АНУ-Хятадын хооронд газрын ховор элементийн[1] асуудлаарх түр тохиролцоо нь олон жилийн турш түүхий ашигт малтмалыг экспортлогч байсан Энэтхэгийн хувьд боловсруулалтын чадавхаа бий болгож, стратегийн хөшүүрэг бүрдүүлэх боломж олгож байна хэмээн ажиглагчид дүгнэв.
Дэлхийн нөөцийн геополитикийн нарийн төвөгтэй орчинд газрын ховор элементүүд нь голлох байр суурь эзэлдэг. Эдгээр нь цахилгаан тээврийн хэрэгсэл (EV), салхин турбин, семикондуктор, батлан хамгаалахын системд зайлшгүй шаардлагатай боловч дэлхийн үйлдвэрлэл, боловсруулалтын ихэнх нь цөөн хэдэн улс, ялангуяа Хятадад төвлөрдөг. Одоогоор Хятад улс дэлхийн REE олборлолтын 70 орчим хувийг[2], боловсруулалтын ~90-92 хувийг[3] хянаж байгаа нь дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилт, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдалд олон жилээр нөлөөлж ирсэн.
2025 оны 10-р сарын 30-нд БНСУ-ын Бусан хотод болсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын дарга Ши Жиньпин нарын уулзалтаар газрын ховор элементэд хамаарах түр түншлэл[4] буюу “truce”[5] байгуулагдсан нь стратегийн өрсөлдөөнд түр зогсолт авчрав. Энэ үеэр Хятад улс 2025 оны 10-р сарын 9-ний экспортын хязгаарлалтаа 1 жилээр түдгэлзүүлэхээр зөвшөөрсөн ба АНУ “фентанилын[6] татвар”-аа 50% бууруулж, Хятадын бараанд төлөвлөсөн 100%-ийн татварыг зогсоосон. Ерөнхийлөгч Трамп үүнийг “дэлхийн хэмжээнд шийдсэн гэрээ” гэж тодорхойлсон бөгөөд жил бүр сунгах боломжтой хэмээв. Гэвч шинжээчид үүнийг энхийн гэрээ бус, тактикийн түвшний түр эвлэрэл хэмээж байна. Учир нь Хятад улс 2025 оны 4-р сард 7 төрлийн ховор элементэд тогтоосон хязгаарлалтаа хэвээр үлдээсэн бөгөөд энэ нь Бээжин өөрийн нөлөөгөө үндсэндээ хадгалсаар буйг харуулж байна.
Энэхүү түр зуурын тайвшрал нь Энэтхэгт “чухал стратегийн боломж” нээлээ. Энэтхэг дэлхийн газрын ховор элементийн нөөцийн 3 дахь том эзэмшигч бөгөөд нийт нөөцийн ойролцоогоор 8%-г эзэмшдэг бол олборлолтод 1%-с бага хувь нэмэр оруулдаг[7] байна. Энэтхэгийн газар дээрх Rare Earth Oxide (REO) нөөц нь ихэвчлэн далайн эргийн монозит элс болон хэд хэдэн мужийн элсэрхэг хөрсөнд тархсан бөгөөд Андра Прадеш, Одиса, Тамил Наду, Керала зэрэг мужуудад төвлөрсөн. Эдгээр нөөц 7 сая тонн орчим гэж тооцогдож байна. Олон жилийн турш түүхий баяжмалыг экспортолж ирсэн Энэтхэг 2024-25 оны санхүүгийн жилд л гэхэд 53,000 гаруй тонн газрын ховор элементийн соронз импортолжээ[8]. Гэвч одоо Энэтхэг боловсруулалтын өрсөлдөх чадвараа бэхжүүлэх, стратегийн бие даасан байдлыг бий болгох чиглэлд шилжиж байна.
