БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2026 оны 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд БНАСАУ-д хийсэн төрийн айлчлал нь Зүүн ойд Азийн хүчний тэнцвэрт бүтцийн шинжтэй өөрчлөлт гарч буйг баталгаажуулсан стратегийн чухал үйл явдал болов. Энэхүү уулзалтаар Бээжин Пёньян дахь уламжлалт нөлөөллөө дахин баталгаажуулж, ОХУ болон БНАСАУ-ын хэт ойртолтыг тэнцвэржүүлэх прагматик алхам хийгдэв. Хамгийн чухал нь, уулзалтын үеэр “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид болгох” асуудал албан ёсоор хөндөгдөөгүй нь БНХАУ-ын зүгээс БНАСАУ-ын цөмийн зэвсэгтэй улсын статусыг “дэ-факто” хүлээн зөвшөөрч, гадаад бодлогоо “устгах“-аас “хязгаарлах, хамтран орших” чиглэл рүү шилжүүлж эхэлснийг харуулж байна гэж үзэх боломжтой. Энэхүү Хойдын (БНХАУ-ОХУ-БНАСАУ) болон Өмнөдийн (АНУ-БНСУ-Япон) гурвалжин хоорондын хуваагдал гүнзгийрч буй нөхцөл байдал нь Монгол Улсаас олон тулгуурт, “Гуравдагч хөрш”-ийн бодлогоо илүү уян хатан, нарийвчлалтай, зарим тохиолдолд ухаалгаар сонгомол байдлаар хэрэгжүүлэхийг шаардаж байна.
Дипломат идэвхжил ба стратегийн сэдэл
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний[1] Пёньян дахь энэ удаагийн айлчлал нь БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Уны 2025 оны 9 дүгээр сард Бээжинд хийсэн дээд хэмжээний айлчлалын хариу айлчлал юм. Үүний зэрэгцээ энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд 1961 онд байгуулагдсан “Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээ”-ний 65 жилийн ойтой давхцаж буйгаараа стратегийн өндөр ач холбогдолтой болсон. Энэхүү гэрээ нь БНХАУ-ын хувьд бусад улстай байгуулсан цэрэг, батлан хамгаалахын харилцан туслалцах үүрэг бүхий цорын ганц хүчин төгөлдөр гэрээ хэвээр байна[2].
Айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-ын талаас ХКН-ын Төв хорооны Хэрэг эрхлэх газрын дарга Цай Чи, Гадаад хэргийн сайд Ван И, Батлан хамгаалахын сайд Дун Жүнь, Худалдааны сайд Ван Вэньтао БНАСАУ-ын талаас Ерөнхий сайд Пак Тэ Сон, Гадаад хэргийн сайд Чүй Сон Хи, Батлан хамгаалахын сайд Но Гван Чоль, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Жу Ён Вон нар оролцсон нь энэ уулзалт цэрэг-стратеги, улс төр, макро эдийн засгийн өндөр түвшний тохиролцоо хийгдсэнийг илтгэнэ. Бээжингийн энэхүү дипломат идэвхжилийг дараах хүчин зүйлсээр тайлбарлаж болно:
- 2024 онд байгуулагдсан ОХУ-БНАСАУ-ын “Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ“-ний дараа Пёньяны гадаад бодлогын маневрлах орон зай өргөжсөн. Бээжин Пёньян дахь уламжлалт хяналт, нөлөөллийн сувгаа алдахгүйн тулд эдийн засгийн хөшүүргээ дахин идэвхжүүлж байна[3].
- Талууд хөдөө аж ахуй, барилга, төмөр зам, иргэний нислэгийн логистикийг бүрэн сэргээхээр тохиролцов. 2025 онд Хятадын БНАСАУ руу хийсэн экспорт 2.3 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 6 жилийн дээд үзүүлэлт бөгөөд БНАСАУ-ын хувьд Хятад нь эдийн засгийн голлох түнш хэвээр байна[4].
- БНАСАУ Тайванийн асуудлаар Бээжингийн “Нэг Хятад” байр суурийг хатуу дэмжиж, харилцаагаа “нэн тэргүүний стратегийн чиглэл” гэж тодорхойлсон нь Хятадын хувьд Зүүн хойд Ази дахь АНУ-ын эвслийн (АНУ-БНСУ-Япон) эсрэг аюулгүй байдлын хязгаараа хамгаалсан хэрэг болж байна.
Бүс нутгийн аюулгүй байдлын таамаглал ба цөмийн статус
Дээд хэмжээний уулзалтын үр дүн болон бүс нутгийн дотоод динамикт тулгуурлан дараах стратегийн таамаглалуудыг дэвшүүлж байна.
