Монгол Улсын Ерөнхий сайд 2018 оны 4 дүгээр сарын 8-12-ны өдөр БНХАУ-д айлчлах үеэр хоёр улсын ААН-үүд хооронд 4.6 тэрбум ам.долларын 36 гэрээ хэлцэл байгуулсан билээ. Цаашид Монгол Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа ихээхэн өргөжих дүр зурагтай энэ үед Чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ) байгуулах эсэх асуудал сонирхол татна. Иймд манай улсын одоо байгуулаад буй ЧХХ-ийн үр дүн, мөн Хятад улсын бусад улстай байгуулсан ЧХХ-ийн талаар авч үзэн, Монгол Хятадын ЧХХ байгуулах асуудалд товч дүн шинжилгээ хийхийг зорив.
Монгол Улсын худалдааны алдагдал ямар түвшинд байна вэ?
Монгол Улс 2017 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 6.2 тэрбум ам.доллар, импорт 4.3 тэрбум ам.долларт хүрсэн нь 2010 онтой харьцуулахад 4.4 гаруй тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлттэй байна.
ОХУ-тай хийж байгаа худалдааны нийт эргэлт 2017 онд 1.28 гаруй тэрбум ам.долларт хүрсэн ч манай улс энэ худалдаанаас 1.15 орчим тэрбум ам.долларын алдагдал хүлээж байна. Түүнчлэн АНУ-тай 200 гаруй сая ам.доллар, БНСУ-тай 186 сая ам.долларын худалдааны алдагдал хүлээж байна.
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээн дэх худалдаа ямар түвшинд байна вэ?
Япон улс манай худалдаа, хөрөнгө оруулалтын түнш, “гуравдагч хөрш” орон. Монгол, Японы хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь хоёр орны хамтын ажиллагаа эдийн засгийн олон салбарыг хамран дээд түвшинд хүрснийг харуулж байна. Хэдий тийм боловч уг хэлэлцээр бодитой үр дүнд хүрч чадахгүй байгаад бид ул суурьтай дүгнэлт хийх ёстой.
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифын заримыг чөлөөлж, нөгөө хэсгийг нь үе шаттайгаар бууруулахаар болсон билээ. Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016 оны 6 дугаар сарын 7-ноос энэ оны 3 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Япон улсаас манайд импортолсон нийт 210.1 сая ам.долларын үнийн дүн бүхий барааны 17.2 тэрбум төгрөг буюу 7.2 орчим сая ам.долларын гаалийн албан татварыг хөнгөлсөн байна. Оны эхний гурван сарын байдлаар 38.6 сая ам.долларын үнийн дүн бүхий бараанд 3.8 тэрбум төгрөг буюу 1.59 орчим сая ам.долларын гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2 дахин өссөн үзүүлэлт байгаа билээ.
Харин 2017 оны гаалийн статистик мэдээнээс харахад, манай улсаас Японд нийлүүлэх экспортын барааны хэмжээ 14.8 сая ам.доллар буюу өмнөх оныхоос 5.6 хувиар өссөн ч экспортын барааны нэр төрөл төдийлөн нэмэгдэж чадаагүй, Японтой хийж байгаа худалдааны алдагдал улам өсөж 348.3 гаруй сая ам.долларт хүрч 30.9 хувиар нэмэгдсэн. Түүнчлэн хэлэлцээр хэрэгжиж эхлээд хоёр жилийн энэ хугацаанд хоёр улсын худалдааны нийт бараа эргэлт хэлэлцээр хэрэгжиж эхлээгүй үетэй харьцуулбал 72.1 хувиар өссөн байна.
Гарал үүслийн шаардлагыг хангаж хөнгөлөлттэй тарифаар импортолсон бараа нь Япон улсаас импортолсон нийт барааны үнийн дүнгийн 40 орчим хувийг эзэлж байна. Тарифын хөнгөлөлт эдэлсэн барааны ихэнх хувийг суудлын автомашин, уул уурхайн хүнд даацын машин механизм, түүний сэлбэг хэрэгсэл эзэлж байгаа билээ.
