Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

ИРАН-ХЯТАДЫН УЛАМЖЛАЛТ ХАРИЛЦАА БА ОЙРХ ДОРНОДЫН ХЯМРАЛ

Ираны эсрэг хийсэн АНУ, Израилын хамтарсан байлдааны ажиллагааны анхны дэвшүүлж байсан зорилго зарим талаар бүдгэрч, 4-6 долоо хоногийн дотор багтаан дуусгахаар хоёр орны удирдагчдын хийсэн мэдэгдэл цаг хугацааны хувьд сунжирч магадгүй төлөвтэй байна.

Ойрх Дорнодын бүс нутаг хийгээд дэлхий дахин геополитикийн шинэ сорилтуудтай тулгарч буй энэ цаг үед манай урд хөрш БНХАУ-ын зүгээс Ойрх Дорнодын хямралд баримталж буй дипломат байр суурийг Иран-Хятадын уламжлалт найрсаг харилцааны хүрээнд авч үзье.

Хятад-Перс (өнөөгийн Иран)-ийн харилцаа маш эртний бөгөөд дор хаяж 2000 гаруй жилийн түүхтэй гэж судлаачид үздэг. Орчин цагийн Иран-Хятадын харилцааны тухайд хоёр улс 1971 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Тегераны зүгээс Бээжинтэй харилцахдаа Вашингтонтой байгуулсан холбоогоо давхар хадгалж, бэхжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байв.

1979 оноос хойших Иран-Хятадын харилцаа: 1979 онд гарсан “Исламын хувьсгал”-аар барууныг баримтлагч хаант засаг унаснаар Иран улс олон улсын тавцанд тусгаарлагдахын хэрээр Тегеран бусад улстай зайлшгүй хамааралт байдлаа хүлээн зөвшөөрч “хоосон орон зай”-г нөхөхөөр их гүрний дэмжлэгийг эрэлхийлж эхэлсэн. Тухайн үед “Анти-империалист”, нэг туйлт “жанжлах” үзэл суртлыг сөрөх ижил төстэй байдлаараа  Бээжин хамгийн боломжит хувилбар байсан бөгөөд тэр цаг үеэс хойш хэдэн арван жилийн туршид Хятад нь Ираны стратегийн салбаруудад алгуур нэвтэрч, байр сууриа алхам алхмаар зузаатгасан байна.

Өнгөрсөн цаг хугацаанд Иранд чиглэсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зарим шийдвэрийг удаашруулах, зөөлрүүлэхэд Хятад улс чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2026 оны 4-р сарын 7-ны өдөр “Ормузын хоолой”-г нээж, далайн тээврийг хамгаалах тухай тогтоолд Хятад, Орос улсууд эсэргүүцсэн санал өгсөн[1].

Хятад улс энэ мэтээр Иранд улс төрийн дэмжлэг үзүүлж ирсний сацуу цэрэг батлан хамгаалах, эдийн засгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлснээр Тегеранд үзүүлэх барууны орнуудын шахалтыг тэнцвэржүүлэгч гол хүчнүүдийн нэг[2] болсоор ирсэн билээ.

Өнгөрсөн түүхээс харахад Иран, Хятадын харилцаа нь баруун, тэр дундаа АНУ-тай харилцах харилцаанаас ихээхэн хамааралтайгаар өгсөж, уруудсан байдаг. 1979 оноос хойших Ираны гадаад бодлого Хятад, Орос руу хэлбийхэд хэд хэдэн үйл явдал чухал нөлөө үзүүлсэн нь:

  1. 1980-1988 онд болсон Иран-Иракын дайн. Бээжин Тегеранд зэвсэг нийлүүлсэн бөгөөд дайны дараах сэргээн босголтын үеэс өргөн хүрээний эдийн засгийн хамтын ажиллагааны суурь тавигдсан.
  2. АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон 1993 онд Иран болон Иракийг чиглэсэн “давхар хязгаарлалтын бодлого”-ыг хэрэгжүүлсэн.
  3. Хатуу байр суурь баримтлагч Махмуд Ахмадинежад Ираны ерөнхийлөгчөөр сонгогдсоноор 2005 оноос цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал эрс хурцдаж, тус улсын эдийн засаг хүчтэй дарамтад орсон.
  4. Дональд Трамп 2017 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Вашингтоны зүгээс Ираны талаар баримтлах бодлого эрс чангарсан. Тодруулбал Ираны цөмийн хэлэлцээр[3] (JCPOA)-ийг хурцаар шүүмжилж, 2018 оны 5-р сард уг хэлэлцээрээс гарч, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг дахин сэргээхээ зарласан. Франц тэргүүтэй ЕХ-ны зарим улс Тегерантай эдийн засаг, дипломат харилцаагаа хадгалж үлдэхийг эрмэлзэж байсан ч Европын компаниуд АНУ-ын хоёрдогч хориг арга хэмжээнээс болгоомжилж, Ираны зах зээлээс бүрмөсөн гарсан.
  5. Их Британи Европын холбооноос гарах шийдвэр гаргаснаар Иран-Европын холбооны харилцаанд тодорхойгүй байдал бий болсон зэрэг үйл явдлуудыг дурдаж болно.

