“Шианий тунхаглал” бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтад ахиц авчрах уу[1]
Хятадын албаны хүмүүсийн мэдээлснээр, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Туркменистан, Узбекистантай хийсэн Хятадын худалдаа 2022 онд 70 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон ба бүс нутгийн улсуудаасаа Казахстан 31 тэрбум ам.долларын худалдааг Хятадтай хийснээрээ тэргүүлжээ. 2023 оны эхний улиралд гэхэд л “стан”-уудтай хийсэн Хятадын нийт худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 22 хувиар өссөн байна. Өмнө нь ч дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ Төв Азийн эрчим хүчний нөөцийн олборлолт, тээвэрлэлтэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн билээ.[2]
Энэ удаад Хятад-Төв Азийн Дээд хэмжээний уулзалтын эцэст оролцогч талууд харилцан зорилгоо тодорхойлсон “Шианы тунхаг”-т гарын үсэг зурлаа. Тунхагт эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулах чиглэлийн зорилтууд түлхүү тусчээ.
Бүс нутагтай хийх худалдаагаа 2030 он гэхэд 100 тэрбум ам.долларт хүргэхээр Хятадын удирдагчид төлөвлөж, тунхагт оруулжээ. Энэ нь одоогийн 70 тэрбум ам.доллараас 30 хувиар өсөх үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл ирэх долоон жилийн хугацаанд худалдаа жил бүр 4.3 тэрбум ам.доллар буюу одоо байгаа тоон үзүүлэлтээс хамаарч жил бүр 10 хувиар өснө гэсэн үг юм.
Казахстаны ерөнхийлөгч К.Токаев Төв Азийн бусад орныг цар тахлын улмаас гурван жил завсарласны дараа өнгөрсөн сард дахин нээгдсэн “Хоргос” олон улсын төвийн хүчин чадлыг ашиглахыг уриалав. Тэрээр тус байгууламжид хоёр дахь хуурай боомтыг барихаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Төв Азийн орнууд Alibaba групп, JD.com зэрэг платформыг ашиглан, Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ сурталчлах боломжийг Казахстаны санаачилгаар тунхагт тусган орууллаа. Бараа хүргэлтийн хугацааг багасгахын тулд гаалийн шинэ агуулах барих хүчин чармайлтыг К.Токаев онцлон тэмдэглэв. Түүний хэлснээр, энэ санаачилгыг “C+С5” нэгдсэн цахим худалдааны платформыг эхлүүлэхтэй уялдуулан хэрэгжүүлж болох аж.
Дэд бүтцийн төслүүдийн тухайд, тунхагт Хятад-Төв Ази-Европын гол коридорыг холбосон Транскаспи олон улсын тээврийн зам (TITR)-ын хүчин чадлыг дижитал шийдэл, дэд бүтцийн шинэчлэлийг нэвтрүүлэх замаар системтэйгээр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Казахстан-Туркменистан-Иран чиглэлийн төмөр зам Зүүн Азиас Персийн булан хүрэх хамгийн дөт зам болох Төв Азийн орнуудад маш сайн боломж олгож буйг тэмдэглэжээ.
Аж үйлдвэрийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн тулд бүс нутгийн давуу тал, хэрэгцээг харгалзан Төв Ази-Хятадын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг тусгайлан боловсруулж хэрэгжүүлэх аж. Талууд автомашин үйлдвэрлэлийн хэтийн төлөвийг онцлон тэмдэглэсэн. Улмаар Хятадын автомашины жижиг зангилааг Казахстанд угсрах гэрээнд гарын үсэг зурлаа. Хятадын шилдэг брэндүүдийг Төв Азид нэгэнт үйлдвэрлэж эхэлсэн ба цаашид харин бүс нутагт автомашины кластер байгуулахад Хятадын компаниудыг анхаарахыг “стан”-уудын удирдагчид хүслээ.
Төв Азид ноцтой эрсдэл учруулж, цэнгэг усны хомсдолд хүргэж болзошгүй уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовж буйгаа талууд тунхагтаа тусгалаа. Усны нөөцийг үр ашигтай ашиглах шинэ технологийг усны менежментийн салбарт нэвтрүүлэх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхээр талууд тохиролцжээ.
Талуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тойрсон асуудал ийнхүү хэлэлцээний үеэрх гол асуудлуудын нэг байв. Хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж, бүс нутагтай хил дамнасан ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарахаар тогтсоны зэрэгцээ “стан”-уудад ажлын байр нэмэгдүүлэх, агуулах барих, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн тусгай галт тэрэгний үйлчилгээг эхлүүлэхэд Хятадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн дэмжлэг чухал хэмээн Бээжин ухуулж байна. Цаашлаад Хятадын зүгээс Төв Азийн орнуудтай газрын тос, байгалийн хийн худалдаагаа нэмэгдүүлж, аж үйлдвэрийн сүлжээгээр дамжуулан эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ эрчим хүч, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөөд буй. Эдгээрийг ажил хэрэг болгосноор Хятад хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдлаа хангана хэмээн Хятадын эрх баригчид тооцоолж байна.
