Хятадын эдийн засгийн хурдтай хөгжлийг даган сансар огторгуй дахь шинжлэх ухааны судалгаа, бүтээн байгуулалт нь эрчимжиж байна. Хятад улс сансрын орон зайг ашиглах олон төсөл хэрэгжүүлж, олон улсын сансар судлалын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох болов. Хятадад өдгөө 4 сансрын боомт, сансрын тойрог замын янз бүрийн өндөрт хиймэл дагуул хүргэх “Урт марш[1]” (Long March, 长征) цуврал хөөргөгч пуужин бий. Тус улс 2022 онд 64 удаа сансарт пуужин хөөргөж, үүнээс 2 нь бүтэлгүйтжээ. Амжилттай хөөргөсний дүнд 150 хиймэл дагуул тойрог замд шинээр байршуулав.
Иргэн-цэрэг, тагнуулын сансрын хүчин чадавхаа сайжруулах асуудлыг тэргүүлэх зорилтоо болгож, сансарт чөлөөтэй нэвтрэх, ашиглах чиглэлийн төслүүдэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, 2022 оны 11 дүгээр сард Хятад улс Тяньгун сансрын станцын барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулав.[2]
Тус улс өдгөө сансрын хүчин чадавхаараа АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт эрэмблэгддэг. 2045 он гэхэд дэлхийд тэргүүлэгч орон болохоор зорьж буй бөгөөд энэ хүрээнд 2030 онд 100 тонныг зөөвөрлөх тээвэрлэгч пуужин хөөргөх, 2035 онд дахин ашиглах зориулалттай тээвэрлэгч пуужин бүтээх, 2040 онд цөмийн цэнэгт сансрын хөлөг бүтээхээр тус тус төлөвлөж байна.[3] Үүний үндсэн дээр 2020-2045 он хүртэл сансрын гүрэн болох зорилтыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүнд:
- Эхний үе шат (2030 он гэхэд) сансрын шинжлэх ухааны станцыг байгуулж, батлан хамгаалах, зэвсэгт хүчнийг шинэчлэх, цэрэг арми, улс орноо дэлхийн сансрын хүчирхэг гүрэн болгоход дэмжлэг үзүүлэх;
- 2 дахь үе шат (2045 он гэхэд) өндөр чадавхтай сансрын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг хийн, сансрын гүрнийг цогцоор нь байгуулж, тэргүүлэх армитай болохоор ажиллаж байна.[4]
Сарны судалгаа
Хятад улс 1) сарны нөөцийг ашиглах; 2) сансрын хүчин чадавхаа нэмэдүүлэх; 3) сансрын судалгаагаар дэлхийд манлайлагч улс болох гэсэн гурван гол шалтгааны улмаас сүүлийн жилүүдэд сарны судалгааны чиглэлийг идэвхийлэн сонирхох болсон гэж судлаачид үзэж буй.[5]
Сарны судалгаа, бүтээн байгуулалтыг дэмжих хүрээнд Хятад улс “Чан-Ө” цуврал аппаратыг сарнаас дээж авахуулахаар хөөргөсөн юм. Сарнаа явагч “Чан-Ө 4” аппаратыг 2018 онд хөөргөж, 2019 онд сарны хамгийн судлагдаагүй, дэлхийгээс харагдаггүй талд зөөлөн газардсан анхны сансрын төхөөрөмж болжээ.[6] “Чан-Ө 5” аппаратыг 2020 онд хөөргөж, сарнаас 1,731 гм дээж дээж авчирав.[7] Ингэснээр Хятад улсын сарнаас дээж авсан анхны амжилттай ажиллагаа болж, АНУ, ОХУ-ын дараа сарнаас дээж авсан дэлхийн 3 дахь улс болсон юм.