Ираны хувьд Бээжинтэй харилцах харилцаа нь зөвхөн хориг, тусгаарлалтын нөлөөг даван туулахаар хязгаарлагдаагүй бөгөөд бүс нутагт исламын сургаалд тулгуурласан засаглалын өөр загварыг төлөвшүүлэх зорилготой “хувьсгал экспортлох” бодлогод дэмжлэг авахыг эрмэлздэг ч Хятадууд илүү прагматик харилцаанд тулгуурлаж, бүс нутгийн хэмжээнд улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн давуу байдал олж авахад анхаарч ирсэн байдаг. Ялангуяа түлш, эрчим хүчний нийлүүлэлтээ төрөлжүүлэх бодлого, “Бүс ба зам” санаачилгын чухал зангилаа улс болохын хувьд Иран улс чухал түнш  байв.

Хоёр улсын харилцаанд худалдааны маргаан, төслийн удаашралтай холбоотой зөрчлийг эс тооцвол ноцтой зүйл байдаггүй. Хятад улс Ираны дотоод хэрэгт шууд оролцохоос зайлсхийдэг, олон улсын хориг арга хэмжээний үед улс төр, эдийн засгийн харилцаагаа үргэлжлүүлэх бодит чадавхтай байсан нь Тегераны хувьд өндөр ач холбогдолтой байв.

Хоёр талын харилцаа өндөр түвшинд амжилттай хөгжиж байсан бол аж ахуйн нэгж, иргэдийн түвшинд үл ойлголцол, болгоомжлол байсныг дурдах нь зүйтэй. Хямд үнэтэй хятадын бараа бүтээгдэхүүн зах зээлийг нь бүрэн эзлэхийг Ираны бизнес эрхлэгчид эсэргүүцдэг бол чанар муутай бараа бүтээгдэхүүн, орон нутгийн соёл, байгаль орчныг үл хайхардаг зэрэгт Ираны олон нийт дургүйцэх хандлага түгээмэл. Түүнчлэн хятадын баруун бүсийн исламын шашинт уйгуруудад чиглэсэн дотоод бодлогод нь эмзэглэх хандлага байдаг ч улс төрийн түвшний хамтын ажиллагаанд саад учруулахуйц түвшинд хүрээгүй.

Хятад, Орос улсууд одоо байгаа олон улсын институцүүдтэй өрсөлдөх платформуудыг дэмжиж, заримыг нь байгуулсан бол Иран ийм хэмжээний нөлөөтэй биш ч идэвхтэй оролцогч байв[4]. Түүнчлэн Олон улсын валютын сан зэрэг байгууллагын хязгаарлалтаас зайлсхийх зорилгоор Иран, Хятад улсууд олон улсын худалдааны алтернатив төлбөрийн систем бий болгох зорилгоор өөр хоорондоо 2018 онд юаниар газрын тосны фьючерсийн арилжааг эхлүүлсэн[5].

Цэрэг, батлан хамгаалахын салбар дахь хоёр улсын хамтын ажиллагаа нь өөрсдийн хүч чадлыг бүс нутагтаа нотлон харуулах, түүнчлэн НАТО-гийн оролцоог саармагжуулах, терроризмтой тэмцэхэд чиглэж байв.

Хятадууд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудалд хоёрдмол шинжтэй бодлого баримталдаг. Нэг талаас АНУ тэргүүтэй хэт давамгай хүчний тэнцвэрийг сөрөх, мөн эдийн засгийн ашиг сонирхлоор Ираны талд зогсдог. Нөгөө талаас Бээжин энх тайвныг эрхэмлэгч, хариуцлагатай олон улсын оролцогч имижээ хадгалах, түүнчлэн Ойрх Дорнодын бүс нутагт нөлөө бүхий, Ормузын хоолойг хаах боломжтой цөмийн зэвсэгтэй улс шинээр төрөн гарахыг мөн хүсээгүй. 1980 оноос эхтэй Иран дахь иргэний зориулалттай цөмийн хөтөлбөр дэх хятадуудын оролцоо АНУ-ын шахалтын улмаас 1990-ээд оны дундаас хязгаарлагдсан[6] байдаг.