Тээврийн коридорын бүтээн байгуулалтын асуудал талуудын харилцаанд ирээдүйд онцгой чухал байх аж. Бээжингийн зүгээс Хятад-Төв Азийн байгалийн хийн хоолойн D шугамын барилгын ажлыг түргэтгэхээр зорьж байгаагийн зэрэгцээ Каспийн тэнгисийг дамнасан олон улсын тээврийн коридор байгуулахаар удаан хугацаанд төлөвлөж буй ажлаа гүйцэтгэж, Хятад-Европыг холбосон ачааны галт тэрэгний тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлэхээ Ши Жиньпин мэдэгдсэн юм.
Эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа, төслүүдээс гадна буцалтгүй тусламж, зээлийн асуудал анхаарал татаж байна. Эхний ээлжинд хоёр талын хамтын ажиллагаа, бүс нутгийн хөгжлийг дэмжихийн тулд Төв Азийн орнуудад нийт 26 тэрбум юань буюу 3.8 тэрбум ам.долларын санхүүжилт, буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятад амлалаа. Харин Хятадын олон нийтийн мэдээллийн зарим хэрэгслээр энэхүү тусламжид шүүмжлэлтэй хандсан нийтлэлүүд гарчээ. Ши Жиньпиний Төв Азийн таван “стратегийн түнш”-дээ үзүүлэх гэж буй энэхүү тусламж нь Хятадын ажилчин ангид үзүүлэх нийгмийн халамжийг бууруулж байгаа зохисгүй шийдэл хэмээн шүүмжилж байна. Түүнчлэн Хятадын Засгийн газар болон хилийн чанад дахь төслүүдэд түлхүү оролцдог төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй санхүүгийн хүндрэлийн улмаас Ази, Европ, Африк дахь “Бүс, Зам”-ын төслүүдийг дэмжих Хятадын хөрөнгө оруулалт эрс буурсныг ч мөн эрх баригчдад сануулаад амжлаа.
“Стан”-уудын удирдагчидтай биечлэн уулзсан анхны уулзалтаараа Ши Жиньпин ийнхүү бүс нутагт тээвэр, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэхээ амлав. Төв Азиар дамжин Хятад, Ромыг холбон, тив даяар эд баялаг, соёлын солилцоог хөнгөвчилж байсан эртний торгоны замын зүүн эхлэл гэж нэрлэгддэг Шиань хотыг сонгон, Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан нь ч учиртай.[3]
Төв Азийн Хятадаас хамааралт байдал гүнзгийрсээр[4]
Сүүлийн үед Хятадын ятгалгад автаж, дорнын их гүрэнтэй нягт харилцах болсноороо Төв Азийн улсууд, тэдний удирдагч нар хэцүүхэн урхинд орох төлөвтэй. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд их гүрнүүдийн эвсэл, холбооноос ангид байж, “олон векторт дипломат ажиллагаа” явуулж байсан Казахстан тэргүүтэй бүс нутгийн улсууд өнөөдөр Бээжингээс улам бүр хамааралтай болох эрсдэлтэйг шинжээчид анхааруулж байна.
Шианьд болсон уулзалт энэ жил Төв Азийн удирдагч нар Ши Жиньпинтэй уулзах гурван арга хэмжээний эхнийх нь юм. Уулзалтын үеэр Бээжингийн эрх баригчид Төв Азийн орнуудыг туйлширч буй энэ ертөнцөд өөрт нь найдаж, “нийтлэг хувь тавилантай” гэдэгтээ итгүүлэх алхам хийхээр хичээсэн нь гарцаагүй.
