Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Цэвэр эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээ ба аюулгүй байдлын шинэ эрсдэл

Дэлхий дахинд эрчим хүчний салбарт шинэ дэг журам тогтоох, давамгай байр суурь эзлэхийн төлөө өрсөлдөөн эрчимтэй өрнөж байна. Өмнө нь Ойрх Дорнодод улс төр, геополитикийн ямар нэг үйл явдал өрнөхөд газрын тос, байгалийн хийн үнэ өсдөг дүр зураг өнгөрсөн зууны 1970-аад оноос хойш ажиглагдаж байсан бол өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгджээ.

Цар тахал, Украины дайн, АНУ-д Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон үйл явдал, мөн Ойрх Дорнод, Хормузын хоолой, Улаан тэнгис дэх мөргөлдөөн, зөрчилдөөнүүд нь улс орнуудад эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэх шаардлагыг хатуу сануулсан хэвээр байна.

Олон улсын эрчим хүчний агентлагаас олон төрлийн эрчим хүчний эх үүсвэртэй байх, нэг улсаас хэт хараат бус байх, цэвэр эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг зөвлөмжийг гаргасан ч, цэвэр эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээ одоогоор нэг улсын (БНХАУ) мэдэлд төвлөрч буй нь шинэ төрлийн аюулгүй байдлын эрсдэл болж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих үндсэн шалтгаанууд

Цэвэр эрчим хүчний технологид шилжих гол хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн дулаарал байсан. Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлахын тулд нүүрс, газрын тос зэрэг хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг эх үүсвэрийн хэрэглээг жил бүр 25 хувиар бууруулах зорилт дэвшүүлж байв.

Сүүлийн жилүүдэд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хуримтлуурын технологи чанар болон бүтээмжийн хувьд үсрэнгүй хөгжсөн нь эрчим хүчний шилжилтийг техникийн хувьд урьд өмнө байгаагүй өргөн цар хүрээтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Түүнчлэн цэвэр эрчим хүчний эх үүсвэр нь ногоон эдийн засаг, карбон кредит, цахилгаан автомашин, ухаалаг сүлжээ зэрэг шинэ салбаруудыг бий болгож, эдийн засгийн шинэ боломжуудыг нээсэн юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, техник-эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулах, цахилгаан эрчим хүчийг бага зардлаар өндөр бүтээмжтэй үйлдвэрлэх зэрэг шалтгааны дээр нэг чухал хүчин зүйл нэмэгдсэн нь Украины дайн байв.

Цэвэр эрчим хүчний технологийн үйлдвэрлэл

2018–2023 оны хооронд дэлхий дахинд ашиглалтад орсон нарны цахилгаан станцын нийт хүчин чадал 100 ГВт-аас 420 ГВт болж өссөн бол нарны хавтангийн жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал 200 ГВт-аас 1150 ГВт хүрч нэмэгджээ. Энэхүү өсөлтийн цаана технологи, нийлүүлэлтийн сүлжээ нь хэт төвлөрсөн буюу БНХАУ-ын мэдэлд байгаа нь зарим улсын удирдагчдыг түгшээж буй нь нууц биш юм.

Украины дайн эхэлснээс хойш Европын холбооны орнууд Оросын газрын тос, байгалийн хийн хамаарлаа бууруулж, өөр ханган нийлүүлэгч хайхын зэрэгцээ эрчим хүчний хэмнэлт болон цэвэр эрчим хүчний технологид анхаарлаа хандуулж эхэлсэн. Гэвч 2030 он хүртэл цэвэр эрчим хүчний технологийн нийлүүлэлтийн 90 орчим хувийг Хятад улс дангаар эзэмших нь тодорхой болоод байна. Энэ нь эргээд нэг төрлийн эрчим хүчний эх үүсвэр хэт нэг улсаас хамааралтай болох эрсдэлийг бий болгож, улмаар технологийн давуу талаа улс төр, гадаад харилцаанд хэрэглэх боломжийг Хятад улсад олгож байна.

Нарны хавтан, салхин турбин, дулааны насос, устөрөгчийн электролизатор болон батарейн эд анги үйлдвэрлэлийн хүчин чадлын ихэнх нь Хятад улсад төвлөрчээ. Тухайлбал, батарей үйлдвэрлэлд шаардлагатай лити, никель, кобальт, манган, төмрийн фосфатын 90 хувь, байгалийн болон идэвхжүүлсэн графитийн дэлхийн үйлдвэрлэлийн 98 хувийг тус улс дангаар эзэмшиж байна.

