Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл /үргэлжлэл/

Арваадхан жилийн өмнө Монгол Улс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг дамжин өнгөрүүлэгч орон гэгдэж байсан бол өнөөдөр “хэрэглэгч” гэсэн тодорхойлолтод багтах болсон нь хамгийн том аюул юм. Дамжин өнгөрч буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын 20 хувь нь тухайн улсдаа үлддэг гэсэн зарим судлаачдын тоо баримтаас харахад манай улсын өмнөх дамжин өнгөрүүлэгч үеийн хэрэглээ чамлахааргүй байсныг илтгэж буй. Дэлхийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгч томоохон улсуудын хууль бус үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний түвшинг харахад Монгол Улс харьцангуй бага хэдий ч хүн амын тоон үзүүлэлтэд харьцуулбал чамлахааргүй дүн харагдаж байна.

Манай хүрээлэн хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай цувралаар тоймлон хүргэж буй бөгөөд өмнөх дугаарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл, хэрэглээ, хор хөнөөлийн талаар авч үзсэн бол энэ удаад энэ төрлийн гэмт хэргийн арга ажиллагаа, хөрш ОХУ, БНХАУ болон манай улс дахь гадаад дотоод нөхцөл байдлын талаар онцлон хүргэж байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бус эргэлтийн дотоод, гадаад нөхцөл байдал

Дотоод нөхцөл байдал: Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авах, тээвэрлэх, хэрэглэх, зарж борлуулах явдал жил ирэх тусам өсч буй шалтгаан нь гадаад дотоод орчин, улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой. Мөн түүнчлэн манай орны зарим аймгийн нутгаар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, ургамлын тархац элбэг байдаг. Тухайлбал, мансууруулах болон донтуулах үйлчилгээтэй бодис бүхий ургамал болох намуу цэцэг, зэрлэг олс, зээргэнэ, лантанз зэрэг 9 овог, 11 төрөлд хамаарах 18 зүйл ургамал нь манай улсын 14 аймгийн 49  сумын нутаг дэвсгэрт 15,000 орчим га талбайд ургадаг болох нь судалгаагаар тогтоогджээ.[1]

Сүүлийн үед лабораторийн болон ахуйн аргаар боловсруулсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж байгаагаас үзэхэд уг бэлдмэлийн нэр төрөл олширч, үйлчилгээ хурдан, ийм төрлийн бодис хэрэглэгчдийн давхарга бий болж, донтогчдын нас залуужин, хэрэглэгч, зуучлагч, тээвэрлэгч хэдийн бий болсон. Энэ талаар 2010 оны НҮБ-ын тайланд дурдсанаар Монгол Улсыг хар тамхи мансууруулах бодис дамжуулан өнгөрүүлэгч улс гэж үзсэн байсан бол 2014 оны тайланд манай улсыг хэрэглэгч улс орон болсон гэж дүгнэсэн нь цаашид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг анхааруулсаар байна.

Сүүлийн жилүүдэд /2020 оны байдлаар/ Монгол Улсын хилээр ОХУ-аас сэтгэцэд нөлөөт эм болон байгалийн гаралтай ургамал бодис, БНХАУ болон Зүүн өмнөд Азийн орнуудаас синтетик төрлийн бодисууд, АНУ, Канад, Испани, Ирланд, Герман, Нидерланд, Тайланд, Турк зэрэг улс орноос интернэт орчин, олон улсын шуудан, илгээмж, карго ашиглан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ачаа бараа, эд зүйлст нуун далдлах аргыг хэрэглэн, зохион байгуулалттайгаар нэвтрүүлэх явдал ихсэх хандлагатай байна.

Манай хөрш ОХУ, БНХАУ нь Монгол Улстай хангалттай өргөн зурвасаар хиллэдэг бөгөөд Афганистан, Пакистан, Турк, Иранд үйлдвэрлэсэн мансууруулах бодисыг тээвэрлэхэд ашигладаг хяналт шалгалтгүй тойруу замууд цөөнгүй байдаг.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис дараах урсгалаар манай улсад нийлүүлэгдэж байна.