Дүгнэлт: Иран-Хятадын  харилцаа нь “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн ч албан ёсны цэргийн эвсэл биш, харин ашиг сонирхолд тулгуурласан, уян хатан стратегийн ойртолт гэж судлаачид дүгнэдэг. Өөрөөр хэлбэл түүхэн тодорхой цаг үеүдэд нөхцөл байдлаас хамаарсан, прагматик “түр зуурын” түншлэлийн харилцаа гэж дүгнэж болох юм.

Иран улс барууны орнуудтай харилцах харилцаанд олон удаагийн савлагааг туулсан бөгөөд Хятад, Оростой тогтоосон харилцаа нь гол тэнцвэржүүлэгч болсоор ирэв. Үүний дотор Иран-Хятадын харилцаа нь дэд бүтэц, эрчим хүч, эдийн засаг худалдаа, батлан хамгаалах, технологийн салбарт голлон төвлөрч байсан.

АНУ, Израилын цэргийн хүчин 2026 оны 2-р сард Иранд цохилт өгч эхлэхдээ тодорхойлж байсан дэглэм солих зорилт биелсэнгүй. Ираны төр засаг нь исламын шашныг оршин тогтнохуйн үндэс болгосон, ард түмэн нь өөрийн баялаг түүхийг үндэсний ялгарал, нэр хүндийн нэг хэсэг гэж үздэг, хэт үндсэрхэг үзэл давамгайлсан энэ улсад дэглэм солигдох магадлал бага байна. Үүнээс гадна АНУ болон НАТО-гийн хооронд харилцааны гүнзгий ан цав үүсэж болзошгүй сүүлийн үеийн нөхцөл байдал болон АНУ, Хятадын харилцааны хүйтрэл зэргээс дүгнэхэд цаашид Вашингтон Ираны эсрэг олон улсын гол тоглогчдын байр суурийг нэгтгэхэд улам хэцүү байх болно.

Өөрийн ашиг сонирхолд нийцсэн бүх талтай прагматик байдлаар харилцдаг Хятад улсын хувьд нэг түншийг нөгөөгөөс илүүд үзэх шаардлагагүй гэсэн уламжлалт дипломат байр суурь нь энэ удаа ч давтагдав. Тэд Иранд цэргийн тусламж үзүүлж АНУ-тай шаардлагагүй зөрчилд татагдан орохоос зайлсхийж, Саудын Араб зэрэг Ойрх Дорнодын бусад түнш улсуудтай тогтоосон харилцаагаа сэвтүүлэхгүй байхад анхаарч байна.

Байлдааны ажиллагааны дараах Иран улс урьд байсан шигээ цэвэр идеологийн шинжтэй хувьсгалт дэглэм байхаа болж, хувьсгалын эхэн үеийн зарим үнэт зүйл, онцлогоо хадгалсан илүү прагматик бодлого хэрэгжүүлэгч улс болон төлөвшиж болох юм. Ираны засгийн газар, бизнесийн байгууллагууд цаашид түншүүдээ төрөлжүүлэхийг зорьж болох ч хятадтай харилцаагаа хадгалах нь стратегийн хувьд чухал хэвээр үлдэнэ.

Бээжингийн хувьд тус улсын эрчим хүч, эдийн засаг, худалдааны салбарт тогтоосон давамгайллаа ирээдүйд дахин баталгаажуулж, барууны ноёрхлыг сөрөн зогсох стратегийн түншийн харилцаагаа хадгалахыг эрмэлзэх нь гарцаагүй. Ираны улс төрийн дотоод үйл ажиллагааг сайн ойлгодог, эдийн засгийн онцлогт дассан байдал нь хятадын аж ахуйн нэгжүүдийн тухайд дайны дараах орчин нөхцөлд  маневр хийхэд харьцангуй давуу тал болно.

[1] www.https://reuters.com/China and Russia veto UN resolution on protecting Hormuz shipping

[2] ОХУ-ын үүрэг, оролцоо мөн өндөр бөгөөд Иран-Оросын харилцааны талаар тусад нь танилцуулах болно.

[3] JCPOA – Хамтарсан иж бүрэн үйл ажиллагааны төлөвлөгөө

[4] ШХАБ-д 2005 оноос ажиглагч гишүүнээр, 2023 онд Хятад улсын дэмжлэгтэйгээр бүрэн эрхт гишүүн болсон.

[5] www.https://xinhuanet.com/china launches crude oil futures trading 2018-03-26

[6] www.https://bentley.edu/congressional research service