Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Өмнөд Кавказ дахь геостратегийн шинэ эргэлт

Сүүлийн 100 гаруй жил шийдэлд хүрэхгүй явж ирсэн Армян-Азербайжаны хоорондын газар нутаг, түүх-угсаатны зөрчилдөөн 2020-2025 оны циклд АНУ-ын зуучлалтай “Вашингтоны Энхийн тунхаг”[1]-аар асуудлаа эцэслэн шийдэх алхам хийлээ.

Армян, Азербайжан, АНУ-ын төрийн тэргүүдийн гарын үсэг зурсан тунхагт зааснаар сөргөлдөгч талууд (Армян, Азербайжан) харилцаа, энх тайван тогтоох хэлэлцээр үзэглэхийн хамт ЕАБХАБ-ын Минскийн бүлгийг татан буулгах, Минскийн үйл явцыг өндөрлүүлэх уриалга гаргав. Тус тунхгийн анхаарал татаж буй хоёр чухал заалт нь: Армяны нутаг дахь стратегийн чухал зангилаа болох Зангезурын хонгилыг Армян-Ираны хилийн зурвас дагуу хэсгээр (43 км урт) нээж Азербайжаныг Нахичеваньтай холбох, цаашлаад тус хонгилын холболтын хөгжүүлэлт хийх онцгой эрхийг Армян улс АНУ-д (99 хүртэл жилийн түрээсээр)[2] олгож буй заалтууд юм. Зангезурын хонгилын шинэ төслийг Трампын Зам (Trump Route for International Peace and Prosperity-TRIPP) хэмээн нэрлэж байна.

Зангезурын хонгил тойрсон гео-ашиг сонирхлууд, бүс нутгийн голлох тоглогчдын нөхцөл байдал өөрчлөгдөж, Өмнөд Кавказ, Транс-Каспи, Ойрх Дорнод, Төв Ази, Өмнөд Ази, Евроазийн геополитик, гео-эдийн засаг, гео-эрчим хүчний баланст зохих нөлөө үзүүлэхүйц төлөв үүслээ[3][4].

***

Армян-Азербайжаны зуун дамнасан зөрчлийн шалтгаан нь Өмнөд Кавказын бүс нутаг түүхэндээ Османы Турк, Перс, Британи, Оросын эзэнт улсын тэмцлийн дундын цэг болж ирснээс үүдэлтэй. XX-р зуунд Өмнөд Кавказад ЗХУ ба Британи идэвхтэй байж Каспийн тэнгис тойрсон нүүрс-устөрөгчийн сав газрын хяналтыг булаацалдаж ирсэн бол дэлхийн II дайны дараа ЗХУ-ын бүрэн хяналт тогтож, 1988 он хүртэл нөхцөл байдал намжмал байв. ЗХУ-ын дараа бүс нутгийн хүчний тэнцвэржүүлэгч нь ОХУ болж Армян-Азербайжаны хямралд зуучлагчаар оролцож ирсэн боловч 2025 оны 8-р сарын Зангезурын хэлэлцээрээс эхлэн ОХУ үндсэн балансжлуулагчаас хасагдаж АНУ шинээр орж ирлээ.

2025 оноос Өмнөд Кавказад АНУ биет хэлбэрээр (Зангезурын хонгилын менежментийн онцгой эрх 99 жилийн хугацаатай) ийнхүү орж ирсэн явдал тус бүс нутгийн геополитик, гео-эдийн засаг, геоэнергийн нөхцөл байдалд дараах байдлаар нөлөөлж эхлэв.