Хятадын сарны судалгааны цаашдын хөгжлийн төлвийн тухайд сарнаа явагч Чан-Ө 6/7/8 цуврал ажиллагаагаар сарны Өмнөд туйлд нисгэгчгүй сарны судалгааны станц байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.[8] 2024 он гэхэд “Чан-Ө 6” аппаратыг саран дээр буулгаж, сарны Өмнөд туйлаас хөрсний дээж авахаар бэлтгэл ажлыг хангаж байна. “Чан-Ө 7”-гийн ажиллагаа ч мөн сарны Өмнөд туйлыг судлахад чиглэгдсэн бөгөөд сарны тойрог замыг судлах төхөөрөмж, газардуулагч, сансрын дуран буюу тандагч аппарат, холбооны реле, хиймэл дагуул зэрэг сансрын судалгааны станцын үндсэн төрөлтэй байх ажээ. “Чан-Ө 7” аппаратыг мөн адил 2024 онд хөөргөхөөр төлөвлөж буй.[9] Сарнаа явагч “Чан-Ө 8” апппарат нь саран дээр судалгааны станц байгуулах ажлын үндэс суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэж, гол технологиудын ажиллагааг турших бөгөөд 2025 онд хөөргөх ажээ.
Хятад улс саран дээрх шинжлэх ухааны судалгааны станцыг 2030 он гэхэд байгуулж дуусгахаар төлөвлөж буй.[10] Энэхүү судалгааны станц нь мэдээлэл, харилцаа холбоог нэгдсэн удирдлагаар хангах ухаалаг ажиллагаа, шинжлэх ухааны хайгуул зэрэг чиг үүрэгтэй байх бөгөөд эхний ээлжинд сарны нөөцийг олж авах, ашиглах боломжтой болно. Энэхүү ажиллагаа нь цаашид урт хугацаанд нисгэгчгүй ажиллах сарны судалгааны станц барих үндэс суурь болох юм.
2021 онд Хятадын Үндэсний сансрын удирдлагын газрын дарга Жан Көжян, Оросын Төрийн Сансрын корпораци “Роскосмос”-ын захирал Рогозин нар “Олон улсын сарны судалгааны станц” байгуулах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-тгарын үсэг зурсан. Хоёр тал “хамтран хэлэлцэх, хамтран байгуулах, хамтран ашиг хүртэх” гэсэн зарчмыг хүндэтгэн дагахаа илэрхийлж, улмаар дэлхийн бусад орнуудтай шинжлэх ухааны судалгаа, сансрыг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй гэдгээ мэдэгджээ.[11]
Зураг 1. Саран дээрх тагнуулын робот
Эх сурвалж: Dengyun YU, UNOOSA, “United Nations/China 2nd Global Partnership Workshop on Space Exploration and Innovation,” 2022
Сансарт пуужин хөөргөх хүчин чадавх
2022 онд Хятад улс 55 пуужин хөөргөж, 2021 онд тогтоосон хөөргөлтийн дээд амжилтаа эвдэв. Үүнд “Урт марш” хөөргөгч пуужин гол үүрэг гүйцэтгэсэн гэгддэг. “Урт марш-2” (C, D, F хувилбарууд), 3B, 4C, 5, 5B, 6, 7, 8, ба 11 пуужингууд нь дэлхийн бага тойрог зам болон геостационар тойрог замд (GEO) хөнгөн, дунд, хүнд даацын өргөх чадвартай байдаг. Зарим нь далайд суурилсан платформоос хөөргөх чадвартай боловч ихэнх нь уламжлалт газар дээр суурилсан хөөргөх тавцангаас хөөргөдөг. Сүүлийн жилүүдэд “Урт марш (Long March)-9.20” шинэ загварын хөөргөгч пуужингууд бүтээжээ. Хятадад дараах пуужин хөөргөх станц бий. Үүнд:
- Жючюань хиймэл дагуул хөөргөх төв: 1958 онд байгуулагдсан Өвөр Монголд байрлах тус төв томоохон туршилтуудыг явуулдаг хамгийн чухал байгууламжид тооцогддог. Тус төвөөс 1970 онд Хятадын анхны хиймэл дагуулыг хөөргөж, 1992 онд Хятадын анхны олон улсын ачаа тээврийн хөөргөлтийг үйлдэж байжээ.
- Тайюань хиймэл дагуул хөөргөх төв: Шаньси мужийн Шиньжоу хотод байрладаг тус хиймэл дагуул хөөргөх төв 1968 оноос сансрын болон баллистик пуужин хөөргөж эхэлсэн түүхтэй. Хиймэл дагуулын хөөргөх төвдөө газар дээр нь туршилт хийх, угсрах хүчин чадавхтай бөгөөд Жючюань хиймэл дагуулын төвөөс хөөргөхөд хэт том хөлөг, аппаратуудыг тус газраас хөөргөдөг.
