Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Хятадын цахилгаан эрчим хүчний зах зээлийн шинэчлэлийн үр дүн

БНХАУ нь 1978 онд нээлттэй зах зээлийн системд шилжсэн боловч цахилгаан эрчим хүчний салбар төлөвлөгөөт эдийн засагтай хэвээр байсан бол 1997 онд төрийн эрчим хүчний корпорац байгуулагдаж төр болон аж ахуйн нэгжийн удирдлагыг салгасан юм. Харин 2002 оны төрийн зөвлөлийн “Цахилгаан эрчим хүчний системийн шинэчлэлийн төлөвлөгөө” нэртэй №5 дугаар бичиг баримт батлагдаж үйлдвэрлэгч, дамжуулах, түгээх компаниудыг салгаж шинэчлэлийн эхлэлийг тавьжээ. Харин 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Цахилгаан эрчим хүчний системийн шинэчлэлийг цаашид гүнзгийрүүлэх талаарх үзэл баримтлал”-ыг Хятадын коммунист намын Төв хорооны 9-р тогтоолоор баталсан. Уг тогтоолд “Дунд хэсгийг хянаж удирдана, хоёр үзүүрийг чөлөөлнө” (管住中间、放开两头) гэсэн үзэл баримтлал тусгагдсан ба эрчим хүчний зах зээлийн шинэчлэлийн ажлыг эхлүүлж эхний үр дүндээ хүрсэн гэж үзээд цаашид авах арга хэмжээний зөвлөмжүүдийг хэлэлцүүлэх ажил явагдаж байна.

Шинэчлэлийн 10 жилийн үр дүн

Үзэл баримтлалын гол үзэл санаа нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч, борлуулагч нарыг либералчилж өрсөлдөөнийг бий болгох бөгөөд дамжуулах, түгээх салбарыг төрийн хяналт дор зохицуулах явдал байв. Уг шинэчлэлийн арга хэмжээний үндэслэл нь уламжлалт нэгдсэн худалдах, худалдан авах болон төлөвлөгөөт цахилгаан үйлдвэрлэлийн загвар нь бусад чөлөөт эдийн засгийн салбаруудтай хоршин ажиллаж найдвартай цахилгаан эрчим хүчээр хангаж чадахгүй болсны дээр эрчим хүчний нөөцийг үр ашиггүй хуваарилж, цахилгааны үнэ дамжуулах сүлжээнээс хэт хамааралтай болсон гэж үзжээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний хурдацтай өсөлтийг уян хатан бодлогоор дэмжээгүйгээс шинэ төслүүд үр ашиггүй мэт сэтгэгдэл олон нийтэд төрүүлжээ.

2024 онд өрсөлдөөнт зах зээлд суурилсан цахилгаан эрчим хүчний борлуулалтын хэмжээ нийт борлуулалтын 62.7%-д хүрч 2016 оны үзүүлэлтээс 10 дахин нэмэгдсэн ба энэ үзүүлэлт нь цахилгаан эрчим хүчний нөөцийн хуваарилалт нь төвлөрсөн төлөвлөгөөт загвараас өрсөлдөөнт зах зээлийн зарчимд шилжсэнийг харуулж байна. Өнөөдрийн байдлаар арилжаанд оролцохоор бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн тоо 2016 онд 42 мянга байсан бол 816 мянга болж нэмэгджээ. Шинэчлэлийн эхний үе шатанд монопол шинж чанартай цахилгаан эрчим хүч дамжуулах, түгээх компаниудын үйл ажиллагааг төрөөс зохицуулахын зэрэгцээ үйлдвэрлэгч, борлуулагч талын компаниудыг чөлөөт өрсөлдөөнт загварт оруулах явдал байв. Хятадын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Эрчим хүчний газраас дамжуулах, түгээх компаниудад үнийг бие даан шийдвэрлэх “зөвшөөрөгдсөн зардал+боломжит ашиг” загварыг хэрэгжүүлэх эрх олгосон байна. Харин үйлдвэрлэгч, борлуулагч компаниудыг үнэ тарифаа өөрсдөө зохицуулах эрх олгожээ. Гуандун, Шаньси, Ганьсу болон Шаньдун мужуудад спот зах зээлийг туршиж эхэлсэн бөгөөд энэхүү туршилтаараа хэрэглээ ачааллын цагийн зөрүү, хангамж, эрэлт нийлүүлэлтийг спот зах зээл хэрхэн зохицуулж байгааг туршсан байна. Энэ туршилтын үед давтамж тохируулах хэмээх шинэ төрлийн зах зээлийг аажмаар бий болгосон байна. Мөн энэхүү шинэчлэлийн хүрээнд муж хоорондын зах зээлийн худалдаа өргөжиж Хятадын баруун нутгаас зүүн нутагт цэвэр эрчим хүч дамжуулах төслүүд цэвэр бизнесийн зорилготой орчныг бүрдүүлсэн байна.

“…Сүүлийн үед дэлхийн хэмжээнд эрчим хүчний хангамж нийлүүлэлтийн сүлжээ, үнэ тариф эрсдэлтэй орчинд байгаа энэ үед манай улс цахилгаан эрчим хүчний үндсэн үнийн тогтвортой байдлыг хангаж чадсан. Энэ нь спот зах зээлд суурилсан зах зээлийн шинэчлэлийг хийж чадсаны үр дүн гэж үзэж байна. Орон сууцны цахилгааны дундаж үнэ дэлхийн 50 томоохон эдийн засгийн дунджаас 32%, аж ахуйн нэгжийн цахилгааны үнэ 39%-иар бага байгаа нь олон улсын хэмжээнд харьцангуй доогуур түвшинд байна” гэж Хятадын засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ.