  • БНХАУ болон Азийн орнуудаас: мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис өмнөд хөрш болон азийн орнуудаас мөс, гашиш, экстази зэргийг тухайн орны болон, гэмт этгээдүүдээр дамжуулан зуучлуулан худалдан авч, шуудан илгээмж, карго, хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бараа зэрэгт нуух аргаар улсын хил нэвтрүүлдэг.
  • ОХУ-аас: ОХУ-ын шинэ төрлийн мансууруулах бодисын зах зээл бий болсон улс орнуудын тоонд манай улс багтдаг ба манай иргэд чөлөөтэй зорчдогтой холбоотойгоор дээрх аргуудаар мөн улсын хил нэвтрүүлдэг.
  • : Гол төлөв интернэт ашиглан мөс, гашиш, экстази, ЛСД зэрэг бодисыг худалдан авч, шуудан илгээмжээр тээвэрлэсэн зэрэг гэмт хэрэг бүртгэгдэж байгаа юм.

Манай улсад хууль бусаар худалдаалагдаж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын үнэ ханш:

  • Метамфетамин /ICE/: 1 грамм нь гадаад зах зээлд 250-300 юань, дотоодод 2-3 сая төгрөг
  • Экстази /MDMA/: 1 ширхэг нь гадаад зах зээлд 5-10 евро, дотоод зах зээлд 120-150 мянган төгрөг
  • ЛСД /LSD/: 1 ширхэг нь гадаад зах зээлд 4-5 евро, дотоод зах зээлд 160-180 мянган төгрөг
  •  Гашиш /THC/: 1 грамм нь гадаад зах зээлд 8-10 евро, дотоодод 80-100 мянган төгрөг
  • Каннабис /THC/: 1 грамм /Монголд ургадаг/ 30-50 мянган төгрөгийн үнэ ханштай зарагддаг талаар албан ёсны[2] мэдээлэл байдаг.

Гадаад нөхцөл байдал: Манай хоёр хөрш улс хар тамхи мансууруулах бодисын гол хэрэглэгч, дамжин өнгөрүүлэгч улсад тооцогддог бөгөөд дээр дурдсанчлан манай улс руу хоёр хөршөөр дамжин мансууруулах бодис дамжин тээвэрлэх, худалдаалах явдал гардаг тул хоёр хөршийн нөхцөл байдлыг авч үзье.

ОХУ: Тус улсын тухайд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хил давуулж байгаа нь нэн тэргүүнд анхаарах асуудлын нэг болоод байна. Үүнд дараах шалтгаан бий:

  • ОХУ нь БНХАУ, Монгол Улстай өргөн зурвасаар хиллэдэг бөгөөд Афганистан, Пакистан, Турк, Иранд үйлдвэрлэсэн мансууруулах бодисыг тээвэрлэхэд ашигладаг хяналт шалгалтгүй тойруу замууд цөөнгүй.
  • Мөн ОХУ-ын өмнөд хилийн дагуу дэд бүтцийн хөгжил өндөр, өөрөөр хэлбэл, олон улсын чанартай төмөр зам, авто зам, гол мөрний усан замын тээврийн сүлжээтэй. Тус улсаар дамжуулан тээвэрлэж байгаа геройны хэмжээ өсч байгаа нь дундаж үнэ Европын орнуудад Оросын зах зээл дээрхээс 2-4 дахин өндөр байдагтай холбоотой.

Латин Америкаас ОХУ-д кокайн нийлүүлэх ажиллагааг дагнан зохион байгуулдаг олон улсын бүлэглэлүүд ихэвчлэн Украйн, ОХУ-ын далайн боомтуудыг ашигладаг. Энэ нь Европ руу агаарын тээврээр хар тамхи зөөхөд эрсдэл ихтэй, эдийн засгийн хувьд ашиггүй байгаатай холбоотой. Нөгөө талаас усан онгоцонд техникийн онцлогоос нь хамаарч их хэмжээний кокайн нуух боломжтой, гаалийн албад түүнийг илрүүлэхэд төвөгтэй байдаг нь мөн нөлөөлдөг.