- Шичан хиймэл дагуул хөөргөх төв: Сычуань мужид байрлах Шичан төв 1984 онд баригдаж дууссан боловч хүн амын нягтшил ихтэй суурьшилтай ойр оршдог тул өдгөө Хятадын хамгийн сүүлд нэмэгдсэн Вэнчан хиймэл дагуул хөөргөх төвийн нөөц хөөргөх газар болжээ.
- Вэньчан хиймэл дагуул хөөргөх төв: Өмнөд Хятадын тэнгисийн Хайнань арлын мужид эрэг дээр байрлах тус хөөргөх төв 2014 онд нээгдсэнээс хойш 16 удаа хиймэл дагуул хөөргөжээ. БНХАУ-ын албаны хүмүүс Вэньчан хотыг хиймэл дагуулын угсралт, туршилт, мэдээллийн төв бүхий арилжааны сансрын боомт болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаагаа саяхан мэдэгдсэн юм.[12]
Зураг 2. Хятадын Үндэсний сансрын нислэгийн төвүүд
Эх сурвалж: CSIS 2020.
Эдгээр хөөргөх төвүүдээс гадна Шар тэнгис дэх хөдөлгөөнт платформуудаас сансарт пуужин хөөргөх чадвартай.
Сүүлийн 10 жилд Хятадын арилжааны үйлдвэрлэлийн салбарт нилээдгүй өөрчлөлт гарсны нэг нь 2014 онд Хятадын засгийн газар арилжааны зориулалтаар сансрын хөөргөлт үйлдэх болон сансрын хөөргөх төхөөрөмж бүтээх хувийн компани байгуулахыг хориглосон хязгаарлалтаа цуцалсан ба ингэснээр тус салбар дахь арилжааны зах зээлд хувийн болон төрийн хөрөнгө оруулалт ихээр орж ирсэн. Өнөөдөр Хятадын засгийн газар дотоодын арилжааны салбарын хөгжлийг гадаадын компаниуд эсвэл ханган нийлүүлэгчдээс хамааралтай байдлаа орлуулах боломж гэж харах төлөвтэй байна. 2023 онд сансрын анхдагчид гэгддэг Бээжингийн Тяньбин технологийн ХХК Хятадаас анхны арилжааны сансрын хөлөг хөөргөхөөр зэхэж, Жючюань хиймэл дагуул хөөргөх төвөөс “Тяньлун-2”-ыг хөөргөхөөр төлөвлөж буй.
Сансар ба цэрэг-стратегийн ашиг сонирхол
“Хятадын батлан хамгаалах цагаан ном-2019”-д “Сансар, электрон соронзон болон кибер орон зайд Хятадын аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалах” нь үндэсний батлан хамгаалах бодлогын зорилгын нэг хэмээн заасан байдаг. Тус цагаан номд БНХАУ “сансрын технологи, сансар дахь хүчин чадавхаа сайжруулах, сансарт суурилсан мэдээллийн эх үүсвэрийн зохицуулалтыг боловсронгуй болгох, сансрын цагийн байдлын тандалтыг сайжруулах, сансарт буй улсын өмч, байгууламжийг хамгаалах, сансарт чөлөөтэй зорчих, орох гарах гарцыг аюулгүй байлгах”[13] зэрэгт анхаарч ажиллахыг онцолжээ. Цэргийн салбарт мэдээлэл цуглуулах ажлыг ихэвчлэн хиймэл дагуул, компьютерийн сүлжээний тусламжтайгаар гүйцэтгэж байна.
Хятадын цэргийн шинэчлэлээр Стратегийн дэмжлэг үзүүлэх цэргийн хүчин байгуулагдсанаар сансрын ажиллагаа явуулах менежментийг сайжруулсан. Стратегийн дэмжлэг үзүүлэх цэргийн хүчин нь ажиллагааны түвшинд сансрын ажиллагаа хариуцсан “Сансрын системийн газар”, мэдээллийн ажиллагаа хариуцсан “Сүлжээний системийн газар” гэсэн хоёр газартай, харьяа баазуудтай. Хуучин сансрын болон зарим тусгай зориулалтын баазуудыг Стратегийн дэмжлэг үзүүлэх цэргийн хүчний харьяанд шилжүүлсэн бөгөөд шинээр хэд хэдэн бааз нээгдсэн. Тухайлбал, сансарт суурилсан судалгаа, сансрын газрын зураг, навигац, “Бэйдөү” цэргийн хиймэл дагуулын менежмэнт хариуцсан “Стратегийн дэмжлэгийн 35 дугаар бааз”-ыг байгуулав.