Монгол, Японы ЧХХ-ээс авах сургамж:
Манай төрийн болон төрийн бус байгууллагууд Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах бэлтлгэл ажлыг сайтар хангаагүй тал бий. Үндэсний үйлдвэрлэгч болон экспортлогчид Японы зах зээлд гарах давуу талыг ашиглахад бэлэн эсэх, экспортын барааны нөөц боломж хэр их байгаа гэдгийг сайтар харгалзаж үзэх ёстой байсан. Мөн худалдааны алдагдлыг бууруулахын тулд аж үйлдвэрийн аль салбарыг дэмжих талаарх бодлого боловсруулаагүй нь алдаа болсон. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад, ийм төрлийн өргөн хүрээтэй ЧХХ байгуулахад хамгийн багадаа 5-10 жил зарцуулдаг. Гэтэл манайх бэлтгэл ажлыг ердөө 2 жил гаруйн хугацаанд хангасан тул үр дүн нь хүссэнээс маань эсрэг эргээд байна.
Монгол, БНСУ-ын ЧХХ байгуулах асуудалд:
БНСУ-тай ЧХХ байгуулах асуудал яригдаж эхэлсэн. 2017 оны байдлаар манай улсаас Өмнөд Солонгост нийлүүлж байгаа экспортын хэмжээ 11.6 сая ам.доллартай тэнцэж байхад тус орноос Монголыг чиглэсэн импорт 197.7 сая ам.доллар бөгөөд худалдааны алдагдал 186.08 сая ам.доллар байна. Манай хоёр орны худалдааны өнөөгийн байдал, цаашдын төсөөллөөр экспорт өсөх магадлал бага байхад Өмнөд Солонгостой ЧХХ байгуулах нь Монгол Улсын хувьд алдагдалтай алхам болно. Японтой байгуулсан хэлэлцээрийн үр дүнг харах, бэлтгэлээ сайтар хангах нь чухал байна. Мөн бүтээгдэхүүний худалдаанаас гадна банк санхүү, хөрөнгө оруулалт, ажиллах хүч, боловсон хүчин бэлтгэх шаардлагатай.
БНХАУ-ын бусад улстай байгуулсан ЧХХ-ийн тухай
БНХАУ 2005 онд Чили улстай ЧХХ анх байгуулснаас хойш өдгөө нийт 16 ЧХХ-ийг байгуулаад байна. Үүнд Пакистан, Сингапур, Швейцарь, БНСУ, АСЕАН-ы орнууд, Австрали зэрэг 24 улс, бүс нутаг хамрагдаж буй юм. Өдгөө Хятад улс 11 улстай ЧХХ байгуулах тухай яриа хэлэлцээ хийж буй. Мөн 11 улстай ЧХХ байгуулахаар судалж байгаагийн нэг нь Монгол Улс болж байна.
ЧХХ байгуулах үйл явц сүүлийн үед илүү эрчимжиж байгаа бөгөөд 2017 онд дөрвөн улстай байгуулсан. Үүнд Гүрж, Молдавтай шинээр ЧХХ байгуулж, Чилитэй хэлэлцээрээ ахиулж, “Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрийн хоёр дахь нэмэлт өөрчлөлт”-ийг үзэглэв. 2017 онд Монгол, Панам, Палестинтай ЧХХ байгуулах боломжийн талаарх хамтарсан судалгааг эхлүүлсэн. Хятадын ЧХХ-ийн тоо нэмэгдэхээс гадна нээлттэй байдлын түвшин, агуулга нь өргөжиж байгаа бөгөөд 2018 онд ЧХХ байгуулах ажлыг улам эрчимжүүлнэ гэж Хятадын Худалдааны яамнаас мэдэгдэв.
Хятад Австралийн ЧХХ
2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хятад Австралийн ЧХХ-т гарын үсэг зурсан. Талууд ЧХХ-ийг байгуулахаасаа өмнө Чөлөөт худалдааны бүсийн судалгааг 2003-2005 оны хооронд хийгээд ашигтай байна гэсэн тооцоо гарсан тул 2005 оноос эхлэн 10 жилийн хугацаанд 21 удаагийн том жижиг яриа хэлэлцээг хийжээ.