Төлөвлөгөөт ба зах зээлд суурилсан эрчим хүчний системийн хоорондох зөрчилдөөн

Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчдийн тодорхой хэсэг, ахуйн болон хөдөө аж ахуйн хэрэглэгчид төлөвлөгөөт үнэ тарифыг ашигласаар байгаа нь зах зээлийн механизмыг хэрэгжүүлэхэд ихээхэн саад болж байна. Цаашид төлөвлөгөөт үйлдвэрлэгч нарын зах зээлд эзлэх хувийг хэрхэн бууруулах вэ гэдэг нь шинэчлэлийн ажлын гол сорилт байх болно. Мөн орон нутгийн эдийн засаг, ажил эрхлэлт, татварын орлого зэрэгт тулгуурлан орон нутгийн засаг захиргаа өөрсдийн эрчим хүч үйлдвэрлэгч компаниудыг хамгаалах хандлагатай байдаг нь муж, бүс нутаг хоорондын чөлөөт худалдаанд саад болж, үндэсний цахилгаан эрчим хүчний нэгдсэн зах зээлийг бүрдүүлэхэд бэрхшээл учруулж байна. Иймд дамжуулах болон түгээх үнийн механизмыг оновчтой болгох шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хурдацтай нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний системд тааварлашгүй нөхцөл байдал, тогтворгүй байдал эрчимжиж байна. Одоо байгаа зах зээлийн тогтолцооны урамшууллын механизм, эрчим хүчний хадгалалт, эрэлтийн хариу арга хэмжээ инновацыг дэмжих бизнесийн загварууд тодорхойгүй хэвээр байна. Эрчим хүчний зах зээл нь томоохон хөрөнгө оруулалт шаарддаг, үндэсний аюулгүй байдлыг хангах тэргүүн чиглэлийн салбар бөгөөд эрсдэлийг иж бүрэн тодорхойлох, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах буюу сөрөн тэсвэрлэх чадавхын механизмыг шаарддаг. Үүний зэрэгцээ зах зээлийн эрх мэдлээ урвуулан ашиглах, нууцаар тохиролцох асуудлыг зохицуулах чадавхыг сайжруулах шаардлагатай байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

Цаашид авах арга хэмжээ

Цахилгаан эрчим хүчний зах зээлийн шинэчлэлийг цаашид үр дүнтэй явуулахын тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай гэж үзсэн байна. Үүнд:

  • Системийн оргил ачааллын үед үнэ тарифыг хэрэглэгч талдаа зохицуулах динамик загварыг нэвтрүүлэх
  • Үндэсний цахилгаан эрчим хүчний зах зээлийн нэгдсэн платформыг нэвтрүүлж, дунд болон урт хугацааны гэрээ хэлэлцээрийг спот зохицуулалттай хослуулсан муж дамнасан худалдааны загварыг дэмжих, улмаар 2027 он гэхэд муж хоорондын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 95 хувьд хүргэх
  • Виртуал цахилгаан станц, эрчим хүчний хуримтлууртай зах зээлийн тоглогчдод зах зээлийн дүрмийг тодорхой боловсронгуй болгох, үндэсний хэмжээнд нэгдсэн техникийн стандарт, үйлчилгээний үнэ тарифын шинэ зохицуулалтыг нэвтрүүлэх
  • 2027 он гэхэд шинэ эрчим хүчний нөөцийн ашиглалтын хувь хэмжээг 60%-иас давуулахын тулд “түрээс + спот” орлогын баталгааны механизмыг нэвтрүүлэх.

Үүнээс гадна цахилгаан эрчим хүчний спот зах зээлийн уялдаа холбоог бэхжүүлэх, дунд болон урт хугацааны үнэ ханшийг хөгжүүлэх, цахилгаан эрчим хүчний үнийн огцом хэлбэлзэл зах зээлд оролцогчдод үзүүлэх нөлөөллөөс урьдчилан сэргийлэхийн тулд үнийн огцом өөрчлөлтийг эрт сэрэмжлүүлэх, жигдрүүлэх механизмыг бий болгоно.

Дүгнэлт

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийсэн шинэчлэл нь монопол байдлыг халж, зах зээлд суурилсан механизмыг бий болгож, цэвэр эрчим хүчний хэрэглээг дэмжсэн үр дүнд хүрч, эхний ээлжид олон худалдан авагч, олон худалдагч бүхий зах зээлийн бүтцийг бий болгосон байна. Гэсэн хэдий ч уг шинэчлэлд муж, өөртөө засах орон хоорондын цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах үнэ тарифт ихээхэн саад бэрхшээл тулгарсан, үнийн тогтолцооны төгс бус байдал, төлөвлөгөөт болон зах зээлд суурилсан хоёр систем зэрэгцэн орших зэрэг олон сорилтууд тулгарсан хэвээр байна гэж үзжээ. Цаашид эрчим хүчний салбарын шинэ тогтолцоог хөгжүүлэх, “хос нүүрстөрөгч” (双碳)-ийн зорилтуудыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд үндэсний эрчим хүчний зах зээлийн нэгдсэн тогтолцоонд чиглэсэн шинэчлэлийг гүнзгийрүүлэх ёстой гэж дүгнэсэн байна.

  1. 【《中共中央 国务院关于进一步深化电力体制改革的若干意见》印发】-国家发展和改革委员会
  2. 高质量完成“十四五”规划系列主题新闻发布会丨介绍“十四五”时期能源高质量发展成就
  3. 新一轮电力体制改革10年 市场化交易电量占全社会用电量升至63%_部门动态_中国政府网