Африкт хар тамхины гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, эдгээр бүлэглэлүүд гол төлөв геройны худалдаа эрхэлж, орчин үеийн техник хэрэгслийг ашиглан илрүүлэхэд хүндрэлтэй нарийн аргыг үйл ажиллагаандаа ашигладаг. Угсаатан, ураг төрлийн холбоо бүхий гэмт бүлэглэлүүд хууль сахиулах байгууллагын хяналтад тэр бүр өртдөггүй. Санхүүгийн асар их чадавхитай дээрх бүлэглэлүүд хар тамхи тээвэрлэх үйл ажиллагаандаа ОХУ болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын иргэдийг хөлслөн ажиллуулдаг. Тэдгээр гэмт бүлэглэлүүд зохион байгуулалт, маневр сайтай, гэмт хэргийн ертөнцөд өргөн харилцаатай бөгөөд Латин Америк, Зүүн өмнөд Азийн орнуудад үйлдвэрлэсэн хар тамхийг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад нийлүүлэх, тараах зам сувгийг хянаж байна.[3]

БНХАУ: Хятад улс хар тамхины асар том зах зээл бүхий улс орнуудтай хөрш зэргэлдээ оршдог бөгөөд үүнд Зүүн өмнөд Ази, Төв Азийн орнуудын хар тамхи үйлдвэрлэгч бүс нутгууд багтаж байгаа. Түүнчлэн Хятадын нутгаар хар тамхи тээвэрлэн дамжин өнгөрөх гэмт хэргийн гаралт өргөжиж, хохирогчдын тоо өдрөөс өдөрт нэмэгсээр байна. Тухайлбал; NHK телевизийн мэдээлснээр, Япон улсын 50 настай иргэн Хятадын Далянь хотод хар тамхи наймаалсэн хэргээр цаазаар ял шийтгүүлсэн бөгөөд япон хүн Хятадад хар тамхины хэрэгт холбогдсон 5 дахь тохиолдол болжээ. Үүний зэрэгцээ Английн иргэн, Филиппиний 3 иргэн хууль бусаар бусдад хар тамхи худалдсан хэргээр цаазын ял сонсон шийтгүүлсэн байдаг.    

Газарзүйн байрлалаас авч үзвэл: Хятад нь улс төрийн тогтворгүй орнууд болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэгч хэд хэдэн улсуудаар хүрээлэгдсэн байдал, дүр зураг харагдаж байна. Гуадунгийн Улс төр, хуулийн сургуулийн судлаач Жан Сяовэйгийн үзэж байгаагаар:

– Гадаадын иргэд гол төлөв хувиараа болон гадны хар тамхины үндэстэн дамнасан гэмт бүлэглэлүүдтэй нэгдэх хэлбэрээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Хятадын зах зээлд оруулж борлуулах, эсвэл хятадын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэж, бусад гуравдагч улс руу гаргаж байгаа.

– Үйл ажиллагааны хэлбэрээр нь авч үзвэл, сүүлийн жилүүдэд төрөл бүрийн эд зүйлс, хүнсний болон гоо сайхны бараа, техник хэрэгсэл, хүний бие дотор нууж агаарын боомтоор нэвтэрсэн тохиолдол өндөр хувийг эзэлж байна.

– Хар тамхи орж ирж буй чиглэлээс нь харахад өмнө нь ихэвчлэн Хятадын баруун өмнөд хэсгээр нэвтэрч байсан бол сүүлийн үед бүх мужийн нутаг дэвсгэрээр орж ирэх хандлагатай болж, түүнчлэн орж ирж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэр төрөл ч олширсон.

– Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэгчдийн байдлаас харахад, Япон, Өмнөд Солонгосын иргэд мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Японы мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын бизнес эрхэлдэг бүлэглэлүүд буюу якуза[4] нар өндөр насны тэтгэвэрт гарсан настай иргэд эсвэл орон гэргүйчүүдийг ашиглан Хятадад геройн, мөс зэргийг хууль бусаар борлуулах, мөн Япон руу гаргах зэргээр хоёр улсын хар тамхины зах зээлийн үнийн ялгааг ашиглан их хэмжээний ашиг олдог байна.[5]      

