Олон улсын хэмжээнд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт явдал буурахгүй, харин ч арга ажиллагаа нь улам нарийн зохион байгуулалтад орж, аюул занал дагуулсаар байгааг судлаачид онцлон тэмдэглэсээр байна. Дэлхийн улс орнууд, Нэгдсэн үндэстний байгууллагын зүгээс энэ талаар олон төрлийн арга хэмжээг авч байгаа ч үндэстэн дамнасан гэмт бүлэглэлүүдийн “Хүний наймаа”, “Мөнгө угаах-тероризмыг санхүүжүүлэх”, “Зэвсгийн худалдаа”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт” гэсэн суурь гэмт хэргүүдийг үйлдэх арга ажиллагаа улам нарийсч буй бөгөөд энэ гэмт хэргүүдээс “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт” ихээхэн анхаарал татаж буй.
Манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой далд байсан гэмт хэргийн үр хөврөл хэдийн торнин, Монгол Улсын дотоод аюулгүй байдал, хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд шууд заналхийлж байгаа нь аюулын харанга гэж үзэхээр.
Аюулгүй байдал судлалын хүрээлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн талаар эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээний материалуудад тулгуурлан цуврал тоймыг бэлтгэн хүргэж байна: Эхний дугаарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл ангилал, хэрэглээ, сэтгэцэд нөлөөлөх хор аюулын талаар онцлон авч үзлээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл, ангилал
Эх сурвалжид дурдсанаар хар тамхи гэдэг нь “Мансуурал, түүнтэй хамаарал бүхий харилцаа нь хүний бие махбодь, сэтгэл санааг хамааралд оруулж, хүний төв мэдрэлийн тогтолцоог гэмтээх буюу хөөрлийн байдалд хүргэдэг байгалийн болон синтетик (химийн) гаралтай бодис” (narkotikos[1] гэдэг нь мансуурах, мэгдэх, бэгтрэх, цочролд оруулах, хөдөлгөөнгүй болон, нойронд автах, саажих гэсэн утгатай грек гаралтай үг) хэмээжээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ургамлын болон синтетик гаралтай (гар аргаар болон нийлэг буюу лабораторын аргаар гаргаж авсан) хэмээн ангилдаг. Олон улсад ургамлын болон синтетик гаралтай мансууруулах бодисын хууль бус үйлдвэрлэгч, наймаалагч таван том төвлөрөл бий гэж үздэг. Үүнд: “Алтан гурвалжин” (Тайланд, Лаос, Мьянмарын хилийн бүс), “Алтан хавирган сар” (Aфганистан, Пакистан, Ираны хилийн бүс), “Мөнгөн гурвалжин-Картель[2]” (Колумб, Болив, Перу, Мексикийн хилийн бүс нутаг), “Хар гурвалжин” (Нигер, Гана, Кени, Судан, Өмнөд африк) гэх зэргээрнэрлэсэн байдаг.
Ургамлын буюу гар аргаар гаргаж авсан мансууруулах бодис
Байгаль дээр зэрлэг байдлаар ургадаг эсвэл хүмүүс өөрсдөө тарьж, ургуулсан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамал, тухайн ургамлын анхны шинж чанарыг хадгалан бэлтгэж, ахуйн нөхцөлд гаргаж авсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэлдэг.
Опиод: Афганистан, Мьянмар, Мексик гэсэн гуравхан улсад энэ төрлийн мансууруулах бодисын 98 хувийг тарьж, үйлдвэрлэл явуулдаг. Афганистан улс гэхэд дангаараа 82 хувийг, Мьянмар 7 хувийг, Мексик 8 хувийг тус тус тарьж, үйлдвэрлэн Зүүн өмнөд Ази, Европ, Америк зэрэг орнуудад хууль бусаар зардаг.
