БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар 2026 оны 5 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо дээд хэмжээний уулзалт хийсэн. Тус уулзалтаар Японы талаарх саналууд багагүй жин дарлаа.
Financial Times-ийн мэдээлснээр Японы асуудал нь тэдний хэлэлцээний хамгийн маргаантай сэдвүүдийн нэг байлаа.[1] Ши Жиньпин Японы Ерөнхий сайд Санаэ Такаичиг Токио “цэрэгжих, дахин зэвсэглэх” үйл явцыг удирдаж байна хэмээн буруутгасан. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы талаар олон нийтэд тайлбар хийгээгүй боловч уулзалтын хүрээнд Санаэ Такаичиг шүүмжлэл хүртэх ёстой удирдагч биш гэж хэлснийг Японы Yomiuri Shimbun сонин мэдээлсэн.[2]
Энэхүү хэлэлцээгээр Ши Жиньпиний Японы талаарх үзэл баримтлал илүү тодорхой илэрсэн. Түүний байр суурь Хятадын өмнөх удирдагчдын баримталж ирсэн хандлагаас эрс өөрчлөгдсөн нь анхаарал татаж байна. Ши Жиньпиний үзэл баримтлалын дагуу Хятад улс нь Дэлхийн II дайны гол ялагчдын нэг бөгөөд дайны дараах олон улсын дэг журмыг хамтран бүрдүүлэгч орон юм. Харин Япон улс ялагдсан орны хувьд бүс нутгийн аюулгүй байдлын хэм хэмжээг тодорхойлоход хязгаарлагдмал байр суурьтай гэж үзжээ.
Түүхэндээ Хятадын удирдагчид хөгжлийг нэн тэргүүнд тавих буюу тухайн үеийнхээ олон улсын тогтолцоотой хамтран ажиллахыг зорьдог байсан бол Ши Жиньпин илүү хүчирхэг болсон Хятад улсад олон улсын тогтолцоо дасан зохицох ёстой гэж үзэж байна.
Өмнөх үеийн Хятадын удирдагчид түүнээс тэс өөр өнгө аястай байсан. Мао Зэдун Японтой харилцахдаа илүү прагматик хандлагатай байсан ба 1972 онд Токиотой харилцаа хэвийн болох үед дайны нөхөн төлбөрөөс татгалзсан. Дэн Сяопин мөн адил байр суурь баримталж түүхэн маргааныг өнөөгийн бодлогод давамгайлуулах ёсгүй гэж үздэг байв. Тэрээр 1978 онд Сенкаку арлуудын маргаантай асуудлыг (Хятад улс “Дяоюй” гэж нэрлэдэг) ирээдүйд хойч үедээ шийдвэрлүүлэхээр үлдээх нь зүйтэй гэж үзэн хойшлуулах санал дэвшүүлсэн. Тус шийдвэр нь түүний хувьд хөгжил нь түүхэн маргаанаас илүү чухал байсныг илтгэдэг.
Ши Жиньпиний үед “Дэлхийн II дайны үр дүн” гэх ойлголтыг улам онцолж, Хятадыг дайны дараах олон улсын дэг журмыг бүрдүүлэгч гол орнуудын нэг гэж үзэх хандлага бэхэжсэнээр Бээжингийн албаны хэллэг (риторик) ч дагаад өөрчлөгдсөн. Энэ нь Японыг аюулгүй байдлын бодлогоо өөрчлөх ёстой бөгөөд Хятадын стратегийн шаардлагатай зөрчилдөх ёс суртахууны эрхгүй улс хэмээн тодорхойлсон хатуу байр сууриар илэрч байна.
Түүхэндээ Бээжин Токиогийн эсрэг үйлдлээ АНУ-Японы эвсэлд тааруулан зохицуулж ирсэн байдал ажиглагддаг. Хятадын эсрэг харьцангуй хатуу байр суурь баримталж ирсэн АНУ-ын оролцоо Бээжинг Токиотой хийх маргаантай асуудалд тодорхой хязгаарыг хэтрүүлэхээс сэргийлдэг байв. Гэвч Д.Трампын “Америк эн тэргүүнд” (America first) үзэл баримтлал энэ динамикийг бүрэн өөрчилсөн. Д.Трампын засаг захиргаа холбоотны уламжлалт бодлогоосоо хазайж Японы талд Хятадтай зөрчилдөөн үүсгэх эрсдэлээс зайлсхийх хандлагатай болсон.
Вашингтоны хоёрдмол хандлагыг мэдэрсэн Бээжин Токиогийн эсрэг улам хатуу арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал Тайваньтай холбоотой асуудлаар Санаэ Такаичигийн мэдэгдлийг нэн даруй буцаахыг шаардахын зэрэгцээ Япон руу чиглэсэн аялал жуулчлалыг хязгаарлах, Японы далайн хүнсний импортыг дахин хориглох зэрэг эдийн засгийн шахалтыг үзүүлж байна. Мөн ховор металлын экспортыг хязгаарлах бодлого баримталж байгаа нь Японд үзүүлэх дарамтыг улам нэмэгдүүлсэн.[3]
Японы байр суурь
С.Такаичигийн засаг захиргаа консерватив чиг баримжаатай аюулгүй байдлын хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд үндэсний аюулгүй байдлын тухай гурван чухал баримт бичгийг шинэчлэн боловсруулах ажлыг санаачлаад байна. Үүнд зэвсгийн экспортод тавигдах хязгаарлалтыг зөөлрүүлэхийн зэрэгцээ улс төрийн хувьд эмзэг асуудалд тооцогдох Японы цөмийн зэвсэггүй байх зарчмын талаар дахин хэлэлцэж эхэлжээ. Түүнчлэн аюулгүй байдлын бодлогын өөрчлөлттэй уялдуулан Японы үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжит хувилбаруудыг авч үзэх болсон.[4]
Мөн С.Такаичигийн санаачилгаар Токио бүс нутгийн Австрали, Филиппин мөн Өмнөд Солонгостой аюулгүй байдлын хамтын ажиллагааг эрчимтэй бэхжүүлж байна. Эдгээр улсуудын хувьд Японы “дахин цэрэгжилт” гэх асуудлаас илүүтэйгээр Хятадын өсөн нэмэгдэж буй хүч, идэвхтэй санаачилгуудаас болгоомжилж байна.