ХАЧА сансар дахь цэргийн хүчин чадавхаа нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж Хятад маягийн GPS гэж нэрлэгдэх дотооддоо үйлдвэрлэсэн хиймэл дагуулын навигацийн “Бэйдөү” сүлжээг боловсронгуй болгож, цэргийн тагнуулын ажиллагаанд ашиглагдах ажиглалтын хиймэл дагуулыг дотооддоо үйлдвэрлэж, ашиглаж байна. Дэлхийд глобал навигацийн хиймэл дагуулын дөрвөн систем байдаг нь АНУ-ын “GPS”, Европын Холбооны “Галилео”, ОХУ-ын “Глонасс”, БНХАУ-ын “Бэйдөү” юм.[14] 2020 онд “Бэйдөү” системийн хамгийн сүүлчийн буюу 55 дахь хиймэл дагуулыг тойрог замд амжилттай хөөргөж, глобал хиймэл дагуулын навигацийн сүлжээний ажлыг дуусгав. 2021 оны 10 дугаар сарын 14-нд Хятад улс анх удаа нарны судалгааны хиймэл дагуулыг Шаньси мужийн Тайюань хиймэл дагуулын төвөөс хөргөв.[15] Мөн 2021 оны 12 дугаар сарын 14-нд Хятад улс шинэ дата дамжуулагч “Тяньлянь II-2” хиймэл дагуулыг Сычуань мужийн Шичан хиймэл дагуулын төвөөс тус тус хөөргөсөн.[16]
БНХАУ тойрог замд хамгийн олон хиймэл дагуултай улсын жагсаалтад АНУ-ын дараа 2 дугаарт бичигдэж буй. АНУ-ын Цэргийн тагнуулын газрын тайланд мэдээлснээр 2019 онд 250 хиймэл дагуултай байсан бол хоёр жилийн дотор даруй 2 дахин өсч 499 болж нэмэгдсэнийг онцолжээ.[17] Хятад “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд “Сансрын мэдээллийн коридор” байгуулж, Зүүн өмнөд Азийн орнуудыг Хятадын хиймэл дагуулын тусламжтайгаар мэдээлэл солилцох механизмд нэгдэхийг уриалахын сацуу ирээдүйд АСЕАН-ы орнуудын худалдааны сансрын хөлгүүд “сансрын торгоны зам”-аар нислэг үйлдэх боломжтой гэдгийг мэдэгдсэн юм.[18] 2013-2021 онд Хятадын Үндэсний сансарын алба Индонез, Лаос, Камбожи, Тайланд зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудаас эхлээд БРИКС-ийн орнуудын сансрын агентлагууд, Ази-Номхон далайн Сансарын хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагатай хиймэл дагуулын дата хуваалцах механизм байгуулах чиглэлээр хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Зураг 3. “Нэг бүс, Нэг зам” дагуу Хятадын Фөнюнь хиймэл дагуулыг ашиглаж буй орнууд
Эх сурвалж: China National Space Administration 2022
Хятадын Үндэсний сансрын алба “Нэг бүс, Нэг зам” санаачилгын “Сансрын мэдээллийн коридор”-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд тойрог замд байгаа хиймэл дагуулууд болон хөөргөхөөр зэхэж буй хиймэл дагуулуудын нөөцөд суурилан мэдээллийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор “нэгт дөрөв” буюу “мэдрэх, дамжуулах, мэдэх, ашиглах” сансрын мэдээллийн үйлчилгээний тогтолцоог бий болгов. Хятад хиймэл дагуулын тоо, сүлжээний системээ нэмэгдүүлснээр байршил, навигацийн хиймэл дагуулын холбоо, тагнуул, туршуул, тандалт, пуужингийн сэрэмжлүүлэг, сансрын цагийн байдлын мэдээлэлийн чадавхаа сайжруулахыг зорьж буй.