Казахстан, Хятад хоёр үйлдвэр шилжүүлэх шинэ хөтөлбөрийн хэлэлцээрт гарын үсэг зурж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй казах бизнес эрхлэгчдийг Бээжин дэмжиж, тус улсыг зорих хятад жуулчдын тоог нэмэгдүүлэхээ амлав. Харин Кыргызстантай шинэ хөрөнгө оруулалтын санг зарлаж, Хятадын банкны салбарыг Кыргызстанд нээхийг ерөнхийлөгч нь урьж, хариуд нь тус улсыг Хятадын иргэд жуулчлах эрхтэй орнуудын жагсаалтад Бээжин оруулав. Шианий Дээд хэмжээний уулзалтаас гарсан хоёр талын мэдэгдлүүдийг шинжилбэл, Хятад-Узбекистаны харилцаанд холбогдох хорин найм, Хятад-Казахстан долоо, Хятад-Кыргызстан арван нэг, Хятад-Тажикистан арван найман зүйл заалт байна. Хамгийн гол нь Хятадын зүгээс бүс нутагтай шууд харилцах тусдаа суваг бүхий арван есөн C+C5 Нарийн бичгийн дарга нарын газрыг нээхээр төлөвлөж байгаа нь ганц нэг улс биш, Төв Азитай бүхэлдээ харилцах гэсэн оролдлогын илэрхийлэл юм.
“Стан”-ууд Хятадын аливаа санал, санаачилгад ялгаатай ханддаг. Тухайлбал, Казахстан, Узбекистан улсууд өмнө нь олон улсын хэмжээнд зарим хөршөөсөө илүүтэй Бээжинтэй харилцахаас татгалзаж, болгоомжилж байлаа. Харин бүс нутгийн түвшинд дорнын том гүрэнтэй ойртох хандлага ажиглагдсаар ирсэн. Тэдний иймэрхүү бүрэн шийдвэртэй бус нөхцөлийг тооцоолон Бээжин ятган дагуулах кампанит ажлаа эрчимжүүлж, үр дүнд нь цаашид Төв Азийн орнуудын Хятадаас бусад гадаад ертөнцтэй харилцах боломж хумигдаж байж болох юм. Өмнө дурдсанаар Орос Украинтай дайтаж, АНУ Афганистанаас цэргээ гаргаснаар тэдгээрийн бүс нутгийг анхаарах явдал сулраад буйн зэрэгцээ Турк, Энэтхэг, Европын холбооны Төв Азид хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр зорьж буй хөтөлбөрүүд нь ижил салбарт нэвтрүүлж буй Хятадын санаачилгуудтай зөрчилдөж буй байдал ч ажиглагдаж байна.
Бүс нутагт эдийн засгийн интеграц, хамтын ажиллагааг дэмжих Хятадын санаачилга, төслүүд зарим тохиолдолд ил тод, авлигаас ангид байх олон улсын хамтын нийгэмлэгийн бодлого, үйл ажиллагаанд саад болж байгааг анхаарах шаардлагатай болоод байна. Кыргызстанд гэхэд л 2014-2019 оны хооронд Хятадын нэгэн компани болон улс төрчид, тэр дунд хоёр ерөнхий сайд асан, томоохон хотын захирагч нар холбогдсон авлигын дуулиан дэгдэж байсан билээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Төв Азийн орнуудыг худалдааны шинэ зам буюу бүс нутгийг Европтой холбосон дунд коридорт хөрөнгө оруулахаас Хятад татгалзаж, харин төрийн татаастай төмөр замаар дамжуулан Төв Азийн түүхий эдийн худалдааг бүрэн хянаж байх бодлого хэрэгжүүлж, идэвхтэй ажиллаж байна.
Түүнчлэн Хятадын зүгээс аж үйлдвэрийн технологийг бүс нутагт шилжүүлэх хүсэлтэй Европын зарим орны нэгэн адил энэ чиглэлийн хамтын ажиллагаанд илүүтэй анхаарал хандуулж байна. Өнөөгийн байдлаар Казахстанд Хятадаас үйлдвэр шилжүүлэх 56, Узбекистанд арваад, Кыргызстанд дөч, түүнчлэн Тажикстанд мөн хэд хэдэн төсөл хэрэгжиж байна. Эдгээрээс магадгүй хамгийн сонирхол татаж байгаа бөгөөд томд тооцогдох төсөл бол дэлхийн хоёр дахь том ураны нөөцийг агуулсан Казахстанд саяхан цөмийн саваа үйлдвэрлэх шугам байгуулахаар болсон явдал юм.
Талуудын тохирсон бас нэг салбарын хамтын ажиллагаа бол зээл, тусламж юм. Өмнө дурдсан 3.8 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэгээс гадна Тажикистанд Рогуны усан цахилгаан станц барихад зориулж 500 сая ам.долларын зээл олгож, Кыргызстанд “эргэн төлөгдөхгүй тусламж” үзүүлэх том амлалтууд өглөө.
