АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны 1-р сард хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш технологийн бодлогын эрс шийдэмгий олон арга хэмжээ авч эхэлсний нэг нь хиймэл оюуны чиглэлд тус улсын манлайллыг бэхжүүлэх, давуу талыг хангах цогц ажил байлаа. Ерөнхийлөгч Трамп улс төрд хожуу орсон, өөрөө бизнесийн салбарт олон жил ажилласан тул төр-хувийн хэвшлийн түншлэл, чөлөөт өрсөлдөөн дундаас боловсорч шалгардаг хувийн хэвшлийн органик хөгжлийн онцлогийг мэддэгийн хувьд хиймэл оюуны цаашдын хөгжлийн түүчээг Америкийн компаниуд авч явна гэж үзэж байна. Трамп бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх үед өмнөх Ерөнхийлөгчийн засаг захиргааны гаргасан хиймэл оюуны чиглэлийн захирамжийг цуцалж (Executive Order 14110 of October 30, 2023) өөрийн бодлогын арга хэмжээнүүдээ зарлаж эхэлсэн. Трамп 2025 оны турш дараах бодлогын арга хэмжээ авсныг цаг хугацааны дарааллаар танилцуулж байна.
2025/01/21. Хиймэл оюуны иж бүрэн дэд бүтэц хөгжүүлэх “Stargate” түншлэлийн санаачилга. Америкийн хөрөнгө оруулалт, технологийн тэргүүлэх тоглогчид OpenAI, Nvidia, Softbank, Microsoft, Oracle, ARM, Softbank, MGX оролцож 4 жилийн хугацаанд 500 тэрбум доллар татан төвлөрүүлж 100 мянган ажлын байр бий болгохын хамт АНУ-ын хиймэл оюуны технологийн манлайллыг бэхжүүлэх зорилт зарлаад байна[1]. Энэ санаачилгын далайц, цар хүрээ, ач холбогдлыг харгалзан цөмийн зэвсэг бүтээх Манхэттэн төсөлтэй дүйцүүлж Манхэттэн 2.0 хэмээн нэрлэжээ.
2025/01/23. Трампын захиргаа (Executive Order 14179) “Хиймэл оюуны хөгжилд Америкийн манлайллыг хангахад учрах саад бэрхшээлийг арилгах тухай”[2] захирамж гаргаж өмнөх засаг захиргааны үеийн бодлогын баримт бичгүүдийг цэгцлэх, саад тотгор болж буй эрх зүй, журмыг арилгах чиглэл өгөв. Мөн хиймэл оюуны бодлогын арга хэмжээ (AI Action Plan) яаралтай бэлдэж танилцуулахыг төрийн чиг үүргийн агентлагууддаа даалгасан.
2025/03/25. АНУ-ын Худалдааны яам Америкийн өндөр технологид нэвтрэхийг хязгаарласан аж ахуйн нэгжийн жагсаалтад 80 байгууллага (үүнээс 50 гаруй нь Хятадын компани) шинээр нэмж хиймэл оюуны технологи, тоног төхөөрөмжийн экспортын хориг тавив[3].
2025/04/03. АНУ-ын Төсөв-Удирдлагын газар Холбооны төрийн бүтцийн хэмжээнд хиймэл оюуны хэрэглээний тухай удирдамж гаргав. Мөн сардаа багтаан Холбооны агентлагуудад хиймэл оюуны бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, хэрэглээнд нэвтрүүлэх тухай чиглэл өгсөн.
2025/07/23. “Winning the AI Race” нэртэй АНУ-ын Хиймэл оюуны бодлогын арга хэмжээний төлөвлөгөө (AI Action Plan)-г албан ёсоор танилцуулав. Хиймэл оюун хөгжүүлэх гурван бүлэг ажил (Инновацын хурдасгуур; Дэд бүтэц байгуулах; Олон улсын тавцанд дипломат ажиллагаа, аюулгүй байдлын арга хэмжээ хэрэгжүүлэх;), 90 гаруй төлөвлөгөө тодорхойлж үүнийг хэрэгжүүлэх зорилгоор Цагаан Ордон бодлогын 3 гүйцэтгэх захирамж гаргав. Эдгээр нь: Хиймэл оюуны дэд бүтэц хөгжүүлэх (Executive Order 14318), Холбооны түвшний хиймэл оюуны худалдан авалт ба түүнийг үзэл суртлаас (Woke AI, Unbiased AI principles) ангид байлгах (Executive Order 14319), Америкийн хиймэл оюуны экспортын хөтөлбөрийн тухай (Executive Order 14320) тус тус болно.
2025/09/25. АНУ-ын үндэсний аюулгүй байдал, тэр дундаа нийгмийн сүлжээний хиймэл оюуны учруулж болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор TikTok платформтой холбоотой АНУ-ын Ерөнхийлөгчийн гүйцэтгэх захирамж (Executive Order 14352) гарав. Энэ арга хэмжээ нь цаашид АНУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй өөр бусад дайсагнагч* улсуудын нийтийн сүлжээ, хиймэл оюуны бүтээгдэхүүнүүдэд үйлчлэх хуулийн жишиг тогтоогоод байна.