Байгалийн гаралтай опийгийн төрлийн мансууруулах бодис нь бүгд намуу цэцгээс гаралтай байдаг. Опиодыг тариалаад хурааж авсны дараа түүний идэвхт элемент, морфиныг цууны хүчилд химийн угтвар бодистой урвалд оруулж, дор дурдсан мансууруулах бодисыг гаргаж авдаг.[3] Опиодын төрөл дотроос доорх мансууруулах бодисуудыг онцолдог. Тухайлбал:
– Ацетилированный опий. Хэд хэдэн химийн урвалд оруулсны дараа гаргаж авдаг хэрэглэхэд бэлэн уусмал. Хар хүрэн өнгөтэй бөгөөд уксус шиг хурц үнэртэй.
– Опийн түүхий эд/шүүс. Намуу ургамлаас тусгайлан гаргаж авсан шүүс бөгөөд ацетилированный опийн уусмал бэлдэхэд хэрэглэдэг. Уг бодис баримлын шавар шиг ба өнгө нь цагаанаас авахуулаад бор өнгөтэй.
– Геройн. Опийгийн төрлийн мансуурах бодис дунд хамгийн их дэлгэрсэн нь. Маш хүчтэй мансууруулах чадалтайгаас гадна их хэмжээний хордуулагчтай, түүнчлэн 2-3 удаа хэрэглэхэд донтох аюултай.
– Намууны сүрэл. Хатаасны дараах опиумын намууны бүх хэсгийг хэлнэ. Үүнийг ацетилированный опийгийн уусмал бэлдэхэд хэрэглэдэг.
– Метадон. Опийн төрлийн хүчтэй синтетик мансууруулах бодис юм. Зарагддаг хэлбэр нь цагаан өнгийн нунтаг болон бэлэн уусмал байдаг. Зарим улсад мансууруулах бодист донтогчдыг эмчлэхэд орлуулж хэрэглэдэг.
Канабис: НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргасан судалгаагаар Мексик, Коста Рика зэрэг Төв Америкийн дулаан бүсэд ургадаг ургамал бөгөөд илүү их мансууруулах бодис агуулагддаг. 200.000-641.800 га ил талбайд каннабис тариалж буй гэсэн судалгаа бий. Гол мансууруулах үйлчилгээтэй бодис нь каннабинойд юм. Каннабисын төрөл дотроос доорх мансууруулах бодисуудыг онцолж байна. Тухайлбал:
– Марихуана. Каннабис ургамлын хатаасан болон хатаагаагүй өвс шиг хэсгийг нь хэлдэг. Цайвар ногоон хүрэн өнгөтэй, тус ургамлын навчин хэсэг болон цэцэглэдэг хэсгийг үрж жижиглэсэн байдаг. Нэг удаа марихуана татахад 25 янжуур татсантай адил хэмжээгээр мансуурдаг байна.
– Гашиш. Өөртөө 20 хүртэлх хувийн каннабинойд агуулдаг. Давирхай, цэцгийн тоос, ургамлын нунтагласан дээд хэсгүүдийг хольсон байдаг.
Кокайн: Дэлхийн хамгийн том кокаины тариалангийн бүс нутгаар Колумб нэрлэгддэг ба Болив, Перу удаалдаг. Уг навчис нь олон наст ургамал бөгөөд, бүтэн жилийн хугацаанд ургацаа өгдөг онцлогтой. Тухайн бодисыг кока ургамлаас гаргаж авдаг, сэтгэцийг өөрчилдөг мансууруулах бодис юм.
Нийлэг буюу лабораторын аргаар гаргаж авсан мансууруулах бодис
Тусгай лаборатор, үйлдвэрт химийн элементүүд, тэдгээрийн нэгдлийг химийн аргаар боловсруулж авсан бодисууд багтдаг. Тухайлбал, экстази, Галлюциноген, метадон, ЛСД, амфетамин, реветин, фенамин зэргийг нэрлэж болно.
Экстаси: Амфетамин төрлийн синтетик мансууруулах бодисын ерөнхий нэршил юм. Нүдэнд хий юм үзэгдэх, харагдах, сонсогдох шинж тэмдэг илэрдэг. Энэ бодис өндөр үнэтэйд ордог ч хэрэглэгч нар амфетаминыг байнгын хэрэглээгээ болгосон байдаг.