Хятад, Австралийн ЧХХ бол Хятад улс анх удаа ДНБ-ээрээ дэлхийд 12 дугаарт жагсдаг хөгжингүй эдийн засагтай байгуулсан хэлэлцээр бөгөөд гадаад улстай байгуулсан худалдаа хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх тохирсон хэлэлцээнээс хамгийн дээд түвшний хэлэлцээрийн нэг билээ. Хятад бол Австралийн хамгийн том худалдааны түнш буюу хамгийн том экспортлогч, импортлогч улс нь юм. Хятадын хувьд хилийн чанадад хөрөнгө оруулсан хамгийн том улс нь Австрали. Эхний 5 жилд хятадын бараа бүтээгдэхүүний 96.8 хувь нь татварын хөнгөлөлт эдлэх болсон ба ирэх 15 жилд 100 хувьд хүрнэ, харин Австралийн бараа бүтээгдэхүүн бүгд татвараас хөнгөлөгдсөн буюу 100 хувь чөлөөлөгдсөн, тэдгээрээс 91.6 хувь нь хэлэлцээр байгуулагдсан үеэс эхэлсэн бол 6.9 хувь нь 3 жилийн дотор, үлдсэн 1.5 хувь нь 5 жилийн дотор бүрэн татвараас чөлөөлөгдөх болжээ.
Австрали улс Хятадтай ЧХХ байгуулахаас өмнө Япон, БНСУ-тай мөн ЧХХ байгуулсан. Австрали бараа бүтээгдэхүүний татварын чөлөөлөлтийг Хятадтай 15 жил, Японтой 16 жил, БНСУ-тай 20 жилийн хугацаанд үе шаттай хийж гүйцэтгэнэ.
Хятад, Австралийн худалдааны өнөөгийн байдал
Австрали улс Хятадад руу уул уурхайн бүтээгдэхүүн голлон экспортлодог Монгол Улсын өрсөлдөгч гэж хэлж болно. 2017 онд 42.9 тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн экспортлосон нь 24.3 хувиар өссөн дүн агаад Австралийн Хятад руу гаргасан экспортын 69.9 хувийг эзэлжээ. Хоёр дахь гол экспорт нь нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн, түүний түүхий эд бөгөөд 2.4 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортлосон нь 18.6 хувиар өссөн дүн, энэ нь хятад руу гаргадаг экспортын 3.1 хувийг эзэлдэг. Австралиас Хятад руу 2 тэрбум ам.долларын хүнс, ундаа, тамхи гаргасан нь гурав дахь том экспортын бүтээгдэхүүн болж байгаа ба экспортын 2.6 хувийг эзэлж байна. Австралийн Хятадтай хийсэн экспорт, импортын хэмжээ 2017 онд худалдааны хэмжээ 125.5 тэрбум ам.долларт хүрч ЧХХ байгуулсан үеэс хойш 63.4 хувиар өсөж худалдааны ашиг 27.3 тэрбум ам.доллар хүрсэн байна. Учир нь түүхий эдийн ханш өнгөрсөн онд тогтвортой байж аажим өсөлт үзүүлсэн нь голлон нөлөөлсөн байна.
Харин Австрали улс Хятадаас цахилгаан бараа, оёмол бүтээгдэхүүн, гэрийн тавилга, хүүхдийн тоглоом гэх мэт бараа бүтээгдэхүүн импортлодог бөгөөд 2017 онд нийт 30.5 тэрбум ам.долларын дээрх бүтээгдэхүүн импортлосон нь Хятадаас авдаг импортын 69.9 хувь болжээ. Хоёр дахь гол импортын бүтээгдэхүүн нь хуванцар эд, химийн бүтээгдэхүүн бөгөөд 5 орчим хувийг эзэлдэг.
Хятад, Австралийн худалдааны хэмжээ 2015 онтой харьцуулж үзэхэд 16 тэрбум ам.доллар буюу 12 хувиар нэмэгдсэн байна. Анх ЧХХ байгуулагдах үед Австралийн нийт худалдаанд Хятадын эзлэх хэмжээ 27.6 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн оны байдлаар 22.2 хувийг эзэлж байгаа үзэхэд хоёр улс ЧХХ дээр эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл оруулахгүй байх тал дээр ихээхэн анхаарал хандуулсан нь харагдаж байна. Ерөнхийд нь харахад ЧХХ байгуулснаас хойш Австралийн Хятадтай хийдэг экспорт, импорт аль аль нь нэмэгдсэн, түүнээс экспортын хэмжээ илүү их өсөлттэй гарсан ба цаашид энэ хандлага хэвээр хадгалагдах төлөвтэй.