Энэтхэгийн Засгийн газраас баталсан Үндэсний Чухал Ашигт Малтмалын хөтөлбөрийн (NCMM)[9] хүрээнд 4.2 тэрбум ам.долларын урамшууллын багц[10] хэрэгжиж эхэлсэн бөгөөд 7 жилийн хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөр нь 2031 он гэхэд 1,200 дотоод хайгуулын төсөл, гадаадад 50 ашигт малтмалын актив эзэмших, мөн дор хаяж 5 чухал газрын ховор элементийн боловсруулалтаар хангах бие даасан системийг бий болгох зорилт агуулж байна[11]. Үүний зэрэгцээ 2026 оны 1-р сараас хэрэгжиж болзошгүй АНУ-ын HIRE Act (гадаад аутсорсингт 25%-н татвар ногдуулах санал)[12] нь Энэтхэгийн 100 тэрбум ам.долларын мэдээллийн технологи, хагас дамжуулагчийн экспортод эрсдэл учруулж болзошгүй тул ховор элементийн стратеги нь эдийн засгийн төдийгүй геостратегийн хамгаалалт болно гэгдэж байна.
Түр зуурын тайвшрал ба стратегийн боломж
Хятадын 2025 оны 10-р сарын экспортын хяналт нь[13] эцсийн бүтээгдэхүүнд хамаарч буй ч 2010 онд Японд тавьсан хориг[14], 2023 оны галлиумын (Gallium) экспортын хязгаарлалт зэрэг жишээтэй адил нөөцийг дипломат хэрэгсэл болгон ашиглах арга байв. Цагаан ордны мэдээлэлд АНУ-ын хэрэглэгчдэд “ерөнхий лиценз” олгох тухай дурдсан ч F-35 сөнөөгч онгоц, EV хөдөлгүүрт ашиглагддаг цэргийн зориулалттай соронзын хувьд тодорхойгүй байдал хэвээр үлдсэн.
Эдгээр хязгаарлалтаас хойш дэлхийд газар ховор элементийн үнэ 15%-иар өсч, Энэтхэгийн EV урамшууллын хөтөлбөр болон 10 тэрбум ам.долларын[15] Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих (PLI) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй хагас дамжуулагчийн хөгжүүлэлтэд саад учруулсан. Хятадаас газрын ховор элементийн 80% орчим хамааралтай Энэтхэгийн хувьд[16] энэ тогтворгүй байдал нь 2030 он гэхэд EV хэрэглээг 30% болгох, 2026 онд электроникийн үйлдвэрлэлийг 1 их наяд ам.долларт хүргэх зорилтыг эрсдэлд оруулж байгаа аж.
Олборлогчоос боловсруулагч руу
Энэтхэгийн хариу арга хэмжээ олон талт бөгөөд NCMM-ийн хүрээнд 2 тэрбум ам.долларыг шууд төсвөөс, 2.2 тэрбум ам.долларыг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээр дамжуулан татан төвлөрүүлж, хайгуул, ялгалт, боловсруулалтын өндөр эрсдэлтэй үе шатанд чиглүүлж байна[17]. 2025-26 оны санхүүгийн жилд 2,000-3,000 тонн цэвэршүүлсэн[18] REO үйлдвэрлэх зорилт тавьж, дотоодын үйлдвэрлэлийг сайжруулахаар төлөвлөв.
Энэхүү өөрчлөлтийн төв нь Одиса мужийн Indian Rare Earths Limited (IREL)[19] бөгөөд Orissa Sands Complex (OSCOM) нь жилд 7.5 сая тонн далайн эргийн элс боловсруулж, 600,000 орчим тонн үйлдвэрийн эрдэс үйлдвэрлэдэг.
