Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын xор хөнөөл /төгсгөл/

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх, тээвэрлэх, худалдах, худалдан авах гэмт хэрэг нь далд зохион байгуулалттай болж, сүлжээ үүссэн, үйл ажиллагааны арга хэлбэр нь улам боловсронгуй болж, хүрээгээ тэлж байгаа нь анхаарал татаж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийг дагаж маш хортой үр дагаврууд бий болдог ба үүнийг дагаад нийлүүлэлт бий болж, энэ гэмт хэрэг зохион байгуулалтад ордог олон улсын жишиг бий. Тухайн гэмт үйлдэл зохион байгуулалтад орсноор үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүд үйлдэгдэж, улс орны эрүүгийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлийг бий болдог. Тиймээс манай хүрээлэн энэ дугаараар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисийн хууль бус эргэлт, гэмт хэргийн онцлог шинж, түүнтэй тэмцэж буй арга ажиллагаа, улс орнуудын эрхзүйн зохицуулалт, ялын бодлогын талаар онцлон хүргэж байна.

Хар тамхи худалдаалах гэмт хэргийн онцлог шинж, тэмдэг

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт гэдэг нь өндөр хэмжээнд нарийн зохион байгуулагдсан гэмт бүлэглэлээс үндэстэн дамнасан сүлжээндээ тулгуурлан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын худалдаа хийх замаар, асар их хэмжээний ашиг орлого олж буй гэмт үйл ажиллагааны нэг төрөл учраас дараах онцлог шинж, тэмдгүүд илэрдэг.

  • Гэмт үйл ажиллагааг явуулах олон шатлалт бүтэцтэй, тогтоосон нарийн дүрэм журамтай. Үйл ажиллагаанд бүлэглэлийн толгойлогч, аюулгүй байдлыг хангах, хариуцсан этгээдүүд хамаарна. Ерөнхийдөө пирамидын зохион байгуулалттай.
  • Маш өндөр түвшинд халхавчлагдсан, хоорондоо нууцлал бүхий яриа, шифр ашигладаг.
  • Гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэгдсэн, төлөвлөгөөтэй, мэргэшсэн байдаг. Эсрэг талаас ирэх эрсдлийг саармагжуулах, хамгаалалтын /сөрөх тагнуул/ албатай; Зэвсэглэсэн тусгай бэлтгэгдсэн хүн хүч, орчин үеийн тусгай албадад ашигладаг техник, хэрэсэлтэй бөгөөд тэдгээр нь өөрсдийн бүлэглэлийн хүн, хүч хэрэгсэл, зах зээл, нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг.
  • Гэмт бүлэг, бүлэглэлийн гишүүд тус тусын хариуцах үүрэгтэй; Хамтран гэмт хэрэг үйлдэх этгээдүүдийг олж сонгох, сургаж бэлтгэх, тэдгээрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлж өгсөн байдаг.
  • Үйл ажиллагааны тогтолцоо нь тодорхой, өөрийн онцлогтой бодлоготой. Энэ нь гэмт бүлэглэлийнхэн хууль бус үйл ажиллагаанаас олсон орлого, эд зүйлээ хэрхэн цэвэршүүлэх, мөнгө угаах үйл ажиллагааг урьдчилан төлөвлөсөн байдаг.
  • Хууль сахиулах байгууллага болон улс төрийн түвшинд авилгын сүлжээтэй зэргийг товчлон дурдаж болохоор байна.[1]

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэж буй арга, ажиллагаа

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх зорилгоор төр, засгийн зүгээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дараах үндсэн хэсэгт хувааж болно. Үүнд:

  • Урьдчилан сэргийлэх,
  • Хар тамхи мансууруулах бодисын донтой хүмүүсийг эмчлэх, нийгэмшүүлэх,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийг хууль ёсны болгох эрх зүйн зохицуулалт хийх.

Тусгай албад, хууль сахиулах бусад байгууллагын хэрэгжүүлж байгаа хар тамхи мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх арга хэмжээнүүд багтдаг.