Японы талаас авч үзвэл Ши Жиньпиний байр суурь Японы аюулгүй байдлын бодит нөхцөл байдалтай зөрчилдөж байгаа нь ажиглагдаж байна. Японы батлан хамгаалах зардлын өсөлт нь Хятадын зэвсэгт хүчний тэлэлт болон тэдний хөлөг онгоцнууд Сенкаку арлуудын орчимд удаа дараа нэвтрэн орж буй үйл ажиллагаанд өгч буй хариу арга хэмжээ ба энэхүү шинэчлэл зайлшгүй гэдгийг аюулгүй байдлын зарим судлаачид дүгнэсэн. Дээрх дүгнэлтийг бататгасан мэдэгдлийг Японы Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми Сингапурт болсон Shangri-La Dialogue аюулгүй байдлын чуулганд оролцох үедээ хийсэн. Түүний мэдэгдсэнээр “Бодоод үз дээ. Нэг улс асар их хэмжээний цөмийн зэвсэг болон стратегийн бөмбөгдөгч онгоцтой байхад Япон улс тэдгээрийн аль нь ч үгүй. Гэтэл “Японыг шинэ милитаризм” гэж нэрлэж байна, энэ сонирхолтой биш гэж үү” хэмээн мэдэгдсэн.[5]
Мөн Японы талаас Хятадын иш татаж буй тайлбар нь түүхийг сонгомол байдлаар авч үзсэн гэж тодорхойлсон. Потсдамын тунхаглал нь дайны төгсгөлд Японыг зэвсэггүй болгох зорилготой байсан болохоос Японы батлан хамгаалах бодлогыг хязгааргүй хугацаагаар царцаах зорилготой байгаагүй. Японы аюулгүй байдлын бодлого нь тусгаар тогтнол, хууль дээдлэх зарчимд тулгуурласан ба дайны дараах тогтолцоонд баттай суурилсан хэвээр байгаа хэмээн мэдэгдсээр байна.
Дүгнэлт
Энэ удаагийн АНУ, БНХАУ-ын удирдагчдын уулзалтад Хятадын талаас Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд нэлээд хатуу байр суурьтай байсан нь онцлог байв.
Гэхдээ хоёр талын стратегийн ашиг сонирхол тодорхой хэмжээнд огтлолцож байгаа бөгөөд үүний үр дүнд тус улсуудын системийн өрсөлдөөн түр намжих байдал ажиглагдаж байна. Ираны дайнаас үүдэн дотоодын дэмжлэг нь буураад буй Д.Трампын засаг захиргаанд завсрын сонгуулийн өмнө гадаад бодлогын хүрээнд тодорхой ахиц, бодит үр дүн харуулах шаардлага тулгарч байгаа. Харин БНХАУ Ойрх Дорнодоос эхлээд олон улсын тогтворгүй байдал дунд эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд Вашингтонтой тогтвортой харилцааг үргэлжлүүлэхийг эрмэлзэж байна.
Монгол Улсын хувьд иж бүрэн стратегийн түншлэл бүхий урд хөрш, Стратегийн түншлэл бүхий АНУ нарын харилцаа тогтворжих нь олон талаар таатай. Тухайлбал Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн эрэлт Хятадын эдийн засгийн өсөлттэй шууд хамааралтай байдаг. Иймээс АНУ, Хятадын харилцаа тогтвортой байх нь дэлхийн зах зээл дэх түүхийн эдийн үнийн савлагааг бууруулж, Монголын экспортын орлогын тогтвортой байдлыг хангахад эерэг нөлөөтэй.
Харин бүс нутагт Японы аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын шинэчлэлтэд Хятадын баримталж буй хатуу байр суурь, мөн Японы талаас шинэчлэлээ үргэлжлүүлэх санаачилга манай улсын гадаад бодлогод нэлээдгүй сорилтыг авчирч болзошгүй.
Япон, Хятадын харилцаа хурцдах нь Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчныг тогтворгүй болгож бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Энэ нь экспортын орлого нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой байдлаас ихээхэн хамаардаг Монгол улсад шууд бус дарамт учруулж болзошгүй юм.
Мөн тус хоёр улс аюулгүй байдлын ашиг сонирхол, стратегийн нөлөөллөө бэхжүүлэх, тэлэх зорилгоор бүс нутгийн болон олон улсын түвшинд эдийн засаг, батлан хамгаалах хамтын ажиллагааны санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлдэг. Монгол Улс эдгээр санаачилгад ямар байр суурьтай оролцох мөн өөрийн эрх ашгийг хангахуйц оролцооны хэлбэрийг тодорхойлох нь чухал юм.
Ашигласан материал:
[1] https://www.ft.com/content/70e922b3-c423-40f2-9c9d-1c64a38e026b?syn-25a6b1a6=1
[2] https://japannews.yomiuri.co.jp/politics/politics-government/20260524-329122/
[3] https://eastasiaforum.org/2026/03/19/lessons-from-japans-the-rare-earth-shock/
[4] https://www.nippon.com/en/in-depth/d01231/?utm_source/
[5] https://www.reuters.com/world/china/japan-pushes-back-against-accusations-new-militarism-2026-05-31/?utm_source=/










Leave comment