- БНАСАУ-ын цөмийн статусыг дэ-факто хүлээн зөвшөөрөх үйл явц: Албан ёсны мэдэгдлүүдэд Пёньяны цөмийн хөтөлбөрийг шүүмжлэхээс зайлсхийж, “бүрэн эрхт байдал, аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалах” зарчмыг онцолсон нь Хятад улс Пёньяны цөмийн хүчин чадлыг дэ-факто хүлээн зөвшөөрч, түүнтэй зэрэгцэн орших бодлогод шилжсэний илрэл юм. Ким Жон Уны цөмийн хүчний статусыг “эргэлт буцалтгүй” хэмээн зарласан байр суурь ийнхүү Хятадын “чимээгүй” зөвшөөрлөөр баталгаажиж байна[5]. Тодруулбал, 2026 оны 4 дүгээр сард БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Пёньянд хийсэн айлчлал болон энэ удаагийн Ши Жиньпиний айлчлалын дараах албан мэдэгдлүүдэд “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид болгох” тухай уламжлалт хэллэг тусгагдаагүй нь Бээжин Пёньяны цөмийн статусыг дэ-факто хүлээн зөвшөөрч эхэлснийг харуулж байна.
- АНУ-ын бодлогын шилжилт (Д.Трампын хүчин зүйл): 2025 оны 1 дүгээр сард ерөнхийлөгчийн албан тушаалд дахин очсон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ким Жон Унтай дахин хэлэлцээ хийх сонирхолтой байгаагаа илэрхийлж, түүнийг “цөмийн зэвсэгтэй улсын удирдагч” хэмээн тодорхойлсон.[6] Хэдийгээр АНУ-ын албан ёсны бодлого өөрчлөгдөөгүй ч энэхүү риторик нь Вашингтон “бүрэн устгах” зорилтоос ухарч, цөмийн зэвсгийн тоо хэмжээг хязгаарлах, эрсдэлийг хянах чиглэлд хэлэлцээ хийх магадлалыг нэмэгдүүлж байна. Бээжингийн саяхны айлчлал нь ирээдүйд үүсэж болзошгүй Вашингтон-Пёньяны хэлэлцээнд Хятад улс зуучлагч болон нөлөөлөгчийн байр сууриа алдахгүй байх урьдчилсан баталгааг хангасан томоохон дипломат алхам юм.
- БНСУ-ын стратегийн мухардал (И Жэ Мёны засаг захиргаа): БНСУ-д И Жэ Мёны засаг захиргаа Умард Солонгос руу чиглүүлсэн чанга яригчийн нэвтрүүлгийг зогсоож, хилийн хурцадмал байдлыг бууруулах, Пёньян-тай бүх түвшний харилцааны сувгийг сэргээх чиглэл баримталж байгаа хэдий ч АНУ-тай хамтарсан “Эрх чөлөөний бамбай[7]” сургуулилалт, цөмийн саатуулах бодлогоо давхар үргэлжлүүлж байна. Энэхүү “эвлэрэх болон саатуулах” хоёр давхар бодлогыг Пёньян хүлээж авахгүй байгаа тул богино хугацаанд Солонгос хоорондын харилцаанд ахиц гарах магадлал бага бөгөөд хязгаарлагдмал хурцадмал байдалтай стратегийн мухардал хэвээр үргэлжлэх төлөвтэй байна.
- Хятад-БНАСАУ-ОХУ-ын гурвалсан тэнцвэр: Пёньян цаашид Москвагийн стратегийн дэмжлэгийг хадгалахын зэрэгцээ Бээжинг эдийн засгийн гол хөдөлгүүрээ болгосон хэвээр байх төлөвтэй байна. Ингэснээр БНАСАУ-ын бие даасан байдал нэмэгдэж, бүс нутгийн гадаад харилцаанд илүү хатуу атлаа прагматик тоглолт хийх боломж бүрдэж байна.
- БНАСАУ-ын гадаад аюулгүй байдлын баталгааны үндэс нь БНХАУ-тай 1961 онд байгуулсан “Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээ” болон ОХУ-тай 2024 онд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ[8]” юм. Эдгээр гэрээний хамгийн чухал заалтууд болох 1961 оны гэрээний 2-р зүйл, 2024 оны гэрээний 4-р зүйлд аль нэг тал зэвсэгт халдлагад өртсөн тохиолдолд нөгөө тал нь шаардлагатай тусламж үзүүлэхээр тус тус заасан байдаг. Ингэснээр БНАСАУ нь Хятад, Орос гэсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоёр байнгын гишүүн улстай аюулгүй байдлын гэрээний үндсэн дээрх албан ёсны харилцаатай болсон нь Пёньяны стратегийн байр суурь, хэлэлцээний хөшүүргийг өмнөхөөс нь мэдэгдэхүйц бэхжүүлж байна[9]. Энэ нөхцөл байдал нь БНАСАУ-ын дэглэмийн аюулгүй байдлын баталгааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Солонгосын хойгийн асуудлыг бүс нутгийн бус, их гүрнүүдийн өрсөлдөөний хүрээнд авч үзэх хандлагыг улам хүчтэй болгож байна.
