Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Япон–Хятадын өнөөгийн зөрчил түр хугацааны геополитикийн хурцадмал байдал уу, урт хугацааны томоохон мөргөлдөөний эхлэл үү?

Япон улсын анхны эмэгтэй ерөнхий сайд Такаичи Санаэ 2025 оны 11-р сарын 7-ны өдөр буюу томилогдоод нэг сар гаруй хугацаа өнгөрч байхдаа парламентын чуулганы үеэр Окада Кацүя гишүүний зүгээс ерөнхий сайдын өмнө хийж байсан мэдэгдлийг тодруулсан асуултад “Хятадын зүгээс Тайваньд байлдааны хөлөг онгоц ашиглан хүч түрэмгийлсэн үйлдэл гаргаваас энэ нь Японы хувьд оршин тогтнолын аюулгүйн асуудалтай холбогдох зүйл гэж хүлээж авна“ хэмээн бататган хариулсан нь тэр даруй хоёр орны асуудал болон хурцдав.

Энэхүү оршин тогтнолын аюулгүйн асуудал хэмээх нэр томьёо нь Аюулгүй байдлын тухай холбогдох хуулиудад анх 2015 онд дурдагдсан бөгөөд Японтой гүнзгий харилцаатай улс руу “зэвсэглэн халдан түрэмгийлэх“ тухай заалт дээр нэмэгдэж шинээр орж ирсэн ойлголт юм. Өөрөөр хэлбэл Японтой гүнзгий харилцаатай аль нэг улс гаднын түрэмгийлэлтэй нүүр тулсан үед хамтарсан байдлаар өөрийгөө хамгаалах арга хэмжээ авахыг өөрийгөө хамгаалах номлолынхоо нэг хэсэг болгон авч үзнэ гэсэн үг юм.

Япон улс нь 1947 онд шинэ үндсэн хуулиа батлахдаа 9-р зүйлд нь дайн хийхгүй, зэвсэглэлээр хөөцөлдөхгүй, бусад оронд халдан түрэмгийлэхгүй гэсэн гурван зүйлийг онцгойлон тусгасан байдаг. Үүний хүрээнд батлан хамгаалах хүчнээ дайны дараа татан буулгасан ч Солонгосын дайнаас үүдэн Цагдаагийн бэлтгэл хүчин хэмээх байгууллагыг 1950 онд байгуулсан нь гаднын халдлагаас хамгаалах үүрэг бүхий Өөрийгөө хамгаалах хүчин болон хэлбэршин тогтсон.

Гаднын оронд халдан довтлохгүй хэмээн үндсэн хуульдаа заасан Япон улсын хувьд хамтарсан байдлаар өөрийгөө хамгаалах арга хэмжээ хэмээх шинэ ойлголтыг 2012 онд Абэ ерөнхий сайд дахин томилогдсоныхоо дараа дэвшүүлэн тавьж, улмаар 2014 онд засгийн газраараа батлуулан 2015 онд хуульд тусгасан байдаг. Такаичи ерөнхий сайдын хувьд Японы эрх баригч гол хүчин болох Либерал ардчилсан намын Абэ ерөнхий сайдын жигүүр буюу консерватив үзлийг баримталдаг хэсгийн төлөөлөл гэж үзэж болно. Дотооддоо нэлээн маргаан дагуулсан хамтарсан байдлаар өөрийгөө хамгаалах арга хэмжээний талаарх асуудлыг парламентын чуулган дээр ийнхүү дурдсан нь учиртай бөгөөд Такаичи ерөнхий сайдын гэнэтийн мэдэгдэл нь санаандгүй хэрэг биш гэдгийг судлаачид онцолж байна.

Дотоодын чиг хандлага

Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа 2025 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар олон нийтийн X (жиргээ) сүлжээнд 22,000 орчим мэдээ, 4 сая орчим үзэлттэй байснаас 93.5% нь тус мэдэгдлийг асуудалгүй хэмээн дүгнэсэн нь Хятадын талаарх Японы ард түмний байр суурийг тодорхой хэмжээгээр илэрхийлж байна гэж харж болохоор байна. Хүн ам цөөтэй жижиг орны хувьд нийгмийн сүлжээнд тодорхой бүлгүүд идэвхтэй нөлөөлөл үзүүлэх боломжтой байдаг бол Японы хувьд энэ нь харьцангуй чөлөөт үзэл санааны тусгал болж чаддаг гэж үзэж болно.