  • Турк улсын “Түрэг-Ертөнцийн төлөвлөгөө” буюу Истанбулаас Алтайн нуруу хүртэл, цаашлаад Монголын хилд тулах Түрэг угсаатны улс төр-эдийн засаг, хэл соёл, шашин, аюулгүй байдлын орон зай хуурай газраар холбогдох (дундаа Каспийн тэнгисийн усан замтай) боломж нээгдэв.
  • Хятадаас Европ орох Дунд коридорын зам[5] Гүрж улсаар дайрах шаардлагагүй болж Азербайжан-Зангезур-Нахичевань-Турк гэсэн дэд бүтцийн шууд холболт үүслээ. Энэ холболтын Зангезурын хэсэг нь 43 км урт бөгөөд хөгжүүлэлтийн хүрээнд төмөр зам, авто зам, байгалийн хий-газрын тос дамжуулах хоолой тавигдахаар төлөвлөгдөж байна. Зангезурын хонгил нээгдсэнээр Евроазийн ачаа тээвэрлэх хугацаа 30-40% богиносох, жилд 15 сая тонн ачаа тээвэр дайран өнгөрөх, Армяны ДНБ 30% өсөх, Азербайжанаас Европын Холбоо руу жилд 20 тэрбум шоо метр хий нийлүүлэх (2024 онд 11.7 тэрбум шоо метр хий нийлүүлсэн), Казахстанаас ОХУ-аар дамжихгүйгээр Европ руу газрын тос нийлүүлэх зам нээгдэх зэрэг ач холбогдолтой[6].
  • Хятадаас Европ орох Дунд Коридорын зам дайран өнгөрөх Зангезурын хонгилд 99 жилийн онцгой эрх авснаар АНУ нь Хятадын “Бүс ба зам” төслийн дунд замд стратегийн хяналт тогтоох болов. Харин Европын гүрнүүд тус бүс нутагт үүссэн шинэ нөхцөл байдалд өөрийн оролцоогоо хэрхэн тодорхойлох чиглэлд бэлтгэлгүй байна[7].
  • Иран-Армяны хил дагуу Зангезурын хөгжүүлэлтийн онцгой эрхийн хүрээнд АНУ-ын хяналт дор байгуулагдах тээвэр-эрчим хүчний дэд бүтцүүд цэрэг-иргэний хос хэрэглээтэй байх магадлал өндөр. Америкийн хяналтын Зангезурын дэд бүтэц нь Ираны болон тус бүс нутгийн аюулгүй байдлын орчинд шууд нөлөөлнө.
  • Украин дахь дайнд хүч, нөөцөө дайчилж буй ОХУ нь хуучин ЗХУ-ын орон зайн чухал зангилаа бүс нутагт үндсэн тоглогч биш, туслах тоглогч, ажиглагч болж хувирав. Хэдийгээр тус бүс нутаг тойроод ОХУ-ын цэргийн баазууд Армян (102-р бааз), Сири (Камышлы, Хмеймим), Гүрж (салан тусгаарласан Өмнөд Осет, Абхаз) улсуудын нутагт байрлаж байгаа ч эрх зүйн хувьд цэргийн хүчээр интервенц хийх, энхийг сахиулах, хатуу хүчний тоглолт хийх боломж хумигдсаар байна. Украины хямрал шийдэгдсэний дараа ОХУ тус бүс нутагт эргэн үндсэн тоглогчийн нэг болох боломжтой.
  • Зангезурын хонгил нээгдсэнээр Орос-Ираны төлөвлөж буй Каспийн тэнгисээр дамжих “Умард-Өмнөдийн коридор”-ын ачаа тээврийн зах зээлээс булаацалдах болно.
  • Төв Азийн эрчим хүчний түүхий эдийг дэлхийн зах зээлд холбох гарцуудад ОХУ, БНХАУ гол хяналт тавьж байсан бол одоо шинэ хонгил нээгдсэнээр Турк-Азербайжаны холбоотнууд, цаашлаад АНУ энэ өрсөлдөөнд нэмэгдлээ.