Галлюциноген: Химийн бүтцийн хувьд тогтсон эх үүсвэр байхгүй, хүний сэтгэцэд төрөл бүрээр нөлөөлдөг. Тухайлбал хий юм үзэж, харж, сонсож, орчноо хүлээн авч, гаргах зан авир, араншин, бодол санаа зэрэгт өөрчлөлт оруулдаг.
Амфетамин: Сэтгэцийг цочроож, сэргээдэг энэ төрлийн мансууруулах бодист хиймэл, синтетик бодис агуулагддаг ба амфетамины нэгдэл орсон. Энэ төрөлд дор дурдсан бодисууд хамаардаг байна. Үүнд:
– Эфедрон. Химийн урвал явагдсаны эцэст гардаг бүтээгдэхүүн. Ягаавтар, эсхүл тунгалаг уусмал хэлбэрээр байдаг. Нил цэцгийн үнэртэй төстэй.
– Первитин. Олон шат явуулсан химийн урвалын эцсийн бүтээгдэхүүн, уусмал хэлбэртэй. Тослог, шаргал өнгийн, эсхүл тунгалаг өнгөтэй, алимтай төстэй үнэртэй. Геройны донтнуудыг эмчлэхэд орлуулж хэрэглэдэг ч илүү сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдаг.
Галлюциноген: Химийн бүтцийн хувьд тогтсон эх үүсвэр байхгүй, хүний сэтгэцэд төрөл бүрээр нөлөөлдөг, тухайлбал хий юм үзэж, харж, сонсож, орчноо хүлээн авч, гаргах зан авир, араншин, бодол санаа зэрэгт өөрчлөлт оруулдаг.[4]
Хүний сэтгэцэд нөлөөлөх, эрсдэлийн байдлаарх ангилал
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь (psiho-сэтгэл санаа, tropos-эргэлт, чиглэл гэсэн грек үгнээс гаралтай) хүний сэтгэл мэдрэлийн үйл ажилагаанд нөлөө үзүүлдэг, мэдрэлийн ядаргаа тайлах (антидепрессант), төв мэдрэлийн системийг тайвшруулах (нейролептик), бие махбодийг тайвшруулах (седативный), мэдрэлийн системийг идэвхжүүлэх (психостимулирующее), тайвшруулж, айдас намжаах (транквилизатор) үйлчилгээтэй байдаг. Түүнчлэн:
- Төв мэдрэлийн системийг дарангуйлагч буюу оюуны идэвхийг сааруулах, хэт тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй;
- Төв мэдрэлийн системийг өдөөгч буюу сэтгэцийг идэвхжүүлэх, сэргээж, сэтгэл санааг хий хөөрөлд оруулах үйлчилгээтэй;
- Солио үүсгэгч буюу хий юмс харагдаж, сонсогдох үйлчилгээтэй;
- Сэтгэцийн хосолмол үйлчилгээтэй буюу дээрх шинж тэмдгүүдийн аль аль нь илрэх бодисууд[5] гэж ангилдаг.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх үйл явц, зохицлын хувьд:
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх нь тухайн хүний хүсэл зоригоос хамаардаг;
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх давтамж, хэмжээ тогтдог; /мансуурах үйлчилгээг илүү сайжруулах хэлбэрт шилжих/
- Мансуурагчдын биеийн дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа зөрчилдөх шинжүүдээр илэрдэг байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл
- Опиодын төрлийн мансууруулах бодис:
Хэт нойрмог байдалтай болох, сэтгэлийн хөдлөл ихсэх, удаашралтай ярих, ярианы явцаас хоцрох, сэдвээ ойлгохгүй байх, дуулгавартай болох /зарим тохиолдолд үг дуугүй захирагдах/, өдөр шөнийн аль ч цагт харанхуйд, ганцаараа, чимээгүй орчинд байхыг хүсэмжлэх, арьс цонхийх, хүүхэн хараа жижигрэх, мөн ойр орчмын гэрэлд хариу үйлдэл үзүүлэх боломжгүй болох, зүрхний цохилт удаашрах, өвчин мэдрэх чадвар буурах, хоол идэх, уух дуршил багасах, рефлекс болон бэлгийн дур хүсэл багасах зэрэг болно. Энэ төрлийн мансууруулах бодисыг хэрэглэснээр хүний бие махбодид олон сөрөг үр дагавар бий болдог бөгөөд элэг үхжих, судасны өвчинд амархан өртөх, кальцын солилцоо муудсанаас шүд муудах, бэлгийн сулралд орох, оюун ухааны чадвар буурах зэргийг нэрлэж болно.