Нөгөө талаас энэхүү ойртолт нь зөвхөн аюулгүй байдлын бус эдийн засаг, геостратегийн ашиг сонирхолтой холбоотой байж болох юм. Ялангуяа БНХАУ Жилинь мужийн далайд гарах гарцыг өргөжүүлэх, Түмэн голын сав газрын хамтын ажиллагааг сэргээх, Япон тэнгис рүү нэвтрэх боломжоо нэмэгдүүлэх зэрэг урт хугацааны зорилгоо хэрэгжүүлэхэд БНАСАУ-тай тогтвортой харилцааг чухалчилж байх магадлалтай.
Монгол Улсын стратегийн эрх ашиг ба гадаад бодлогын боломж
Зүүн хойд Ази дахь эвслийн хуваагдал (АНУ-БНСУ-Япон vs. БНХАУ-ОХУ-БНАСАУ) гүнзгийрч, Солонгосын хойгийн асуудал цэвэр их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөний хэрэгсэл болж хувирч буй энэ үед Монгол Улс реалист байр сууринаас дараах үнэлгээг хийх шаардлагатай.
- Аюулгүй байдлын орчны нөлөө: Хятад-БНАСАУ-ын ойртолт нь бүс нутгийн хүчний тэнцвэрт нөлөөлж, “Гуравдагч хөрш”-ийн эсрэг чиглэсэн Хойдын гурвалжны нягтралыг нэмэгдүүлж байна. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын маневрлах орон зайг хумих, хоёр хөршөөс үзүүлэх далд шахалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
- Тэнцвэртэй бодлогын хэрэгцээ: Монгол Улс аль нэг эвсэлд татагдахгүйгээр БНСУ, Япон, АНУ болон БНХАУ, ОХУ, БНАСАУ-тай зэрэгцэн харилцах тэнцвэртэй бодлогоо институцийн хувьд бэхжүүлэх нь чухал байна.
Монгол Улсын оролцоо, хэрэгжүүлэх боломжууд:
“Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний механизмыг ахиулах: БНАСАУ-ын цөмийн статусын талаарх олон улсын байр суурь цөмийн зэвсгээс ангижруулах бодлогоос эрсдэлийг хянах бодлого руу өөрчлөгдөх хандлага ажиглагдаж буй энэ үед Улаанбаатарын яриа хэлэлцээ арга хэмжээ нь Талуудын (ялангуяа АНУ-БНАСАУ эсвэл Япон-БНАСАУ) дунд 1.5 түвшний албан бус уулзалт зохион байгуулах бүс нутгийн цорын ганц төвийг сахисан найдвартай талбар хэвээр байна.
Олон улсын хоригийн бус салбар дахь дипломат ажиллагаа: НҮБ-ын хоригт хамаарахгүй боловсрол, соёл, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр БНАСАУ-тай харилцаагаа хадгалж, эгзэгтэй үед зуучлах дипломат “шугам”-ыг нээлттэй үлдээх нь Монголын стратегийн давуу тал байх болно.
Ашигласан материал:
[1] БНХАУ-ын даргын 2026 оны анхны албан ёсны айлчлал болсон.
[2] 38 North (2026), “The 65th Anniversary of the Sino-North Korean Treaty: Strategic Implications”
[3] ICG (2025), “North Korea’s Trilateral Balancing Act”
[4] Reuters (2026), “China-North Korea Trade Reaches Post-Pandemic High”
[5] KINU (2026), “The Shift in Beijing’s Stance on North Korean Denuclearization”
[6] Ji Da-gyum (2025), “US President Trump calls North Korea leader Kim Jong-un ‘nuclear power,’ touts rapport,” The Korea Herald / Asia News Network.
[7] “Exercise Freedom Shield”
[8] Treaty on Comprehensive Strategic Partnership Between the Russian Federation and the Democratic People’s Republic of Korea, 19 June 2024, Article 4.
[9] International Institute for Strategic Studies (IISS), Strategic Survey 2025: North Korea, Russia and China Triangle










Хариу өгөх