АНУ-ын Үндэсний Тагнуулын Удирдах газрын тайланд Хятад 2045 он гэхэд дэлхийд тэргүүлэгч сансрын гүрэн болохыг эрмэлзэж, Америкийн давамгайллыг гүйцэж түрүүлэх зорилготой боловч 2030 он гэхэд цөөн хэдийг эс тооцвол сансрын технологийн ихэнх талбарт дэлхийн хэмжээний хүчин чадавхтай болж, Америкийн ашиг сонирхолд аюул занал учруулна хэмээн үзжээ. Тус тайланд Хятад улс ойрын ирээдүйд сансраас тагнуулын мэдээлэл цуглуулах шинэ дэвшилтэт техник технологийг хөгжүүлнэ гэдгийг онцлов. Хэдийгээр Хятад сансрын технологийн талбарт эрчимтэй урагшилж буй хэдий ч стратегийн чухал талбар болох хүнд даацын хөөргөгч, мэдээллийн реле, хиймэл дагуулын хөгжүүлэлт зэрэгт сүүлдэж яваа нь сансарт манлайлагч болох Бээжингийн урт хугацааны стратегид гарцаагүй тушаа болно хэмээсэн байна.[19]
Ашигласан эх сурвалж:
[1] “Long March” (хятадаар长征) “урт марш” гэж орчуулав.
[2] Kari A. Bingen et al., “Space Threat Assessment 2023,” CSIS, accessed July 9, 2023, https://www.csis.org/analysis/space-threat-assessment-2023
[3] “China aims to be world-leading space power by 2045” http://www.chinadaily.com.cn/china/2017-11/17/content_34653486.htm
[4] 中国航天科技集团有限公司召开第七次工作会议. http://www.chinasatcom.com/n782724/n782804/c1918683/content.html
[5] Namrata Goswami, “Why Is China Going to the Moon?,” https://thediplomat.com/2020/12/why-is-china-going-to-the-moon/
[6]中国嫦娥四号探测器月球背面软着陆:国家媒体
https://chinese.aljazeera.net/news/2019/1/3/chinese-probe-change-4-lands-far-moon-state-media
[7] 嫦娥五号任务月球样品交接仪式在京举https://www.cnsa.gov.cn/n6758823/n6758838/c6810938/content.html
[8] Dengyun YU “China Deep Space Explorations: Achievements and Prospects,” https://www.unoosa.org/documents/pdf/psa/activities/2022/UN-China/Presentations/1a-2_Dengyun_Yu_en.pdf
[9] “China-Russia Space Cooperation,” CNA, accessed July 8, 2023, https://www.cna.org/reports/2023/06/china-russia-space-cooperation-may-2023.
[10] “China aims to launch Chang’e-6 lunar probe around 2024,” http://www.xinhuanet.com/english/2021-04/24/c_139903600.htm
[11] “China and Russia sign a Memorandum of Understanding Regarding Cooperation for the Construction of the International Lunar Research Station” http://www.cnsa.gov.cn/english/n6465652/n6465653/c6811380/content.html
[12] Kari A. Bingen et al., “Space Threat Assessment 2023,” CSIS, accessed July 9, 2023, https://www.csis.org/analysis/space-threat-assessment-2023.
[13] “新时代的中国国防。白皮书-2019https://www.gov.cn/zhengce/2019-07/24/content_5414325.htm
[14] Б.Эрдэнэчимэг. “Хятадын цэрэг, батлан хамгаалах бодлого шинэ зуунд”. УБ.,2020
[15] “China launches first solar exploration satellite,” http://eng.chinamil.com.cn/view/2021-10/14/content_10099207.htm
[16]“ China launches new Tianlian relay satellite,” http://eng.chinamil.com.cn/view/2021-12/14/content_10115041.htm
[17] Kari A. Bingen et al., “Space Threat Assessment 2023,” CSIS, accessed July 9, 2023, https://www.csis.org/analysis/space-threat-assessment-2023.
[18] Belt and Road Space information corridor, China daily, 23,09,2018 http://www.chinadaily.com.cn/a/201809/13/WS5b99b2c5a31033b4f4655bde.html
[19] “Chinese Space Activities Will Increasingly Challenge US Interests Through 2030” https://www.dni.gov/files/ODNI/documents/assessments/NICM-Declassified-Chinese-Space-Activities-through-2030–2022.pdf
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02