Энэхүү асуудалтай холбогдуулан өмнө ерөнхий сайдын албыг хашиж байсан Нода Ёшихико цаашид хоёр орны харилцаанд сэв суулгасан асуудалд хэрхэн хариуцлага хүлээх талаар тодруулсанд Такаичи ерөнхий сайд “энэ асуудлыг гүнзгийрүүлэн дүгнэх зорилго байгаагүй ч, өөрийн байр сууринд зогсоно“ хэмээх хариултыг өгсөн байна.

Хятадын байр суурь

Хятадын зүгээс тухайн асуудалд маш эмзэг хандаж, тэр даруй шат дараалсан хариу үйлдлүүд хийв. Тухайлбал Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортод хориг тавих, хятад иргэдийг Японд зорчуулахгүй байх богино хугацааны арга хэмжээ авснаас гадна 11-р сарын 18-ны Бээжинд болсон хоёр орны Гадаад хэргийн яамны сектор хариуцсан дарга нарын уулзалтаар Хятадын төлөөлөгч Японы төлөөлөгчийн халаасанд нь гараа шургуулж, ширүүн харсан зэрэг нь Японтой урьд өмнө зөрчилдөж байснаас илүү хатуу хандлагатай байгааг илэрхийлж байна. Түүнчлэн Осака хот дахь Хятадын консул Шүэ Жианы мэдэгдэл дипломат хэм хэмжээг эвдсэн үйлдэл болов. Тэрээр олон нийтийн сүлжээнд “Дураараа хошуу дүрэн орж ирсэн чиний бохир хүзүүг хормын дотор эргэлзэж тээнэгэлзэхгүйгээр хэрчиж хаяхаас өөр аргагүй. Үүнийг ойлгож байгаа биз?“ хэмээн мэдэгдсэн. Хэдийгээр дараа нь тэрхүү мэдэгдлээ устгасан ч, энэ нь Хятадын талын байр суурийг илэрхийлэх тодорхой үйлдэл хэмээн Японы тал үзэж буй. Мөн 11-р сарын 21-ний НҮБ-ын хуралдаанд Хятадын төлөөлөгч Японы талыг Тайваньд зэвсэглэн халдах гэж байна хэмээн мэдэгдсэн ч Японы тал үүнийг үгүйсгэсэн.

АНУ-ын байр суурь

Америк улс дэлхийн II дайнаас хойш Ази–Номхон далайн бүс нутагт өөрийн нөлөөллийн орнуудын аюулгүй байдлыг хангах гол тулгуур болж ирсэн. Гэвч өрнөж буй энэхүү зөрчилдөөнд АНУ-ын зүгээс тодорхой бус, эргэлзээтэй байр суурь илэрхийлж буй нь олон улсын анхаарлыг татаж байна.

Хятадын Шинхуа агентлагийн мэдээлснээр, 11-р сарын 24-нд Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд утсаар ярилцах үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын дарга Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн үнэлээд, түүнтэй холбоотой байр суурийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр мөн Хятад улс дэлхийн II дайнд үзүүлсэн хувь нэмрийг өндрөөр үнэлж, Тайваний асуудлаарх Бээжингийн байр суурь хүчтэй хэвээр байгааг хүлээн зөвшөөрсөн талаар мэдээлжээ.

Дараагийн өдөр Такаичи ерөнхий сайд Трамп ерөнхийлөгчтэй холбогдсон ч, уулзалтын агуулга нээлттэй болсонгүй. Гагцхүү АНУ-ын зүгээс хоёр орны аюулгүй байдал, хамтын ажиллагааны харилцаа хэвээрээ байгааг баталгаажуулсан гэж мэдэгджээ. Харин үүний дараа Японд суух АНУ-ын элчин сайд Глассын зүгээс АНУ нь Сэнкакү арлыг оролцуулан Японы өөрийгөө хамгаалах аливаа үйлдлийг бүрэн дэмжиж байна хэмээн мэдэгдсэн нь тус орны бодит байр суурийн илэрхийлэл гэж үзэж болно.

