Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

ХИЙМЭЛ ОЮУНЫ ЗАГВАРУУДЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ХУВЬСАЛ (ChatGPT хэрэглэгчийн судалгаа-2025)

OpenAI төслийн эдийн засгийн судалгааны баг, Харвардын их сургуулийн судлаачид хамтран ChatGPT загварын хэрэглэгчийн судалгааг анх удаа гүйцэтгэж үр дүнг танилцуулав[1]. Хиймэл оюуны хэрэглээний ерөнхий төлөв байдал, хэрэглэгчийн зан төлөвийн хувьсал, өөрчлөлт, тоон мэдээллүүд, зах зээлийн динамик зэргийг багтаасан энэхүү анхны иж бүрэн судалгаа нь бидэнд шинэ технологийн нэвтрэлтийн хурд, цаашдын өсөлтийн ойлголтыг өгч байна[2].

OpenAI төслөөс GPT (Generative Pre-trained Transformer) суурь загварт тулгуурласан ерөнхий зориулалтын ChatGTP чатботыг 2022 оны 11-р сард (ChatGPT-3.5) зах зээлд гаргаснаас хойш эдүгээ 2025 оны 7-р сарын байдлаар 7 хоног тутмын байнгын 700 сая хэрэглэгчтэй, өдөрт 2.6 тэрбум текст мессеж илгээгддэг дэлхийн хамгийн өргөн хэрэглээтэй аппликэйшн болон хувирчээ.

График-1. ChatGPT нийт хэрэглэгчдийн тоо (сая): 2022 оны 11-р сараас 2025 оны 7-р сар хүртэл

ChatGPT-ийн хэрэглэгчийн судалгаа 2025 оны 7-р сарын байдлаар бидэнд дараах мэдээллүүдийг өгч байна.

  • Ажлын бус зориулалтаар ChatGPT ашиглаж байгаа хэрэглэгчийн тоо 2024 онд 53% байсан бол 2025 онд 73% болж өссөн байна. Ажлын зориулалтаар ашиглаж байгаа хэрэглэгчийн тоо буураагүй, өсөлттэй байгаа ч ажлын бус зориулалтын хэрэглээ түүнээс илүү өндөр өсөлттэй байна. Энэ нь хиймэл оюуны бүтээгдэхүүний хэрэглээ хүний амьдралын бүх эд эсэд өргөн нэвтэрч эхэлж буйн шинж юм.
  • Нийт хэрэглээний 78% нь дараах 3 үндсэн зориулалттай байна.
    • Хэрэглээний хөтөч, асуулт, зөвлөгөө (Practical Guidance)
    • Мэдээлэл хайх (Seeking Information)
    • Албан хэрэгцээ, бичгийн ажил (Writing). Энэ зориулалтаар ChatGPT ашиглагчдын 2/3 нь бичгэн текстээ сайжруулахад тус аппликэйшнийг ашиглаж байгаа нь албан хэрэгцээнд хиймэл оюуны нэвтрэлт хурдтай явагдаж буйг харуулж байна.
  • ChatGPT нийт хэрэглээний 4.2% нь компьютерын программчлалын зориулалттай байна. Энэ нь Anthropic Claude-ийн ижил сегментийн хэрэглээтэй (33%) харьцуулахад маш бага хувь юм.
  • Нийт хэрэглээний 1.9% нь хосын харилцаа, хувийн эргэцүүлэлд ашиглагдаж байгаа нь сонирхолтой үзүүлэлт юм.
  • Эмэгтэй хэрэглэгчид 52% эзэлж байна.
  • Нийт хэрэглэгчдийн тал хувь нь 26-аас доош насныхан байна.
  • Сүүлийн нэг жилд нэмэгдсэн ChatGPT хэрэглэгчид ихэвчлэн бага-дунд орлоготой орнуудын иргэд байна. Тухайлбал бага-дунд орлоготой орнуудын шинэ хэрэглэгчийн тоо өндөр орлоготой орнуудаас 4 дахин их байна. Энэ нь тус аппликэйшний хэрэглээ чинээлэг, интернэт сүлжээ сайтай орнуудаас тэлж глобал сервис болж буйг харуулна.
  • ChatGPT аппликэйшн нэмүү өртөг бүтээж мэдлэгийн эдийн засгийг тэлэхэд оролцож байна. ChatGPT дэлхийн эдийн засгийн бүтцэд нэвтэрч байршсан бөгөөд зөвхөн АНУ-ын зах зээлд гэхэд бүтээгч хиймэл оюунд (Generative AI) жилд $97 тэрбумыг зарцуулжээ.
  • Хэрэглэгчдийн ChatGPT ашиглаж буй сэтгэл ханамжийн үзүүлэлт:
    • Сайн: 57.8%
    • Тодорхойгүй: 28.7%
    • Муу: 13.5%
  • АНУ-ын хэрэглэгчдийн судалгаагаар америкчууд сар тутам $98 хүртэл хэмжээний мөнгийг хиймэл оюуны аппуудад төлөхөд бэлэн байгаа ажээ.
  • ChatGPT болон төстэй хиймэл оюуны бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн ажлын өдөр тутмын хэрэглээ болсны дээр шийдвэр гаргах үйл явцад заавал оролцдог нэмэлт мэдлэгийн хэрэглүүр болж хувирч байна.
  • ChatGPT хэрэглэгчдийн тоо 700 сая давсан нь дэлхийн нийт насанд хүрсэн хүн амын 10% тай тэнцэж байна.

