Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Монгол улсын нүүрсний экспортын үнэ болон олон улсын зах зээлийн үнийн харьцуулсан шинжилгээ (2017-2026.03)

Монгол Улсын эдийн засагт нүүрсний экспортын үүрэг, нөлөө сүүлийн арван жилд эрс нэмэгдэж, орлогын гол эх үүсвэр болж ирсэн. Манай улсад нүүрсний экспортын чиглэлээр хийсэн судалгааны ажлуудад гол төлөв нүүрсний экспортын орлого, нүүрсний тоо хэмжээнд илүү анхаарал тавьдаг бөгөөд нүүрсний үнийн өөрчлөлтийн динамикийн талаар судалсан ажлууд тэр бүр байдаггүй. Тиймээс энэ зөрүүг нөхөх зорилгоор сүүлийн 10 жилийн хугацаанд манай экспортолсон нүүрсний дундаж үнэ, олон улсын зах зээл дэх нүүрсний үнийн динамик, зөрүү түүний учир шалтгааныг түүхэн өгөгдөл тулгуурлан тайлбарлахыг зорилоо.

2017 оноос 2026 оны 3-р сар хүртэлх хугацаанд Монголын нүүрсний экспортын сарын дундаж үнэ болон олон улсын зах зээлийн (API2, Newcastle, Richards Bay зэрэг гол индексүүд) нүүрсний үнийн хандлага, зөрүү, тэдгээрийн шалтгаан, харилцан хамаарлыг судлах нь стратегийн ач холбогдолтой сэдэв юм. Сэдвийн хүрээнд дээрх хугацааны үнийн динамик, зөрүү, тэдгээрийн шалтгаан, онцлох үе шатууд, олон улсын зах зээлийн үнээс хамаарах хамаарал болон бодлогын зөвлөмжийг дэлгэрэнгүй, логик дарааллаар тайлбарлана.

Шинжилгээнд ашигласан өгөгдлийн хувьд Монгол улсын нүүрсний экспортын сар бүрийн орлого болон сар бүрийн экспортолсон дүнд харьцуулах замаар 1т нүүрсний дундаж үнийг гарган авсан бол олон улсын зах зээл дэх нүүрсний үнийг markets.businessinsider.com сайтаас авсан болно.

Нүүрсний үнийг 2017-2026 оны хугацаанд авч үзвэл, Монголын экспортын үнэ болон олон улсын зах зээлийн үнэ нийлмэл, үе шаттай хэлбэлзэл үзүүлсэн бөгөөд ерөнхий хандлага нь 2017-2019 онд харьцангуй тогтвортой өсөлт, 2020 онд цар тахлын улмаас огцом уналт, 2021-2022 онд хүчтэй сэргэлт ба оргил, 2023 онд бууралт, 2024-2026 онд харьцангуй тогтворжих чиглэлтэй байна.

2017-2019 онд экспортын үнэ ихэвчлэн 70-100 ам.долларт орчимд хэлбэлзэж, олон улсын коксжих болон эрчим хүчний нүүрсний индексүүд харьцангуй өндөр байсан ч Монголын үнэ тэднээс доогуур, зөрүү тогтвортой байв.

Ковид цар тахлын нөлөө хүчтэй байсан 2020 онд хил, тээвэр, логистикийн хязгаарлалт болон эрэлтийн бууралттай холбоотойгоор олон улсад нүүрстэй холбоотой үнийн индексүүд буурсан ч манай улсын хувьд үнийн огцом бууралт гараагүй ч тоо хэмжээнд өөрчлөлт гарснаар экспортын дүнд хүчтэй сөрөг нөлөө үзүүлсэн (36.6 сая тонноос 28.7 сая тонн болж буурсан).

Зураг 1. 1 тонн нүүрсний сар бүрийн дундаж үнэ (ам.доллар)

Эх сурвалж: ҮСХ, markets.businessinsider.com

Ковидын нөхцөл байдал харьцангуй сайжирсан 2021 онд дэлхийн сэргэлт, Хятадын эрэлт, нийлүүлэлтийн саатал зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр олон улсын үнэ түүхэн дээд түвшинд хүрч, Монголын экспортын үнэ ч өссөн хэдий ч гол хулдалдан авагч БНХАУ-ын хилийн хаалттай байдлаас шалтгаалан нүүрсний экспорт хамгийн бага түвшинд байв.