Хоёр орны харилцааны суурь хүчин зүйлс

Хятад болон Япон улсын хооронд өнөөг хүртэл олон зөрчил маргаан гарсаар ирсэн. Тэдгээрийн дотроос хамгийн анхаарал татахуйц асуудал нь Окинавагийн бүлэг арлын нэг Сэнкакү (хятадаар Диаоюү) арлын эзэмшилтэй холбоотой үүссэн зөрчил юм. Энэ нь зүүн Азийн улс орнуудын хооронд олонтой байдаг зөрчлийн нэг мэт харагдавч өнөөг хүртэл шийдэлд хүрээгүй, үе үе хурцадмал байдлыг өдөөж байдаг асуудал юм. Хэдий эл асуудал байвч хоёр орон эдийн засгийн тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн хэвээр байгааг онцлох нь зүйтэй.

Тайваний хувьд 1905 оны Хятад-Японы 1-р дайны дараах Шимоносэкигийн гэрээнээс хойш 1945 он хүртэл Японы газар нутгийн нэг хэсэг байж ирсэн. Хэдийгээр газрын зурагт БНХАУ-ын зүүн талд ойр байрлалтай харагддаг ч Хятадаас 140 километр, Японы хамгийн өмнөд арал болох Миякожимагаас 120 километр зайтай байрладаг нь Японтой түүхээр зогсохгүй газарзүйн хувьд ч өнөөг хүртэл хамгийн ойр орон гэж дүгнэж болно. Дэлхийн II дайны дараах шинэ тогтолцоон дотор Тайвань нь Японтой хамт Ази-Номхон далайн аюулгүй байдлын хүрээнд багтдаг тул Японы зүгээс гүнзгий харилцаатай хөршийн хэмжээнд үнэлэгдэх нь тодорхой билээ.

Харин БНХАУ-ын тухайд 1972 онд Японтой дипломат харилцаагаа сэргээх үедээ эх газрын Хятадыг БНХАУ төлөөлнө гэдгийг Японы тал хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон болон Гадаад хэргийн сайд Хэнри Киссинжер нарын БНХАУ-тай харилцаа тогтоож, тус улсыг НҮБ-д элсүүлээд зогсохгүй аюулгүйн зөвлөлийн байнгын таван орны нэгний байр сууринд аваачсан үйл явдлын дагалдах ажиллагаа болж хийгдсэн зүйл юм. Эл үйл явдлаар Тайвань НҮБ-д бүх Хятадыг төлөөлөх байр сууриа алдаж, бүрэн эрхт байдал нь тодорхойгүй болсноос өнөөдрийн зөрчилд хүргэж буй билээ. Японы хувьд 1972 он болон дараа дараагийн олон гэрээ хэлэлцээрүүдээр БНХАУ-ыг хүлээн зөвшөөрсөн асуудлыг Хятадын тал Нэг Хятад бодлогыг шууд хүлээн авсан үйлдэл хэмээн хөрвүүлэн ойлгож буй нь хоёр орны Тайвань дахь үл ойлголцлын зангилаа асуудал гэж үзэж болно.

Дүгнэлт

Зүүн хойд Азийн өнөөгийн геополитикийн хурцадмал байдал нь гэнэт бий болсон үзэгдэл бус, харин түүхэн суурьтай, олон давхар хүчин зүйлсийн хуримтлал юм. 19-р зууны сүүлчээс Японы эх газарт чиглэсэн империалист тэлэлтийн бодлого нь бүс нутагт удаан хугацаанд үргэлжилсэн тогтворгүй байдал, өрсөлдөөний эхлэлийг тавьсан билээ.

