Зөвлөлт Холбоот Улс задран Төв азийн Түрэг угсаатнууд тусгаар улсуудаа байгуулсан нь бүс нутгийн улс болох амбицтай Бүгд Найрамдах Турк Улсад зөөлөн хүчний бодлогоо хэрэгжүүлж, нөлөөллийн бүсээ тэлэх боломжийг олгов. Боловсрол, соёлын солилцоо, түүх археологийн хамтарсан судалгаа, олон ангит кино зэргээр эхэлсэн туркийн зөөлөн хүчний бодлого 2021 онд Түрэг Улсуудын Байгууллагыг байгуулах хүртэл өргөжиж, өдгөө ахисан шатны институцичлэгдсэн бодлого болжээ.
Тодруулбал анх 2009 онд Нахчиваны хэлэлцээрээр байгуулагдаж байсан Түрэг хэлт улсуудын хамтын ажиллагааны зөвлөл нь 2026 он гэхэд Хөрөнгө оруулалтын сантай, батлан хамгаалах салбарын талаар хэлэлцдэг бүс нутгийнхаа отгон олон улсын байгууллага болсон. Уг байгууллагын ирээдүй хэрхэх нь эдийн засаг, газарзүйн байрлал, батлан хамгаалахын чадавхаараа тэргүүлэгч Турк болон Казахстан улсын алсын хараанаас бүрэн хамаарна.
Украины хямралаас үүдэлтэйгээр бүс нутаг дахь ОХУ-ын нөлөө суларч буйг ашиглах хамгийн боломжит улс Турк юм. Нөгөө талд Казахстан эдийн засгийн хөгжлөөрөө Төв Азид манлайлж, бүс нутгийн хамтын ажиллагаанд “ангийн дарга” мэт идэвхтэй байна.
Ийм нөхцөлд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан 2026 оны 5-р сарын 13-15-ны өдрүүдэд Казахстан Улсад төрийн айлчлал хийж, араас нь Казахстаны Түркистан хотноо болсон Түрэг улсуудын байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцсон нь Туркийн гадаад бодлогын цаашдын өнгийг таамаглах, мөн Казахстан эл байгууллагын талаар ямар алсын хараатай буйг ажиглах завшаантай үйл явдал болов.
Түркистаны тунхаглал
Казахстаны Түркистан хотод 2026 оны 5-р сарын 15-ны өдөр Түрэг улсуудын дээд хэмжээний уулзалт “Хиймэл оюун ухаан ба дижитал хөгжил” сэдвээр болж, гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд Түркистаны тунхаглалд гарын үсэг зурав. Уг тунхаглал өмнөх уулзалтуудын гэрээ хэлэлцээрүүдийн хэвшмэл агуулга болсон хэл, соёл, түүхийн үнэт зүйлсээс бага зэрэг түвшин ахиж, хиймэл оюун ухаан ба дижитал хөгжилд хамтран ажиллах гэх мэт шинэлэг салбарыг тусгаснаараа онцлогтой байв. Тодруулбал тус тунхаглалд түүх болон соёлын хамтын хамтын ажиллагаанаас гадна Дунд коридорт e-Permit системийг нэвтрүүлэх, Хөрөнгө оруулалтын санг идэвхжүүлэх, Түрэгийн хиймэл оюун ухааны сүлжээг бий болгох, кибер аюулгүй байдлын зөвлөл байгуулах зэрэг хэд хэдэн өргөн цар хүрээнд ажил хэрэг болох санал санаачилгууд дурдагдсан байна.
Астанагийн Эдийн засгийн хамтын ажиллагааны ашиг сонирхол
Түркистаны тунхаглалын эдийн засгийн гол санаанууд болох Дундын коридор, e-Permit систем, хөрөнгө оруулалтын сан зэрэг сэдвүүд Казахстаны талын мэдэгдлүүдэд хамгийн их дурдагдсан нь анхаарал татна. Мөн нээлттэй эх сурвалжууд дээр Казахстаны албаныхан Түрэг улсуудын байгууллагын эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр хамгийн их санаачилгуудыг гаргаж буйгаас харахад тус байгууллага дахь Казахстаны ашиг сонирхол хөрөнгө оруулалт татах, дундын коридорыг хөгжүүлэх, бүс нутгийн зах зээлийг Казахстан руу төвлөрүүлэхэд оршиж байна.
Үнэхээр ч Казахстаны хувьд Түрэг улсуудын байгууллагаас хүртэх эдийн засгийн боломжит өгөөж өндөр гэдгийг одоо байгаа тоонууд батална.