Харин 2022 оноос Орос-Украйны мөргөлдөөн, эрчим хүчний хямрал, худалдааны саад зэрэг шалтгаанаар олон улсын коксжих болон эрчим хүчний нүүрсний үнэ оргилд хүрч нэмэгдэхэд, Монголын экспортын үнэ нэмэгдсэн хэдий ч олон улсын зах зээл дэх түвшинд хүрч өсөж чадаагүй тул зөрүү ихээр нэмэгдсэн.

2023-2024 онд дэлхий дээрх нүүрсний нийлүүлэлт огцом тэлсэн, эрэлт буурсан нь нүүрсний үнэ буурах нэг шалтгаан болсон ба үүний нөлөөгөөр манай улсын экспортын нүүрсний үнэ болон олон улсын зах зээл дэх нүүрсний үнийн зөрүү багасах хандлагатай болсон. БНХАУ-ын зүгээс хилээ нээсэнтэй холбоотойгоор 2022 оны оргил өндөр үнийн түвшинд бус ч харьцангуй өндөр үнээр нийлүүлэлт хийх боломж гарсан нь нүүрсний биет хэмжээ, экспортын дүн аль аль нь өсөж эдийн засаг тэлэх боломжийг олгосон.

Олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ 2025 оноос буурч тогтворжиж эхэлсэн нь хэдийгээр манай улсын экспортолж буй нүүрсний биет хэмжээ нэмэгдсэн ч 2023-2024 оны түвшинд хүрч экспортын дүн нэмэгдэж чадаагүй.

2025-2026 онд олон улсын зах зээл дээрх нүүрсний үнэ харьцангуй 100 орчим ам.долларт тогтворжиж байгаа бол Монголын экспортын дундаж үнэ ерөнхийдөө 65 ам.доллар орчимд тогтворжих чигтэй байж, олон улсын үнээс 30-40% доогуур байна.

Дээрх динамикаас харахад Монголын нүүрсний экспортын үнэ олон улсын зах зээлийн хандлагатай уялдаатай боловч илүү хямд байна. Ялангуяа 2024 он гарсаар энэ зөрүү буурахгүй хэвээр хадгалагдаж байгаа шалтгааныг дараах байдлаар тодорхойлж болно.

  • Нүүрсний чанарын ялгаа (чийг, үнслэг, хүхрийн агууламж, илчлэг),
  • Гэрээний нөхцөл (хил дээрх үнэ, FOB/CIF, урт хугацааны гэрээ),
  • Тээвэр, логистик, боомтын саатал,
  • Хятадын импортын бодлого, валютын ханшийн хэлбэлзэл, олон улсын нийлүүлэлтийн өөрчлөлт (Австрали, Индонез, Оросын нийлүүлэлт, худалдааны зөрчил, дайн)
  • Дотоод талаасаа татвар, төрийн компаниудын үнийн стратеги

Эдгээр хүчин зүйлүүд зэрэгцэн нөлөөлсөн тул экспортын үнийн тогтворжилт, нийлүүлэлтийн уян хатан байдал, чанар ба логистикийн өрсөлдөх чадварыг сайжруулах, зах зээлийг төрөлжүүлэх шаардлага тодорхой байна.

Дүгнэлт

2017-2026 оны хооронд Монгол Улсын нүүрсний экспортын сарын дундаж үнэ болон олон улсын зах зээлийн сарын дундаж үнийн өөрчлөлт, зөрүү, тэдгээрийн шалтгаанд хийсэн шинжилгээнээс харвал Монголын экспортын үнэ олон улсын үнээс тогтмол доогуур, зөрүү нь 20-50% орчимд хэлбэлзэж иржээ. Үнэ ийнхүү зөрүүтэй байгаагийн үндсэн шалтгаан нь нүүрсний чанарын ялгаа, гэрээний нөхцөл, логистик, тээвэр, Хятадын зах зээлийн онцлог, валютын ханш, татвар, төрийн компаниудын үнийн бодлого зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой байна. Монголын экспортын үнэ олон улсын индексүүдээс илүүтэй Хятадын импортын үнэ, бодлого, гэрээний нөхцөлөөс шууд хамааралтай байгаа бөгөөд 2021-2022 онд нүүрсний үнийн зөрүү хамгийн их байж, 2023-2026 онуудад багассан ч зөрүү хэвээр хадгалагдаж байна.