Мансууруулах бодисын тээвэр, худалдаа: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нууцаар тээвэрлэх, хил давуулах ажиллагааг таслан зогсоох оролдлого, олон улсын туршлагаас үзвэл гэмт этгээдүүд уг ажиллагаандаа бүх төрлийн тээврийн хэрэгслийг ашигладаг бөгөөд тээвэрлэлтийн 60.1 хувь авто тээврийн, 6.5 хувь агаарын, 32.8 хувь нь усан замын тээвэрт ногдож байна.

Сүүлийн жилүүдэд хууль сахиулах байгууллагын зүгээс төмөр замаар тээвэрлэж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус худалдаатай тэмцэх ажлыг идэвхжүүлсэн нь гэмт этгээдүүдийг тактикаа өөрчлөхөд хүргэж байна. Тэд улсын хилээр нэвтрэхдээ хууль сахиулах байгууллагаас төдийлөн нарийн шалгадаггүй хот хоорондын галт тэргийг ашигладаг. Тухайлбал, томоохон хотуудын ойролцоо хүн багатай буудлуудад урьдчилан тохиролцсон аргаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хоорондоо дамжуулдаг.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис наймаалагчдын тээвэрлэх арга хэлбэр улам нарийсч байна. Тэд мансууруулах бодисоо нуухын тулд ихэвчлэн (нийт тохиолдлын 32 хувь) гар тээшийг ашигладаг. Ингэхдээ цүнх, чемоданд давхар ёроол, хана хийх, тоглоом, тамхины хайрцагт нуух зэрэг аргыг хэрэглэдэг. Түүнчлэн авто машинд тусгайлан бэлдсэн нуувч ашиглах явдал ч газар авч байна. Уг аргаар нийт тээвэрлэлтийн 28 хувийг хийж байгаа бөгөөд машины эд ангийн хоосон хөндий газар, хийн хавхаг, хөдөлгүүрийн ажиллагаагүй цилиндр, ачааны автомашины хойд мост, дугуй, бензиний сав зэргийг ашигладаг. Түүнчлэн тээвэрлэлтийн 17 хувийг биедээ, 5 орчим хувийг хүнсний бүтээгдэхүүнд (өтгөрүүлсэн сүүтэй лааз, лаазтай жигнэсэн мах, кофе, жүүс, гэрийн аргаар лаазалсан бүтээгдэхүүн, хушга, хайрцагтай чихэр, ургамлын гаралтай хоол амтлагчид, перец, шийгуа, тарвасны төрлийн жимс, мөн гоо сайхны бараа бүтээгдэхүүнд г.м), мөн 5 орчим хувийг хувцсандаа нууж гаргаж байна. Бие эрхтэндээ геройн нууж зөөвөрлөх (залгигч гэж нэрлэгддэг хүмүүсийг ашиглан) гэмт хэргийн хувийн жин 13 хувь байгаа нь өндөр үзүүлэлт юм.

Мансууруулах бодис ба гэмт бүлэглэл: Бусад орнуудын туршлагаас үзэхэд энэ төрлийн гэмт үйл ажиллагаа нь алан хядах байгууллагуудын санхүүгийн эх үүсвэрийг бий болгох буюу тэдгээртэй хамтран ажиллах, холбоотон болгоход хүргэдэг. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын худалдаа эрхэлдэг гэмт бүлэглэлүүд юуны өмнө тухайн улс оронд улс төрийн тогтворгүй байдал бий болгох сонирхолтой байдаг. Тэд алан хядах ажиллагааг аливаа улсын улс төрийн зүтгэлтнүүд, тусгай алба, цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын ажилтнуудад дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашигладаг. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын худалдаа эрхэлдэг үндэстэн дамнасан гэмт бүлэглэлүүд нь бүс нутаг, үндэстэн хоорондын зөрчлийг өөрсдийн ашиг сонирхлын үүднээс дэмждэг. Тухайлбал, Турк улс Курдын зэвсэгт дайчдыг мансууруулах бодисын худалдаанаас санхүүжилт авдаг хэмээн буруутгадаг. Индонезийн Цагдаагийн газраас “Чөлөөт Ачех” хөдөлгөөнийг хар тамхи, мансууруулах бодисын худалдаатай нягт холбоотой хэмээн мэдэгдэж байсан. Сенегалд “Казамансын ардчилсан хүчний хөдөлгөөн”-ийг мөн дээрхийн адил буруутгадаг. Испаний Баскийн салан тусгаарлах “ЭТА”, Их Британи Умард Ирландын зэвсэгт залуучуудын байгууллагууд хар тамхи, мансууруулахын бодисын худалдаанаас санхүүждэг бол Чечений ийм төрлийн худалдаа эрхлэгчид хууль бус зэвсэгт бүлэглэлүүдэд материаллаг тусламж үзүүлдэг байсан талаарх баримтыг ОХУ-д дэлгэж тавьсан.[2]

Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус худалдаа нь салан тусгаарлах үзэлтэй нягт холбоотой талаар ч мэдээллүүд бий. Тухайлбал, Колумб, Афганистан, Мьянмар (Бирм), Пакистанд төв Засгийн газрын хяналтад байдаггүй бүс нутагт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын худалдаа цэцэглэн хөгжиж байна. Ийм дүр зураг ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень улсыг тунхагласны дараа ажиглагдаж байсан. Тэр үед тус оронд олон улсын салан тусгаарлах байгууллагууд буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын худалдаа эрхэлдэг үндэстэн дамнасан гэмт бүлэглэлүүд орж ирсэн байдаг.

Хуулийн хариуцлага: Дэлхийн улс орнуудад хар тамхины хэрэгт холбогдсон гэмт хэрэгтэнд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг талаар дурдахад:

Өнөөгийн байдлаар дэлхийн 52 улс цаазын ялтай байгаагаас 32 нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй  холбоотой гэмт хэргүүдэд цаазын ял оногдуулж байна.

– Английн хар тамхитай холбоотой гэмт хэрэгтэнд хариуцлага хүлээлгэх хуульд хамгийн дээд хэмжээ нь бүх насаар хорих ял байдаг;

– АНУ-д 5-10 жил, маш ноцтой гэж үзсэн тохиолдолд 40 жил хүртэл эсвэл бүх насаар нь хорих ял эдлүүлдэг;

– Грек, Австрали, Нигер зэрэг улсад хар тамхины хэрэгт оноодог хамгийн хүнд ял нь бүх насаар хорих;

– Хятад улс Азийн бусад улс орнуудтай харьцуулахад хар тамхины эсрэг  хамгийн чанга хууль дүрэмтэй оронд тооцогддог; Тус улсын эрүүгийн хуулиар 1000 гр-аас багагүй хэмжээтэй опиум, 50 граммаас багаггүй геройн, металанилин болон бусад төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, худалдах, тээвэрлэх, үйлдвэрлэсэн, энэхүү гэмт хэргээр өмнө нь ял эдэлж, саатуулагдаж байсан этгээд үйлдсэн, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэг, бүлэглэл үйлдсэн бол 15 жил, бүх насаар нь хорих, эсхүл цаазаар авч, эд хөрөнгийг нь хураах. Харин 200-1000 грамм опиум, металанилин болон бусад төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, худалдах, тээвэрлэх, үйлдвэрлэсэн, тохиолдолд бол 3-7 жил, 7-оос дээс жил хорих[3] хуулийн хариуцлага хүлээлгэдэг аж. 

– Камбож: хар тамхитай холбоотой үйлдэлд цаазаар авах ялыг халсан хэдий ч 5 жилийн хорих ял оноож байна.

– Индонез: хар тамхи тээвэрлэсэн тохиолдолд цаазаар авах ял оногдуулдаг, мөн энэ нь марихуан бол 20 хүртэл жилийн ял ногдуулдаг. Хар тамхи хадгалсан тохиолдолд 4-20 жилийн ял ногдуулдаг.