График-2. ChatGPT нийт хэрэглээний асуултын ангилал (7 үндсэн бүлэг, дотроо 24 категори), хувь хэмжээ

Хиймэл оюуны зах зээл дээр OpenAI-ийн эзэлж буй байр суурь баталгаатай биш юм. Америкийн Google, Microsoft, MetaAI, XAi, Anthropic, Францын Mistral болон Хятадын бусад нээлттэй загваруудын үзүүлэлтүүд хоорондоо ойртсон бөгөөд цаашид дата төвийн ашиглалтын зардал, эрчим хүчний үнэ ба эх үүсвэр, зах зээлд нэвтрэлтийн хувь, үнэ ба ашиглалтын форматын ялгаа (татаж авч болдог эсэх г.м) зэргээрээ дэлхийн зах зээлд ширүүн өрсөлдөөн өрнөх төлөвтэй.

График-3. Хиймэл оюуны тэргүүлэх загваруудын AAII-v3.0 индекс (10 бэнчмарк үзүүлэлтийн дундаж: MMLU-Pro, GPQA Diamond, Humanity’s Last Exam, LiveCodeBench, SciCode, AIME 2025, IFBench, AA-LCR, Terminal-Bench Hard, 𝜏²-Bench Telecom).   Эх сурвалж: Artificial Analysis (2025 оны 9-р сар)

 

Дэлхийн хиймэл оюуны загваруудын Монгол улс дахь хэрэглээний судалгаа, бүтээж буй нэмүү өртгийн тооцоолол хийх, статистикийн албан мэдээлэлд дурдах, цаашлаад ямар хэмжээний шууд төлбөр зарцуулж буйг судлах цаг хэдийн иржээ. Хиймэл оюуны хэрэглээ, нэвтрэлт нь улсын эдийн засаг-нийгмийн салшгүй бүрдэл хэсэг болохын хамт дотоодын хиймэл оюуны экосистемийн хөгжлийн асуудлыг бодитоор авч хэлэлцэх, хөгжлийн бодлого гаргах шаардлага үүсээд байна.

Хиймэл оюун бол улсын аюулгүй байдлын асуудал бөгөөд олон талын боломж, сорилт, аюул заналыг зэрэг агуулж байна. Дэлхийн эдийн засгийн цаашдын түүчээ нь хиймэл оюун болохыг АНУ, БНХАУ-ын технологийн өрсөлдөөн харуулахын хамт жижиг-дунд улс орнуудад ямар өөрчлөлт авчрахыг улс бүр урьдчилан тооцож бэлтгэл хангахыг технологийн энэхүү эрс хувьслын үүссэн нөхцөл байдал анхааруулж байна.

Эх сурвалж:

[1] How People Use ChatGPT   |   National Bureau of Economic Research. September 2025 https://www.nber.org/papers/w34255

[2] How people are using ChatGPT. Largest study to date of consumer ChatGPT usage shows demographic gaps shrinking, economic value being created through both personal and professional use. | OpenAI. September 15, 2025 https://openai.com/index/how-people-are-using-chatgpt/