Хятад улс дэлхийн нарны хавтангийн зах зээлийн 80 гаруй хувь, салхины эрчим хүчний тоног төхөөрөмжийн 70 орчим хувийг дангаар хангаж байна. Тус улсын цэвэр эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт 2024 онд 625 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгийг эзэлжээ. Ийм нөхцөлд улс орнууд цэвэр эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаа ч Хятад улсаас хамаарах түүхий эд, технологийн хараат байдал 2030 он хүртэл өөрчлөгдөх төлөвгүй байна.

2025 оны 7-р сард зохион байгуулагдсан Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээний үзэсгэлэнгийн үеэр Сербийн ашигт малтмал, Монголын зэсийн баяжмал, Хятадын автомашины үйлдвэрлэлийг жишээ болгон дурдаж, эдгээр нь нийлээд нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай, хил дамнасан нэгдсэн ногоон эрчим хүчний экосистемийг бүрдүүлж байна хэмээн онцолсон байна.

Хятадын бүрдүүлсэн энэхүү нийлүүлэлтийн гинжин хэлхээ нь дээд урсгал дахь ашигт малтмал (Африкийн төмрийн хүдэр, Монголын зэсийн уурхай гэх мэт), дунд шатны үйлдвэрлэл (фотоволтайк, салхины эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл), болон доод урсгалын хэрэглээ (цахилгаан тээврийн хэрэгсэл, цахилгаан дамжуулах сүлжээ гэх мэт)-ийг хамарсан хаалттай гогцоо хэлбэртэй байна.

Цэвэр эрчим хүчинд хэрэглэгдэх чухал ашигт малтмал

2023 оноос хойш чухал ашигт малтмалын зах зээл тогтворгүй болж, түүхий эдийн үнэ огцом буурсан. Үнэ буурсан энэ нөхцөлд цэвэр эрчим хүчний технологийн өртөг буурах таатай боломж бүрдсэн боловч хөрөнгө оруулалтын өгөөжөө нөхөх хугацаа уртсаж, ирээдүйд хэрэгжих шинэ олборлолтын төслүүдийн тоо цөөрөх төлөвтэй байна. Үүний үр дүнд ханган нийлүүлэлтийн төвлөрөл хэвээр хадгалагдах хандлагатай байна.

Өөрөөр хэлбэл, цэвэр эрчим хүчний технологид зайлшгүй шаардлагатай ашигт малтмалын нийлүүлэлт цөөн тооны улсад төвлөрснөөр эрчим хүчний аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэж байна. Ирэх арван жилийн хугацаанд энэ төвлөрлийн бүтэц мэдэгдэхүйц өөрчлөгдөхгүй бөгөөд зэс, литиум, кобальтын нийлүүлэлтийн өсөлтийн 75 хувийг өнөөгийн давамгай тоглогчид бүрдүүлэхээр байна. Харин никель, графитийн хувьд энэхүү төвлөрлийн түвшин 90 хувьд хүрэхээр байна.

Дүгнэлт

Цэвэр эрчим хүчний технологид шилжих үйл явц нь зайлшгүй бөгөөд шаардлагатай нөхцөлүүд бүрдээд байгаа хэдий ч энэхүү шилжилтийг оновчтой зохицуулж, шинэ төрлийн эрсдэлүүдийг урьдчилан тооцох нь үндэсний болон олон улсын аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой болж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан сорилт, эдийн засгийн өрсөлдөх чадвар, технологийн хурдацтай хөгжил гэсэн гурван гол хүчин зүйл улс орнуудыг эрчим хүчний тогтолцоогоо өөрчлөхөд хүргэж байна. Үүний дүнд уламжлалт газрын тос, байгалийн хийн хамаарал аажмаар буурч байгаа боловч оронд нь шинэ эрсдэлүүд гарч ирж байна. Тухайлбал, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн хараат байдал, кибер халдлагын эрсдэл, эрчим хүч хадгалах хуримтлуурын технологийн хязгаарлалтууд, геополитикийн шинэ дэг журам тогтох үйл явц, эдийн засгийн тодорхой сорилтуудыг нэрлэж болно.

Ийм нөхцөлд эрчим хүчний аюулгүй байдлын ойлголт улам өргөжиж, шинэ агуулгаар баяжиж байна. Тиймээс бодлого боловсруулагчид илүү өргөн хүрээтэй, урьдчилан сэргийлэх шинжтэй бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай болохыг дээр дурдсан баримтууд тод харуулж байна.

Эх сурвалж:

  1. Trump Says Clean Energy Is a Scam. That Could Benefit China, Experts Say. – The New York Times
  2. China primes rare earths weapon as trade war escalates | Reuters
  3. World Energy Outlook 2024 – Analysis – IEA
  4. 全球能源转型攻坚 中国引领作用凸显
  5. 首页_链博会
  6. 清洁能源链的“广大”与“精微”(能聊能说)
  7. BNEF Summit San Francisco | BloombergNEF