– Лаос: 100 грам героин хадгалсан бол 10 жилийн хорих ялаар шийтгэж, 35.000 ам.долларын торгууль ногдуулдаг.

– Малайз: хар тамхи тээвэрлэсэн тохиолдолд цаазаар авах ял шийтгэдэг.

– Филиппин: тээвэрлэгч нь 0.3 унц (1 унц=31.1 гр) опиум, морфин, героин, кокаин, марихуанын давирхай, 17 унцаас дээш марихуанатай баригдвал цаазаар авах ял шийтгэдэг. Одоогоор тус улсад цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн байгаа ч доод тал нь 12 жилийн хорих ялаар шийтгэнэ.

– Сингапур: хэрэв 0.5 унц героин, 1 унц морфин, эсхүл кокаин, 17 унцаас дээш хэмжээгээр марихуана агуулж яваад баригдвал хар тамхи тээвэрлэгч гэж тооцогдох ба цаазаар авах ял шийтгэдэг. 1991-2004 оны хооронд энэ хэрэгт нийт 400 хүн цаазаар авах ялаар шийтгүүлсэн.

– Тайланд: героиныг хэрэглэх зорилготой авсан бол цаазаар авах ял шийтгэнэ. 8. Вьетнам: 1.3 фунт (1 фунт=409.5 гр) ба түүнээс дээш хэмжээний героинтой баригдвал цаазаар авах ял шийтгэдэг.

– Монгол Улсын хувьд Эрүүгийн хуульдаа 5-10 жил, давтан буюу бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан бол 20 хүртэл жил, харин зохион байгуулалттай гэмт бүлэг, бүлэглэл үйлдсэн бол 25 жил хүртэл хугацаагаар хорихоор заажээ.

Дүгнэлт

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх, тээвэрлэх, худалдах, худалдан авах гэмт хэрэг нь далд зохион байгуулалттай болж, сүлжээ үүссэн, үйл ажиллагааны арга хэлбэр нь улам боловсронгуй болж цахим сүлжээг ашиглаж, хүрээгээ тэлж байгаа нь анхаарал татаж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийг дагаж маш хортой үр дагаврууд бий болдог ба үүнийг дагаад нийлүүлэлт бий болж, энэ гэмт хэрэг зохион байгуулалтад ордог олон улсын жишиг байна. Тухайн гэмт үйлдэл зохион байгуулалтад орсноор үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүд үйлдэгдэж, улс орны эрүүгийн нөхцөл байдал хүндрэх эрсдэл бий болдог

Манай улс сэтгэцэд нөлөөт бодисын дамжуулагч улсаас хэрэглэгч улс болоод буй нь гадаад дотоод орчны нөхцөл байдалтай холбоотой. ОХУ, БНХАУ хоёр хөрш орон хар тамхины бусад том зах зээлүүдтэй хиллэдэг, түүнчлэн хоёр хөршийн хууль эрхзүйн орчин чанга, Хятад гэхэд Азид хар тамхины хамгийн хатуу хуультай улс. Харин бусад улс орнуудтай харьцуулахад манай улсын хууль зөөлөн, дамжин өнгөрөхөд тавих хяналт сул зэрэг нь хар тамхины урсгал манай улс руу чиглэх, дамжин өнгөрүүлэх нэг нөхцөл болж байж болзошгүй. Монгол Улсын гадаад, дотоод орчин өдөр хоногоор өөрчлөгдөн хувьсаж, нийгэм, эдийн засаг, мэдээлэл харилцаа холбоо улам бүр даяаршигдаж буй өнөө үед үндэсний аюулгүй байдал, тэр дундаа ҮАБ-ын үзэл баримтлалын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хүний аюулгүй байдлын тогтолцоо, эрхзүйн орчинг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор урган гарч байна.


[1] С.Сүхчулуун. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үндэс. 2015 он. УБ хот.

[2] С.Сүхчулуун. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үндэс. 2015 он. УБ хот.

[3] БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 357 дугаар зүйл