2025/11/24. Трамп тус улсын шинжлэх ухаан, техник, технологийн нөөцийг хиймэл оюуны хөгжилд чиглүүлэх “Genesis” хөтөлбөр зарлав. Genesis-ийн хүрээнд АНУ-ын Эрчим хүчний яам, түүний харьяа үндэсний лабораторийн сүлжээ (17 лаборатори), дэд бүтэц, тооцооллын чадал, мэдлэгийн архив, тэдгээрт буй 40 мянган шинжлэх ухааны ажилтны нөөцийг хиймэл оюуны хурдасгуурт ашиглах юм[4].
2025/12/04. АНУ-ын Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн салбарт хиймэл оюун өргөн хэмжээнд нэвтрүүлэх 5 чиглэл бүхий стратеги зарлав[5]. Америкийн эрүүл мэндийн салбарт шинэ технологийн ачаар хүний эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн том үсрэлт, дэвшил гарна гэж тус улсын эрх баригчид үзэж байна.
2025/12/09. АНУ-ын Цэргийн яам (Пентагон) өөрийн хэрэглээнд Google Gemini-д суурилсан GenAI.mil платформ нэвтрүүлж эхлэв[6]. Эндээс эхлэн тус яамны өдөр тутмын үйл ажиллагаанд, цаашлаад цэргийн ажиллагааны түвшинд энэ салбарт зориулан тусгайлан сургасан хиймэл оюуны бүрэн потенциалыг нь тултал ашиглаж эхлэх тухай АНУ-ын Цэргийн яамны сайд мэдэгдээд байна.
2025/12/11. АНУ даяар муж улсууд бие даан тус тусдаа хиймэл оюуны эрх зүйн зохицуулалт бий болгохоос урьдчилан сэргийлж үндэсний хэмжээний бодлогын нэгдсэн зохицуулалт руу шилжүүлэх “Ensuring a National Policy Framework for Artificial Intelligence”[7] нэртэй Ерөнхийлөгч Трампын гүйцэтгэх захирамж гарав. Энэ хүрээнд АНУ-ын Ерөнхий Прокурорын мэдэлд 30 хоногийн дотор AI Litigation Task Force байгуулагдаж холбооны муж улсууд дахь тус тусдаа эрх зүйн орчинд үйлчилж буй хиймэл оюунтай холбоотой хууль, журмуудыг 90 хоногийн хугацаанд цэгцлэх албан даалгавар гарав.
2025/12/11. АНУ-ын засаг захиргаа хиймэл оюуны технологийн нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлэх зорилгоор “Pax Silica”[8] санаачилга эхлүүллээ. Pax Silica-ийн хүрээнд Америкийн ойрын холбоотон орнууд Япон, БНСУ, Их Британи, Австрали, Сингапур, Нидерланд, Канад, Израиль, АНЭУ технологийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх хамтарсан тунхагт нэгдсэн бол Европын Холбоо, ЭЗХАХБ, Тайванийн төлөөлөгчид зочин ажиглагчаар оролцов.
Ерөнхийлөгч Трампын засаг захиргааны эхний нэг жилийн хугацаанд амжуулсан хиймэл оюуны чиглэлийн бодлогын арга хэмжээ нь далайц, дайчилж буй нөөцийн хэмжээгээр БНХАУ-ын технологийн бодлоготой өрсөлдөхүйц, цаашлаад давуу тал болон манлайллаа хадгалах зорилт тавьж буй нь илэрхий. Мөн нөгөө талаас Бээжингийн хэрэгжүүлж буй нээлттэй өргөн хэлний загварууд хөгжүүлж хиймэл оюуны хямд бүтэгдэхүүнээр дэлхийн зах зээлийг түрүүлж булаах стратеги нь маш амжилттай урагшилж байна. Технологийн хоёр туйлын өрсөлдөөн 2025 он, цаашлаад ирэх 5-10 жилд улам илүү хүч нөөц дайчилж тэмцэл ширүүсэх төлөвтэй байна.
[1] Shaping the Future of AI Infrastructure
[2] Removing Barriers to American Leadership in Artificial Intelligence | The White House. January 23, 2025
[3] Commerce Further Restricts China’s Artificial Intelligence and Advanced Computing Capabilities | BIS.gov March 26, 2025
[4] The Genesis Mission | The White House. November 24, 2025
https://www.whitehouse.gov/presidential-actions/2025/11/launching-the-genesis-mission/
[5] HHS Unveils AI Strategy to Transform Agency Operations | HHS. December 4, 2025
https://www.hhs.gov/press-room/hhs-unveils-ai-strategy-to-transform-agency-operations.html
[6] The War Department Unleashes AI on New GenAI.mil Platform | U.S. Department of War. Dec. 9, 2025
[7] Ensuring a National Policy Framework for AI | The White House. December 11, 2025
[8] What is Pax Silica? | State.gov December 11, 2025










Leave comment