- Амфетамины төрлийн мансууруулах бодис:
Тайвшрах, сэтгэл таашаал ихээр мэдрэх, зүрхний хэмнэл хурдсах, цусны даралт ихсэх, хүүхэн хараа томрох, хэт их хөдөлгөөнд орох, бэлгийн чанартай зан үйл чөлөөтэй болох, чалчих, утга агуулгагүй нэг төрлийн үйлдэл давтан хийх, өлсөх мэдрэмжээ алдах, нойрны хэм алдагдах Энэ төрлийн мансууруулах бодисыг хэрэглэснээр ХДХВ болон гепатит тусах өндөр магадлалтай болдог ба дархлааны систем муудахаас гадна дараах шинж тэмдэг илэрнэ: Хөлс их хэмжээгээр гарах, толгой эргэх, өвдөх, хараа муудах, зүрхний шигдээс болох, харвалт өгөх, мэдрэлийн хэт ядаргаанд орох, сэтгэцэд их хэмжээгээр өөрчлөлт орох, элэг устах.
- Каннабисийн төрлийн мансууруулах бодис:
Сэтгэл хэт ихээр хөдлөх, хайхрамжгүй болох, биеэ барих чадвар буурах, чалчаа болох, хэт өлссөн болон ам цангасан мэт мэдрэмж төрөх, өнгө, дуу чимээг нарийн мэдрэх, хүүхэн хараа томорч, гэрэлд мэдрэмтгий болох, уур уцаартай, омголон, эсхүл дээд зэргийн баяр баясгалантай болох, эд зүйлсийн хэмжээ болон орчинд байрлаж буйн хэмжигдэхүүний мэдрэмж нь үгүй болох, шалтгаангүйгээр айх, хий юм үзэж, харах, сонсох, мэдрэх. Энэ төрлийн мансууруулах бодисыг хэрэглэснээр бодол санаа цэгцгүй, гутранги болох, сэтгэл санааны дарамтад орох болон тайван бус болох, орчноос хязгаарлагдуулсан мэт санагдах, хөдөлгөөний хэвийн хэмжээ алдагдах, ой санамж болон оюун санаа хямрах, бэлгийн бойжилт, хөгжилт саарч, удаашрах, үрийн шингэн боловсруулах процесст өөрчлөлт орох, сарын тэмдэгийн мөчлөг алдагдах, тунг ихдүүлсэн тохиолдолд паранойтой болох, мөн хий юм харах, сонсох, мэдрэх тохиолдол гардаг, сэтгэцийн донтой болгодог ба илүү хүнд төрлийн мансууруулах бодис хэрэглэхийг өдөөж, давхар согтууруулах ундаа хэрэглэх дур хүслийг өдөөдөг, уушигны өвчин, бронхит, хорт хавдар тусах эрдэл ихэсдэг.
- Экстаси буюу энэ төрлийн мансууруулах бодис:
Сэтгэлийн гүн гутралд орсноор амиа хорлоход хүргэж болно. Бие махбодийн болон сэтгэл мэдрэлийн сульдалт болон ядаргаанд оруулдаг, мэдрэлийн систем доголддог, зүрх, элэг зэрэг эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагддаг, бусад дотор эрхтнүүд тэжээлийн хомсдолд ордог, генийн бүтэц, кодод өөрчлөлт оруулдаг. Улмаар усгүйжилт болон шингэний дутагдал, бие организм ачааллаа даахгүй улмаас болон бөөрний хурц дутагдлаас үүдэн нас барах эрсдэл өндөр болдог.