Хятад, БНСУ-ын ЧХХ
Хятад, БНСУ хоёр 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр ЧХХ-т гарын үсэг зурсан. Үүнээс өмнө талууд 2004 оноос Чөлөөт худалдааны бүсийн судалгааг эхлүүлж, 2006-2012 оны хооронд Засгийн газрын түвшинд ЧХХ-ийн хамтарсан судалгааг хийж дуусгав. Ингээд ЧХХ байгуулах яриа хэлэлцээг 2012 оны 5 дугаар сараас эхэлж 2 жил хагас үргэлжилсний эцэст гарын үсэг зурсан юм.
Хятад улс дэлхийд 2-т орох том эдийн засаг бол, БНСУ дэлхийд 14-т жагсдаг, энэ хоёр улс Зүүн Азид жин дарах хоёр том эдийн засаг юм. Хоёр улсын худалдааны хэмжээ оргил үедээ 300 тэрбум ам.доллар хүрдэг орны хувьд ЧХХ хоёр талын ААН-д боломж авчирна гэж үзжээ.
ЧХХ байгуулснаар 20 жилийн дотор БНСУ-ын бараа бүтээгдэхүүний 92 хувь нь, Хятадын барааны 91 хувь нь гаалийн татвараас чөлөөлөгдөнө, түүнээс эхний 10 жилийн дотор БНСУ-ын барааны 79 хувь, Хятадын барааны 71 хувийнх нь гаалийн татварыг цуцлах ажээ.
БНСУ, Хятадын худалдааны өнөөгийн байдал
БНСУ бол Хятадын 3 дахь том худалдааны түнш, хамгийн том импортлогч, 3 дахь том экспорт хийдэг улс билээ. Харин Хятад улс БНСУ-ын экспорт, импортын хамгийн том эх үүсвэр улс буюу хамгийн том худалдааны түнш орон нь юм. Хоёр талын худалдаанд Хятад улс алдагдалтай ажилладаг, БНСУ ашигтай худалдаа хийдэг. БНСУ Хятад руу гол төлөв хавтгай дэлгэц, хагас дамжуулагч, нефть бүтээгдэхүүн, машины сэлбэг гаргадаг, харин Хятадаас гол төлөв хагас дамжуулагч, комьпютер, ган хавтан, хавтгай дэлгэц, үүрэн телефоны эд материал гэх мэт бүтээгдэхүүн импортлодог. БНСУ-ын Хятадтай хийсэн экспорт, импортын хэмжээ 2017 оны худалдааны хэмжээ 239.9 тэрбум ам.долларт хүрч ЧХХ байгуулсан үеэс хойш 18.2 хувиар өсөж худалдааны ашиг 44.3 тэрбум ам.доллар хүрсэн байна.
БНХАУ-ын ЧХХ байгуулах бодлогын стратегийг ажиглахуй
ЧХХ байгуулахын өмнө Чөлөөт худалдааны бүсийн судалгааг эхлүүлж, улмаар ЧХХ-ийн тухай хамтарсан судалгааг хийдэг. Гарсан тооцоололд тулгуурлан ЧХХ-ийг эхлүүлдэг жишиг харагдаж байна. Эдгээр үйл явцад дор хаяж 10 ба түүнээс дээш жил зарцуулж байна.
ЧХХ байгуулсны дараа хоёр талын худалдаа идэвхждэг хандлагатай. Хятад улстай худалдааны эерэг баланстай орнуудын худалдааны ашиг улам нэмэгдэж буй. Гэхдээ анхаарууштай нь Австрали, БНСУ зэрэг нь дэлхийн том эдийн засгуудын нэг ба Хятадтай хийдэг худалдааны бүтэц төрөлжсөн, технологи шингэсэн зэрэг давуу талтай юм.
Хятад ЧХХ-ийн тоог сүүлийн арав гаруй жилд эрчимтэй нэмэгдүүлж байгаа гол шалтгаан нь тус улсын дотоодын үйлдвэрлэл ханаж, экспортын хэмжээ буурч байгаатай шууд холбоотой. Чөлөөт худалдааны бүс, ЧХХ байгуулж татварын хөнгөлөлттэй болсноор үйлдвэржилтийн түүхий эдийг хямд өртгөөр нийлүүлж, дотоодын үйлдвэрлэлтийг дэмжих эерэг хандлагатай байна. Мөн ЧХХ байгуулсан орнуудтайгаа валютын своп хэлэлцээрийг төв банкууд хооронд хийх замаар юанийн даяаршлыг эрчимжүүлэх, үндэсний валютаар хийгдэх худалдааны хэмжээг нэмэгдүүлэхэд оршиж байна. Чингэснээр урт хугацаанд тогтвортой Хятадаас худалдаа, валютын хувьд хараат болгох сонирхол үүсгэж байна.