***

2024 онд Казахстаны Хоргос, Монгол Улсын Замын-Үүд боомт хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ[8]. Монгол Улсаас гарах ачаа БНХАУ-аар дамжин Хоргост хүрвэл цааш Зангезураар дамжин Европ хүрэх зам нээгдэнэ. Монголоос олон улсын зэрэглэлтэй авто болон төмөр замтай боомтуудаас БНХАУ, ОХУ-аар дамжин Казахстаны нутагт орвол цааш Азербайжан, Зангезур, Туркийн Европын хэсэг хүртэл тээвэр саадгүй явагдах нөхцөл бүрдэх юм. БНХАУ-Казахстаны төмөр замын ачаа эргэлт 2024 онд 32 сая тоннд хүрсэн бөгөөд мөн өөр нэгэн мега төсөл болох Хятад-Киргиз-Узбекстан-Туркменстаны төмөр замын төсөл баригдаж дуусвал ачаа тээврийн хүчин чадал 15 сая тонноор нэмэгдэх болно[9].

Зангезурын төсөл саадгүй хэрэгжвэл 2030 оны орчимд Монгол-БНХАУ-Төв Ази-Өмнөд Кавказ-Европ гэсэн шинэ тээврийн хонгил бий болох боломжтой юм. Энэ тохиолдолд олон улсын транзит тээврийн эрх зүйн форматууд, тухайлбал TRACECA (Transport Corridor Europe-Caucasus-Asia) хөтөлбөрт Монгол Улс өөрийн оролцоо, статусаа идэвхжүүлэх шаардлага үүсэх болно. Түүнчлэн бүс нутгийн бусад форматууд, CAMCA (Central Asia-Mongolia-Caucasus-Afghanistan) зэрэгт Монгол Улс идэвхтэй оролцогч байх нь улам бүр чухал боллоо.

 

Ашигласан эх сурвалж:

  1. The text of the Joint Declaration |   The Prime Minister of the Republic of Armenia.  08.2025

https://www.primeminister.am/en/press-release/item/2025/08/09/Nikol-Pashinyan-visit-US-declaration/

  1. US brokers a deal between long-hostile Armenia and Azerbaijan: “Armenia has agreed to award the U.S. exclusive special development rights on the Zangezur Corridor land for 99 years. The U.S. would sublease the land to a consortium that will develop rail, oil, gas and fiber optic lines and possibly electricity transmission along the 27-mile corridor.” |  08/07/2025

https://www.politico.com/news/2025/08/07/us-deal-armenia-azerbaijan-00499285

  1. Армян – Азербайжаны хямрал (I) |   Аюулгүй Байдал Судлалын Хүрээлэн. November 17, 2023
  2. Армян – Азербайжаны хямрал (II) |   Аюулгүй Байдал Судлалын Хүрээлэн. November 24, 2023
  3. Can the Middle Corridor be Europe’s Middle Ground? |   28 March 2025

https://www.rusi.org/explore-our-research/publications/commentary/can-middle-corridor-be-europes-middle-ground

  1. Stability Brings Profits: How the Peace Deal Could Transform the Region’s Economy |     08/20/2025

https://www.caspianpolicy.org/research/economy/stability-brings-profits-how-the-armenian-azerbaijan-peace-deal-could-transform-the-regions-economy

  1. Peace in the Caucasus: Ensuring Europe plays a role after Trump’s ceremony |   14 August 2025

https://ecfr.eu/article/peace-in-the-caucasus-ensuring-europe-plays-a-role-after-trumps-ceremony/

  1. Ажил хэргийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Хоргос чөлөөт бүсийг танилцуулав. |   МОНЦАМЭ. 2024-10-29

https://w.montsame.mn/mn/read/354710

  1. A New Link in Global Trade: The China-Kyrgyzstan-Uzbekistan Railway and Its Role in the Middle Corridor |   06/10/2025

https://caspianpolicy.org/research/middle-corridor/a-new-link-in-global-trade-the-china-kyrgyzstan-uzbekistan-railway-and-its-role-in-the-middle-corridor