Казахстаны хувьд Турк Улс жилийн 4.5 тэрбум ам.долларын худалдааны эргэлт бүхий 5 дахь худалдааны том түнш бөгөөд Казахстанд 4000 орчим Туркийн компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ тоо Төв азийн бүс дэх Туркийн хөрөнгө оруулалтын төв нь Астана юм гэдгийг нотолж байна. Иймээс Астана Турктэй нэгэнт өндөр хөгжүүлсэн эдийн засгийн харилцаагаа Түрэгийн зөвлөлөөр дамжуулан улам гүнзгийрүүлэхийг сонирхож байна. Энэ хүрээнд Түрэг улсуудын байгууллагын дээд хэмжээний уулзалтын өмнө Астанад 5-р сарын 13-нд гишүүн орнуудын эдийн засгийн интеграци ба хамтын ажиллагаа нэртэй бизнесийн форумыг Астана зохион байгуулсан.
Дэд бүтцийн чиглэлд Казахстаны тал Дундын коридорыг хөгжүүлэхэд Туркийн хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байгаагаа тогтмол илэрхийлж байна. Энэ хүрээнд Түрэгийн хөрөнгө оруулалтын санг байгуулах санаачилгад идэвхийлэн орж эхний ээлжид 20 сая ам.долларыг 2026 онд санд оруулахаа амлаад байна.
Түрэг улсуудын байгууллагын сангийн анхны дүрмийн санг 500 сая ам.доллароос эхлүүлэн 1.5 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар эх сурвалжуудын мэдээлэл байна. Хэрэвзээ энэ сангийн дүрмийн сан зорилтот түвшинд хүрэх аваас хамгийн том бялууг Астана хүртэх нь эргэлзээгүй юм.
Анкарагийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны санаачилгууд
Харин тус байгууллагын де-факто лидер Анкара байгууллагынхаа үйл ажиллагааг батлан хамгаалахын салбар руу гаргах амбицтай байгаагаа Түркистанд дахин илэрхийлэв. Тодруулбал уг хурлын үеэр Эрдоан “Палестин, Ливан, Иран, Украин болон бусад олон улсад гарсан хямралууд нь биднийг (Түрэг угсаат улсууд) батлан хамгаалахаа бэхжүүлж, аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна”, “Туркийн хувьд бид өндөр технологийн тусламжтайгаар батлан хамгаалах салбарт олж авсан туршлагаа байгууллагынхаа гишүүдтэй хуваалцахад бэлэн байна”, “Бид байгууллагынхаа хүрээнд батлан хамгаалах салбарын чухал уулзалтуудыг зохион байгуулахад ач холбогдол өгдөг”, “Түрэг Улсуудын Байгууллага + форматыг аль болох хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй” гэх мэт мэдэгдлүүдийг хийсэн юм.
Үнэхээр ч Турк Улс өнгөрсөн жилүүдэд Түрэг улсуудын байгууллагын гишүүн орнуудтай батлан хамгаалахын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтарсан цэргийн сургууль хийх, батлан хамгаалах салбарын зэр зэвсэг, технологийг нийлүүлэх чиглэлд ажиллаж байна. Нээлттэй эх сурвалжууд дээр буй мэдээллээс харахад Турк өөрийн үйлдвэрлэж буй Bayraktar TB2 нисгэгчгүй нисэх онгоцыг Азербайжанд (2019), Киргизстанд (2021), Казахстанд (2022) тус тус нийлүүлсэн. Мөн “Тагнуул, довтолгооны нисгэгчгүй нисэх онгоцны тактик, туршлага солилцох” ANKA загварын нисгэгчгүй бөмбөгдөгч дроноос ч Түрэгийн улсуудад хүлээлгэн өгсөн юм.
Дүгнэлт: Түрэгийн зөвлөлийн хоёр том улсын зөрүүтэй алсын хараа нь байгууллагынхаа үйл ажиллагааны цар хүрээг эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинд хязгаарлана.
Анкара Түрэг улсуудын байгууллагын цаашдын хөгжлийг хэл, соёл, шашин, түүхийн хамтын үнэт зүйлс дээр тулгуурласан Пантүрэг[1] үзэл санааны суурийг бэхжүүлэх замаар урт хугацаандаа батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаанд хүргэх эрмэлзэлтэй буйгаа Түркистаны уулзалтаар дахин харууллаа.
Нөгөө талд Түрэгийн ертөнцийн эдийн засгийн хувьд хоёр дахь хамгийн хүчирхэг улс болох Казахстан Түрэгийн байгууллагыг Үндэстний төрмөл давуу тал, үнэт зүйлсийг ашиглан гишүүн орнуудтай эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх хэлэлцээрийн таатай тавцан мэт харж байна.