Дээрх дүгнэлтэд үндэслэн дараах бодлогын саналыг дэвшүүлж байна.

  • Экспортын зах зээлийг төрөлжүүлэхийн тулд Хятадаас хэт хамааралтай байдлыг бууруулах зорилгоор Энэтхэг, Вьетнам, Өмнөд Солонгос, Япон зэрэг шинэ зах зээлд нүүрс экспортлох боломжийг эрэлхийлэх. Мөн олон улсын биржээр арилжаалах, олон улсын стандартын гэрээ, индексэд суурилсан үнийн тогтолцоог нэвтрүүлэхэд анхаарах.
  • Логистик, тээврийн дэд бүтцийг сайжруулах үүднээс Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги зэрэг боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх. Авто тээврээс хэт хамааралтай байдлыг бууруулах, хил дээрх овоолгыг багасгах, тээврийн зардлыг бууруулах. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил дээрх хяналт, гаалийн үйл ажиллагааг оновчтой болгох.
  • Нүүрсний чанарыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгохын тулд экспортын нүүрсийг үе шаттайгаар угаах, баяжуулах, гүн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, мөн чанарын ялгааг багасгах, олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
  • Гэрээний нөхцөл, үнийн тогтолцооны шинэчлэл хийх тал дээр урт хугацааны, бага үнэтэй, их хэмжээний нийлүүлэлтийн гэрээнүүдийг дахин хянаж, зах зээлийн зарчимд ойртуулан шинэчлэх, олон улсын индексэд суурилсан, ил тод, өрсөлдөөнт үнийн тогтолцоог нэвтрүүлэх.
  • Валютын ханш, санхүүгийн эрсдэлийн менежментийг сайжруулах тал дээр валютын ханшийн эрсдэлийг бууруулах, санхүүгийн дериватив хэрэгслээр хамгаалах бодлого хэрэгжүүлэх, экспортын орлогыг төгрөгийн ханшийн хэлбэлзлээс хамгаалах, валютын нөөцийг нэмэгдүүлэх.
  • Төрийн өмчит компаниудын засаглал, үнийн бодлого тал дээр төрийн өмчит компаниудын (Эрдэнэс Тавантолгой зэрэг) засаглал, үнийн бодлогыг ил тод, зах зээлийн зарчимд нийцүүлэн шинэчлэх, урт хугацаатай бага үнэтэй нийлүүлэлтийн гэрээнүүдийн нөлөөг бууруулах, экспортын зах зээлд үнийн дарамт үүсгэхээс сэргийлэх.
  • Макро эдийн засгийн бодлого, эрсдэлийн менежмент тал дээр уул уурхайн бус салбарын хөгжлийг дэмжих, төсвийн орлогын бүтцийг төрөлжүүлэх, уул уурхайн мөчлөгөөс хамааралтай байдлыг бууруулах, үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх.

гэсэн чиглэлээр бодлогын арга хэмжээнүүд авах нь зүйтэй гэж үзнэ.

Ашигласан материал:

  1. ҮСХ. Монгол Улсын нүүрсний экспортын статистик мэдээлэл (2017-2026 оны 3 сар)
  2. https://markets.businessinsider.com/commodities/coal-price (2017-2026 оны 3 сар)
  3. Олон улсын нүүрсний зах зээлийн тайлан, хандлагын судалгаа – IMF, World Bank, International Energy Agency (IEA) тайлангууд.
  4. Монгол Улсын уул уурхайн экспортын бодлогын баримт бичиг, тайлан – Монгол Улсын Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.
  5. Coal Market Outlook (2017–2025) – World Bank Commodity Markets Review.
  6. International Energy Agency (IEA) – Coal 2023: Analysis and forecast to 2028.