- Кокайны төрлийн мансууруулах бодис:
Мансуурсны шинж тэмдэг нь дараах байдлаар илэрдэг. Үүнд: Богино хугацаанд сэтгэлийн их хэмжээний таашаал өгдөг, ажиллах чадварыг дээшлүүлдэг, төв мэдрэлийн системд сэрэл өгдөг, амьсгал, цусны даралт, хөлс ялгаралтыг ихэсгэдэг, хүүхэн хараа томордог, хоол идэх дур байхгүй болох, сэтгэл догдолсон байдалтай байх, нойргүй болох зэрэг болно. Хэрэглэсний дараах үр дагавар: зүрхний хэм алдагдах, хамраас цус гарах болон хамрын хэсэгт гэмтэл авах, салстын хэвийн байдал алдагдах, үнэрлэх, амтлах мэдрэмж байхгүй болох, сонсголын бэрхшээлтэй болох, параной сэтгэцийн өөрчлөлт орох, хий юм үзэх, харах, сонсох, мэдрэх, уур уцаартай болох, зүрхний үйл ажиллагаа алдагдсанаас болж нас барах эрсдэлтэй зэрэг болно.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ
НҮБ-ын Хар тамхи мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны 2020 оны судалгааны тайланд дэлхийд 188 сая хүн каннабис, 82 сая хүн опиум, 29 сая хүн амфетамин, 21 сая экстази, 18 сая хүн кокайн хэрэглэжээ.[6]
НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба 2020 оны 12 дугаар сарын 04-нд хуралдаж, ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу каннабисын ургамлыг 1961 оны Мансууруулах эмийн тухай олон улсын конвенцын IV жагсаалтаас хасах шийдвэр гаргасан ба олон улсын хэмжээнд хууль бус болон хууль ёсны канабисын зах зээлийн хэмжээ 2020 оны байдлаар 344 тэрбум ам.доллар хүрсэн гэх судалгааг Швейцарын холбогдох агентлагаас гаргасан байна. Харин бүс нутгийн хувьд жил бүр Ази тивд 132.9 тэрбум ам.доллар, Хойд Америкт 85.6 тэрбум ам.доллар, Европ тивд 68.5 тэрбум ам.доллар Африк тивд 37.3 тэрбум ам.доллар, Латин Америкт 9.8 тэрбум ам.долларын хууль бус болон хууль ёсны марихуаны худалдаа явагддаг аж.[7]
Харин улс орнуудын хувьд АНУ, БНХАУ болон Канад улсууд хууль ёсны канабисын зах зээлд тэргүүлдэг бөгөөд зөвхөн АНУ-д жил бүр 34 тэрбум ам.долларын “CBD” нэгдэл бүхий бүтээгдэхүүнийг эмчилгээний зориулалтаар борлуулдаг байна. АНУ-д марихуаныг хувь хүн тусгай дэлгүүр, эмийн сангаас худалдан авч, гэрийн нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрчээ. Ингэж хуульчилсан явдал нь нэг талаас тухайн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисод дурлагсадыг 28 хувийг дэвэргэж байгаа боловч, нөгөө талаас чанаргүй бодисоос хордож үхэх явдал хоёр дахин буурсан үзүүлэлт гарчээ. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус бизнес 30 хувиар буурсан үзүүлэлт гарсан.
/Үргэлжлэл дараагийн дугаарт/
[1] А.В.Рошин, А.В.Плишкин. Деятельность органов внутерных дел по профилактике наркмани и токсикмани среди несовершенолетных. Киев.: 1990.
[2] Латин Америкын хар тамхины бүлэглэлийн нэр
[3] УНП ООН, Всемирный доклад о наркотиках за 2019 год предполагаемые доли от общего объема пройзводства опия в сухом состаянии.
[4] С.Сүхчулуун. ҮДЗБГХТ ажлын үндэс. гарын авлага. 2015 он. УБ хот.
[5] Ж. Мөнхболд. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх асуудал. 2015 он. УБ хот.
[6] НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны судалгааны тайлан. 2020 он.
[7] НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны судалгааны тайлан. 2020 он.