Эрсдэл, эсэргүүцэл, цаашдын зам
Хүний нөөц, хөрөнгө оруулалт, байгаль орчны эрсдэл, геополитикийн тогтворгүй байдал нь Энэтхэгийн замналыг хүндрүүлж байна. Хагас дамжуулагчийн салбарт 220,000 орчим мэргэжилтэн ажиллаж буй ч 2027 он гэхэд нэмж 250,000-350,000 ажиллах хүчний дутагдал үүсэхээр[20] байгаа бөгөөд ихэнх академик хөтөлбөр програмчлал, IT чиглэлд төвлөрсөн бол суурь техник, чип үйлдвэрлэл, багаж төхөөрөмжийн дизайны чиглэл хангалтгүйн улмаас REE-д суурилсан системийн үйлдвэрлэлд хүн хүчний дутагдал үүсч болзошгүй гэжээ. India Semiconductor Mission 9.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй[21] ч хүний нөөцийн хоцрогдол сорилт болохоор байна.
Дүгнэлт
Дэлхий дээр газрын ховор элементийн төлөөх өрсөлдөөн хурцдаж буй энэ үед Энэтхэгийн хувьд боломж нээгдэж байна хэмээж байна. Олборлолтоос боловсруулалт руу шилжиж, эрдэс ба семикондукторын стратегийг нэгтгэснээр Энэтхэг зөвхөн нөөц нийлүүлэгч бус, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэх зорилт тавьж буй бөгөөд үүний тулд: Мэргэжил, технологи хөгжүүлэх; Нэгдсэн нийлүүлэлтийн сүлжээний кластер байгуулах; Олон улсын хамтын ажиллагаа, дипломат ажиллагааг өргөн хүрээнд явуулах зорилт тавьж байна.
Ашигласан материал:
[1] Rare Earth Elements, REEs
[2] https://www.orfonline.org/expert-speak/rare-earths-armistice-india-s-shift-from-mining-to-processing
[3] ibd
[4] АНУ-БНХАУ-ын “түр эвлэрэл” гэдэг нь хоёр улсын хооронд үргэлжилж буй худалдаа, технологи, стратегийн маргааны хүрээнд тодорхой салбаруудад (тухайлбал, ховор элементүүд) хэрэгжүүлж байсан зарим хязгаарлалтыг түр хугацаанд зөөлрүүлэх, царцаах тухай харилцан ойлголцлыг хэлнэ.
[5] https://www.orfonline.org/research/a-changing-global-order-pyramid
[6] Фентанил (Fentanyl) нь маш хүчтэй синтетик опиоид бөгөөд эмнэлгийн нөхцөлд өвдөлт намдаах зорилгоор хэрэглэгддэг.
[7] https://indianexpress.com/article/upsc-current-affairs/upsc-essentials/what-is-indias-share-in-rare-earth-elements-backbone-of-modern-technologies-9977272/
[8] https://www.reuters.com/world/india/india-moves-conserve-its-rare-earths-seeks-halt-japan-exports-sources-say-2025-06-13/
[9] National Critical Minerals Mission, NCMM
[10] https://www.thehindu.com/news/national/government-approves-national-critical-minerals-mission-with-outlay-of-34300-crore-in-7-years/article69154754.ece
[11] ibd
[12] https://www.financialexpress.com/business/investing-abroad-new-us-bill-proposes-25-tax-on-foreign-outsourcing-payments-hire-act-4031646/
[13] https://www.china-briefing.com/news/chinas-rare-earth-export-controls-impacts-on-businesses
[14] https://cepr.org/voxeu/columns/revisiting-china-japan-rare-earths-dispute
[15] https://www.reuters.com/world/china/india-revs-up-alternate-ev-motor-tests-china-curbs-rare-earths-exports-2025-09-09/
[16] https://www.thehindu.com/business/Industry/indias-reliance-on-china-for-critical-minerals-explained/article69020390.ece
[17] https://www.pib.gov.in/PressReleseDetailm.aspx?PRID=2011616&utm
[18] https://www.ibef.org/news/india-to-produce-500-tonnes-of-neodymium-in-fy27-indian-rare-earths
[19] https://irel.co.in/projects-under-implementation?
[20] https://alp.consulting/talent-crunch-in-india-semiconductor-industry
[21] https://www.pib.gov.in/PressReleasePage.aspx?PRID=1808676&utm










Leave comment