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын шинэ төрөл нэмэгдэхийн хэрээр түүнийг таньж мэдэх, тодорхойлоход хүндрэлтэй болгодог. Одоогийн байдлаар БНХАУ-д 431 төрлийн эм бэлдмэл, финтанилийн бүхэл бүтэн ангиллыг жагсаасан байгаа боловч шинэ төрлийн мансууруулах бодис гарч ирсээр байна. Тухайлбал, “ЛСД агуулсан “Маркны хэлбэртэй цаас”, оюутнуудад зарж борлуудаг ”Ухаалаг эм” №0 кафсул”, ”Ж-цэгийн шингэн”, “Хирсний шингэн” зэрэг төрөл бүрийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ аажмаар тархаж байна. Зарим нь “Сүүтэй цай, шокдладтай төстэй эм” зэрэг хоол, тамхи гэх мэт халхавчаар сав баглаа боодлоо өөрчилдөг бол зарим нь жагсаалтад ороогүй мансууруулагч бодис орлуулагч, жишээлбэл “өөрчлөгдсөн К нунтаг” гэгддэг фоторамин гэх мэт шинэ сэтгэцэд нөлөөлөх бодисууд дэлгэрчээ. Гурав дахь эмийн нэгдлүүд тус улсад хурдацтай өргөжиж, канабинноид “Наташа” гэх мэт хэв маягаа байнга шинэчлэн сайжруулж байна. БНХАУ-ын үндэсний лабараторийн мэдээллээр 2019 оны туршид 41 сэтгэцэд нөлөөт бодис илрүүлсэнээс 4 шинэ төрлийн бодис илрүүлсэн байна.[6]

Бусад улсад: НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргасан судалгаагаар сүүлийн жилд амфетамин бүлгийн мансууруулагч 230-640 тонн, екстази бүлгийн мансууруулагч 72-137 тонныг үйлдвэрлэсэн гэх тооцоог гаргажээ. Дээрх судалгаагаар Мексик, Коста Рика зэрэг Төв Америкийн орнуудад 200.000-641.800 га ил талбайд каннабис тариалж буй аж. Ихэвчлэн тухайн бүс нутгийн хэмжээнд үйлдвэрлэгддэг бөгөөд маш богино дотоод сүлжээгээр борлуулагддаг.

2020 оны эхний хагас жилийн байдлаар Мексикт метафетаминий үнэ даруй 6 дахин нэмэгдсэн ба цар тахлын үеийн Өмнөд Азийн нийлүүлэлт зогссонтой хобоотой гэж үзсэн. Тухайлбал, хөл хорионы арга хэмжээнээс болж, Мексикийн картелуудын үйл ажиллагаа хумигдахад хүрч АНУ-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль  бусаар нэвтрүүлэхэд хэцүү болсон. Дараа нь мет, фентанил, героин, кокаин зэрэг алдартай эмийн үнэ сүүлийн гурван сард огцом өсчээ. АНУ-д эмийн нийлүүлэлт багасч байгаа нь тэдний эрэлт нэмэгдэхэд хүргэж байна. Коронавирусын хямралаас өмнө сэтгэцэд нөлөөт эмийн үнэ нэг фунт нь 900 долларын үнэтэй байсан бол одоогийн ханш ойролцоогоор $ 1,900 орчим үнэтэй болсон байна.         

Амфетамины төрлийн бодисыг хаа сайгүй хямдхан үйлдвэрлэдэг, үйлдвэр нь тогтмол байршлаа сольж байдаг аж. Ерөнхийдөө мансууруулах бодисын хууль бус наймаачид нийлэг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг их хэмжээгээр, хямд зардлаар газар зүйн байршлын хувьд хязгааргүй зөөж тээвэрлэдэг бөгөөд үүний дээр зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд үйлдвэрлэлийн ажиллагааг халхавчилдаг аж.

Опиум, каннабисийн тархалттай тэмцэх ажил идэвхжиж, геройны төрлийн бэлдмэл харьцангуй үнэтэй байдаг нь залуучуудын дунд эрэлт ихтэй эфедрон, первитин, катинон зэрэг синтетик гаралтай мансууруулах бодисын хууль бус үйлдвэрлэл хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн. Ийм төрлийн бодисыг гаргаж авах технологи нь хялбар, лабораторийн үнэтэй тоног төхөөрөмж шаарддаггүй, түүхий эдийн олдоц харьцангуй элбэг зэрэг нь цаашид энэ төрлийн бодисын үйлдвэрлэл улам өргөжнө гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэдэг.

   /Үргэлжлэл бий/


[1] ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Тандалт судалгаа, дүн шинжилгээний тасгийн 2020 оны судалгааны тайлан

[2] ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Тандалт судалгаа, дүн шинжилгээний тасгийн 2020 оны судалгааны тайлан

[3] С.Сүхчулуун. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлын гарын авлага. УБ хот. 2015 он.

[4] Японы гэмт бүлэглэлийн оноосон нэр

[5]БНХАУ-ын Хар тамхины нөхцөл байдлын тайлан, 2020 он

[6] http://www.gov.cn/xinwen/2020-06/28/content_5522443.htm