Манай улс Хятадтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухайд
2017 онд Монгол, Хятадын хооронд хийсэн худалдааны нийт эргэлт 6.68 гаруй тэрбум ам.долларт хүрч өмнөх оныхоос 35.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан бол худалдааны ашиг 3.85 орчим тэрбум ам.долларт хүрч өмнөх жилийнхээс тэрбум гаруй ам.доллараар өссөн байна.
Өнгөрсөн оны 5 дугаар сарын 12-нд Монгол, Хятад хоёр улс Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан судалгааг эхлүүлэхээр санамж бичиг байгуулсан билээ. Үүнээс өмнө Монгол, Хятадын хооронд ЧХХ байгуулах боломжийн талаар ТЭЗҮ-ийг монголын тал хэдэн жилийн өмнө хийсэн ба тухайн үед Монголын хувьд эдийн засгийн өгөөж багатай гэсэн дүгнэлт гарч байсан. Учир нь манай улсын хүнс болон хөнгөн үйлдвэрлэл ихээхэн эрсдэлд орох, цаашлаад эцсийн бүтээгдэхүүний үйлдвэржилт гэсэн ойлголтгүй болох томоохон эрсдэлтэй юм. Мөн Япон, Өмнөд Солонгос, Хятад зэрэг орон нь үйлдвэржилт өндөр хөгжсөн тул Монгол төдийгүй байгалийн баялаг ихтэй орнуудтай ЧХХ байгуулах замаар татварын хөнгөлөлтэйгөөр түүхий эдийн тогтмол импортыг бий болгож дотоодын хэрэгцээгээ хангах стратеги баримталж байна. Ингэснээр Монголын эдийн засгийн аюулгүй байдалд дунд, урт хугацаанд шууд болон шууд бусаар нөлөөлж, иргэдийн худалдан авах чадвар муудах хэмжээнд нөлөөлж, дотоодын эдийн засгийн систем хэт түүхий эд нийлүүлэгч тал руу хэлбийх магадлал өндөр юм.
Хятад улсын тактикаас харахад бусад улстай ЧХХ байгуулахаас өмнө эхлээд Чөлөөт худалдааны бүсийн хамтын ажиллагааг эрчимжүүлдэг, улмаар ЧХХ-ийн хамтарсан судалгааг 10 эргэм жил хийсний дараа хоёр талын хэлэлцээг эхлүүдэг. Монгол, Хятадын хооронд ч мөн энэ жишиг үйлчилж буй бөгөөд 2015 онд “Монгол, Хятадын Замын Үүд-Эрээний хилийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан ерөнхий төлөвлөө”-г үзэглэсэн байдаг. Өдгөө Монгол, Хятадын ЧХХ-ийн хамтарсан судалгаа эхлүүлж байгаа энэ үед уг бүсийн явцыг урагшлуулах ажил эрчимжих талтай. Улмаар Монгол, Хятадын ЧХХ-ийн хамтарсан судалгаанд олон жилийг зарцуулах боломжтой юм. Гэхдээ Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой ЧХХ байгуулах хүсэлтээ илэрхийлсэнтэй холбоотойгоор Монгол, Хятадын ЧХХ байгуулах ажлыг эрчимжүүлэх магадлалтай.
Хөгжингүй болон хөгжиж буй орнууд хоёр, олон талт ЧХХ байгуулах замаар гадаад худалдааг эрчимжүүлж эдийн засгаа тогтвортой өсгөх сонирхол талуудад байна. Энэ нь дэд бүтэц, логистикийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх магадлалтай. Үүнтэй зэрэгцээд аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнууд түүхий эдийн нөөц ихтэй улсуудтай ЧХХ байгуулах стратегийг баримталж татварын хөнгөлөлтэй худалдааг нэмэгдүүлэх сонирхолтой байх хандлага ажиглагдаж байна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23