Ойрын болон дунд хугацаанд Анкарагийн зүгээс Төв азид суларсаар буй ОХУ-ны орон зайд нэвтрэх, ингэхдээ Түрэг улсуудын байгууллагыг ашиглан үйл ажиллагааг улам тэлэхийг санаархах нь лавтай. Үүнд Астанагийн үзүүлэх хариу үйлдэл нь бүс нутагтаа шинэ тоглогчийг оруулахаас болгоомжлохын сацуу эдийн засгийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх тэнцвэртэй бодлого байх болно.
Иймд 2009 оноос эрчимтэй хөгжиж буй Түрэг улсуудын байгууллагын хөгжлийн хурд алсдаа эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой түвшинд хүрээнд зогсох магадлал өндөр байна.
Эх сурвалжууд
- Erdoğan visits Astana as Turkey and Central Asia deepen ties amid shifting regional order, Botagoz Marabayeva, Euronews, 2026/05/14, https://www.euronews.com/2026/05/14/erdogan-visits-astana-as-turkey-and-central-asia-deepen-ties-amid-shifting-regional-order
- Turkic Investment Fund to Launch Operations in Early 2026, Sergey Kwan, The Times of Central Asia, 2025/12/08, https://timesca.com/turkic-investment-fund-to-launch-operations-in-early-2026/
- Erdoğan Visit Puts Trade, Transit, and Turkic Economic Integration at Center of Kazakhstan’s OTS Push, Stephen M. Bland & Dmitry Pokidaev, The Times of Central Asia, 2026/05/14, https://timesca.com/erdogan-visit-puts-trade-transit-and-turkic-economic-integration-at-center-of-kazakhstans-ots-push/
- President Ilham Aliyev participates in signing of Turkistan Declaration, Laman Zeynalova, Trend News Agency, 2026/05/15, https://www.trend.az/azerbaijan/4186472.html
- Turkic leaders drive their alliance towards an ‘influential geopolitical power centre’, Galiya Khassenkhanova, Bojan Brkic & Peter Barabas, Euronews, 2026/05/17, https://www.euronews.com/2026/05/17/turkic-leaders-drive-their-alliance-towards-an-influential-geopolitical-power-centre
- Türk Devletleri Teşkilatı’nın Uluslararası Güvenlikte Yükselen Rolü, Kübra Betül Biçen Gören, Polis Akademisi Güvenlik Bilimleri Enstitüsü (Cilt 2, Sayı 2, 2025, 171–191), 2025, https://dergipark.org.tr/tr/download/article-file/5173496
- Tokayev Proposes Turkic AI Network and Digital Integration at Turkic States Summit, Ayana Birbayeva, The Astana Times, 2026/05/15, https://astanatimes.com/2026/05/tokayev-proposes-turkic-ai-network-and-digital-integration-at-turkic-states-summit/
- Cumhurbaşkanı Erdoğan, Türkiye-Kazakistan Yüksek Düzeyli Stratejik İşbirliği Konseyi Toplantısı’nda konuştu, İletişim Başkanlığı (T.C. Cumhurbaşkanlığı), 2026/05/14, https://www.iletisim.gov.tr/turkce/haberler/detay/cumhurbaskani-erdogan-turkiye-kazakistan-yuksek-duzeyli-stratejik-isbirligi-konseyi-toplantisinda-konustu
- Что пишут турецкие СМИ о визите Эрдогана в Казахстан, Ирина Мишура (Irina Mishura), Zakon.kz, 2026/05/16, https://www.zakon.kz/stati/6518078-chto-pishut-turetskie-smi-o-vizite-erdogana-v-kazakhstan.html
- Kazakistan’da kritik zirve! Cumhurbaşkanı Erdoğan’dan Türk dünyasına çağrı: İş birliğimiz artmalı, Haber Merkezi (Murat Arifoğlu), Hürriyet, 2026/05/15, https://www.hurriyet.com.tr/gundem/turk-devletleri-teskilati-gayriresmi-zirvesi-cumhurbaskani-erdogandan-onemli-aciklamalar-43174214
- Türk Devletleri Teşkilatı Gayriresmi Zirvesi yapıldı, Zafer Fatih Beyaz, Anadolu Ajansı (AA), 2026/05/15, https://www.aa.com.tr/tr/gundem/turk-devletleri-teskilati-gayriresmi-zirvesi-yapildi/3938418
[1] Өөрсдийн хэлж заншсанаар Түрэгийн соёл иргэншил










Leave comment