.10% 3.00% 3.00%

Эх сурвалж: Олон улсын валютын сан

Өрийн хэт төвлөрлийн эрсдэлүүд хэвээр

Нэг улсаас их хэмжээний өр авахын эрсдэлийг ойлгосон Тажикстан засгийн газрын баталгаатай өрийг эрчимтэй бууруулсан боловч өнөөгийн нөхцөл байдалд хоёр эрсдэлтэй нүүр тулсан хэвээр байна. Нэгдүгээрт нэг зээлдэгчийн өрийн хэмжээ өндөр хэвээр; Хоёрдугаарт Засгийн газрын баталгаатай өрийн хэмжээ хувийн хэвшлийнхээс хэт өндөр байгаа асуудал юм. Тодруулбал, 2026 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар Тажикстаны гадаад өрийн хамгийн том зээлдүүлэгч нь БНХАУ-ын Экспорт-Импортын банк байж, тус банкнаас авсан зээлийн үлдэгдэл 690 сая ам.долларт хүрээд байна[1]. Энэ нь нийт гадаад өрийн 23.8 хувийг эзэлж байгаа бөгөөд нэг улсаас хэт хамааралтай байх эрсдэлийг тодорхой хэмжээнд харуулж буй юм.

Гэсэн хэдий ч, 2022 оны эцэст тус банкны зээлийн үлдэгдэл 1.9 тэрбум ам.доллар болж, нийт гадаад өрийн 60 хувийг эзэлж байсантай харьцуулахад Тажикстаны тал нэг талын зээлийн эрсдэлийг бууруулахад бодитойгоор анхаарч ирснийг энд дурдах хэрэгтэй. БНХАУ-ын Экспорт-Импортын банкны санхүүжилтээр Тажикстан улс Вахдат-Ёвон төмөр зам, Душанбе-Чанак зэрэг дэд бүтцийн чухал төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн түүхтэй.

Нөгөө талаар нийт гадаад өрийн 85.5 хувийг Засгийн газрын өр бүрдүүлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт тогтмол 80-аас дээш хувьтай байгаа юм. Тажикстаны гадаад өрийн Засгийн газрын эзлэх хэмжээ сүүлийн 30 жилийн турш өөрчлөгдөөгүй нь гадаад өрөө төлж чадахгүйд хүрэхээс илүүтэй, цаашдын эдийн засгийн өсөлт зогсох болон хувийн хэвшил идэвхжиж чадахгүй байх эрсдэл бодитой байгааг харуулж байна. Энэ нь Тажикстаны эдийн засаг үндсэндээ Джон Мейнард Кейнсийн онолоор буюу төрийн оролцоотой, том төслүүдийн санхүүжилтээр Засгийн газраас зохиомлоор бий болгосон эрэлтээр хөдөлж буйг нотлох юм.

Иймээс ч Тажикстаны эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийн талаарх бүхий л тайлангуудад дэлхийн хамгийн томд тооцогдох 3,600 МВт-ын хүчин чадалтай Рогуны усан цахилгаан станцын төсөл онцгой байр суурь эзэлсээр байна.

Уг төсөлд гадаадын түншүүд 2 хүртэлх тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор амлаад байгаа бөгөөд 2033 онд төсөл бүрэн хэрэгжиж дуусах хүртэл тус улсын гадаад өрийн хэмжээ засгийн газрын баланс их хэмжээгээр үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байна.

Дүгнэлт: Гадаад өрийн эрсдэл буурсан боловч гадаад санхүүжилттэй засгийн газрын төслүүдээс хамаарсан эмзэг эдийн засгийн бүтэц хэвээр байна.

Тажикстаны Сангийн яам сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд гадаад өрийн удирдлага дээрээ анхаарч гадаад өрийн нийт хэмжээгээ огцом бууруулахын сацуу БНХАУ-ын нийт гадаад өрд эзлэх хэмжээг мэдэгдэхүйц түвшинд бууруулж чаджээ. Энэ бодлогыг харах юм бол 2011 оны маргаантай газар нутгийг БНХАУ-д шилжүүлэх гэрээг байгуулах хүртэл хөшигний ард болсон олон тохироонууд 100 хувь сайн хөршийн найрсаг харилцаа дээр тулгуурласан романтик хэлэлцээр болоогүй гэдгийг батлах мэт. Өдгөө гадаад өрийн эрсдэл талаас харвал 2011 оны Душанбе болон 2026 оны Душанбе хооронд алд дэлэм ялгаа бий хэдий ч эдийн засгийн эмзэг байдал хэвээр байна.

Тодруулбал нийт гадаад өрийг засгийн газар дангаараа шахуу бүрдүүлсээр буй нь угтаа гадаад өр тэр чигтээ засгийн газрын тоотой хэдэн том төслийг санхүүжүүлэх аль эсвэл төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл аливаа улсын эдийн засгийн аюулгүй байдлын гол цөм болсон хувийн хэвшлийн компаниуд гадаадын хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчийн итгэлийг хүлээхүйц том төсөл хийхгүй аль эсвэл эдийн засгийн нөөц бололцоогүй хэвээр байна.

Иймээс 2033 он хүртэлх Тажикстаны эдийн засгийн байдал Рогуны усан цахилгаан станц гэх мэт засгийн газрын өрөөр санхүүждэг төслүүдээс ихээхэн хамаардаг байдал хэвээр үргэлжилнэ. Эл нөхцөлд цөөн аливаа төслийн санхүүжилтийн нөхцөл өөрчлөгдөх, гацаа үүсэх нөхцөлд хэт эмзэг байна.

 

 

 

 

Эх сурвалж

  • Tajikistan’s External Debt Grows in Complexity, Kulobiddin Norov, 2026, https://thediplomat.com/2026/01/tajikistans-external-debt-grows-in-complexity/
  • China as Tajikistan’s Lender of Last Resort, Anvar Sattori, 2013, https://jamestown.org/china-as-tajikistans-lender-of-last-resort/
  • IMF, 2024, https://www.elibrary.imf.org/view/journals/002/2025/169/article-A003-en.xml?cid=568379-com-dsp-crossref
  • Таджикистану удалось снизить внешний долг, Спутник, 2026, https://tj.sputniknews.ru/20260530/tajikistan-vneshniy-dolg-1077934049.html
  • Государственный долг Таджикистана снижается: к началу июля показатель составил 16% от ВВП, Караван, 2026, https://caravan-info.pro/gosudarstvennyj-dolg-tadzhikistana-snizhaetsja-k-nachalu-ijulja-pokazatel-sostavil-16-ot-vvp/
  • Tajikistan’s Costly Chinese Loans: When Sovereignty Becomes a Currency, Soso Dzamukashvili, Rondeli Foundation, 2022, https://gfsis.org/en/tajikistans-costly-chinese-loans-when-sovereignty-becomes-a-currency/
  • Tajikistan: The cost of Chinese debt, Eurasianet, 2022, https://eurasianet.org/tajikistan-the-cost-of-chinese-debt
  • International Donors Start Financing the Rogun Dam Project, Rivershelp NGO, 2026, https://rivershelp.org/n/2135

[1] Үүний араас Дэлхийн банк 390 сая ам.доллар, Исламын хөгжлийн банк 270 сая ам.доллар, Азийн хөгжлийн банк 230 сая ам.доллар, Европын сэргээн босголт хөгжлийн банк 228 сая ам.доллароор удаалж байна.