БНХАУ-ын хувьд 2000-аад оны сүүлч хүртэл “тайван хөгжил”-ийг тэргүүлэх чиглэл болгож, эдийн засгийн өсөлтөө нэн тэргүүнд тавьж байсан бол 2009 оноос хойш бүс нутгийн харилцаанд илүү идэвхтэй, зарим тохиолдолд зөрчилдөөн дагуулсан байр суурь баримтлах болж, хөрш орнуудтайгаа газар нутгийн маргаан эрчимжих хандлага ажиглагдсан.

Украины дайнаас хойш ОХУ-ын барууны орнуудтай харилцах харилцаа эрс муудсан нь Бээжин–Москвагийн стратегийн ойртолтыг гүнзгийрүүлж, БНХАУ-д бүс нутгийн хүрээнд болон өргөн геополитикийн хэмжээнд нөлөөллөө нэмэгдүүлэх шинэ боломжуудыг бий болгож байна. Украины дайн нь олон улсын хүчний тэнцвэрийг өөрчилж, их гүрнүүдийг олон талт хамтын ажиллагаанаас илүүтэйгээр бие даасан, ашиг сонирхолд суурилсан бодлого баримтлахад хүргэж байна. Үүний улмаас өмнө нь далд хэлбэрээр оршиж байсан геополитикийн зөрчил, өрсөлдөөнүүд тодорхой хэмжээнд ил гарч, бүс нутгийн түвшний тогтворгүй байдлыг гүнзгийрүүлэх шинжтэй болж байна.

Сүүлийн жилүүдэд Японы дотоод улс төрд тодорхой өөрчлөлт ажиглагдаж байна. Тухайлбал, шинэ улс төрийн хүчин болох Сансэйто намын парламент дахь нөлөө өсч байгаа нь Японы аюулгүй байдлын уламжлалт чиг шугамыг өөрчлөхийг дэмжигч хэсэг нэмэгдэж буйг харуулж байна. Хэрэв энэхүү чиг хандлага үргэлжилвэл Япон ойрын хугацаанд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар илүү хатуу байр суурь баримтлах төлөв ажиглагдаж байна.

Ийм нөхцөлд Япон–Хятадын хоорондох өнөөгийн зөрчилдөөн нь тус бүс нутагт өрнөж буй өргөн хүрээний геополитикийн өөрчлөлтийн нэг илрэл байхыг үгүйсгэх аргагүй. Япон болон Хятад улс хоёул аюулгүй байдлын үзэл баримтлал, цэргийн бодлогоо сүүлийн жилүүдэд шинэчлэн өөрчилж, стратегийн орон зайгаа тэлэх хандлагатай байгаа нь урьдчилан тооцоолсон, төлөвлөгөөт үйл явц өрнөж буйг харуулж байна. Энэхүү зөрчилдлийн өрнөл нь Зүүн хойд Азийн ирээдүйн аюулгүй байдал, хүчний тэнцвэрт байдалд үлэмж нөлөө үзүүлэх магадлалтай байна.

Монгол Улс Зүүн хойд Азийн геополитикийн орон зайд байрладаг тул бүс нутгийн хүчний өрсөлдөөн, аюулгүй байдлын орчны өөрчлөлтөөс ангид байх боломжгүй. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа нь түүхэн явцдаа тус бүс нутагт оршин буй томоохон гүрнүүдийн харилцаа, тэдгээрийн стратегийн тооцоололтой салшгүй уялдаатай бүрэлдэн тогтсон. Иймд бүс нутагт өрнөж буй аливаа томоохон өөрчлөлт, түүний шинж тэмдэг, чиг хандлагыг нягт анхааралтай ажиглан судалж, үндэсний бодлого, аюулгүй байдлын төлөвлөлтдөө цаг тухайд нь тусгаж ажиллах нь Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой юм.

Эх сурвалж:

  1. https://www.sankei.com/article/20251117-WREKP4CVSJPHBFZYQ3D4NQOQDA/
  2. https://www.j.u-tokyo.ac.jp/jjweb/research/MAR2002/honma_tsuyoshi.htm
  3. https://jp.reuters.com/world/us/ABE3GLK5HZKFXMRGDZYVUJJ4GM-2025-11-25/
  4. https://www.asahi.com/articles/ASQD17F0FQD1UTFK014.html