Уулзалтын төгсгөлийн болон хоёр талын хэлэлцээний дараа хийсэн мэдэгдлүүдээс харахад Афганистанд эрх барьж буй талибуудтай ямар хэлбэрийн харилцааг хөгжүүлэх тухай зэрэг бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлын асуудлыг ч мөн хэлэлцжээ. Гэхдээ Төв Азийн аюулгүй байдлыг хангахад Хятадын оролцоог нэмэгдүүлэх тухай тодорхой гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураагүй. Төгсгөлийн мэдэгдэлд оролцогчдын хөгжлийн стратегийг уялдуулах замаар эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай тодорхой бус уриалгыг голчлон тусгасан байна. БНХАУ мөн Төв Азийн орнуудад одоо үйл ажиллагаа явуулж буй засгийн газрын загваруудыг дэмжиж, “өнгөт хувьсгал”-ыг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.
Аюулгүй байдлын тухайд бүс нутгийн орнуудад ардчиллын үйл явц үүсэхээс урьдчилан сэргийлэх нь Бээжингийн бас нэг том тэргүүлэх чиглэл юм. Хэдийгээр Хятадын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд тусгайлсан гэрээ хэлэлцээр байгуулаагүй ч болзошгүй “өнгөт хувьсгал”-ын эсрэг тэмцэх чиглэлээр илүү нягт хамтран ажиллах тухай тунхаглалд тусгагсан. Энэ нь хоёр зорилготой байж болох юм. Нэгдүгээрт, Хятадын Коммунист намын (ХКН) удирдлага бүс нутгийн тогтворгүй байдал Хятадын нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйл болох вий хэмээн ихэд болгоомжилж байгаа явдал бол хоёр дахь зорилго нь Афганистан дахь талибуудын дэглэмийг “хазаарлаж” байх явдал юм. Энэ нь нэг талаас Афганистаныг бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах хүчин зүйл болгохгүйн тулд зайлшгүй хөндлөнгөөс нөлөөлөх, нөгөө талаас исламын суурь, хэт даврах үзлийг тогтоон барих тухай билээ. Тавьсан зорилгодо хүрэхийн тулд Бээжин Төв Азийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай байна. Гэсэн хэдий ч Бээжин аюулгүй байдлын асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаагаа бүс нутгийн аюулгүй байдлын баталгаа болж буй Кремлийн нөлөөг сөрөх үйлдэл болж хувиргахгүй байх ёстойг мөн тооцоолж байна. Дээд хэмжээний уулзалтаар энэ чиглэлд шинэ механизм, арга хэрэгслийг тусгасан тодорхой гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураагүй нь үүний нотолгоо юм. Энэ нь нөгөө талаас Хятадын зүгээс Кыргызстан, Тажикистан дахь баазуудаараа дамжуулан бүс нутагт цэргийн оролцоотой хэвээр байгаа Оростой аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллах тухайд нээлттэй хэвээр байх санааг нь мөн илэрхийлж байна.
Дүгнэлт
Юутай ч Хятад-Төв Азийн удирдагчдын Дээд хэмжээний уулзалт бол Оросын хүч суларч буйн илрэл юм. Бүс нутгийн аюулгүй байдлын төлөв ээдрээтэй байгаа энэ цаг үед Хятадын эрх баригчид Шианьд болсон “С+С5” Дээд хэмжээний уулзалтыг ашиглан “Бүс, Зам” болон Дэлхийн соёл иргэншлийн санаачилгад шинэ эрч хүч оруулж, мөнхийн нөхөрлөлийг гүнзгийрүүлж, соёлын харилцааг гүнзгийрүүлж, харилцан итгэлцэл, итгэл үнэмшлийг бий болгохоор зорилоо. Ши Жиньпин Дээд хэмжээний уулзалтын үеэр Бээжинг ноёрхогч биш харин түнш гэж итгүүлэхийг оролдлоо. Цаашдаа Төв Азийн улсууд харилцаанд бүх талаар давамгайлагч байх Хятадаас хэт хараат болчилгүй олон талт гадаад бодлогоо хэрхэн хэвээр хадгалахыг харах л үлдлээ.
Ашигласан эх сурвалж:
[1] “China-Central Asia Summit Results In Xi’an Declaration and Regional Trade & Investment Advances”.,
[2] “How dependent is too dependent on China? Central Asia may soon find out.”., https://www.atlanticcouncil.org/blogs/new-atlanticist/how-dependent-is-too-dependent-on-china-central-asia-may-soon-find-out/
[3] “Central Asian Leaders Converge In China As Xi Touts ‘Enduring’ Friendship”., https://www.rferl.org/a/central-asian-leaders-china-summit-pact/32416846.html
[4] https://www.atlanticcouncil.org/blogs/new-atlanticist/how-dependent-is-too-dependent-on-china-central-asia-may-soon-find-out/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Шинэ хуудас нээсэн түншлэл: “C+C5” IДараах нийтлэл
“Их 7-ийн бүлэг”-ийн уулзалтСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02